Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/570

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           7           04                                   2022/ШЦТ/570

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ /томилолтоор/

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205006671337 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “мөнгө өгөхгүй удаалаа" гэх шалтгаанаар У.Г- маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Манай аав, ээж хоёр Солонгос улсад байдаг.  Намайг ийм асуудалд холбогдсон тухай гэрийнхэн маань мэдээгүй.” гэсэн мэдүүлэг.

 

            Гурав: Хавтаст хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Г-хохирогчоор өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо Билэг их дэлгүүрийн хойд талын зогсоол дээр хамаатны хүүхэд Цэцэнбаяртай цуг автомашиндаа суух гэж байтал миний танил Хосбаяр, *******-гэх найзын хамт ирсэн. Тухайн *******-гэх эрэгтэй нь хөөе чи мөнгөө хэзээ өгөх юм гээд 2 удаа алгадахад манай хамаатны хүүхэд Цэцэнбаяр эв зүйгээ ололцъё гэж хэлэхэд Цэцэнбаярыг *******-нь чи хэн юм гээд цааш түлхээд миний нүүрэн тус газар 5-6 удаа *******-нь цохисон. ...тэр үед Цэцэнбаярын эцэг эх гарч ирээд уг үйлдлийг болиулж салгасан. Тэрний дараа нь 5-6 минутын дараа залгаад мөнгө авахаа болилоо чи цагдаад битгий өг гэж хэлсэн. Би цагдаад өгнө харин чи өөрөө цагдаад өгвөл өг гэж хэлсэн. Намайг *******-гараараа миний нүүрэнд 5-6 удаа цохисон. Надаас мөнгө нэхэж зодсон. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Надтай уулзаж уучлалт гуйсан бид нар хоорондоо эвлэрсэн. Намайг *******-гараараа миний нүүрэн тус газар 5-6 удаа цохисон. Надаас мөнгө нэхэж зодсон. Өөр ямар ч шалтгаан байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 17-18 дахь тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  С.Хосбаярын гэрчээр өгсөн “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутагт байх Билэг их дэлгүүрийн хойно Золбооттой би уулзаж байхад танил Гантулга 24 дүгээр байрны хажуугаас гарч ирж байсан. Гантулгаас *******-бид хоёр 110.000 төгрөг авах ёстой байсан тэр мөнгө нэхэх зорилгоор очиж уулзсан Гантулгатай тулж очоод юу байна гэж мэнд мэдэх гэхэд Гантулга юм хэлээгүй миний мөнгө хэзээ өгөх бэ гэхэд юу ч хэлэхгүй байсан. Хэзээ өгөх юм бэ гэхэд Гантулгын таньдаг залуу гэнэт гарч ирээд юу болоод байгаа юм гэж асуухад нь бид гурав уулзах шалтгаантай байгаа юм гэж хэлсэн. Тэр залуу нь намайг барьж авч заамдаж машин дээр унагасан. *******-тэр залуугаас намайг салгах гэж байхад Гантулга Золбоотын цамцны зах хэсгээс татаж зүүж байсан зүүлтийг тасалсан. Би тэр залуутай ноцолдож байгаад газар унаж миний гар тэр үед жоохон эвгүй болох шиг болсон одоо бол зүгээр байгаа. *******-энэ үед Гантулгатай маргалдаж байгаад намайг босож ирэхэд зүгээр болчихсон байсан ба намайг Гантулгын нүүрийг харахад улайчихсан харагдаж байсан. Тэрний дараа мөнгө хэзээ өгөх талаар Гантулгаас асуухад юм хэлээгүй яваад өгсөн. Намайг бол цохиж зодоогүй намайг заамдаж унагасан. Тухайн үед миний гар жоохон эвгүй болж байснаа одоо бол зүгээр байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2529 дугаартай “У.Г-биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ байна." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би Хосбаярын хамт Том томсийн урд талын зогсоол дээр машин дотроо юм яриад зогсож байсан. Бид хоёрыг машин дотроо сууж байх үед Гантулга нь хамаатны нэг залуутай хамт явж байсан бөгөөд урд өмнө надад мөнгөний өртэй байсан ба уулзах гэхээр уулзахгүй надаас зугтаад байсан буюу тэр үед таарсан болохоор нь уулзаад авъя гээд очсон. Ер нь хүнээс мөнгө авахаараа зугтах гээд байдаг болохоор нь би хувцаснаас зуураад мөнгөө өг хэлж байж байсан мөн хоорондоо маргалдаад зогсож байтал хамаатны залуу гэх үл таних залуу Хосбаяр бид хоёрыг хоёуланг заамдаж аваад ална гэж бид хоёр руу дайрсан. Тэр үед чи гараа ав гэхэд гараа авсан буюу би Гантулгатай ярилцаад байж байхад хамаатны тэр залуу Хосбаярыг барьж аваад машины цаад талд газар унгасан бөгөөд тэр үед салгах гэтэл Гантулга миний араас татсан тэгэхэд миний хүзүүнд зүүж явсан мөнгө гинж тасарч газар унасан. Уг гинж нь манай ойрын өсгөсөн талийгаач ахын дурсгал болгон өгсөн гинж байсан. Тэгэхээр миний уур хүрээд хоорондоо харилцан зодоон үүссэн болно. Тухайн үед Гантулга нь миний хүзүү болон шанаа хэсэгт хумсаараа маажсан ба миний зүүн нүд хөхрөлт авсан.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал),

 

       Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *******- нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “мөнгө өгөхгүй удаалаа" гэх шалтгаанаар У.Г- маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч У.Г-эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Г-хохирогчоор өгсөн “...Намайг *******-гараараа миний нүүрэнд 5-6 удаа цохисон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Надтай уулзаж уучлалт гуйсан бид нар хоорондоо эвлэрсэн. Намайг *******-гараараа миний нүүрэн тус газар 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 17-18 дахь тал), С.Хосбаярын гэрчээр өгсөн “...*******-энэ үед Гантулгатай маргалдаж байгаад намайг босож ирэхэд зүгээр болчихсон байсан ба намайг Гантулгын нүүрийг харахад улайчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2529 дугаартай  дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал), *******-ын яллагдагчаар өгсөн “...Гантулга миний араас татсан тэгэхэд миний хүзүүнд зүүж явсан мөнгө гинж тасарч газар унасан. Уг гинж нь манай ойрын өсгөсөн талийгаач ахын дурсгал болгон өгсөн гинж байсан. Тэгэхээр миний уур хүрээд хоорондоо харилцан зодоон үүссэн болно...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч У.Г-эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-ын  гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч У.Г-биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-од  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

 

 

*******-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-од гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Мөрдөн байцаалтад хохирогч У.Г- нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргагдаагүй байх ба гомдолгүй гэж мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Т.Золбоотыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ДАЙРИЙЖАВ