Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 102/2017/00862/и |
Дугаар | 1412 |
Огноо | 2017-06-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 1412
МАГАДЛАЛ
2017.06.19 Дугаар 1412 Улаанбаатар хот
“Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00862 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Энхчимэгт холбогдох,
40 103 891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Оюунбадам,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мөнгөнцэцэг,
Хариуцагч: Б.Энхчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Энхчимэгтэй үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 70 тоот гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 18 хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 орц, 8 давхарын 94 тоот 67.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу нийт 79 801 400 төгрөгийг төлөх ёстой байсан болно. Үл хөдлөх эд хөрнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 м.кв талбайн үнийг 1 190 000 төгрөгөөр тооцсон болно. Улсын комисст хүлээлгэн өгч, 2011 оны 10 дугаар сарын 9-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөр болох нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 37 300 000 төгрөгийг төлсөнд талууд маргахгүй болно. Захиалагч Б.Энхчимэг нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 39 801 400 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээнд зааснаар улсын комисс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиалагч нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ шударгаар биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу захиалагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой нийт үнийн 0,1 хувийн алданги гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу хууль болон гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй байна. Алданги тооцвол төлбөрийн хугацаа хэтэрсэн нийг 76 хоног /39 801 400 x 0.01 хувь =3980.14/= 302 491 төгрөг. Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн зүгээс хариуцагч Б.Энхчимэгт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус бичгээр үлдэгдэл төлбөрөө төлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Б.Энхчимэг нь мэдэгдлийг хүлээн авлаа гэж тус бүрт нь гарын үсэг зурсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлийн хугацаа 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан болно. Иймд Б.Энхчимэгээс үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр болох 39 801 400 төгрөг, алданги 302 491 төгрөг, нийт 40 103 891 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 дугаар орц, 94 тоот 67,06 м.кв гэх талбай бүхий байрыг 1 м.кв нь 1 190 000 төгрөгөөр нийт 79 801 400 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ хийсэн болно. Байрны төлбөрийг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 27 300 000 төгрөгийг 5058124740 тоот данс, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10 200 000 төгрөг 5058124740 тоот данс, 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 40 000 000 төгрөгийн төлбөрийг хийж гэрээний дагуу 39 801 400 төгрөг үлдсэн нь үнэн юм. 2012 онд байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч компанийн хятад эзэн нь цагдаад баригдахгүйн тулд нутаг буцсан гээд хариуцах эзэнгүй 3 жил болсон. Тэр үед мөнгө төгрөгний боломж харьцангуй гайгүй байсан. Өөрсдөө яасан нь мэдэгдэхгүй алга болчихоод үндсэн мөнгөний үлдэгдэл болон алданги гээд мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хаанаас хэн болох нь мэдэгдэхгүй нэхэмжлэгч мөн эсэх нь мэдэгдэгдэхгүй хүмүүс янз бүрийн бичиг ирүүлэх буюу утсаар ярьдаг байсан. Жишээ нь, Эхний нэхэмжлэлдээ бүр 56,000,000 төгрөг, дараагийн мэдэгдэлд гэрээнд заасны дагуу 39 801 400 төгрөгөөр мэдэгдэл ирсэн. Өнгөрсөн 8 дугаар сард утсаар ярьж очиж уулзья гэхэд шүүхэд өгсөн гэж хариу хэлсэн учир уулзах шаардлагагүй болжээ гэж ойлгосон. Дараа нь хуулийн зөвлөх Р.Оюунбадам гэдэг хүн ярьж та нарын өмнөөс мөнгийг чинь төлсөн мөнгөө төл гэж хэлсэн. 2012 онд орон сууцанд оронгуутаа байрныхаа төлбөрийг бүрэн төлөх боломж байсан боловч хариуцах эзэн тодорхойгүйгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг алдагдуулсан тул ямар нэгэн хүү, алданги төлөх боломжгүй болохыг мэдэгдэж байна. Үлдэгдэл төлбөрийг компанитай тохиролцон хуваарь гаргаж төлөх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энхчимэгээс 40 103 891 төгрөг гаргуулж “Жиашидэ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 470 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхчимэгээс 358 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Жиашидэ" ХХК нь гэрээнд зааснаар 67.06 м.кв талбай бүхий орон сууцыг надад өгөх ёстой. Гэтэл гэрээнд зааснаас 4.3 м.кв-аар дутуу өгсөн. Талбайн зөрүү үнэ 5 117 000 төгрөгийг нэхэмжилж байгаа дүнгээс хасч тооцох нь шударга ёсонд нийцнэ. Үүнийг шүүх үндэслэх хэсэгтээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан гомдлын шаардлага гаргаагүй гэж үзэж талбайн зөрүүг хасах үндэслэлгүй гэжээ. Б.Энхчимэг миний бие байрны талбай гэрээнд заасан хэмжээнд байгаа эсэх талаар тодруулах талаар "Жиашидэ" ХХК-ийн удирдлагатай уулзалдах гэхээр хариуцах хүн олддоггүй байсан тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоо хүртэл гаргаж өгөөгүй гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах гэтэл өөрсдөө алга болчихсон, хариуцах эзэн, мэдэх хүнгүй, сураггүй алга болж биднийг хохироож өнөөдрийн байдалд хүргэсэн. "Жиашидэ" ХХК өөрөө гэрээний үүргээ зохих есоор биелүүлээгүй байж алданги нэхэж байгаа нь Иргэний хуульд нийцэхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад энэ талаар ямар ч дүгнэлт өгөөгүй. Уг компани 3-4 жил хаана байгаа нь мэдэгдэхгүй олдохгүй алга болсон. Би тухайн үед мөнгөө төлж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах гээд чадаагүй юм. Тэр үед гэрчилгээгээ гаргуулж авсан бол наад зах нь ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжтой байсан. Мөн ажил төрөл ч гайгүй байсныг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. Гэрээнд зааснаас 4.3 м.кв-аар дутуу өгснөөс болж өнөөдрийг хүртэл дулааны хөлсөө илүү төлж хохирч байгааг ч тооцож нэхэмжилнэ. "Жиашидэ" ХХК гэрээнд заасан үүрэгтээ зохих ёсоор хариуцлагатай хандсан бол өнөөдрийн энэ хүндрэлтэй байдал хаа хаанаа үүсэхгүй байсан. 5 419 491 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй энэ нь талбайн зөрүү 5 117 000 төгрөг дээр нэмэгдээд 302 491 төгрөгний алданги болж байна. Энэ тооцоог төлөх ёстой үлдэгдэл төлбөрөөс хасах ёстой гэж үзэж байна. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь хариуцагч Б.Энхчимэгт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 103 891 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 39 801 400 төгрөгийг алданги 302 491 төгрөгийн хамт гаргуулах...” гэж үндэслэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...төлбөрийг хүлээн авах этгээд олдохгүй байснаас хугацаа хэтэрсэн, гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбайтай орон сууцыг өгсөн...” гэж тайлбарласан.
Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ”-ний зүйл болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 94 тоотын 67,06 м.кв талбай бүхий орон сууцны үнэ 79 801 400 төгрөгөөс 37 300 000 төгрөгийг хариуцагч төлсөн, төлбөрийг гэрээний хавсралтад заасан тарифаар төлөх, захиалагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөх ёстой нийт үнийн дүнгийн 0,01 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон үйл баримт тогтоогджээ.
Гэрээний зүйлийн үнэ төлөх хугацааг тодорхойлсон “хавсралт” гэх баримт хэрэгт авагдаагүй ч орон сууцыг хариуцагч нь 2012 онд хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг Н.Энхчимэг үгүйсгээгүй, орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийн хэмжээнд хариуцагч маргаагүй.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч нь “гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч хүлээн авалгүй хугацаа хэтрүүлсэн” гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар орон сууцыг хүлээн авах үедээ нэхэмжлэгчид шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хариуцагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Үүрэг гүйцэтгэх хугацааг талууд гэрээнд заагаагүй бол Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 25, 2016 оны 2-4 дүгээр сард 4 удаа шаардсан баримт хэрэгт авагдсан, хариуцагч гэрээний үүргийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр зөв байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 101 662 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
М.НАРАНЦЭЦЭГ