Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2018/00559

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00406/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А-туяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан сум 8-р баг, Дархан-Уул аймгийн ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 12 дугаар байрны 31 тоотод оршин суух, А- холбогдох, 

 

Цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 1 485 303,55  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Л.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэглэгч Л.А- нь 2010 оноос өмнө 314186,49 төгрөгийн өртэй байсан. 2013 оны 9 сард 500000 төгрөг төлсөн. Түүнээс хойш төлбөр нь хуримтлагдсаар 2018 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 1 458 303,55 төгрөг болсон байна. удаа дараа тухайн айл өрхийг хариуцсан улсын байцаагч хэрэглэсэн усны төлбөрөө төлөхийг шаардахад өгнө гэсэн тайлбарыг хэлсээр өдийг хүрсэн байна. Ам бүл 2, задгайгаар тооцогдож байгаад 2013 оны 10 сард тоолуур тавиулсан. 2015 оны 6 дугаар сараас халуун ус задгайгаар 4 ам бүлээр тооцож байсан. Задгайгаар тооцоход нэг хүн сарын 7,95м3 ус хэрэглэснээр тогтмол тооцдог. 2х7,95=15,90 м2 ус энэ ам бүл хэрэглэнэ. Бохир ус нь 15,90 м3. 2014 оны 4 дүгээр сараас ялтсан халаагчаар ус халаадаг болсон тул халуун усыг тооцоонд оруулж тооцдог болсон.  2010 оны 11 дүгээр сард үнийн өөрчлөлд орж 1м3 цэвэр ус 650 төгрөг, бохир ус 700 төгрөг болсон байна. 2015 оны 2 дугаар сараас цэвэр усны 1 м3 усны үнэ 900 төгрөг, бохир усных 1000 төгрөг, суурь үнэ 2000 төгрөг хураамж төлдөг болсон. 2017 оны 10 дугаар сарын 01-нд цэвэр ус 1 352, бохир ус 1495 төгрөгөөр тооцож эхэлсэн. ******* ******* ХК-ны санхүүгийн тооцоог харгалзан үзэж хэрэглэгч Л.А-гаас 1 485 303,55 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр цэвэр усны үлдэгдэл 1 сая төгрөг байснаас 500 000 төгрөгийг нь төлөөд тоолуур тавиулсан. Үүнээс хойш 2015 оны 8 дугаар сарын 31 хүртэл төлбөр 141380 төгрөг гарсан байна. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны төлбөр яагаад 99063,14 төгрөг гарсныг ойлгохгүй байна. Үүнийг төлөхгүй. 2015 оны гэрээг хийгээгүй торгууль 5000 төгрөг, мөн алданги 0,5 хувийг төлөхгүй. 2015 оны 11 сараас ус *******аас манай хүйтэн усыг хязгаарлан тайрч, лацадсан. Үүнээс хойш хүйтэн ус хэрэглээгүй. Манайх дулаанаа таслуулсан байсан учир халуун ус ч байхгүй өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11 сар хүртэлх 641 380 төгрөгийг зөвшөөрч байна. Алданги, торгууль төлөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* ХК нь хариуцагч Л.А- холбогдуулан Цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 1 485 303,55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Л.А- нь халуун, хүйтэн ус таслуулсан байхад бичсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11 сар хүртэлх хүйтэн усны төлбөр 641380 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Л.А- нь цэвэр, бохир усны төлбөрт 2013 оны 9 сард 500 000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Дархан ус ******* ХК нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ус хязгаарласан акт үйлдэн хариуцагч Л.А-гийн өмчлөлийн Дархан сумын 11 дүгээр баг, 12 дугаар байр 31 тоотын усыг хязгаарласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Л.А- нь 2014 оны 4 сараас хойш дулаанаа хязгаарлуулсан тул дулааны төлбөр бичигдээгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ нотлох баримтаар ирүүлсэн Дархан дулааны сүлжээ ТӨХК-ийн санхүүгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах - худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч Л.А-гаас 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хүйтэн усны төлбөр 1 005 839 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, 2014 оны 4 сараас хойш бичигдсэн халуун усны төлбөр 474465 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь алданги 5000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, ямар гэрээ хэлцлийн дагуу алданги нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38715 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-гаас 1005 839 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 28690 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу *******, итгэмлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Л.А-гаас 1 005 839 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, үлдэх               479 465 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38715 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА