Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/571

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           7          04                                   2022/ШЦТ/571

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000001708 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 18 дугаар байрны 8 давхрын 805 тоотод “тээврийн хэрэгсэл жолоодуулсан төлбөрөө нэхлээ” гэх шалтгаанаар хохирогч Д.Д- нүүрэн тус газар нь цохиж, улмаар биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч *******- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролд 1.300.000 төгрөг өгсөн. Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна.”гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Хавтаст хэргээс:

          1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д- хохирогчоор өгсөн“...би хувиараа таксинд явдаг юм. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 05 цагийн орчим “Юуби палас”-ын гадаа зогсож байхад хэдэн залуучуудтай тохироод, машиныг нь бариад явахаар болсон. ...замдаа хамт явж байсан хүмүүсийг нь буулгаад хамгийн сүүлд машины эзнийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд буулгахаар болоод 18 дугаар байрны доод талын граш руу орж, машиныг нь тавихад, нэг цаг гаруй явсан байсан тул 40.000 төгрөг өгчих гэхэд тэр залуу чи надтай хамт гэр рүү ороод мөнгөө авчих, би утсаа асаагаад мөнгө шилжүүлье гэхээр нь тус байрны 8 давхарт гараад, хамгийн мухрын хаалгаар тэр залуутай хамт гэр рүү нь орсон... хаалгаа түгжээдэх гэж хэлэхэд нэг дүү нь хаалга түгжсэн, тэгсэн чинь тэр залуу шууд эргэж хараад гараараа 2 удаа миний зүүн талын нүд рүү цохисон... тэгээд би хаалгыг нь өөрөө онгойлгоод гараад зугтсан... Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан байна, хамар эвгүй болчихсон байна, хугарсан байх. Машины эзэн залуу миний нүд рүү гараараа 2 удаа цохиж, уг гэмтлийг надад учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа бүрэн барагдуулж авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

 

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7132 дугаартай шинжээчийн “ Д.Д- биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-30 дахь тал)

 

3.Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-33 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн “Миний бие нь 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих цагийг нь санахгүй байна UB паласийн баарнаас гараад дуудлагын жолоочоор өөрийн эзэмшлийн 32-64 УАС улсын дугаартай ауди загварын машинаа бариулаад гэр рүүгээ явсан байсан. Тухайн үед миний бие нь архины халуунд дуудлагын жолооч гэх үл таних эрэгтэй хүн рүү агсам согтуу тавьсан байсан бөгөөд дуудлагын жолоочийн төлбөрийг нь хийх гэхэд миний утас унтарсан байсан. Тэгээд тэр эрэгтэй намайг дагаад гэр рүү орж ирэхэд нь маргалдаад би түүний нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохиж түүний биед гэмтэл учруулсан. Тухайн дуудлагын жолооч гэх эрэгтэйг ямар нэгэн байдлаар танихгүй, хамааралгүй, муудалцах шалтгаан байхгүй юм. Би архи уухаараа бага зэрэг агсам зантай бөгөөд тэрийгээ мэдээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй юм. Тухайн үед миний төрсөн өдөр болж байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

 

         7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Дэлгэрт 1.300.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн бөгөөд, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 176 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205000001708 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 18 дугаар байрны 8 давхрын 805 тоотод “тээврийн хэрэгсэл жолоодуулсан төлбөрөө нэхлээ” гэх шалтгаанаар хохирогч Д.Д- нүүрэн тус газар нь цохиж, улмаар биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралт, хамарт зулгаралт бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

       Д.Д- хохирогчоор өгсөн“...тэр залуу шууд эргэж хараад гараараа 2 удаа миний зүүн талын нүд рүү цохисон... ” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 8-9 дэх тал)  шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал) гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-33 дахь тал) *******-ын яллагдагчаар өгсөн “...маргалдаад би түүний нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохиж түүний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Д.Д- эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

          Хэргийн хохирогч Д.Дэлгэр нь гомдол саналгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 45 дахь тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч *******-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Д.Дэлгэр нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Дэлгэр нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ц.ДАЙРИЙЖАВ