Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/539

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          27                                   2022/ШЦТ/539

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105021890667 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр хохирогч Б.О- болон хохирогч У.Э- биед тус тус хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч У.Э-д 4.800.000 төгрөг нөхөн төлсөн. Хохирогч Б.О- нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Эрүүгийн 2105021890667 хэргээс:

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О-ын “...би 2021 оны  10 дугаар сарын 18-ны оройн 22 цагийн орчим байрны найзууд болох У.Э-, Хатантулга, Сэргэлэнбаатар нарын хамт гэрийнхээ гадна буюу Голден парк хотхоны байрны гадна уулзсан. Бид нар сааданд сууж байгаад 23 цаг өнгөрөөд У.Э-ыг унаанд суулгаж өгөх гээд 10-р хорооллын автобусны буудал дээр очоод автобусны буудал дээр зогсож байсан саарал өнгийн приус-20 маркийн машин дээр очоод таксинд явах уу гэхэд хойд талын суудал дээр сууж байсан залуу “алхаад яв пизда нар минь” гээд орилоход нь У.Э- автомашины хойд хэсэг дээр очоод “яасан гэнээ” гэхэд хойд талын суудал дээр сууж байсан залуу машинаасаа бууж ирээд У.Э-ыг шууд цохиод унагаасан. Тэгэхээр нь бид гурав очоод тэр залууг түлхээд У.Э-аас холдуулсан. У.Э- босч ирэхэд ам хамар нь цус гарч байсан. Тэгтэл У.Э-ы цохисон залуу зайгаа авч бид нараас холдож байснаа миний нүүр рүү 2-3 удаа цохисон.  Миний хамраас цус гараад би доошоо суусан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Э- хохирогчоор өгсөн: “...автобусны буудал дээрх саарал өнгийн приус 2 маркийн автомашин дээр очоод цонх нь онгорхой байхаар нь таксинд явах юм уу гэж асуусан. Тэгтэл тэр автомашины хойд талын суудал дээр нь сууж байсан залуу шууд “алхаад яваач пизда нар” гэхээр нь бид нар тэр залууг “чиний машинд суухгүй, зайлаач” гэж хэлчхээд хойд талын автомашинууд руу алхаж байтал тэр машины хойд талд сууж байсан туранхай биетэй хар өнгийн хувцастай залуу машинаасаа бууж ирээд шууд миний нүүр рүү цохисон. Миний нүүр өвдөөд би нүүрээ дараад доош суусан. Тэгтэл миний урд талын шүднүүд хөдөлгөөн орчихсон, амнаас цус гарч байсан, би доошоо хэсэг сууж байгаад босч ирээд хартал манай найзууд дээр гүйж ирсэн байсан. Нөгөө намайг цохисон залуугийн сууж байсан саарал өнгийн приус-20 маркийн автомашин хөдлөх гэж байхаар нь би газраас чулуу аваад очиж урд талынх нь шил рүү шидсэн... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 863  дугаартай: “ Хүний биед хийсэн 10062 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  А.У.Э-ы биед баруун дээд 1, 2 /11,12/-р шүдний булгарал, баруун доод үүдэн 1,2 / 41,42/, зүүн дээд үүдэн 1 /21/, зүүн доод үүдэн /1 /31/-р шүднүүдийн сулрал, дээд, доод уруулд шарх, зулгаралт гэмтлүүд учирчээ.  Баруун доод үүдэн 1,2 / 41,42/, зүүн дээд үүдэн 1 /21/, зүүн доод үүдэн /1 /31/-р шүднүүдийн сулрал, дээд, доод уруулд шарх гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 1, 2 /11,12/-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Доод уруулын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 95-96 дахь тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10194 дугаартай: “Б.О-ын биед уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 86 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Сэргэлэнбаатарын гэрчээр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед байх удаан уулзаагүй 10 жилийн нийлдэг найз нараараа уулзахаар болоод Б.О-, Хатантулга хоёрын байрны гадна, Хатантулга У.Э-, Б.О- бид нар уулзсан. Ойрд уулзаагүй болохоор юм ярьж хэсэг суусан. У.Э- гэр нь хол саппород байдаг болохоор бид 3 хамт алхаад замын хойд талаас таксинд суулгах гээд орой 23 цаг 30 минутын үед байх У.Э-ийг дөхүүлээд 10-р хорооллын урд талын автобусны буудал дээр ирсэн. Хоёр гурван машин зогссон байсан. саарал өнгийн приус 20 байхаар нь хамгийн урд талд зогсож байхаар нь бид хэд очоод явах уу гэж асуухад хойд талын цонхоор нэг залуу явахгүй ээ пизда минь гээд хойно байсан залуу нь халамцуугаар хэлээд байсан. Бид нар чи яагаад байгаа юм гээд У.Э- бид хоёр муудалцсан. Хатантулга, Б.О- нар дундуур ороод одоо больчихоо гээд салгасан. Бид дөрөв алхаад явж байхад арын суудал дээр суусан согтуу залуу пизда нар минь алхаад яв гэхээр нь уур хүрээд У.Э- бид хоёр очоод уулзахад цонхоороо цээжин хэсгээ гаргачихсан байхаар нь бид хоёр цамцнаас нь татаад зууралдсан. Хаагий Б.О- хоёр ирээд салгасан. салаад бид хоёр цаашаа явж байхад арын суудал дээр суусан залуу бууж ирээд шууд У.Э-ыг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. У.Э- шууд газар унаад өгсөн. Б.О- тэр залууг болиулах гээд түлхэхэд хоёр удаа нүүр лүү нь цохисон би яг харсан уруул руу нь цохисон. Машины урд жолооч эрэгтэй нэг залуу, болон цаад талд нь сууж байсан нэг эмэгтэй бууж ирээд арын суудлаас буусан залууг болиулаад жолоочийн эсрэг талын урд хаалганы хажууд аваачсан. Тэр залууг эмэгтэй нь тайвшруулаад буцаад машиндаа суухаар нь У.Э- чулуу машиных нь урд талын салхины шил рүү шидээд хагалчихсан. Машин нь хөдөлж байгаад зогсоод бууж ирэхээр нь У.Э-, Б.О- хоёр зугтаасан. Бид хоёр тэр хоёрын араас явах гэж байгаад би замын хажуу руу уначихсан. Машинаас буусан хоёр залуу над дээр ирээд яагаад машины шил хагалж байгаа юм гэсэн. Хатантулга ирээд бид хоёрыг тэр хоёр залуу зуурч аваад эмэгтэй нь дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхэд У.Э-, Б.О- хоёр цагдаагийн хэсгийн орцноос гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Хатантулгын гэрчээр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед манай байрны гадна найз болох Сэргэлэнбаатар, У.Э-, Б.О- бид нар уулзсан. Ойрд уулзаагүй болохоор юм ярьж суусан. У.Э- гэр нь саппород байдаг бид гурав ойрхон байдаг болохоор орой 23 цагийн үед байх У.Э-ийг дөхүүлэх гээд 10-р хорооллын автобусны буудал руу алхсан. Урд талын автобусны буудал дээр такси асууж байсан. саарал өнгийн приус 20 байхаар нь очоод харахад урд талд нь улаан цамцтай залуу жолоочийн хажуу талд нь эмэгтэй хүн сууж байсан. Бид хэд очоод явах уу гэж асуухад хойд талын цонхоор нэг залуу явахгүй гэж байна гээд зандарч хэлсэн. Бид хэд яасан гэнээ гээд очсон. Арын суудал дээрээс нь нэг залуу гарч ирээд У.Э- найзыг нэг удаа цохисон. У.Э-ы нүүр рүү цохисон. Бид хэд салгах гэж байхад бас Б.О-ыг нөгөө залуу нүүр лүү нэг удаа цохисон. Шууд машин руугаа суугаад хөдлөх гэж байхаар нь У.Э- газраас чулуу аваад машиных нь урд талын шил рүү шидсэн. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Буянхүүгийн гэрчээр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны 00 цагийн үед ах машин дотор Энхтулга, *******- гэх 2 найзаараа 10 дугаар хороололд гэртэй хүргүүлээд автобусны буудал дээр зогсож байтал таксинд явах уу гээд 4 залуу таксинд явах уу гээд асуусан би явахгүй гэтэл гөлөг минь гичий минь янхан минь зайлаач гээд хар хувцастай өндөр залуу хэл амаар доромжлоод байсан. Манай найз *******- намайг өмөөрөөд чи зүгээр байгаач зүгээр яв гэтэл хар хувцастай залуу цонхон дээр ирээд чи хэн юм буугаад ир үзье гээд хэлтэл нэг найз нь манай найз согтуу байгаа юм гээд цаашаа аваад явсан. Удалгүй нөгөө залуу буцаж ирээд *******-г заамдаад нүүр лүү нь алгадсан. *******- машинаас буугаад баруун гараараа хар хувцастай залуугийн нүүр лүү баруун гараараа цохисон. *******- цагаан куртиктэй залуу ирээд түлхэхээр нь *******- гараараа нүүр лүү нь цохисон. Тэгээд удалгүй хар цамцтай залуу Энхтулгын машины салхины шилийн хагалсан.” Гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр машин дотор байхад намайг У.Э- гэх залуу цонхоор гараа оруулж ирээд энгэрээс заамдаж зулгаахаар нь би тавиулаад хаалгаар гарч нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед У.Э- гэх залуу амаа дараад доош суусан чинь хамт байсан гурван найз нь над руу дайраад тал талаас зулгаагаад байсан чинь манай хоёр найз бид нарыг салгасан юм. Би тэгээд салаад зугтаагаад гүйсэн бөгөөд намайг Б.О- гэх залуу бариад авахаар нь эд нарт баригдах юм бол зодуулна гэж бодоод шууд нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Надад гар хүрсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 193 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.О- нь учирсан хохирол, хор уршгаа баримтаар нэхэмжлээгүй бөгөөд, гомдол саналгүй гэсэн хүсэлт, хохирогч У.Э-д учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд 4.800.000 төгрөгийг нөхөн төлсөн, гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-д холбогдох эрүүгийн 2105021890667 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч *******- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө  хохирогч У.Э-, Б.О- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-хохирогч Б.О-ын “...хойд талын суудал дээр сууж байсан залуу “алхаад яв пизда нар минь” гээд орилоход нь У.Э- автомашины хойд хэсэг дээр очоод “яасан гэнээ” гэхэд хойд талын суудал дээр сууж байсан залуу машинаасаа бууж ирээд У.Э-ыг шууд цохиод унагаасан. Тэгэхээр нь бид гурав очоод тэр залууг түлхээд У.Э-аас холдуулсан. У.Э- босч ирэхэд ам хамар нь цус гарч байсан. Тэгтэл У.Э-ы цохисон залуу зайгаа авч бид нараас холдож байснаа миний нүүр лүү 2, 3 удаа цохисон.  Миний хамраас цус гараад би доошоо суусан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

-хохирогч У.Э- “...Тэгтэл тэр автомашины хойд талын суудал дээр нь сууж байсан залуу шууд “алхаад яваач пизда нар” гэхээр нь бид нар тэр залууг “чиний машинд суухгүй, зайлаач” гэж хэлчхээд хойд талын автомашинууд руу алхаж байтал тэр машины хойд талд сууж байсан туранхай биетэй хар өнгийн хувцастай залуу машинаасаа бууж ирээд шууд миний нүүр лүү цохисон. Миний нүүр өвдөөд би нүүрээ дараад доош суусан. Тэгтэл миний урд талын шүднүүд хөдөлгөөн орчихсон, амнаас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 863  дугаартай (хавтаст хэргийн 95-96 дахь тал )

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10194 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 86 дахьтал)

-У.Сэргэлэнбаатарын гэрчээр өгсөн: “...Хаагий Б.О- хоёр ирээд салгасан. салаад бид хоёр цаашаа явж байхад арын суудал дээр суусан залуу бууж ирээд шууд У.Э-ыг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. У.Э- шууд газар унаад өгсөн. Б.О- тэр залууг болиулах гээд түлхэхэд хоёр удаа нүүр рүү нь цохисон би яг харсан уруул руу нь цохисон. Машины урд жолооч эрэгтэй нэг залуу, болон цаад талд нь сууж байсан нэг эмэгтэй бууж ирээд арын суудлаас буусан залууг болиулаад жолоочийн эсрэг талын урд хаалганы хажууд аваачсан. Тэр залууг эмэгтэй нь тайвшруулаад буцаад машиндаа суухаар нь У.Э- чулуу машиных нь урд талын салхины шил рүү шидээд хагалчихсан. Машин нь хөдөлж байгаад зогсоод бууж ирэхээр нь У.Э-, Б.О- хоёр зугтаасан. Бид хоёр тэр хоёрын араас явах гэж байгаад би замын хажуу руу уначихсан. Машинаас буусан хоёр залуу над дээр ирээд яагаад машины шил хагалж байгаа юм гэсэн. Хатантулга ирээд бид хоёрыг тэр хоёр залуу зуурч аваад эмэгтэй нь дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхэд У.Э-, Б.О- хоёр цагдаагийн хэсгийн орцноос гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал)

-Г.Хатантулгын гэрчээр өгсөн: “...Арын суудал дээрээс нь нэг залуу гарч ирээд У.Э- найзыг нэг удаа цохисон. У.Э-ы нүүр лүү цохисон. Бид хэд салгах гэж байхад бас Б.О-ыг нөгөө залуу нүүр рүү нэг удаа цохисон. Шууд машин руугаа суугаад хөдлөх гэж байхаар нь У.Э- газраас чулуу аваад машиных нь урд талын шил рүү шидсэн. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

-Б.Буянхүүгийн гэрчээр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны 00 цагийн үед ах машин дотор Энхтулга, *******- гэх 2 найзаараа 10 дугаар хороололд гэртэй хүргүүлээд автобусны буудал дээр зогсож байтал таксинд явах уу гээд 4 залуу таксинд явах уу гээд асуусан би явахгүй гэтэл гөлөг минь гичий минь янхан минь зайлаач гээд хар хувцастай өндөр залуу хэл амаар доромжлоод байсан. Манай найз *******- намайг өмөөрөөд чи зүгээр байгаач зүгээр яв гэтэл хар хувцастай залуу цонхон дээр ирээд чи хэн юм буугаад ир үзье гээд хэлтэл нэг найз нь манай найз согтуу байгаа юм гээд цаашаа аваад явсан. Удалгүй нөгөө залуу буцаж ирээд *******-г заамдаад нүүр рүү нь алгадсан. *******- машинаас буугаад баруун гараараа хар хувцастай залуугийн нүүр лүү баруун гараараа цохисон. *******- цагаан куртиктэй залуу ирээд түлхэхээр нь *******- гараараа нүүр лүү нь цохисон. Тэгээд удалгүй хар цамцтай залуу Энхтулгын машины салхины шилийг хагалсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

-*******-гийн яллагдагчаар өгсөн: “У.Э- гэх залуу цонхоор гараа оруулж ирээд энгэрээс заамдаж зулгаахаар нь би тавиулаад хаалгаар гарч нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед У.Э- гэх залуу амаа дараад доош суусан чинь хамт байсан гурван найз нь над руу дайраад тал талаас зулгаагаад байсан чинь манай хоёр найз бид нарыг салгасан юм. Би тэгээд салаад зугтаагаад гүйсэн бөгөөд намайг Б.О- гэх залуу бариад авахаар нь эд нарт баригдах юм бол зодуулна гэж бодоод шууд нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Надад гар хүрсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 193 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч У.Э-, Б.О- нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогч нарын нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-гийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

          Хэргийн хохирогч Б.О-, У.Э- нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 200, 202 дахь тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч *******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 134 дэх талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Б.О-, У.Э- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

          Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О-, У.Э- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдав.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-г “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.ДАЙРИЙЖАВ