Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/536

 

                      

 

 

 

 

 

 

     2022          6           27                                     2022/ШЦТ/536

 

 

                    

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч В.Батдэлгэр

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205011391429  дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-.

 

                      Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

              Шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” нэртэй түргэн үйлчилгээний газрын гаднаас хохирогч С.Э- эзэмшлийн 03-83УБЦ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр С.Э- зөвшөөрөлгүйгээр авч явж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 47-в байрны гадаа орхиж явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд хандах мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч 400.000 төгрөгөөр торгуулсан. ” гэсэн мэдүүлэг,

 

 Хоёр: Эрүүгийн 2205011391429 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Э- хохирогчоор өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр найзуудтайгаа зааланд тоглочхоод харих замаараа “CU” худалдааны төв орж ундаа авахаар орохдоо өөрийн тээврийн хэрэгсэл болох “Toyota Prius 20” загварын УБЦ 0383 улсын дугаартай машинаа асаалттай орхиод дэлгүүр ороод ирсэн чинь миний машин байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан тэгээд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч над руу залгаад таны алдагдсан гэх тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны зогсоол дээрээс оллоо гэж хэлэхэд нь яваад очиход миний тээврийн хэрэгслийн арын буфер зурагдаж хагарсан байдалтай байсан...Би хохирол гомдол бүрэн барагдсан байгаа тул одоо надад энэ хэрэг маргаантай холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй. ...Миний эд зүйл бүрэн олдсон. Тухайн үед гарын цаг маань машины суудлын доогуур орсон байсан бөгөөд пүүз маань эхнэр угаах гээд гэрт оруулаад тагтан дээр тавьсан байсныг сүүлд олж авсан. Миний машинд учирсан хохирол болох үнэлгээгээр гарсан мөнгийг гэм буруутай хүн болох Анхбаяр нь бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргана гэж бодож байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48, 51-52 дахь тал)

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дахь тал)

 

З. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Балжиннямын гэрчээр өгсөн: “...Хэрэглэсэн байсан манай касс дээр авсан зүйлээ бичүүлэхгүй явах гэж байхад нь би араас нь дуудаж бичүүлсэн. Банкны карт уншуулаад байсан. ...160 см өндөртэй, туранхай, шардуу царайтай, халимаг үстэй гадуураа зузаан хар өнгийн ноосон цамцтай, доогуураа ямар өмдтэй байсныг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 14 дэх тал)

 

4. Эд зүйл эрэн сурвалжилсан тухай хуудас (хавтаст хэргийн 21-24 дэх тал)

 

5. *******-ын  “СU” дэлгүүрээр гүйлгээ хийсэн гэх гүйлгээний баримт, (хавтаст хэргийн 27 дахь тал)

 

6.  Машиныг орхиж явсан гэх газарт “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл” гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 31-41 дэх тал)

 

7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 67 дугаартай “нийт дүн 180,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, (хавтаст хэргийн 54 дэх тал)

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 13-нд өөрийн найз нар болох 3 хүнтэй хамт найз Дагвасамбуугийн ажил дээр буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо Black Hors-ийн байранд 22 цагийн үед очиж 1 шил 0,75 литрийн архи хуваагаад уусан юм. Тухайн газраас ганцаараа гараад гэр рүүгээ харихаар гарсан бөгөөд замдаа агаарт тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь хэнийх нь мэдэхгүй нэг Toyota Prius 20 маркийн машин дотор унтаж байсан. Би сэрээд юу болсон талаар мэдэхгүй санаанд орох зүйл байхгүй байсан бөгөөд нэг газар үлдээгээд машины эзний дугаар руу залгаж хэлэх гэтэл утас нь болохгүй байсан би машиныг үлдээгээд хэд хоног байнга машиныг нь эргэж тойрч байсан бөгөөд авахгүй удаад байхаар нь өөрөө ахин залгаад эзэнд нь машинаа ирж аваарай гэж хэлсэн юм. Тэгээд чимээгүй байж байгаад хэсэг хугацааны дараа манай эхнэр рүү цагдаагийн байгууллагаас залгаж намайг дуудгуулсан байсан. Тэгээд би өөрөө ирж мэдүүлэг өгөөд гэм буруугаа хүлээсэн юм. (хавтаст хэргийн 63-65  дахь тал)

 

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний хувийн байдлыг тодруулсан баримтууд (хавтаст хэргийн 69-88 дахь тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.Э- гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 164 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205011391429 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” нэртэй түргэн үйлчилгээний газрын гаднаас хохирогч С.Э- эзэмшлийн 03-83УБЦ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр С.Э- зөвшөөрөлгүйгээр авч явж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 47-в байрны гадаа орхиж явсан нь:

-С.Э- хохирогчоор өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр найзуудтайгаа зааланд тоглочхоод харих замаараа “CU” худалдааны төв орж ундаа авахаар орохдоо өөрийн тээврийн хэрэгсэл болох “Toyota Prius 20” загварын УБЦ 0383 улсын дугаартай машинаа асаалттай орхиод дэлгүүр ороод ирсэн чинь миний машин байхгүй болсон байсан...Би хохирол гомдол бүрэн барагдсан байгаа тул одоо надад энэ хэрэг маргаантай холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй...Бид хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргана гэж бодож байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48, 51-52 дахь тал), 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

-Эд зүйл эрэн сурвалжилсан тухай хуудас (хавтаст хэргийн 21-24 дэх тал),

-*******-ын  “СU” дэлгүүрээр гүйлгээ хийсэн гэх гүйлгээний баримт (хавтаст хэргийн 27 дахь тал),

-Машиныг орхиж явсан гэх газарт “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл” гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 31-41 дэх тал),

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 67 дугаартай “нийт дүн 180,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, (хавтаст хэргийн 54 дэх тал),

            -у*******-ын яллагдагчаар өгсөн: “...Нэг мэдсэн чинь хэнийх нь мэдэхгүй нэг Toyota Prius 20 маркийн машин дотор унтаж байсан...би өөрөө ирж мэдүүлэг өгөөд гэм буруугаа хүлээсэн юм. (хавтаст хэргийн 63-65  дахь тал) гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэргийн хохирогч С.Э- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 70 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч С.Э- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Э- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. *******-ыг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ