Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/537

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          27                                   2022/ШЦТ/537

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205012071798 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амун” нэртэй автомашин угаалга дотор хохирогч А.Ч- биед хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруу хэргийн зүйчлэлтэй маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. Даатгалын байгууллагад 750.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлнө.”

гэсэн мэдүүлэг.

 

 

1. Хохирогч А.Ч- “...Би 2022 оны 03 сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, Аму угаалын газарт өөрийн 22-55 УБР улсын дугаартай приус 20 маркийн машиныг угаалгахаар ороод тэнд ажилдаг машинаар гадна угаалга хийлгэхээр болоод улаалгаа хийж дуусчихаар нь машинаа харахад гадна талд нь том том шавар үлдсэн байхаар нь уг залууд дахиад угаахгүй юу гэж хэлэхэд хуурай алчуураар шаврыг нь арчихад болно би угааж чадахгүй гэж байна. Өөр хүн байна уу эсвэл би өөрөө шүршээд гарья гэж хэлээд өөрөө арччихаад төлбөрөө төлчхөөд гарахдаа би, сүүлд нэрийг нь мэдэхэд Өсөхбаяр гэх залуу “намайг дахин битгий ирээрэй зайл” гэж хараагаад байхаар нь би машиндаа суух гээд явах гэхэд араас ахин хараал хэлээд байхаар нь би өөдөөс нь очиход миний өөдөөс түлж ирээд намайг нэг эргүүлээд газарт шидээд би дээш харж унаад миний зүүн гар мултарчихсан толгой өвдөөд байсан. Ингээд 102-т дуудлага өгсөн. Өсөхбаяр нь 1.000.000 төгрөг шилжүүлж хохирол барагдуулсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал)

 

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн №4689 дугаартай дүгнэлт: “А.Ч- биед зүүн тохойн үений мултрал, зүүн бугалга, шуу, сарвууг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

 

3. Яллагдагчаар *******-ын “Би 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амун” нэртэй авто угаалгын газар ажиллаж байтал. Шөнийн 23 цаг үед миний ажилладаг "Амун” нэртэй авто угаалгын газарт цагаан өнгийн приус 20 маркийн машинтай эхнэр нөхөр бололтой эрэгтэй эмэгтэй 2 хүн ирээд машинаа угаалгахаар болоод тэгээд машиныг нь би угаагаад байж байтал. Приус 20 машины жолооч ах намайг “ машин дутуу угаалаа, ахиж угаа гэж хэлхээр нь би чадахгүй гэж хэлчхээд би өөр машин аваад угааж байтал араас хүрч ирээд “ хэрүүл хийгээд “ би чамайг зорьж ирээгүй угаалгын газрыг чинь зорьж ирсэн. би энд 200 гаран машин угаалгаж байлаа гэхээр нь би дахиж битгий орж ирээрэй гэж хэлтэл “ намайг хүрч ирээд заамдаад авахаар нь би тэр ахыг барьж аваад тонгороод унагаачихсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал)

 

4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.Ч-ид учирсан хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн,  хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******- холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205012071798 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хоёр: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч *******- 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амун” нэртэй автомашин угаалга дотор “машин дутуу угаалаа” гэх шалтгаанаар хохирогч А.Ч-

эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

         хохирогч А.Ч- “... машинаа харахад гадна талд нь том том шавар үлдсэн байхаар нь уг залууд дахиад угаахгүй юу гэж хэлэхэд хуурай алчуураар шаврыг нь арчихад болно би угааж чадахгүй гэж байна...намайг дахин битгий ирээрэй зайл гэж хараагаад байхаар нь би машиндаа суух гээд явах гэхэд араас ахин хараал хэлээд байхаар нь би өөдөөс нь очиход миний өөдөөс түлж ирээд намайг нэг эргүүлээд газарт шидээд би дээш харж унаад миний зүүн гар мултарчихсан толгой өвдөөд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-н 5/,  шинжээчийн №4689 дугаартай дүгнэлт /хх-н 39-40/, яллагдагчаар *******-ын “...Приус 20 машины жолооч ах намайг “ машин дутуу угаалаа, ахиж угаа гэж хэлхээр нь би чадахгүй гэж хэлчхээд би өөр машин аваад угааж байтал араас хүрч ирээд...намайг хүрч ирээд заамдаад авахаар нь би тэр ахыг барьж аваад тонгороод унагаачихсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.Ч- эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч *******- хохирогч А.Ч-ид төлөх төлбөргүй, харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч *******- нь 750.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч *******- нь урьд ял нэг удаа шийтгэгдэж байсан болох нь хэргийн 60 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч А.Ч- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч А.Ч- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. *******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 750.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.ДАЙРИЙЖАВ