Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1411

 

МАГАДЛАЛ

 

2017.06.19                                             Дугаар 1411                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

В.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01175 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Ганболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Лочинд холбогдох,

5 180 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: В.Ганболд,

Хариуцагч: С.Лочин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2011 онд иргэн С.Лочинтой хэлцэл хийж, түүний өмчлөлийн төвлөрсөн халаалтын шугамаас халаалт авсан шугамаас халаалтын шугам татахаар болж түүний төлбөрт 5 000 000 төгрөгийг 2011 оны 10 дугаар сарын 06-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын     07-нд 1 000 000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 04-нд 1 000 000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 30-нд 1 000 000 төгрөг өгч тохирсон болно. Ингээд 2015 оны 9 дүгээр сард түүний хашаанд 40-ийн голчтой 36 метр турбаг 180 000 төгрөгөөр худалдан авч 260 000 төгрөгийн зардал гаргаж байрлуулсан болно. Уг хэлцлийг үндэслэн 2015, 2016 онуудад “Дулаан түгээх сүлжээ” ХК-д хандан техникийн нөхцөл гаргуулахаар өргөдөл гаргатал доорхи 2 үндэслэлээр техникийн нөхцөл гаргах боломжгүй гэсэн. С.Лочингийн дулааны шугам татсан гол хөрөнгө оруулагч н.Отгонбаяртай тохирсон байх, түүнээс зөвшөөрөл авах, тус шугам нь одоо дулаанд холбогдсон айл өрх, албан газруудыг хангаж чадахгүй байгаа, нэмж дулаан авах техникийн боломж байхгүй тул техникийн нөхцөл зөвшөөрөл гаргах боломжгүй гэсэн болно. Энэ талаар С.Лочинд хэлж, өгсөн мөнгөө авах талаар ярихад өгч чадахгүй, шүүхээр яв гэсэн тул миний бэлнээр өгсөн 5 000 000 төгрөгийг болон 6 ширхэг турбаны үнэ 180 000 төгрөг, нийт 5 180 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж   өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Лочингоос 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.Ганболдод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 180 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лочингоос улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.Ганболдод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2011 онд зэргэлдээх хөрш иргэн н.Отгонбаяр ирж зэргэлдээ байгаа 6 нь айл нийлж төв шугамнаас холболт оруулж төвийн дулаан авах зөвшөөрөл авахаар боллоо. Иймд эдгээр айлуудаа нэгтгээд төвийн шугамд холболтоо хийлгүүлж гэсний дагуу нийт 6 өрх 15 000 000 төгрөг гаргаж төвийн дулаанд холбогдож айл болгон зөвшөөрлөө өгсөн юм. Шугам татах ажил 3 сар үргэлжилж ашиглалтад орсон юм. В.Ганболд өөрөө энэ үед ирж холболт хийлгэх санал тавьсан. Дулааны зөвшөөрлөө өөрөө хөөцөлдөж авья гэсний дагуу өөрийн хөрөнгөөр барьсан худагнаас труба татаж дулаан авахыг зөвшөөрсөн. Үүнд ойролцоогоор 8 000 000 төгрөгийн зардал гарсан. В.Ганболдын орон сууц нь 1 давхар байснаа дулаан холболт хийсний дараа өргөтгөл хийж 4 давхар болгоод өндөр хүчин чадалтай насос тавьж төвийн дулаан авч 2 жил хэрэглээд улсад нэгч төгрөг төлөөгүй юм.

Хүний эзэмшлийн хашаан дотор газар ухаж дулааны труба татаж тавьсан. Бид хүний эд хөгшил, газрыг хөндсөн байгаад 3 000 000 төгрөг нэхэмжилнэ гэж бодож байгаа.

Шүүх хуралдааны үед миний бие муудсан байсан тул гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг танилцуулж, мэтгэлцэж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч В.Ганболд нь хариуцагч С.Лочинд холбогдуулан халаалтын шугам татуулахаар өгсөн 5 000 000 төгрөг, 6 ширхэг турбаны үнэ 180 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дулааны шугам татсан     хүн нь хариуцагч биш байсан, мөн тухайн шугам нь одоо дулаанд холбогдсон айл өрхүүдийг хангаж дийлэхгүй байгаа тул өгсөн мөнгөө гаргуулах...” гэж тайлбарлажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Тухайлбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч өөрийн тайлбартаа н.Отгонбаяртай холбоотой асуудлын талаар дурдаж, уг дулаан авах техникийн зөвшөөрөл хэн дээр харьяалагддаг, яагаад нэхэмжлэгч дулаан авах боломжгүй болсон үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэжээ.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалтыг шүүх зөв хэрэглэсэн эсэхийг хэрэгт ач холбогдол бүхий байж болох нөхцөл байдал тодорхой бус байхад дүгнэлт өгөх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдолд “...эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байх үед очиж мэтгэлцэж чадаагүй, гэрч асуулгах, өөрийнх нь гарын үсэгтэй баримт зэргийг танилцуулах хүсэлтэй байна...” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж эзгүйд шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй, хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогч шүүх хуралдаан биечлэн оролцож, маргааны талаар үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг нь зөрчсөн гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн харилцааны дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

             ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ