Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0088

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0088

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ

Гуравдагч этгээд: “Ц” ХХК

         Нэхэмжлэлийн шаардлага: “...Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/, “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан ХХНТ-003\2020 тоот түр гэрээ болон мөн талуудын хооронд байгуулагдсан, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...А” ХХК нь 2003 онд анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш тээврийн үйлчилгээ явуулсаар өдийг хүрсэн, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ХXHT048/2019 тоот гэрээ байгуулж, Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар хот чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж гүйцэтгэж байна. Гэвч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Ц ХХК нь манай чиглэл буюу Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар хооронд зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж манай эрхийг зөрчих боллоо. Манай шугамд өөр хуулийн этгээд явж байгаа талаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр онлайн https://eticket.transdep.mn/ цахим хуудсаар ороход, Ц нь ХХК нь “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар хот хооронд үйлчилгээ үзүүлэхээр тасалбар захиалга авч байгааг мэдсэн. Мөн “Ц” нь ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тухайн чиглэлд үйлчилгээ явуулж, бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж эхэлсэн.

Учир “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” хот хооронд зорчигч тээвэр нь ачаалал багатай бөгөөд “Ц” ХХК нь бидэнтэй давхардан үйлчилгээ үзүүлснээр манай компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, эдийн засаг санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний алдагдалд орох нөхцөлд байдал бий болохоор байна.

 Мөн Зам Тээврийн хөгжлийн яаманд дээрх гэрээг хүчингүй болгох талаар гомдол гаргасан боловч оролцогч талууд маргаантай бол шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу ирүүлсэн болно.

   Иймд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ц” ХХК нарын хооронд байгуулсан XXНТ-003/2020 тоот гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү гэрээ нь бидний үзэж байгаагаар захиргааны гэрээ учир нэхэмжлэлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдийг хүртэл авто тээрийн үйлчилгээ явуулсан явуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 0482019 тоот гэрээ байгуулж Ховд аймгийн Жаргалан суманд нийтийн тээвэр зохион байгуулах гэрээ байгуулж үйлчилгээ явуулж байгаад 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс “Ц” ХХК нь Улаанбаатар хот, Жаргалан сум хоёрын хооронд зорчих тээврийн үйлчилгээ үзүүлж манай эрхийг зөрчсөн. Мэдсэнээс хойш Захиргааны шүүхэд хандсан боловч 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь түр гэрээ гэдгийг сүүлд мэдээд хэргийн материалтай танилцах явцад 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 015225 тоот хот хоорондын нийтийн тээвэр зохион байгуулах гүйцэтгэх гэрээ байгуулсныг мэдээд энэ гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд хот хоорондын чиглэл нэмэгдсэнээр манай компанийн эрх ашиг зөрчигдөж байна. Мөн олдог орлого нь багассан. Тийм учир компанийн тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүрсэн.

Цагийн сонголттой болгосон гэж ярь байна. Цагийг сонголттой болгож болно үүнд татгалзсан зүйл байхгүй. Харин манай компани автобусаа нэмээд явж болно гэж саналаа тавьж байсан. 02 дугаар сарын 12-ны өдрийн түр гэрээний хэрэгжилт нь хангагдаад дууссан. 5 дугаар сарын 19-ний өдөр үндсэн гэрээ нь байгуулагдсан. Энэхү гэрээг байгуулахад ямар нэгэн үндсэн гэрээ байгууллааа гэдэг мэдэгдсэн, сонсгол хийсэн асуудал байхгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “А” ХХК болон Хот тээврийн үндэсний төвийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Хот хооронд нийтийн тээвэр зохион байгуулах гүйцэтгэх гэрээ. Тус гэрээнд талуудын эрх үүрэг бусад зүйлүүдийг заасан байгаа. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.12-т Авто тээврийн үндэсний төвийн эрх үүргийг зохицуулсан байдаг. Үүнд хэрэв давтамж нэмэгдүүлсэн бол ямар тохиолдолд давтамж нэмэгдүүлэх талаар заасан байдаг. Нийтээр амрах баярын өдрүүд болон зорчигч урсгал нэмэгдсэн тохиолдолд үйлчилгээний давтамж нэмэгдүүлнэ гэсэн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл зорчигчийн тоо нэмэгдсэн тохиолдолд давтамжийг нэмэгдүүлэх талаар зохицуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан болох хариуцагч талын гаргаж өгсөн хариу тайлбараас үзэхэд хавтаст хэргийн 55 дугаар талд 2019 оны 4 дүгээр сард нийтдээ 20928 хүн тээвэрлэсэн байна. 2020 оны 4 дүгээр сард 15767 ба 5000 хүнээр багассан байгааг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч хүлээн зөвшөөрсөн атлаа 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Ц” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээ нь гэрээний заалтыг зөрчсөн байна. Үүнээс гадна манай компанийн санхүүгийн тайлан тооцоог гаргаж өгсөн байгаа. Үүнээс үзэхэд 2019 онд 2,1 тэрбум төгрөгийн борлуулалтын тайлан гарсан. 2020 онд 1,1 тэрбум буюу 1 тэрбумаар багассан байна. Явсан чиглэлийн тооны хувьд 2019 оны 4 дүгээр сард 127 хийж гүйцэтгэсэн ба 2020 оны 4 дүгээр сард 100 болон багассан. Ийм байхад манай компанийн эрх ашгийг зөрчсөн байна.

Хариуцагч 2 удаа сонсох ажиллагаа хийсэн гэж үзээд байх шиг байна. 2019 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр хавтаст хэрэгт авагдсанаар манай байгууллага оролцоогүй байгаа. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдсан гэж ярьж байна. Тус хуралдаанаар маргаад байгаа 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээтэй холбоотой асуудал байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч нь татгалзах үндэслэлтэй байна гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 10 дугаар сард тухайн гэрээг гаргаж өгсөн. Энэ хүү гэрээг гардан авч харснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа.” гэв. 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “А "ХХК-аас "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ц" ХХК нарын хооронд байгуулсан XXHT-003 / 2020 дугаар гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Тус үйлдвэрийн газраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанаас санхүүждэг үйлдвэрийн газар юм. Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 тушаалаар тус үйлдвэрийн газарт Улс, хот хоорондын тээвэрлэлтийг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн, энэхүү үүргийнхээ хүрээнд “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь аж ахуй нэгжүүдтэй тээвэрлэлтийг зохицуулан, зохицуулан зохион байгуулах гэрээг байгуулан ажиллаж байна.

   “УБ-Ховд Жаргалант сум - УБ" чиглэлд 2020 оны эхний 4 сарын байдлаар 15767 үзүүлэлтэй байна. "УБ - Xo.Жаргалант сум - УБ" чиглэлийн 2020 оны эхний 4 сарын байдлаар дундаж суудал ашиглалтын коэффициент 0.63 байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16% аар буурсан үзүүлэлттэй байна.

   2019 оны 09 дүгээр сарын 02 -ны өдөр давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар “А" ХХК, “З" ХХК, “Ц" ххк аж ахуй нэгж байгууллагуудад 16:00 цагийн давтамж нэмэгдүүлэх асуудлаар сонсгол хийсэн.

   Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, баталгаатай, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, хүргэх нь чухал бөгөөд иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах үүднээс цагийн сонголт бүхий үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Иймд “А" ХХК-аас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ , “Ц” ХХК нарын хооронд байгуулсан XXHT -04/2020 дугаар гэрээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авто тээврийн үндэсний төв болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулсан захиргааны гэрээнд Захиргааны ерөнхийн хуулийн 52 дугаар зүйлд заасан гэрээний нөхцөл шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг зөрчсөн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй.

Цагийн давтамжийг нэмсэн асуудал нь Захиргааны байгууллагаас дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг өргөжүүлэх үйл ажиллагаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэн зорчин явах эрхтэй, энэ зорчин явах эрхийг хангахын тулд Авто тээврийн үндэсний төвөөс нийгмийн суурь үйлчилгээнд цаг нэмэж байгаа нь тухайн иргэн хэдэн цагт явах нь сонголт учир энэхүү гэрээ нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т биечлэн уулзах хэлбэрээр явагдсан байна. Тухайн сонсох ажиллагаа биечлэн уулзах хэлбэрээр хийгдсэн байгаа ба тус баримтууд нотлох баримтаар авагдсан байхад сонсох ажиллагаа хийгээгүй гэж байгаа нь өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй тайлбар...” гэв.

Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон манай компани хоёрын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХXHT-015/2020 тоот захиргааны гэрээг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргажээ. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 201 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн хүрээнд, мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд уг гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэрээг байгуулахдаа Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн 3.2.2-т “зорчигчийн тогтмол тээвэрт 3.1-д заасан тооцоо судалгааг хийж, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж, тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй”, 3.3.3-т “хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ”, 3.3.4-т “зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт зайлшгүй суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0.90-ээс доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй”, 3.3.5-т “тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх үндэслэл болохгүй", 3.3.6-д “тэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй  тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж дурджээ.

Гэвч эдгээр заалтууд нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар A/24 тоот тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг заалтууд байна

Энэхүү захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор "захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ.”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэг;сэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд” нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэсэн заалтуудыг хангаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй”

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар А/24 тоот тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд “бүрэн эхээр” нь нийтлээгүй тул хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт юм.

Дээрх нөхцөл байдлаас харахад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2020 оны 02 сарын 14-ний өдөр “Ц” ХХК-тай гэрээ байгуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 201 тоот тушаалаар батлагдсан дүрмийг баримтлах байсан уу? Эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй, эрх зүйн үйлчлэлгүй хүчин төгөлдөр бус акт болох Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар А/24 тоот тушаалаар батлагдсан дүрмийг баримтлах байсан уу? гэдгийг эхэлж тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Манай компанитай хамт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр УВС-УБ-УВС-ын чиглэлд “Б*******” ХХК, БӨ-УБ-БӨ-ийн чиглэлд “А" ХХК “А” ХХК компаниуд хот хоорондын тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрмийн дагуу шинээр байгуулсан.

"А” ХХК-ийн зүгээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар А/24 тоот тушаалаар батлагдсан, захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг харьяаллын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гаргасан. Давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээ авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авто тээврийн үндэсний төв нь давтамж нэмэгдүүлье гээд өөрөө шийдэж тухайн компани оруулсан зүйл биш. 2019 оноос “Ц” ХХК нь анх хүсэлтээ гаргаад судалгаа хийж үзсэн. Бусад аймгууд өдөрт хамгийн багадаа гурван цагийн давтамжтай байдаг бол Ховд аймаг хоёрхон цагийн сонголттой байсан. Дээрээс нь ард иргэдээс судалгаа аваад цагийн давтамжийг нэмэгдүүлэх зах зээлийн эрэлт хэрэгцээ байгаа юм байна гэж үзээд материалаа бүрдүүлээд хандсан. Энэ материалд тухайн орон нутаг аймгийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэг байх шаардлагатай. Үүнийг үндэслээд Авто тээврийн үндэсний төв өөрт ногдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

“Ц” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд давтамж бий болгосноор иргэдэд илүү сонголт бий болгож байна. Авто тээврийн үндэсний төвөөс шинээр тухайн компанид үндсэн цагуудад нэмэлт автобус гаргах бус нэмэлт компани орсноор төрийн үйлчилгээ хүртээмжийг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа байна. Иймд зөвхөн манай байгууллагын асуудал бус харин Ховд аймгийн зорчигч тээврийн үйлчлүүлж буй иргэдийн эрх ашгийн асуудал байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийг төлөөлж захирал Г.А тус шүүхэд хандаж “...Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Ц ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-003\2020 тоот гэрээ \түр\-г бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   уг нэхэмжлэлийн шаардлагаа “...Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г бүхэлд нь хүчингүй болгуулахаар, мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар “Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл”-ийн 1 дэх заалтаас “А” ХХК болон “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус тус нэмэгдүүлсэн, шүүх хуралдааны явцад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар “Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл”-ийн 1 дэх заалтаас “А” ХХК болон “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан тул уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компани 2003 онд байгуулагдсан цагаас хойш тээврийн үйлчилгээ явуулж ирсэн, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч захиргааны байгууллагатай ХХНТ048\2019 тоот гэрээ байгуулж Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж, гүйцэтгэж байгаа, гэтэл 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс уг чиглэлд “Ц” ХХК зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, компанийн үйл ажиллагаа доголдож их хэмжээний алдагдалд орох нөхцөл байдал үүсч байна...” гэж тодорхойлсныг хариуцагч “...нэхэмжлэгч компанийн төлөөллийг оролцуулан зорчигч тээвэрлэлтийн давтамжийг нэмэх асуудлаар сонсгол хийсэн, энэ чиглэлд давтамжийг нэмэгдүүлсэн нь үйлчилгээг аюулгүй, баталгаатай, хүртээмжтэй байлгах иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн...” гэж, гуравдагч этгээдээс “...16 цагаас манай компани тээвэрлэлт хийх нь 10 болон 13 цагуудад тээвэрлэлт хийж байгаа нэхэмжлэгч компанийн тээвэрлэлтийн давтамжид нөлөөлөхгүй, учир нь зорчигчид өөрсдөө зорчих цагаа сонгодог, энэ нь тодорхой судалгаанд үндэслэж хийгдсэн, хууль журам зөрчөөгүй...” гэж тодорхойлон маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч захиргааны байгууллагатай ХХНТ-048\2019 тоот гэрээг “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж, гүйцэтгэхээр 4 жилийн хугацаатай байгуулж 7 хоногийн Даваа, Лхагва, Баасан, Ням гарагуудад 10 болон 13 цагуудад зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа, энэ гэрээний талаар талууд маргаагүй.

Түүнчлэн уг чиглэлд “З ХХК” нь 7 хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 10 болон 13 цагуудад, “Ц” ХХК нь Даваа, Мягмар, Лхагва, Баасан гарагуудад 16 цагаас тээвэрлэлт хийж байгаа нь нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Нэг. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчээс, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Автотээврийн зорчигч тээвэрлэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн...,компанид хохирол учирсан...манай компанитай байгуулсан 048\2019 тоот гэрээний 1.5-д заасныг мөн зөрчсөн...” гэж тодорхойлсон.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Автотээврийн үндэсний төв болон “З” ХХК, “Ц” ХХК-ийн төлөөллийг оролцуулан  хийсэн уулзалтын хурлын тэмдэглэл №01-ээс үзвэл Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн “Ц” ХХК 16.00 цагт тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 3 сарын хугацаатай байгуулахаар шийдвэрлэсэн, 

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн яамны Сайд Б.Энх-Амгалан болон Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Г*******, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Х, “З” ХХК-ийн захирал Л.Г*******, “А” ХХК-ийг төлөөлж менежер Ц.Т, “Ц” ХХК-ийн захирал Д.Б нар Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар уулзалт хийж, Автотээврийн үндэсний төв тооцоо судалгааг дахин сайн хийж, шийдвэрээ гаргах,...нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судалж тооцоо судалгааг Сайдын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2019 оны А\216 дугаар тушаалаар Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтийг судалж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан, уг ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэх 3 чиглэлийн 4 аж ахуйн нэгж байгууллагын  хүсэлтийг, тухайлбал “А”  ХХК-ийн 2 удаагийн, “Ц” ХХК-ийн 4 удаагийн, “З” ХХК-ийн 1 удаагийн хүсэлтүүд болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Зам тээврийн яамнаас ирүүлсэн хүсэлтийн хүрээнд, ажлын хэсгээс хийсэн судалгаа танилцуулгыг хэлэлцэн “...Тээвэрлэлт эхлэх хугацааг тус үйлдвэрийн газрын удирдлагуудаас тодорхой чиглэл авсны дараа Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд 16 цагийн давтамжийг нэмэгдүүлэх, “Ц” ХХК-тай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” байгуулах, мөн “З” ХХК болон “А” ХХК-иудын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг Зорчигч тээврийн тасгийн мэргэжилтэн Б.Нт хариуцуулж шийдвэрлэсэн, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

  Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”-гээр Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.3, Иргэний хуулийн 380, 383, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг үндэслэн, “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлд иргэдийн, нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, соёлтой, аюулгүй, шуурхай үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангах...зорилгоор 3 сарын хугацаатай байгуулж,  Даваа, Мягмар, Лхагва, Баасан гарагуудад 16 цагаас тээвэрлэлт хийх, гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулах эсэхийг...Үйлдвэрийн газрын саналыг үндэслэн шийдвэрлэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн уг түр гэрээний хугацаа дууссанаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь “Ц” ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г /үндсэн/ дээр дурдсан хууль тушаал, тогтоолын заалтуудыг үндэслэн 3 жилийн хугацаатай байгуулжээ.

Нэхэмжлэгчээс дээрхи гэрээнүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Автотээврийн зорчигч тээвэрлэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн...,компанид хохирол учирсан...манай компанитай байгуулсан 048\2019 тоот гэрээний 1.5-д заасныг мөн зөрчсөн...” гэж тодорхойлсон.

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйл “Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх” 6.1.10-д “...нийтийн тээвэр...-ийн үйлчилгээ...г зохион байгуулах” 9 дүгээр зүйлд “Тээвэрлэлт гүйцэтгэх”, 9.1-д “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ”, 9.3-д “Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.” Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд “Захиргааны гэрээ” 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас “Ц” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх” гэрээнүүд нь нийгмийн суурь үйлчилгээ, түүний дотор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, зорчигч иргэдийн тав тухтай, соёлтой, аюулгүй, шуурхай үйлчлүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн илүү үр дүнтэй зохион байгуулах зорилгоор байгуулагдсан, хариуцагчийн хуулиар олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн байх тул уг гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал маргаан бүхий түр гэрээ нь нийтийн ашиг сонирхолд эерэг нөлөөлөл үзүүлсэн, “Улаанбаатар-Ховд аймгийн Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэдийн эрх ашигт нийцсэний дээр уг гэрээ нь гэрээнд заасан хугацааны туршид үйлчилж байгаад “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Ц ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар уг гэрээний үйлчлэл дуусгавар болсон тул нэгэнт дуусгавар болсон захиргааны гэрээг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Нөгөө талаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” нь  Автотээврийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, гэрээ нь бүхэлдээ нийтийн тээврээр зорчигч нийт иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн, уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна”, 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”... гэх зэрэг нийт 14 тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд эдгээр тохиолдлын алинд ч уг гэрээ хамаарахгүй байхын дээр  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч компанийн хариуцагчтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нөхцөлд “Ц” ХХК-ийн байгуулсан гэрээг цуцлах болон өөрчлөлт оруулахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. 

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага болон “Ц” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “илт хууль бус байх” шинжийг агуулаагүйн дээр эдгээр гэрээнүүд нь холбогдох хууль болон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.  

Тухайлбал, нэхэмжлэгчээс гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Зам тээвэр, хөгжлийн сайдын А/24 тоот “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж маргасан боловч хариуцагч захиргааны байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн “Ц” ХХК-ийг тухайн чиглэлд 16.00 цагт тээвэрлэлт гүйцэтгүүлэх түр гэрээг 3 сарын хугацаатай байгуулахаар шийдвэрлэснээс үзвэл цаг хугацааны хувьд тухайн дүрмийн үйлчлэлд хамаарахгүй, нөгөө талаар хариуцагч захиргааны байгууллага холбогдох тооцоо, судалгааг гаргасны үндсэн дээр уг гэрээг байгуулсан нь дүрмийн 3.2.2-т “зорчигчийн тогтмол тээвэрт 3.1-д “заасан тооцоо судалгааг хийж, тээвэрлэлтийн эрэлт, хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж, тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй”, 3.3.3-т “хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ”, гэж, 3.3.4-т “зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт зайлшгүй нэмэгдэн, суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0,90-ээс доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй”, 3.3.5-д “тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх үндэслэл болохгүй” 3.3.6-д “тээвэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчөөгүй.

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, мөн хуулийн 52.1-д “дараахь харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж заасантай болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан  захиргааны үйл ажиллагаа “үр нөлөөтэй байх” тусгай зарчимд нийцсэн гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй...” гэж маргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээс үзвэл Хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар-Ховд Жаргалант сум-Улаанбаатар” чиглэлд тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Зам тээвэр, хөгжлийн яаманд хийсэн уулзалтад “А” ХХК-ийг төлөөлж менежер Ц.Т оролцсон, уг уулзалтаас хойш хариуцагч захиргааны байгууллага болон эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад хүсэлт, гомдол гаргаж, холбогдох тайлбараа хүргүүлж байсан нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа явуулах”, оролцогчийн эрхийг хангах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай байгуулсан 2019 оны 048\2019 тоот гэрээний 1.5-д “Энэхүү гэрээнд заагдсан чиглэл, давтамж, гэрээний заалт, хавсралтад өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг, тэмдгээр баримтжуулах бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна”, гэж заасан байхад манай компанид мэдэгдэлгүй, шинээр тээвэрлэгч компани нэмж байгаа нь хууль бус” гэж маргасан боловч гэрээний уг заалт нь нэхэмжлэгч компанийн тухайд буюу өөрөөр хэлбэл “А” ХХК-ийн тээврийн давтамжид өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд “Ц” ХХК-тай байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч компанийн тээвэрлэлтийн давтамжид өөрчлөлт оруулаагүй, хэвээр үргэлжилж байгаа нөхцөлд уг гэрээний заалт хамааралгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна” гэж, 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж, мөн хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заажээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх” гэрээнүүд нь хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй, уг гэрээнүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Ц” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Хоёр. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар “Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл”-ийн 1 дэх заалтаас “А” ХХК болон “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар “Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл”-ийн 1 дэх заалтаар “Тээвэрлэлт эхлэх хугацааг тус үйлдвэрийн газрын удирдлагуудаас тодорхой чиглэл авсны дараа Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд 16 цагийн давтамжийг нэмэгдүүлэх “Ц” ХХК-тай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах гүйцэтгэх гэрээ”-г байгуулах мөн “З” ХХК, “А” ХХК-иудын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын Зорчигч тээврийн тасгийн мэргэжилтэн Б.Нт хариуцуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад уг нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлд нэхэмжлэлээс татгалзах эрх олгогдсон байх ба нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Ц ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-003\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 015-2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар “Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл”-ийн 1 дэх заалтаас “А” ХХК болон “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН