Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/516

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          22                                   2022/ШЦТ/516

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205009301290 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- 2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4А байрны гадна хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй.” гэсэн мэдүүлэг.

 

           Гурав: Эрүүгийн 2205009301290 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д-гийн хохирогчоор өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цаг орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хороо 4А байрны үүдэнд миний баруун талын баруун нүдний хөмсөг орчим нэг удаа манай нөхөр *******- толгойгоороо мөргөсөн. Би нөхөр *******- түлхэж унагаад замын цаад талаас таксинд суугаад баруун дөрвөн замд байдаг манай ээжийн эгч буюу нагац-эгчийндээ очсон.*******- намайг 1 удаа толгойгоороо мөргөж байхад ойр орчим ямар нэгэн хүн байгаагүй харин миний куртикнээс барьсан байж байхад манай байрны жижүүр ах хүрч ирсэн. Би байрны жижүүр ахыг тухайн өдөр цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд байрны жижүүр ах цагдаа дуудсан юм шиг байна лээ. Манай нөхөр *******- нь урьд өмнө намайг зодож цохиж байсан асуудал байхгүй. Байгууллагын 6 төрлийн спортын тэмцээн болсон ба тэмцээн дуусаад байгууллагаараа гарч караокед орсон. Тухайн өдөр миний гар утас цэнэг дууссан байсан бөгөөд тэр үед нөхөр *******- залгасан байсан ба миний цэнэг дууссан учир холбогдож чадаагүй тул шөнийн 01 цагийн орчим гэртээ харихаар явсан. Гэрийн гадаа очоод таксины жолоочийн мөнгийг төлж чадахгүй учир таксины жолоочийн гар утсаар нөхөр *******-тэй утсаар холбогдож гэрээсээ дуудаж гаргаж ирсэн. Тэгээд таксины жолоочийн мөнгийг *******- өгсөн. Нөхөр *******- гадаа гарч ирээд яагаад утсаа аваагүй юм бэ гэж асуухаар нь миний гар утасны цэнэг дууссан талаар тайлбарлаж хэлсэн. *******- нь намайг гар утсаа аваагүй гээд миний баруун талын баруун нүдний хөмсөг орчим нэг удаа мөргөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3605 дугаартай “Д.Д-гийн биед гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээ, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

 

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******-н яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Сэнгүр 0.5 литрийн 8-аас 9 ширхэг лаазтай пиво байрныхаа дэлгүүрээс авсан ба 20 цагийн орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 А байрны 46 тоотод өөрийн гэртээ авсан пиво уусан тухайн үед яг хэдэн пиво уусан талаараа санахгүй байна. Уг пиво ууж байгаад орцны гадаа гарч тамхи татах гээд гарсан буюу тухайн үеийн үйл явцыг санахгүй байна Өглөө буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 цагийн орчим миний 91065070 дугаарын гар утас руу манай эхнэрийн нагац эгч Жаргалсайхан 91999141 дугаараас залгаад чи Д.Д-г нүүр хэсэгт мөргөж зодсон байна яаж байгаа юм бэ гэж утсаар ярьсан. Тэгээд юу болсон талаар мэдсэн мэдээд маргааш өдөр 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Д.Д-тай очиж уулзсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4а байрныхаа доод талын дэлгүүрээс 10 ширхэг лаазтай Сэнгүр пиво авч өөрийн амьдардаг 4А- байрны 46 тоотод орж ганцаараа уусан. Манай эхнэр Дэлгэрмаа шөнийн 01 цагийн орчим утсаар залгасан буюу таксины мөнгө өгөөч гэж таксины жолоочийн утсаар ярьсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ барилга нэртэй 4А байрныхаа гадаа буюу эхнэр Дэлгэрмаатай уулзаад барьж ирсэн таксины мөнгийг өгөөд бид хоёр хоорондоо утсаа авсан аваагүй гээд маргалдсан тэгээд би баруун талын нүд орчим нэг удаа мөргөж танхайрсан. Манай эхнэр намайг хэл амаараа доромжилсон асуудал байгаа бөгөөд бид хоёрын дунд хувийн тохиромжгүй харьцаа байхгүй одоо бид хоёр эв зүйгээ олсон байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73  дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- 2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4А байрны гадна хохирогч Д.Д-г “гар утсаа авсангүй” гэснээс  маргалдаж хохирогч Д.Д-гийн баруун нүдний хөмсөг орчимд нэг удаа мөргөсний улмаас түүний биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Д.Д-гийн хохирогчоор өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цаг орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хороо 4А байрны үүдэнд миний баруун талын баруун нүдний хөмсөг орчим нэг удаа манай нөхөр *******- толгойгоороо мөргөсөн...Нөхөр *******- гадаа гарч ирээд яагаад утсаа аваагүй юм бэ гэж асуухаар нь миний гар утасны цэнэг дууссан талаар тайлбарлаж хэлсэн. *******- нь намайг гар утсаа аваагүй гээд миний баруун талын баруун нүдний хөмсөг орчим нэг удаа мөргөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3605 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал), Д.*******-н яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ барилга нэртэй 4А- байрныхаа гадаа буюу эхнэр Дэлгэрмаатай уулзаад барьж ирсэн таксины мөнгийг өгөөд бид хоёр хоорондоо утсаа авсан аваагүй гээд маргалдсан тэгээд би баруун талын нүд орчим нэг удаа мөргөж танхайрсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73  дахь тал) бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн баруун нүдний хөмсөг орчимд нэг удаа мөргөсөн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цаг орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хороо 4А байрны үүдэнд шүүгдэгч *******- нь хохирогч Д.Д-гийн баруун нүдний зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.*******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Д.*******- Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр  торгох ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Д- нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргагдаагүй байх ба хохирогч нь “санал, хүсэлт байхгүй, үүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 92 дахь тал)-д авагдсан байх тул шүүгдэгч Д.*******- энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. Хотгойд овогт Даваадоржийн *******- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.*******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

             4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ц.ДАЙРИЙЖАВ