Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/517

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          22                                   2022/ШЦТ/517

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105016901362 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 30-ний өглөө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 90 дүгээр байрны 1202 тоотод хохирогч Б.С- маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Хүний биед гэмтэл учруулсан үйлдлээ зөвшөөрч байгаа. Хохирогч Б.С- бол миний үерхдэг байсан охин Бадамчулууны найз юм. Б.С-н хохиролд 1.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг.

 

           Гурав: Эрүүгийн 2105016901362 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б.С-н хохирогчоор өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 09 цагт *******-манай гэрийн хаалгыг тогшиж орж ирээд найд Бадамчулууныг хэл амаар доромжилж цохиж байсан. Энэ үед би манай гэрээс гар боль гэж хэлтэл над руу дайрч миний толгой руу 4-5 удаа цохиж элэг рүү 2-3 удаа цохиж *******-нь манай гэрээс хутга хайгаад байхаар нь би найз Бадамчулууны хамт гэрээсээ гарч зугтаагаад хөршүүдээсээ тусламж гуйсан. Тэгээд Бадамчулуун лифт рүү зугтааж байхад *******-барьж аваад манай гэр рүү чирч орсон. Тэгээд дотроос нь хаалгаа хаачихаа тайлахгүй байсан. Манай хөрш эгч цагдаад дуудлага өгсөн...*******-бага зэрэг согтуу хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн. *******-нь хохирол гомдол барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Бадамчулууны гэрчээр өгсөн: “Би өөрийн найз Сувдаагийн гэрт хоночхоод байж байтал маргааш өглөө нь Сувдаагийн гэрийн хаалгыг нээтэл *******-орж ирсэн бөгөөд намайг гадуур хонолоо гэж уурлаад байж байтал Сувдаа унтлагын өрөөнөөс гарч ирээд чи айлд орж ирчхээд хэрүүл маргаан хийлээ гэж уурлаад *******-хамар руу түрүүлээд цохитол *******-хамраас цус гараад уурлаж бухимдаад орилж Сувдааг зөрүүлээд цохисон. Тэр үед нь би Сувдаагийн гэрээс гараад коридорт зогсож байхад Сувдаа араас гарч ирээд цагдааг дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8157 дугаартай “Б.Б.С-н биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун шууны арын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлээс шалтгаалсан умайн үйл ажиллагаа алдагдал үүссэн нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн: “Тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр найз охин Бадамчулууныг Б.С-н гэрээс авахаар очсон. Тэгээд би найз охиноо аваад гарах гэхэд Б.С- хэрүүл маргаан хийсэн. Тэгээд бид 2 маргалдаж Б.С- намайг цохиод байхаар нь би болиулах гэж түлхэж биеэ хамгаалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 90 дүгээр байрны 1202 тоотод найз охин гэх Э.Бадамчулууныг “гадуур хонолоо” гэж маргалдсаны улмаас хохирогч Б.Б.С- нь “гэрт хэрүүл маргаан хийлээ” гэж хэлснээр *******- нь Б.Б.С-н биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун шууны арын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлээс шалтгаалсан умайн үйл ажиллагаа алдагдал бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Б.Б.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Б.Б.С-н хохирогчоор өгсөн: “...*******-г...манай гэрээс гар боль гэж хэлтэл над руу дайрч миний толгой руу 4-5 удаа цохиж элэг рүү 2-3 удаа цохиж *******-нь манай гэрээс хутга хайгаад байхаар нь би найз Бадамчулууны хамт гэрээсээ гарч зугтаагаад хөршүүдээсээ тусламж гуйсан...*******-нь хохирол гомдол барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

-Э.Бадамчулууны гэрчээр өгсөн: “...Сувдаа унтлагын өрөөнөөс гарч ирээд чи айлд орж ирчхээд хэрүүл маргаан хийлээ гэж уурлаад *******-хамар руу түрүүлээд цохитол *******-хамраас цус гараад уурлаж бухимдаад орилж Сувдааг зөрүүлээд цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8157 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

            -*******-гийн яллагдагчаар өгсөн: “...Б.С- намайг цохиод байхаар нь би болиулах гэж түлхэж биеэ хамгаалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Б.С-н эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн толгой, хэвлий хэсэг рүү цохисон нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

 

2021 оны 8 дугаар сарын 31-ний  өглөөний 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 90 дүгээр байрны 1202 тоотод шүүгдэгч *******- нь хохирогч Б.Б.С-н толгой, хэвлий хэсэгт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

 

           Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б.С- нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргагдаагүй байх ба хохирогч нь “7 хоногийн ажлын цалин, эмчилгээний зардлаа барагдуулж авсан, гомдол саналгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 55 дахь тал)-д авагдсан байх тул шүүгдэгч *******-г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. *******-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ