Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/572

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           7          04                                   2022/ШЦТ/572

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч В.Батдэлгэр  

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-од холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205015361804 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь  2022 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд үйлчлүүлж, бүжгийн талбайд бүжиглэж байхдаа Д.Г-тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, зүүн нүд хэсэг рүү баруун гарынхаа хуруугаар хатгасны улмаас Д.Г-ын биед “зүүн нүдний нулимсны дээд сувгийн тасрал, дээд зовхинд шарх, цус хуралт, нүдний алимын салстад шарх, цус харвалт” гэмтэл бүхий “хүндэвтэр" хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Хохирогчийн эмчилгээний зардалд 458.000 төгрөг төлсөн.  Цаашид гарах эмчилгээний зардлыг би төлнө.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Хавтаст хэргээс:

 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г-ын хохирогчоор өгсөн: “2022 оны 04-р сарын 16-ны өдөр 18 цагийн үед гэрээсээ гараад ахуй үйлчилгээний тэнд найз Тэмүүжин, Ууганаа, Цэрэнбат, Мөнхдарь нартай уулзаад гадуур явж пабд сууж ууцгааж байгаад орой нь Эргэн дурсахуй бааранд орсон. Тэгээд бааранд ороод ширээ авч суугаад 1 шил 0.75 литрийн архи аваад ууж сууцгааж байгаад бүгдээрээ босоод бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Тэгээд бүжиглэж байтал үл таних залуу над руу дайраад нүд рүү гараараа нэг удаа хатгачихсан. Тэгээд л миний нүднээс цус гараад би нүдээ дараад ширээ рүүгээ явсан. Тухайн үед дисконы ая яваад хүмүүс бүжиглэж байсан болохоор тэр залуу юугаар миний нүдийг хатгасныг мэдэхгүй байна:. тухайн үед миний хажууд дандаа танихгүй хүмүүс бүжиглэж байсан бөгөөд би тэнд бүжиглэж байсан хүмүүсийн тойрог руу орчихсон юм шиг байна лээ... тэгээд би нүдээ дараад сууж байтал Тэмүүжин ирээд яасан бэ гэж асуухаар нь би нүд рүү нэг залуу хатгачихлаа гэтэл Тэмүүжин хамгаалагч дуудаад үүдний хаалгыг хаалгуулаад хяналтын камер шүүж үзээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Тэмүүжингийн гэрчээр өгсөн: “...2022 оны 04 сарын 16-ны өдөр найз Ганбаяр, Ууганхүү, Цэрэнбат, Мөнхдөл нартай 18 цагийн тэнд уулзаад гадуур явж байгаад орой 23 цагийн үед Эргэн дурсахуй руу орсон. Тэгээд Эргэн дурсахуй руу ороод 2 шил 0.75 литрийн архи авч хувааж уучхаад бүжиглэж байхад Мөнхдөл гэртээ харилаа гээд явсан тэгээд Ганбаяр, Ууганхүү, Цэрэнбат бид нар тараац бүжиглэж байтал бүжгийн талбай дотор улаан өнгийн поло фудволктой үл таних эрэгтэй Ганбаяртай юм яриад зогсож байсан харагдсан. Тэгээд би бүжиглэж байгаад Ууганхүү бид ширээн дээрээ иртэл Ганбаяр ирчихсэн нүдээ дараад гарных нь завсраар цус гоожчихсон сууж байхаар нь юу болсон талаар асуухад нэг хүн намайг цохичихлоо гэхээр нь би гарч гүйгээд хамгаалагчид нь хэлээд доторх камерыг шүүж үзтэл улаан өнгийн поло фудволктой, нэлээн өндөр үл таних эрэгтэй Ганбаярыг нэг удаа нүүр рүү нь цохиж унагачхаад өөр тийшээ явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт шинжилгээний 471 дугаартай дүгнэлт “Д.Г-ын биед зүүн нүдний нулимсны дээд сувгийн тасрал, дээд зовхинд шарх, цус хуралт, нүдний алимын салстад шарх, цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

4. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” нэртэй клубын 2022 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-09 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн : “2022 оны 04 сарын 16-нд 1998 оныхны Увс аймгийн төгсөгчдийн уулзалт болоод бүжгийн тэмцээнд орчхоод орой 23 цаг өнгөрч байхад “Эргэн дурсахуй” бааранд орж төгсөлтийнхөнтэйгөө хамт ороод ширээ ширээнд хуваагдаж суугаад ууцгааж байгаад босоод бүжгийн талбайд бүжиглэж байтал үл таних эрэгтэй ирээд намайг мөрлөөд зөрөхөөр нь би тэр залууг хажуугаас холд гээд түлхсэн гэтэл тэр залуу хойшоо ухраад газарт унасан бөгөөд хажуугаас нь нэг үл таних эрэгтэй ирээд миний өөдөөс юм хэлээд надтай маргаан үүсгээд байхаар нь би тэр үл таних эрэгтэйг надаас хол бай гээд гараараа түлхээд хуруугаараа нүд рүү чичилж түлхээд хатгачихсан. Тэгтэл хажууд байсан хүмүүс сандралдаад дундуур ороод бид 2-г тийшээ болгоод салгасан бөгөөд намайг бүжгийн талбайгаас гаргасан. Тэгээд би ширээндээ очоод сууж байтал намайг тэйкэн дээр дуудаж байна цагдаа ирчихсэн байна гэхээр нь яваад очтол цагдаа нар дагуулаад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал),

 

        Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69  дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Г- нь нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, шүүгдэгч *******-од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 182 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-од холбогдох эрүүгийн 2205015361804 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******-  нь бүжиглэж байхдаа хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан болох нь:

 Д.Г-ын хохирогчоор өгсөн: “...бүжиглэж байтал үл таних залуу над руу дайраад нүд рүү гараараа нэг удаа хатгачихсан. Тэгээд л миний нүднээс цус гараад би нүдээ дараад ширээ рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 13-14  дэх тал), Д.Тэмүүжингийн гэрчээр өгсөн: “...Ганбаяр ирчихсэн нүдээ дараад гарных нь завсраар цус гоожчихсон сууж байхаар нь юу болсон талаар асуухад нэг хүн намайг цохичихлоо гэхээр нь би гарч гүйгээд хамгаалагчид нь хэлээд доторх камерыг шүүж үзтэл улаан өнгийн поло фудволктой, нэлээн өндөр үл таних эрэгтэй Ганбаярыг нэг удаа нүүр рүү нь цохиж унагачхаад өөр тийшээ явсан байсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 34-35 дахь тал), шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт шинжилгээний 471 дугаартай дүгнэлт, (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” нэртэй клубын 2022 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-09 дэх тал), *******-ын яллагдагчаар өгсөн “...бүжгийн талбайд бүжиглэж байтал үл таних эрэгтэй ирээд намайг мөрлөөд зөрөхөөр нь би тэр залууг хажуугаас холд гээд түлхсэн гэтэл тэр залуу хойшоо ухраад газарт унасан бөгөөд хажуугаас нь нэг үл таних эрэгтэй ирээд миний өөдөөс юм хэлээд надтай маргаан үүсгээд байхаар нь би тэр үл таних эрэгтэйг надаас хол бай гээд гараараа түлхээд хуруугаараа нүд рүү чичилж түлхээд хатгачихсан...” гэсэн мэдүүлэг, хохиролын баримтууд зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******-ын хохирогчийн нүд рүү хуруугаараа хатгасны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-  дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

          Шүүгдэгч *******-  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 74 дэх талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-ын  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

          Энэ хэрэгт *******-  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдав.

 

          Хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй. 

 

          Хэргийн хохирогч Д.Г- гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хохирогч нь өөрт учирсан хохирол хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

         Мөн шүүх хуралдаанд  шүүгдэгч нь хохирогчид цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

         6. Хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

         7. Хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ДАЙРИЙЖАВ