Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/502

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           6            20                              2022/ШЦТ/502

     

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч *******- түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105006250660 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-. 

 

                  Шүүгдэгчийн  холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BSB Mebel” ХХК-ийн “BSB lifestyle” гэрийн тавилгын дэлгүүрт менежерээр ажиллаж байх үедээ 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж 90.411.215 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- мэдүүлэхдээ “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Байгууллага хамт олныхоо итгэлийг алдсандаа маш их харамсаж гэмшиж байна. Хохиролыг төлж барагдуулна. ” гэсэн мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Х- мэдүүлэхдээ “*******- хувьд манай компанийн сайн менежерийн нэг байсан. Манайх шинэ дэлгүүр байгуулсан. Шинэ дэлгүүртээ сайн хүмүүсээ ажиллуулж байж зах зээлд танигдах ёстой гэж үзсэн учир *******-ыг менежерээр тавьсан. *******- итгэл алдаж барааны дутагдал үүсгэсэн. Шалтгааныг нь мэдэхгүй байна. Манай компанид 90.000.000 төгрөгийн бараа дутсан. Холбогдох баримтаар 96.000.000 төгрөгийн хохирол учирсан. Ээлжийн амралт, цалингийн үлдэгдэл зэрэг компанийн зүгээс олгох ёстой байсан 2.591.475 төгрөгийг хохиролд суутгасан байгаа. Өнөөдрийн байдлаар 44.591.475 төгрөг төлөгдсөн байна. Одоо 51.733.225 төгрөгийн үлдэгдэл байна. Дээр нь аудитын дүгнэлт гаргуулсны 3.300.000 төгрөг, нийт 55.033.225 төгрөгийг шүүгдэгч *******-аас нэхэмжилж байна. Кассууд өөр өөрийн гэсэн программд нэвтэрдэг нууц үгтэй байдаг. Касс амарсан үед *******- орлодог. *******-ын нэвтрэх эрх нь тусдаа. Худалдан авалтын Е-баримтыг маш их зөрүүлсэн байдаг. Уранцэцэг гэх хүн яагаад холбогдож байна вэ гэхээр “Бумбардай” гэх өөрийнх нь фейсбүүк хаягаас Е-баримыг худалдан авсан хүнд явуулаад байсан байдаг. Уранцэцэг гэх хүн энэ асуудлыг мэдэж байсан гэж үзэж байна. Үүнийг мэдэхгүйгээр *******- гэх хүн ганцаараа энэ үйлдлийг хийх боломжгүй гэж үзэж байна. Өчигдөр *******- хохиролгүй болгох гээд явж байна. Одоохондоо байр зарагдаагүй байна. Байрыг танайх өрөндөө тооцож аваад зөрүү мөнгийг нь тохирох уу гэж утсаар ярьсан. Манай захирал өчигдөр Америкаас ирсэн. Ажилдаа ирээгүй байсан учир энэ талаар ярьж амжаагүй. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

        Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч *******- нь “BSB Mebel” ХХК-ийн “BSB lifestyle” гэрийн тавилгын дэлгүүрт менежерээр ажиллаж байх үедээ 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж 96.324.700 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

1. хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Х-ын “...2021 оны 01 дүгээр сард манай “BSB  Mebel” ХХК-ийн “BSB lifestyle”гэрийн Mebelийн дэлгүүрийн санхүүгийн баримтыг шалгах явцад зөрчилтэй гүйлгээний баримтууд илэрсэн тул манай байгууллага нь дотоод аудитаараа шалгуулахад байгууллагаас одоогийн байдлаар 96.000.000 төгрөгийн бараа дутсан байна. Мөн 2.000.000 төгрөгийн гэмтэлтэй бараа илэрсэн. Улмаар дэлгүүрийн ажилчдыг цуглуулж тайлбар авсан. Ингэж тайлбар авахад гүйлгээний баримт дээрх нэрээс харахад тухайн программд нэвтэрч гүйлгээ хийсэн эрх нь манай кассчин Уранцэцэг болон Нарантуяа нар өөрийн нэр дээр гарсан гүйлгээнүүдийг өөрсдийн хийсэн гүйлгээ биш, тухайн гүйлгээг санахгүй байна, менежер *******-хийсэн гэх тайлбарыг өгсөн. Үүний дараа худалдааны зөвлөх нараас тайлбар авахад Анужин, Оюунсувд нар мэдэхгүй гэх тайлбарыг өгсөн. Мөн худалдааны зөвлөх Мөнхсүхээс тайлбар авахад “...бэлнээр тооцоо хийгдсэн төлбөрүүдийг менежер *******-аваад байдаг юм шиг байна лээ, *******-менежер программ зүгээр байхад И-баримтыг араас нь зургаар өгөөд явуулна, программ гацаад байна гэдэг байсан, мөн бараа хүргэлт хийх байтал хувийн машин дуудаж ачуулсан үйлдэл гаргаж байсан... ” гэх тайлбарыг өгч байсан. Үүний дараа менежер *******-дуудаж энэ талаар лавлахад ямар нэг зүйл хэлээгүй тул бичгээр тайлбар гаргаж өгөхийг хэлэхэд өөрөө бичгээр 85.000.000 төгрөгийн бараа дутаж байгаа гэж өгсөн. Тухайн 85.000.000 төгрөгийн барааг өөрөө дутааснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн найз нөхөд, төрөл саданд зээлээр өгсөн гэдгээ бичсэн. Ингээд тухайн өдрөө дэлгүүрийг хааж тооллого хийхэд 90.421.215 төгрөгийн бараа дутсан байсан. Тэгэхээр нь дэлгүүрээ ажиллуулахгүйгээр 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хааж дахин тооллого хийн гэмтэлтэй барааг ялгаж өөр хүмүүст ажил хүлээлгэж өгсөн. Тухайн хүмүүсийг ажлаас халах шийдвэр гаргасан. Мөн үүн дээр кассчин Нарантуяа нь 5.669.800 төгрөгийн барааг бүртгэлд оруулалгүйгээр худалдан авагчийн бүртгэлийг хийлгүй өөр барааны мөнгөнд тооцож оруулсан байсан. Ингээд нийт 96.091.015 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан байна.”   гэх мэдүүлэг /1хх 13-15/,

2. “Тэд-Аудит” ХХК-ийн дүгнэлт, дутагдсан гэх нэр төрлийн барааны жагсаалт /2хх 68-78/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн  2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 133 дугаар санхүүгийн баримтад шинжилгээ хийсэн “..-BSB  Mebel ХХК-ийн ”BSB lifestyle” гэрийн мebelийн дэлгүүрийн менежер ажиллаж байсан *******- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд нийт 56 нэр төрлийн 70 ширхэг 90.411.215 төгрөгийн бараа материал дутагдсан байна...”  гэх дүгнэлт /2хх 93-100/,

4. Гэрч Б.Нарантуяагийн “...2021.03.02-ны өдөр байгууллагаас дуудаж 2021 оны 02 дугааj сарын 26-ны өдрийн ажлаас халагдах тушаал танилцуулсан. Тэгээд тухайн тушаал дээр Нарантуяа болон Анужин нарын хариуцсан бараанаас 2.154.820 төгрөгийн бараа дутаасан гэсэн байсан. Ямар бараа дутсан талаар бидэнд ямар нэг тайлбар хэлээгүй... Надад тийм үйлдэл гаргасан суудал байхгүй. Миний хувьд худалдааны зөвлөх хийж байх хугацаанд *******- менежер намайг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс касс, худалдааны зөвлөхийн албан тушаал дээр ажиллуулсан. Миний хувьд кассын сургалтад огт хамрагдаагүй, мөн байгууллагын кассын программын эрхийг зөвхөн өөрөө ашиглаж хариуцна гэдгийг байгууллагаас болон менежер Ариунжаргалаас сануулж байгаагүй. Ажиллах хугацаанд *******- нь миний кассын эрхээр орж борлуулалтыг бүртгэдэг байсан. Мөн ачаалал ихтэй үед худалдааны зөвлөхийн давхар ажлаа хийх үед *******-нь кассан дээр суудаг байсан. Тэгээд миний эрхийг ашигладаг байсан. Касс, худалдааны зөвлөхийн хувьд борлуулалтаараа цалинждаг, харин кассын нэмэгдэлд 90.000 төгрөгийн нэмэгдэл өгдөг тул ихэвчлэн борлуулалтаа бодож худалдааны зөвлөхийн ажлыг хийдэг байсан. Харин *******-менежер ихэвчлэн кассын ажлыг хийдэг байсан. Байгууллагаас зөрчил заагдсан барааны талаарх баримтыг үзүүлэхэд тухайн баримтууд нь миний бүртгэсэн зөрчил байгаагүй. *******- менежерийн бүртгэсэн борлуулалт байсан...” гэх мэдүүлэг /1хх 25-26/,

5. Гэрч Б.Оюунсувдын “...миний халагдах тушаал гарсан. Миний халагдах тушаал дээр 58.243.970 төгрөгийн хохирол намайг учруулсан талаар бичсэн байсан. Тэгээд бид *******-менежертэй уулзахад энэ асуудалд та нар хамаагүй. Би борлуулалт хийхийн төлөө ийм асуудал гаргачихлаа гэж хэлсэн. Надад байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй, миний хувьд худалдан авагчид авах гэж сонирхож байгаа барааг нь сурталчлах, барааны материал аль улсад үйлдвэрлэгдсэн, хэмжээ зэргийг тайлбарлах, худалдан авагч авахаар болбол талон бичиж кассанд хүлээлгэн өгдөг. Миний хувьд худалдан авагчаас бэлнээр тооцоог авах асуудал байхгүй..худалдан авагч барааны мөнгөнөөс урьдчилгаа өгч бараагаа хадгалуулсан тохиолдолд урьдчилгаа төлсөн талаар гар падаан бичиж өгдөг харин касс дээр тухайн үед ажиллаж байгаа кассчин мөнгийг нь авдаг. Мөн худалдан авагч бараа авсан тохиолдолд худалдан авагчийн гэрийн хаягийг 2 давхрын худалдан авагч нарын хаяг шивдэг компьютер дээр бичиж өгдөг. Худалдан авагч нараас барааны мөнгийг авах, тухайн барааг борлуулалтын бүртгэл зэргийг би хийдэггүй. Борлуулалтын бүртгэлийг манай менежер *******-бүртгэдэг. Миний нэр дээрх дутагдсан гэж байгууллагаас гарган өгсөн бараа нь манай тасгийн бараа биш Mebelийн тасгийн бараа байсан тул би гайхаж байна. Миний хувьд Mebelийн барааны тасагт худалдааны зөвлөхөөр ажилладаг...” гэх мэдүүлэг /1хх 29-30/,

6. Гэрч Б.Уранцэцэгийн “...2021.02.26-ны өдөр ажлаас халагдах тушаал танилцуулсан. Тэгээд тухайн тушаал дээр миний хариуцсан бараанаас 30.022.425 төгрөг дутсан үндэслэлээр халсан байсан. Яг ямар бараа дутсан талаар надад мэдэгдээгүй. Миний хувьд ямар нэг хууль зөрчсөн үйлдэл болон байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшсан, бусдад зээлээр худалдан борлуулсан, байгууллагын мөнгийг хувьдаа завшсан, тухайн мөнгийг дараагийн сард бүртгэлд оруулсан зэрэг асуудал гаргаж байгаагүй. *******-менежер ихэвчлэн кассын ажлыг хийдэг байсан. Учир нь миний хувьд худалдааны зөвлөхийн ажлаа ихэвчлэн хийж *******-менежер ихэвчлэн кассан дээр суудаг байсан. Байнга намайг борлуулалтаа хий, би бүртгэе гэдэг байсан. *******-нь манай дэлгүүрийн менежер бөгөөд нярвын ажлыг хийдэг, дэлгүүрийг шууд удирдлагаар хангадаг байсан юм. Байгууллагаас зөрчил заагдсан барааны баримтыг үзүүлэхэд тухайн баримтууд нь миний бүртгэсэн пос машины борлуулалт байгаагүй. *******- менежерийн бүртгэсэн борлуулалт байсан. Тухайн зөрчлийг миний зүгээс гаргаагүй. Бүх Mebelийн салбар дэлгүүрүүд нэг кассын эрхээ дундаа ашигладаг. Биднийг кассын эрхээ бусдад ашиглуулж болохгүй гэж хэлж байгаагүй. Мөн кассын сургалтад суулгаж байгаагүй. Тэгээд *******-нь биднийг шууд удирддаг тул бидний эрхээр орох эрхтэй байсан. Өөрийн буруугүй асуудлаас болж ажилгүй, цалингүй болсон тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх 35-36/,

            7. Гэрч Л.Анужингийн “...миний хувьд байгууллагаас бараа бүтээгдэхүүн дутаасан асуудал байхгүй. Миний хувьд мөнгөтэй харьцдаггүй, менежер *******-тооцоог авдаг. Жижиг төрлийн бараа, сандал зэрэг бараа авсан тохиолдолд тооцоо хийгдсэний дараа худалдан авагчид гаргаж өгдөг. Том оврын бараа, тавилга зэргийг агуулахаас болон заалнаас угсрагч нар ирээд байгууллагын хүргэлтийн машинаар хүргүүлдэг. *******- нь дэлгүүрийн менежер албан тушаалтай, дэлгүүрийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцдаг бөгөөд дэлгүүрээс бараа гарах болон шинэ бараа ирэх, мөн дээд байгууллагын шийдвэрийг танилцуулах, төлбөр тооцоо, агуулахын бараа татах, давхар хооронд бараа шилжүүлэх, кассын ажил зэрэг асуудлыг хариуцдаг. Б.Уранцэцэг нь 2 давхрын тавилгын барааны тасгийн касс, худалдааны зөвлөх ажилтай, борлуулсан бараа бүтээгдэхүүний тооцоог авдаг бөгөөд Уранцэцэг кассан дээр байхгүй үед *******-менежер хариуцдаг, Б.Нарантуяа нь манай дэлгүүрийн нэг давхрын тавилгын тасгийн худалдааны зөвлөх ажилтай, мөн Оюунсувд нь 3 давхрын худалдааны зөвлөх бөгөөд надтай адилхан ажил үүрэг гүйцэтгэдэг. Манай дэлгүүрийн бүхий л үйл ажиллагаа *******-менежер хариуцдаг ба тухайн хүн өөрөө энэ бүх зүйлийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа...” гэх мэдүүлэг /1хх39-40/,

 

            8. Гэрч А.Мөнх-Эрдэнийн “...Би анх 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэнBSB  ХХК-ийн”BSB lifestyle”гэрийн Mebelийн дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Худалдааны зөвлөх нь худалдан авагч нарыг угтаж аван бараа бүтээгдэхүүн ээ танилцуулан борлуулалт хийдэг бөгөөд ингэхдээ худалдан авагч нь сонирхсон бараа бүтээгдэхүүн ээ авах тохиолдолд дэлгүүрийн кассан дээр очиж тооцоог ямар бараа бүтээгдэхүүн авах нэршил болон үнийн дүн, урамшуулалтай бараа бүтээгдэхүүн байвал үнийн дүнг нь хасаж бодож мөн авсан бараа бүтээгдэхүүнийг хүргүүлэн гэрийн хаяг зэргийг гар падаан дээр бичиж өгөөд кассан дээр тухайн үед зогсож байгаа хүнд хүлээлгэн өгдөг. Данс тооцоо, төлбөр мөнгөний асуудалд бол оролцдоггүй. Манайд тухайн үед касс, худалдааны зөвлөхөөр Уранцэцэг ажилладаг байсан, түүнийг ачаалал ихтэй үед худалдааны зөвлөхийн үүргийг гүйцэтгэж байх үед болон амарч байх хугацаанд нь манай менежер *******-нь кассан дээр үүрэг гүйцэтгэдэг байсан. Тухайн хоёр хүмүүст бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан авагч бараа авахаар болсон тохиолдолд хүлээлгэн өгдөг юм. Иймд кассан дээр миний нэр давхар бичигдэж явдаг. Учир нь худалдааны зөвлөхүүд нь бараагаа танилцуулаад худалдан авагчаа аваачиж каассан дээр очиход давхар тухайн худалдааны зөвлөхийн нэр бичигдэж явдаг. Миний хувьд бараа бүтээгдэхүүнээ худалдан авагч нарт танилцуулах, сурталчлах үүрэгтэй. Төлбөр мөнгө данс тооцооны асуудалд оролцдоггүй. Миний хувьд 3 давхарт байрлах буйдангийн тасагт худалдааны зөвлөх Оюунсувдын хамтаар гардаг байсан.” гэх мэдүүлэг /2хх 164-165/,

 

            9. Гэрч Б.Мөнхсүхийн “...би худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ажилд ороод удаагүй байсан. Худалдааны зөвлөх нар нь худалдан авагчид авах гэж байгаа эсвэл түүний сонирхож байгаа барааг нь сурталчлах, барааны материал, аль улсад үйлдвэрлэгдсэн, барааны хэмжээ мөн сонирхож байгаа бараа бүтээгдэхүүнд урамшуулал зарласан байвал урамшууллын талаарх мэдээлэл, хямдрал зэргийг тайлбарлах худалдан авагч нь сонирхсон бараа бүтээгдэхүүн ээ авахаар болбол гар талон бичин кассанд худалдан авагчийн хамтаар хүлээлгэн өгдөг. Тэгээд кассын борлуулалтад нэр ээ оруулдаг. Тэрнээс биш худалдан авагчаас бэлнээр тооцоог авах асуудал байдаггүй. Мөнгөний асуудал болон кассын бүртгэлийг буюу барааны зарлага болон захиалгын барааны хүлээлгэлд зэрэг асуудлыг касс хариуцдаг бөгөөд хэрэв худалдан авагч нь авах гэж байгаа барааныхаа мөнгийг урьдчилан өгч бараагаа хадгалуулах сонирхолтой байгаа тохиолдолд урьдчилгаа төлсөн талаар нь худалдааны зөвлөх нар гар падан бичин урьдчилгаа өгсөн мөнгийг өөрөө авалгүйгээр тухайн барааг авах гэж байгаа хүнийг нь дагуулан тухайн үед кассан дээр үүрэг гүйцэтгэж байгаа хүнд гар падааны хамтаар хүлээлгэн өгдөг. Харин худалдан авагч бараа авсан болон хадгалуулсан тохиолдолд худалдан авагчийн гэрийн хаягийг 2 давхрын худалдан авагч нарын хаяг шивдэг компьютер дээр бичин өгдөг. Миний хувьд худалдан авагч нараас барааны мөнгийг авах, тухайн барааг борлуулалтын бүртгэлд оруулах зэргийг хийдэггүй. Борлуулалтын бүртгэлийг манай менежер *******-бүртгэдэг. Мөн кассан дээр хэн тухайн хугацаанд ажиллаж байсан хүн нь хариуцдаг. Кассан дээр Нарантуяа болон Уранцэцэг нар суудаг байсан бөгөөд тухайн хоёр давхар худалдааны зөвлөхийн ажлыг хийдэг юм. Иймд ачаалалтай болон ажлын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд тухайн хоёр хүнд давхар худалдааны зөвлөхийн үүрэг ээ гүйцэтгэх шаардлага гардаг тул энэ хоёр худалдааны зөвлөхийн үүргийг гүйцэтгэх хугацаанд менежер *******-нь кассыг хариуцдаг байсан юм. Худалдааны зөвлөхүүдийн нэр кассийн бүртгэлд бүртгэсэн байдаг нь бидний бараагаа танилцуулсан худалдан авагчийг кассанд гар падааны хамт хүлээлгэн өгсөн болохоор нэг ордог болохоос биш мөнгө төгрөгийн асуудал болон кассын бүртгэлийг худалдааны зөвлөхүүд хариуцдаггүй.” гэсэн мэдүүлэг /хх2-167-168/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

 

          Хоёр. Гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хохирол  гаргуулах;

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч “...манай байгууллагад нийт 96.324.700 төгрөгийн хохирол учирсан. *******- цалин, амралтын мөнгө 2.591.475 төгрөгийг байгууллага хохиролд тооцоод өнөөдрийн байдлаар *******- нь хохиролд  44.591.475 төгрөг төлсөн гэж үзнэ. Одоо төлөгдөөгүй 51.733.225 төгрөг дээр аудитын дүгнэлтийн төлбөр 3.300.000 төгрөгийг нэмж тооцоод 55.033.225 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн;

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас “хохиролыг бүрэн бодитой тогтоох ажиллагаа болон  шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах ” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хэргийг прокурорт буцаах” санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно.             

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *******- нь “BSB Mebel” ХХК-ийн “BSB lifestyle” гэрийн тавилгын дэлгүүрт менежерээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд шилжсэн байна.

 

Тодруулбал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг *******- ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсан орлого болон бараа материалыг 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хийгдсэн барааны борлуулалтаас 96.324.700 төгрөгийг “BSB Mebel” ХХК-ийн “BSB lifestyle” гэрийн тавилгын дэлгүүрийн дансанд тушаалгүйгээр өөртөө авсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Хяналтын прокурор яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг 90.411.215  төгрөг гэж ташаа бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүх 96.324.700 төгрөг болгож зөвтгөснийг тэмдэглэж байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байна.

 

Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч *******-  хохирогч байгууллагад 96.324.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” гэх  Завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч *******- нь шунахай сэдэлтээр, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******- завших гэмт хэрэг үйлдэж хохирогч BSB Mebel” ХХК-ийн “BSB lifestyle” тавилгын дэлгүүрт 96.324.700 төгрөг хохирол учруулснаас 44.591.475 төгрөг нөхөн төлөгдөж, 51.733.225 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Аудитын дүгнэлтийн төлбөр 3.300.000 төгрөг энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардалд хамаарах тул гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй.  Иймд шүүгдэгч *******-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд 51.733.225 төгрөг, хор уршгийн зардалд 3.300.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч байгууллага  BSB Mebel” ХХК-ийн “BSB lifestyle” тавилгын дэлгүүрт олгохоор шүүх шийдвэрлэв.

 

            Ингэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч *******-ын өмгөөлөгчөөс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 20-ны  өдрийн 15 цаг 00 минут хүртэл хугацаагаар завсарлуулав.

 

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч *******- хохирогч  байгууллагад бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар

 Улсын яллагчаас шүүгдэгч *******-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал дүгнэлт гаргасныг хохирогч байгууллагын төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар зөвшөөрч дэмжиж оролцлоо.

 

            *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол хор уршгаа нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

           

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

            Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар тутам 277.778 төгрөг төлөхөөр тогтоов.

 

            Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. *******-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар тутам 277.778 төгрөг төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.  Энэ хэрэгт *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ц.ДАЙРИЙЖАВ