Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/529

 

                             

 

 

 

 

 

 

 

2022            6          24                                     2022/ШЦТ/529

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Дэлгэрмаа /томилолтоор/

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

хохирогч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Мянгад овогт Нацагдоржийн Баттөрд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203002200269 дугаартай  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч нь *******- нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх газрын баруун талын авто угаалгын газрын хашаан доторх замд Toyota Corolla маркийн 00-00 УНЗ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 3.7. 'Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 10.14.”Бусдад саад учруулахааргүй газарт,аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Harrier маркийн 32-08 УБС улсын дугаартай автомашины урд зогсож байсан явган зорчигч А.А-ыг Toyota Harrier маркийн 32-08 УБС улсын дугаартай автомашинтай хавсран мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Toyota Harrier маркийн 32-08 УБС улсын дугаартай автомашины эзэмшигч Ү.Жанаргүлд нийт 215.000 төгрөгийн хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- мэдүүлэхдээ “Би согтуу байсан учраас тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон. 1995 онд хүнээр жолооны үнэмлэх гаргуулж байсан. Тэр үнэмлэхээр явж байсан. 10 жил машин барьсан. Гэмт хэрэг гарах үед унаж явсан автомашин нь миний машин байгаа юм. Харамсаж байна. Хохирогчид 510.000 төгрөгийг төлсөн. Нэмж 250.000 төгрөгийг хохирогчид төлөх гэсэн боловч шилжүүлж амжаагүй. Жолооны үнэмлэхгүй 10 гаруй жил автомашин жолоодсон. Би сарын 550.000 төгрөгийн орлоготой. Би хохирогчийн хохирол төлбөрийг төлнө.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А-ын мэдүүлэхдээ “Би эм тариа худалдаж авахад гарсан зардал болон оношилгоонд зарцуулагдсан зардлыг нэхэмжилж байгаа гэдгээ бичгийн хэлбэрээр өгсөн байгаа. Хэдэн баримтуудыг нэмж өгсөн. Миний хамгийн гол нэхэмжилж байгаа зүйл бол би энэ гэмтлээс үүдэж өөрийн тогтмол орлогыг олж чадахаа байсан. Тийм учраас миний өдөрт олдог байсан орлогыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Нэхэмжилж байгаа үнийн дүнд 510.000 төгрөг ороогүй байгаа. Хавдраас болж миний ясны завсраар шохойжилт үүсч эхэлсэн. Түүнийг цэвэрлэх, булчингийн язралт, тасралтыг нөхөх хавсарсан хагалгаанд орох шаардлагатай гэж Гэмтлийн эмнэлгийн Сүхбат гэдэг эмч хэлсэн. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирээд оочер аваад хагалгаанд хэзээ орохоо тодорхой болгоорой гэсэн. Тэрнээс өмнө доод тал нь 3 сар хөлөө хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай гэсэн учраас дахин ийм байдалтай 3 сарын хугацаанд байхаар байна. Би дуудлагын авто тусламж буюу хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тээврийн хэрэгслийг зөөвөрлөх ажил хийдэг. 4 дүгээр сард нэг машиныг дунджаар 70.000 төгрөгөөр, өдөрт 3-4 машин зөөвөрлөдөг байсан. Тэр мөнгөнөөсөө бензин түлшнийхээ мөнгийг хасаад 200.000 төгрөг орлоготой байдаг байсан. 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх орлого буюу 12.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би бүх өдөр ажилладаг. Тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл гэх утгаар дугаарын хязгаарлалттай өдөр гэж байдаггүй. Нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татвар төлдөггүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 2203002200269 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

 

2. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 05-06 дахь тал)

 

3. Хэргийн газарт үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал)

 

4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “*******- нь 2.81 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулан ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А-ын хохирогчоор өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр манай найз Жанаргүл над дээр ирээд машиныг нь угаалгачхаад угаалгын газраас гарч ирээд машины явах замаас холдуулаад машиных нь копутыг нь сөхөөд тосыг нь шалгах гээд зогсож байтал миний араас юу нь мэдэгдэхгүй нэг зүйл зүүн хөлийн ард талаас их хүчтэй цохихоор нь би цочоод хартал 00-00 УНЗ дугаартай машин ухарч байгаад мөргөчихсөн наалдаад зогсож байсан. Тэгээд би тухайн үед орилоод хөлөө сугалж аваад газар унаад хэвтэж байтал ойр хавийн хүмүүс ирээд нөгөө жолоочийн хаалгыг онгойлгоод энэ хүн согтуу байна шүү дээ гээд түлхүүрийг нь сугалж аваад зугтчихна гээд нэг нь хараад зогсож байсан. Би гомдолтой байна. Зүгээр байж байгаад согтуу хүнд мөргүүлээд гэмтэл бэртэл авсандаа гомдолтой байна. Ажил амьдралаа алдаад цалин орлогогүй байгаа. Би өдөр өдрөөр цалинжиж орлогождог юм. Би өөрийнхөө эрүүл мэндэд учирсан буюу учрах зардал. Би эвдэрсэн буюу явах боломжгүй хөдөлгөөнд оролцох боломжгүй тээврийн хэрэгслийг хувийн ачигч автомашинаараа зөөвөрлөж ажилладаг юм. Нэг машин зөөвөрлөхөд хол ойроосоо хамаараад 70000 төгрөгөөс дээшээ тохиролцоод явдаг. Би өдөрт дунджаар доод тал нь гурав дунджаар дөрөв ба түүнээс дээш машин зөөвөрлөдөг. Өдрийн орлого ер нь 200.000 төгрөг буюу түүнээс дээшээ байдаг. Энийг нэхэмжилж байна. Намайг гэмтлийн эмч 21 хоногийн дараа хаван буусан, цус шимэгдсэний дараа имрай шинжилгээ хийгээд хагалгаанд орох шаардлагатай үгүйг шийдвэрлэнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17  дахь тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.Жанаргүлийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би найз Амаржаргалтай хамт явж байгаад Эх нялхсын ард талд байдаг МТ шатахуун түгээх станцын баруун талд байрлах авто угаалгын газар өөрийн эзэмшлийн Toyota Harrier маркийн 32-08 УБС дугаартай тээврийн хэрэгслээ угаалгачихаад угаалгын газрын гадна талд гадаа нь машинаа байрлуулчхаад найз Амаржаргал машины тос шалгаад машины урд талын копутыг онгойлгоод тосны шүүрийг татаад зогсож байтал гэнэт нэг машин ухарч ирээд манай найз Амаржаргалыг миний машинтай хавсарч мөргөсөн. Тухайн үед би машиныхаа дотор талд сууж байсан. Гэнэт чанга дуу чимээгээр гараад иртэл манай найз Амаржаргал газар хэвтчихсэн өвдгөө бариад хэвтэж байсан. Тэгээд урд талын машины жолооч дээр очтол их согтолттой өөрийн гэсэн ухаангүй машиныхаа жолооны ард талд ганцаараа сууж байсан. Тэгээд би 102, 103 руу залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд 25 орчим минутын дараа 103 ирээд Амаржаргалыг ГССҮТ-рүү аваад явсан. Дараа нь цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн ирсэн. Би тэрийг анзаараагүй тухайн үед миний машины урд талын копут нээлттэй байсан би машин дотроо сууж байсан тул хараагүй. Тухайн хавьд байсан хүмүүс бас хараагүй гэж хэлж байсан. Миний биед ослын улмаас гэмтэл учраагүй. Toyota Harrier маркийн 32-08 УБС дугаарын тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Би эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн. 215.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн үнэлгээ хийлгэхэд 30.000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг төлчих юм бол надад гомдол санал байхгүй. ”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6291 дугаартай “А.А-ын биед тойгны дотор холбоосны урагдал, өвдөгний эргэн тойрон булчингийн урагдал, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд  байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70-72 дахь тал)

 

8. Toyota Harrier маркийн 32-08 УБС дугаарын тээврийн хэрэгсэлд хийгдсэн “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “буфер урд 40.000 төгрөг, улсын дугаар 15.000 төгрөг, шууд зардлын дүн 55.000 төгрөг, будах зардал 140.000 төгрөг,  100гр будаг, лак 20.000 төгрөг нийт 215.000 төгрөг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 78-79 дэх тал)

 

9. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн 38452257 дугаартай дүгнэлт  “Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн хээний гүн, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин зогсоолын тоормос зогсохгүй, хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос зогсохгүй, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, өнгө үзэмж муу, урд хойд буфер сэвтэй, хойд суудлын хамгаалах бүс байхгүй, хойд хаалга онгохгүй, баруун талын арыг харах тольны гаднах гэр хагарсан, зүүн хойд гэрлийн бүрхүүл хагарсан, зүүн урд талын крыло хонхойсон, эмийн сан ослын тэмдэг байхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгслийн зогсоолын тоормос зогсохгүй, хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос зогсохгүй, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, өнгө үзэмж муу, урд хойд буфер сэвтэй, хойд суудлын хамгаалах бүс байхгүй, хойд хаалга онгохгүй, баруун талын арыг харах тольны гаднах гэр хагарсан, зүүн хойд гэрлийн бүрхүүл хагарсан, зүүн урд талын крыло хонхойсон, эмийн сан ослын тэмдэг байхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг авто тээврийн дээрх эвдрэл гэмтлүүд нь осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Уг авто тээврийн дээрх эвдрэл гэмтлүүд нь осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг авто тээврийн дээрх эвдрэл гэмтлүүд нь осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос стандартын шаардлага хангахгүй буюу зогсохгүй байсан. Зогсоолын тоормос зогсохгүй байсан. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 89-90 дэх тал)

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өглөө Бичлийн МТ колонкийн ард түр оршин сууж байгаа хаягийг нь мэдэхгүй гэрээсээ Toyota Corolla маркийн 00-00 УНЗ дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож гараад бичлийн 20-р байранд лам Пүрэвжав гэдэг найзындаа очтол дүү нь гээд Шаагаа гэдэг залуу миний машиныг унаад би хажууд нь суугаад Орбит явсан. Тэгээд Орбитоос хоёр хүн аваад буцаад лам найзыгаа аваад тавуулаа болоод Бөхийн өргөөний наад талд байдаг эмчилгээний газар очоод лам Пүрэвжав эмчилгээнд ороод буцаад гурвуулаа Пүрэвжавын гэрт ирсэн юм. Тэгээд Пүрэвжавын гэрт очтол жолооч нь гээд Хүрлээ гэдэг залуу надтай нэг нутаг, мөн төрсөн өдөр нь болоод өнгөрсөн гээд байж байтал Пүрэвжав нь Хүрлээ бид хоёрт нэг шил 0.75 литрийн экс гэдэг нэртэй архи авч өгөхөөр нь бид хоёр Пүрэвжавын гэрт нь хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусчхаад би дэлгүүр гараад дахиад 0.5 литрийн Соёрхол гэдэг нэртэй архи аваад дахиж Пүрэвжавын гэрт ороод уусан. Тэгээд тэрнээс хойш болсон явдлыг би юу ч санахгүй байгаа. Harrier маркийн автомашины эвдрэлд 245.000 төгрөгийг нөхөн төлсөн. Би архи ууснаас л осол гарсан. Надад жолоо барих эрх байхгүй. Би 1995 онд зүс таних хүнээр мөнгө өгч үнэмлэх гаргуулж байсан. Тухайн үнэмлэх хуурамч үнэмлэх байсан.  Би осол болох үед ганцаараа явж байсан. Би цаашид хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 107 дахь тал)

 

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал), Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолоодох эрхгүй гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 110 дахь тал), түр оршин суух засаг даргын даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 113 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 108 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гурав: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх газрын баруун талын авто угаалгын газрын хашаан доторх замд өөрийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн 00-00 УНЗ улсын дугаартай автомашинаар ухрах хөдөлгөөн хийх явцдаа “Toyota Harrier” маркийн 32-08 УБС улсын дугаартай автомашины урд зогсож байсан явган зорчигч А.А-ыг уг автомашинтай хавсран мөргөж А.А-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,  Ү.Жанаргүлийн эзэмшлийн “Toyota Harrier” маркийн 32-08 УБС улсын дугаартай автомашинд 215.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

 Шүүгдэгч *******- нь автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 3.7. 'Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 10.14.”Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч А.А-ын биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ү.Жанаргүлийн эд хөрөнгөд 215.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 05-06 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал), Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “*******- нь 2.81 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулан ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)  А.А-ын хохирогчоор өгсөн: “...миний араас юу нь мэдэгдэхгүй нэг зүйл зүүн хөлийн ард талаас их хүчтэй цохихоор нь би цочоод хартал 00-00 УНЗ дугаартай машин ухарч байгаад мөргөчихсөн наалдаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17  дахь тал), Ү.Жанаргүлийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр...Амаржаргал машины тос шалгаад машины урд талын копутыг онгойлгоод тосны шүүрийг татаад зогсож байтал гэнэт нэг машин ухарч ирээд манай найз Амаржаргалыг миний машинтай хавсарч мөргөсөн...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6291 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 70-72 дахь тал), “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 78-79 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй  хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт” гэм буруутайд тооцов.

 

Дөрөв: Хохирол, хор уршгийн талаар.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч А.А-  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хэргийн хохирогч А.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардалд нийт 969.175 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаснаас шүүгдэгч *******- нь 510.000 төгрөг төлсөн байна. Шүүгдэгчээс үлдэх 459.175 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. 

 

Хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал /тодорхой бус/ болон өөрийн олох ёстой орлого 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон, энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон Ү.Жанаргүлд учирсан 245.000 төгрөгийг хохиролыг шүүгдэгч нь нөхөн төлсөн гомдол саналгүй гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 120 дахь тал)-д тусгагдсан байх тул шүүгдэгч *******-ийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  

   шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...энэ гэмт хэрэг санаатайгаар үйлдэгдээгүй бөгөөд хохирол төлбөрөө нөхөн төлсөн, үлдсэн хохиролоо нөхөн төлхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

   Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байдал нөлөөлсөн байх ба хохирогч А.А-ын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг  харгалзан шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

 

*******- гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

     

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******-ийгтээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

          2.  Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         

          3. *******-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

          5. *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

          6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ийн цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-өөс 459.176 төгрөг гаргуулж хохирогч А.А-д олгосугай.

 

8. Хохирогч А.А- цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ