Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/484

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          15                                   2022/ШЦТ/484

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч *******- түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар

хохирогч Б.Б- түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг 2205000001256 дугаартай 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.   

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 19-нд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Цэ” паб дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч Б.Б-ы эрүү хэсэгт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. 3.067.820 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн байгаа. Найзаасаа уучлалт гуйж байна. Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө. Эмнэлэгт тушаасан бүх баримтууд нийлээд 3.067.820 төгрөг болсон. Иргэний журмаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эрүүгээ эмчлүүлээд биеэ эрүүл болгомоор байна. Бүрэн эдгээгүй байгаа. Миний эрүү гурав хугарсан. Хоол идэж чадахгүй, юм зажилж чадахгүй байгаа, 8-9 сар ийм байдалтай байна. .  Хагалгааны зардлыг би өөрөө даатгалаараа төлсөн. Хагалгаанд ороод хэвтэж байх үеийн зардлыг *******- төлсөн. Одоо *******-гаас  9.174.000 төгрөг нэхэмжилж байна. Өмгөөллийн хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөг, бусад  эм тарианы зардалд 1.174.000 төгрөг  гарсан. Цаашид “МЖЖ” эмнэлэгт ялтас авах хагалгаанд ороход 3.200.000 төгрөг, шүдний аппаратын зардалд 1.800.000 төгрөг шаардлагатай байгаа тул хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг

 

Хоёр: Эрүүгийн 2205000001256 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ы хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Давааням, *******- хоёртой Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ паб дотор уулзаад бид 3 Tiger гэх нэртэй пиво 3 литрийн савтай пиво 3 ширхгийг хувааж уусан. Тэгээд тэндээ пиво уугаад сууж байтал *******- нь баарны барментэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би *******-г боль гэж хэлээд болиулсан. Тэгээд *******- нь ариун цэврийн өрөө рүү ороод эргэж гарч ирсэн ба би тэр үед тек дээр тооцоо хийх гээд зогсож байтал *******- нь юу ч хэлэлгүй гэнэт миний эрүү хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд миний эрүү хугарсан ба би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирсний дараа би цагдаатай очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний эрүү 2 хугарсан байна гэж хэлснээс хойш би хувиараа Эм Би Жи гэх нэртэй эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Цаашдаа миний эрүүнд хийсэн ялтас авах хагалгааг дахин хийх шаардлагатай гэсэн. Энэ нь одоогоос 6-8 сарын дараа гэж байсан. Мөн сэргээн засах эмчилгээнд орох шаардлагатай ба эрүүний доод арьс мэдээ байхгүй болсон байгаа. Одоо бол би Эм Би Жи гэх нэртэй эмнэлгийнхээ эмчийн хяналтад байгаа. Цаашид би Солонгос улсад очиж хагалгаанд орох хүсэлтэй байгаа тул эмчилгээний зардлаа гаргуулан авах хүсэлтэй байна.. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Мөнгөнсүхийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн Б.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ паб дотор найз *******-д зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Б- нь 2022 оны 03, 04 дүгээр сарын байдлаар Улсын нэгдүгээр эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэгт амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 283.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Даваанямын гэрчээр өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз *******- Б.Б- нартай утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд би орой ажлаа тараад 20 цагийн үед тэр хоёрын байгаа гэх газар буюу Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабд очсон. Тэнд очиход манай хоёр найз сууж байсан ба бид 3 пиво уусан. Бид 3 том савтай 3 литрийн гоожуурын пиво 3 ширхгийг уусан. Тэгээд шөнө 23 цагийн үед дуусах дөхөөд эхнэр рүүгээ залгаад ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би Б.Б-ы хамтаар тамхи татах гээд тамхины өрөө рүү ороод тамхи татаж дуусаад гарч иртэл *******- нь гартаа пиво барьчихсан зөөгчтэй маргалдаж байсан. Тэгэхээр нь бид хоёр *******-г аваад зөөгчөөс уучлалт гуйгаад ширээ рүүгээ аваад явсан. Ширээн дээр очоод сууж байтал *******- нь Б.Б-ыг намайг өмөөрсөнгүй зөөгчийн талд орлоо гэж уурласан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн ба би Б.Б-ыг бууж бай би хувцсыг нь өмсгөөд ардаас нь очъё гэж хэлсэн. Тэгээд *******-гийн хувцсыг өмсгөөд ардаас нь доошоо буугаад бид хоёр ариун цэврийн өрөө ороод би түрүүлж гарч ирээд тооцоогоо хийх гэж байтал Б.Б- над дээр ирээд зогсож байтал цаанаас *******- ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Б.Б-ыг ямар ч шалтгаангүй эрүү хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд би *******-г барьж аваад салгах гэж зууралдсан. Тэгээд тухайн газраас гарсан ба гараад ирэхэд манай эхнэр намайг авах гээд ирчихсэн байсан. Тэгтэл *******- нь маргалдсан уурандаа шууд зам хөндлөн гараад явчихсан. Би эхнэрийнхээ хамтаар хайж байгаад гудамжнаас олж авсан Тэр үед Б.Б- пабын үүдэнд үлдсэн ба пабаас гарч ирэхдээ Б.Б- нь миний эрүү хугарчихлаа гэж хэлж байсан. Тэгтэл пабын зөөгч хамгаалагч нар нь тийм бол цагдаа дууд гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд *******-г хайгаад явсан хойгуур Б.Б- нь явсан юм шиг байсан ба *******-г олж эхнэрт нь өгөөд би өөрөө эхнэртэйгээ гэртээ харих гээд явсан. Тэр хоёрын хажууд би байсан мөн үйлчлүүлж байсан хүмүүс суугаад харж байсан. Яг цохих үед нь би өөрөө хажууд нь байсан ба *******- нь гэнэт ирээд Б.Б-ы эрүү хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэр хоёрт ямарваа нэгэн өс санасан асуудал байхгүй байх зүгээр архи их ууснаас болж тийм зүйл болсон гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5158 дугаартай “Б.Б-ы биед эрүү ясны нийлмэл далд хугарал, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн 2 шүдний сулрал, эрүү ясны зүүн булан, үений сэртэн, ооч хэсгийн хугарлыг засаж металл ялтас бэхэлсэн мэс ажилбар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2022.3.19-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Камерт харагдах байдлаас хяналтын камерын 22 цаг 58 минут 18 секундэд дэлгэцийн баруун талын буланд текний дэргэд хар өнгийн урт гадуур хувцастай эрэгтэй хүн зогсож байх ба дэлгэцийн гол хэсгээс хар өнгийн богино хувцастай эрэгтэй хүн тек рүү явж байгаад текний дэргэд зогсож байгаа нь бичигдсэн байна. Бичлэгийн 22 цаг 58 минут 50 секундэд дэлгэцийн баруун булангаас ханцуй болон малгай хэсэг нь цагаан өнгөтэй хар өнгийн куртиктэй эрэгтэй ирж текний урд зогсож байгаа хоёр хүний хар өнгийн богино хувцастай эрэгтэйг цохиж байгаа нь бичигдсэн байх ба хар өнгийн урт гадуур хувцастай эрэгтэй голоор нь орж ханцуй болон малгай хэсэг нь цагаан өнгөтэй хар өнгийн куртиктэй эрэгтэйг цааш нь түлхэж байв. Бичлэгийн 22 цаг 59 минут 03 секундэд дэлгэцийн гол хэсэгт хар өнгийн богино хувцастай эрэгтэй эрүүгээ барьсан байдалтай зогсож байх ба текний дэргэд ханцуй болон малгай хэсэг нь цагаан өнгөтэй хар өнгийн куртиктэй эрэгтэй хар өнгийн богино хувцастай эрэгтэй рүү дайрч байхад хар өнгийн урт гадуур хувцастай эрэгтэй болиулах гэж татаж байв. Бичлэгийн 23 цаг 00 минут 01 секундэд дэлгэцийн гол хэсэгт байх баганын ардуур орж үзэгдэх орчноос хязгаарлагдав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 34-37 дахь тал),

 

            6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн орой 19 цагийн үед найз Давааням, Б.Б- нарын хамтаар хорооллын Цэ гэх нэртэй пабд орсон. Тэгээд тухайн газартаа бид гурав пиво уугаад сууж байсан ба тэр үед би тухайн газрын ресейпшн гэх хүнтэй маргалдсан. Тэгтэл Б.Б- хажуугаас нэг зүйл хэлэх шиг болсон ба би тэр хэлсэн үгийг нь одоо санахгүй байна. Тэгээд би Б.Б-ы эрүү хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэр үед Давааням нь Б.Б- бид хоёрыг салгасан. Тэгээд удалгүй манай эхнэр ирээд намайг аваад явсан. Тэнд өөр юу болсон талаар би санахгүй байгаа ба Б.Б-тай ямар шалтгаанаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан би Б.Б-ыг цохиж байснаа санаж байна. Бид хоёрт маргалдах шалтаг шалтгаан байхгүй. Б.Б- бид хоёр 10 жилийн нэг ангид сурдаг байсан ба 2008 оноос хойш таньдаг бол найзалж нөхөрлөж байна. Ямар нэгэн өс санасан асуудал байхгүй бид хоёр хоорондоо маргалдаж байгаагүй. Би архи уусан халуундаа цохисон юм шиг байна. Би найзыгаа цохисондоо маш их харамсаж байна. Тухайн асуудал болсноос хойш би Б.Б-ы эмнэлэгт хэвтсэнээс хойш эмнэлгээс гарах хүртэл эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2022 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Цэ” паб дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “*******- нь хохирогч Б.Б-ыг намайг өмөөрсөнгүй зөөгчийг өмөөрлөө гэж шалтаглан 22 цаг 58 минут 50 секундэд текний урд зогсож байсан хохирогч  Б.Б-ы эрүү хэсэгт нь гараараа нэг удаа цохисон үйл баримт авагдсан байна.

 

Б.Б-ы эрүү хэсэгт *******- гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд эрүү ясны нийлмэл далд хугарал, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн 2 шүдний сулрал, эрүү ясны зүүн булан, үений сэртэн, ооч хэсгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл  учирсан болох нь:

Б.Б-ы хохирогчоор өгсөн “...*******- нь юу ч хэлэлгүй гэнэт миний эрүү хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд миний эрүү хугарсан... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), А.Даваанямын гэрчээр өгсөн“...*******- ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Б.Б-ыг ямар ч шалтгаангүй эрүү хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5158 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 22 цаг 59 минут 03 секундэд дэлгэцийн гол хэсэгт хар өнгийн богино хувцастай эрэгтэй эрүүгээ барьсан байдалтай зогсож байх ба текний дэргэд ханцуй болон малгай хэсэг нь цагаан өнгөтэй хар өнгийн куртиктэй эрэгтэй хар өнгийн богино хувцастай эрэгтэй рүү дайрч байхад хар өнгийн урт гадуур хувцастай эрэгтэй болиулах гэж татаж байв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 34-37 дахь тал), *******-гийн яллагдагчаар өгсөн: “...би Б.Б-ы эрүү хэсэг рүү нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Хэргийн хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******- нь “зөөгчийг өмөөрлөө” гэсэн шалтгааны улмаас хохирогч Б.Б-ы бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

          Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатараас “торгох ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.   

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******ямвадаагийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн байх ба Б.Б-ы эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Тав. Бусад асуудлын талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Б.Б-ы биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаан дээр хохирогч талаас гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

хохирогч Б.Б- нь “ шүүгдэгч *******-гаас нийт 9.174.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс өмгөөллийн хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөг, эм тарианы зардалд 1.174.000 төгрөг зарцуулсан. Цаашид “МЖЖ” эмнэлэгт ялтас авах хагалгаанд 3.200.000 төгрөг, шүдний аппаратын зардалд 1.800.000 төгрөг шаардлагатай байгаа юм.” гэж мэдүүлсэн. 

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч *******- нь 283.000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан байх тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогчийн нэхэмжилж буй нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон  төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Эм тариа бусад зардалд зарцуулсан гэх 1.174.000 төгрөгийн нэхэмжлэлээс энэ хэрэгт хамааралтай бус (шоколад, хүнсний бараа, вандуй, өндөг, дүпү болон юу авсан нь тодорхой бус баримтууд) 121.690 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн эмчилгээтэй холбогдох 1.052.310 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч *******-гаас гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

          Хохирогч цаашид дахин хагалгаанд ороход 3.200.000 төгрөг, шүдний аппаратын зардалд 1.800.000 төгрөг нэхэмжилсэн нь ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б- өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдав.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. Хар бургад овогт Батсүхийн *******-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 3.000.000 төгрөг, бусад зардлын 121.690 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гаас 1.052.310 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

 

          6. Хохирогч Б.Б- өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

          7. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

8. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ДАЙРИЙЖАВ