Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга А.Болор,

          Улсын яллагч Д.Ширэндэв,

          Шүүгдэгч Э.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтын гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Одбаярт холбогдох 2016 2501 3279 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 32 дугаар гудамжны 472 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Одбаяр /Регистрийн дугаар: ЖЭ90040390/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Э.Одбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” баарны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Т.Тилеужаныг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Одбаярын өгсөн: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Тилеужаны өгсөн: “... 2016 оны 09 сарын 12-

 

13-нд шилжих шөнө найз Ергулан, Асхар, Аптынбек, Шынарбек нарын хамт ... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байх “Скай” нэртэй бааранд орсон... тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад хэдэн охидтой танилцъя гэсэн юм тэгтэл над дээр намайг цохьдог Одбаяр гэх залуу ирээд энэ охидууд манай найз нар байгаа юм гэхээр нь би за за ойлголоо гэж хэлсэн тэгэхэд Алтынбек нилээн согтуу байсан бөгөөд бүжгийн талбай дээр дахиад нэг эмэгтэйтэй танилцах гэхэд тэр охидууд Аптынбекийг чи ямар ядаргаатай юм бэ гэж уурласан... тэгээд удалгүй баар хаах болсон бөгөөд Ергулан, Асхар хоёр гараад явчихсан байсан. Алтынбек, Шынарбек бид гурав тооцоогоо хийх гээд байж байтал Аптынбек нөгөө охидуудтай маргалдаад байсан. Тэгэхэд нэг охин нь Алтынбекийг чи муу казак май гээд дунд хуруугаа гаргахад нь Алтынбек зөрүүлээд дунд хуруугаа гаргасан, тэгэхэд нөгөө хүүхнүүд бид хоёр луу дайрахаар нь би зугтаад шатаар доошоо буугаад явж байтал Одбаяр гэх залуу өөдөөс шатаар гарч ирж таарсан бөгөөд үгийн зөрүүгүй миний хамар луу гараараа цохьсон тэгэхэд миний хамарнаас цус гарсан бөгөөд хамраа бариад тонгойтол дээрээс дахиад толгой нуруу руу гурваас дөрвөн удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.6/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Отгонбаярын “... 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр болсон... тэгээд эхнэр Цэцэгээ, найз Одбаяр, Эрдэнэбат, Батдорж, Чандмань, Сараа, Мөнгөнчимэг, Гансүх бид хэд уулзаж... 02 цагийн үед “Скай” баар луу орсон... бааранд ороод бүжиглэж байхад тэнд байсан казак залуучууд манай эхнэрүүдийг хоргоогоод байхаар нь бид нар нэг их тоогоогүй юм... тэгээд шөнө 03 цагийн үед Одбаяр бид хоёр гадаа гарч тамхилсан бөгөөд би түрүүлээд баар луу эргэж орсон эргэж ороход манай эхнэр болон Сараа, Мөнгөнчимэг гурав нэг казакийг хойноос хөөгөөд ... нөгөөх нь тек тойроод зугтаад баарны хаалгаар гараад явсан тэгтэл хойноос нь манай эхнэр Цэцэгээ наадхаа бариад аваарай гэж орилсон тэгэхэд Одбаяр тэр зугтаж гарсан залуугийн өөдөөс нь ирж таараад тэр залууг... цохьчихсон юм шиг байна лээ... миний хувьд тэр залууг Одбаяр цохих үед нь хажууд нь байгаагүй тэр залууг сүүлд харахад хамар нь далийчихсан, цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх.7/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Т.Цэцэгээгийн өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр Отгонбаярын төрсөн өдөр болсон...тэгээд найзуудын хамт Скай гэх бааранд орж бүжиглэсэн... тэгтэл Мөнгөнчимэг, Саранчимэг нар нэг залууг тек тойроод хөөж байсан... яасан талаар асуухад энэ залуу хэл амаар доромжлоод салаавч гаргалаа гэхээр нь би тэр залууд хандан чи эмэгтэй хүн рүү яаж байгаа юм гэтэл тэр залуу зугтаад шатаар ... буухаар нь би араас нь хальт хөөгөөд наадхаа бариад аваарай гэж орилчихоод буцаад орчихсон юм, тэгтэл Одбаяр тэр залуугийн өөдөөс шатаар гарч таараад цохьчихсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.8/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Э.Мөнгөнчимэгийн өгсөн: “... тэгэхэд манай эрчүүд тэр Тилеужан гэх залуутай маргалдтал Тилеужан зугтаад баарнаас гарсан тэгэхээр нь бид нар орхиод тооцоогоо хийх гээд байж байтал Тилеужан гэх залуугийн хамраас нь цус гарчихсан орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.9/,        

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12795 тоот дүгнэлт /хх.12/,

         

          Мөрдөн байцаалтанд Э.Одбаярын сэжигтнээр өгсөн “... тэгээд шөнө 03 цагийн орчим баар хаах үед би найз Батдоржтой гарч тамхи татчихаад эргээд баарны шатаар гарч байтал өөдөөс Тилеужан гэх залуу бууж ирч байсан хойноос нь бид нартай хамт явсан хүүхнүүд орилолдож байсан юм. Тилеужан шатаар бууж байхдаа бүдэрч уначихаад босоод ирэхээр нь би нүүр лүү нь нэг удаа цохьсон тэгээд гүйгээд зугтах гэхээр нь би дахиж нэг удаа гар луу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,

 

          -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.22/,

          -Иргэний үнэмлэхний лавлагаа /хх.23/,

          -Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.24/,

          -Хохирогч Т.Тилеужаны шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтыг явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Э.Одбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” баарны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Т.Тилеужаныг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Т.Тилеужан мэдүүлэг /хх.6/, гэрч Д.Отгонбаяр /хх.7/, Т.Цэцэгээ /хх.8/, Э.Мөнгөнчимэг, сэжигтэн Э.Одбаяр /хх.19/ нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн 12795 тоот дүгнэлт /хх.12/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Одбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтын төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхэс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Одбаярын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Э.Одбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Тилеужанд 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Эрдэнэчимэгийн Одбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтыг үндэслэн шүүгдэгч Э.Одбаярыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Одбаярт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Одбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Тилеужанд 300.000 төгрөг төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Одбаярт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Одбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР