Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/МА2024/0101

 

 

 

 

 

 

 

О.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч О.Ц

Нэхэмжлэгч: О.Ц

Хариуцагч: А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “А аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: А  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Ц, өмгөөлөгч Б.Э

Хариуцагч С.Ө, өмгөөлөгч В.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин

Хэргийн индекс: 109/2023/0012/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Ц нь хариуцагч А аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэх”-ээр маргасан байна.

 

2. А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус баримтлан нэхэмжлэгч О.Ц ын А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан А аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч О.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Маргаан бүхий Т  сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 тоот тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь дараах үндэслэлээр хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан. 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж зааснаар 6 төрлийн сахилгын шийтгэлээс аль тохирохыг ногдуулдаг.

 

3.2. Маргаан бүхий тушаалд “удаа дараа архидан согтуурч” гэж зөрчлийг тодорхойлсноор төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хариуцагч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “удаа дараа гэдэгт 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан, 2023 оны 03 дугаар сарын 06 билүү, 07 билүү ажлын байран дээр архидан согтуурч ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэдэг. Энэхүү үндэслэлд дурдагддаг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/17 дугаар сануулах шийтгэл ногдуулсан тушаал нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаар тушаалаар хүчингүй болсон. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д “Захиргааны байгууллагаас өөрөөр заагаагүй бол захиргааны акт цуцлагдсанаар хүчин төгөлдөр бус болно” гэж зааснаар Б/17 тоот тушаалын эрх зүйн үйлчлэл бүрэн үгүйсгэгдэх бөгөөд нэхэмжлэгч О.Ц-ын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Гэтэл энэхүү хүчингүй болчихсон тушаалыг маргаан бүхий тушаалын үндэслэлд хамааруулан дүгнэж байгаа шүүхийн шийдвэр “хууль ёсны байх” шаардлагыг хангахгүй байна.

 

3.3. Тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасанд үндэслэсэн боловч, төрийн албанаас халсугай гэх агуулгатай. Төр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан тусгай зарчмыг зөрчиж шийдвэрээ гаргасан. Ийм илэрхий алдаатай байхад анхан шатны шүүх захиргааны актыг хүчингүй болгоогүйд гомдолтой байна.

 

3.4. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, 34.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн. О.Ц-ын хүсэлтийн дагуу мэдүүлэг өгсөн гэрч Ш.Б, А.Н, Б.Н нарын мэдүүлгийг харьцуулан үнэлээгүй. Харин гэрч Б.Б-ийн мэдүүлэгт үндэслэж намайг удаа дараа зөрчил гаргасан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Засаг даргын орлогч Б.Б нь надад дургүй, ажил хэргийн хувьд тавьсан зарчмын санал шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй тул хоёр удаа маргалдаж байсан. Ийм хүний субьектив үнэлэмж, дүгнэлт бүхий мэдүүлэгт хөтлөгдөж шийдвэр гаргаснаараа анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмаар зөрчсөн.

 

3.5. Хөдөлмөрлөх эрх бол иргэний Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар олгогдсон эрх, мөн үүрэг байдаг. Намайг ажлаас халахдаа ул суурьтай, зөрчлийг тогтоож шийдвэрлээгүй. Урьд нь удаа дараа архидан согтуурч байсан мэтээр гүтгэсэн шинжтэй, миний нэр төр, алдар хүндийг унагаасан захиргааны шийдвэр байсан. Намайг төрийн албанаас халж байгаа үр дагавар нь надад сөрөг үйлчлэлтэйгээс гадна “удаа дараа архидан согтуурч, ажлын байран дээр ёс зүйгүй авирласан” гэх үндэслэл нь миний эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Хожим шинэ ажилд ороход, ажил байдлын тодорхойлолт гаргуулахад энэхүү тушаал, худал дүгнэлт нь миний эрхийг зөрчсөөр байх болно, намайг “хэн бэ” гэдгийг тодорхойлох баримт бичиг болох юм. Зөвхөн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэлтэй холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулсан бол асуудал өөр байх боломжтой байсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан гэж зааснаар цалин хасах, нээлттэй, хаалттай сануулах зэргээр өөр төрлийн шийтгэлийг ногдуулах боломжтой байсан.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

 

2.1. Маргаан бүхий А аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар “...ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэн О.Ц ажлын цагаар удаа дараа архидан согтуурч албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэж үзэж О.Ц-ыг мөн өдрөөс ажлаас халсан, харин нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэхээр маргаж байна.

 

2.2. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй бөгөөд 48 дугаар зүйлийн 48.1.4-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчийг төрийн албанаас халахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тус тус хуульчилсан.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын болон гэрч нарын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч О.Ц нь дээр дурдсан хууль болон холбогдох журмыг зөрчиж, хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “...нэхэмжлэгч О.Ц-т ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, ёс зүйгүй зан авир гаргасан үндэслэлээр урьд нь ногдуулж байсан сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан, эрх бүхий этгээд урьд гаргасан тушаалаа хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэж зөрчил гаргаж байсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй, ...А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчимд нийцсэн, хуульд үндэслэсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хууль, нарийвчилсан зохицуулалттай эрх зүйн хэмжээний агуулгад нийцсэн байна...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

2.4. Тодруулбал, Т сумын Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 10.2-т “Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдлийг ноцтой зөрчилд тооцно”, 10.5-д “Ажлын байранд ажлын цагаар болон олон нийтийн болон цаг үеийн ажлын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын цагийг тасалсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4 төрийн албанаас халах, үйлчилгээний албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5 хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулна” гэж тодорхой тусгасан байна.

 

2.5. Нэхэмжлэгч О.Ц нь албан үүргээ гүйцэтгэх явцад ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн төдийгүй тухайн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн нь тогтоогдсон, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”; Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан төрийн байгууллагын эзэмшлийн болон үйл ажиллагаа явуулж байгаа албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох; Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн Гуравын 3.1.4.д-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” гэснийг тус тус зөрчсөн, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” тогтоолын 1.7-д төрийн албан хаагч ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ... нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохоор заасан байх тул хариуцагч маргаан бүхий актаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль ёсны талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

2.6. Харин хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг /төрийн албанаас халах/ үндэслэсэн нь актын агуулгаас тодорхой харагдах ба уг захирамжид мөн хуулийн 48.1.3 дахь заалтыг /албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/ баримталсан нь нэхэмжлэгчид албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэл болохгүй.

 

2.7. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг баримталсан нь захиргаанаас засаж болох хэлбэрийн алдаа тул үүний улмаас захирамжийг бүхэлд нь үгүйсгэх, хүчингүй болгох боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу уг алдааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа бол хариуцагчаас алдаагаа засахыг шаардах эрхтэй болохыг дурдаж байна.

 

2.8. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд маргаан бүхий актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа давж заалдах гомдолдоо “илэрхий алдаатай байхад захиргааны актыг хүчингүй болгоогүй” гэсэн нь үндэслэлгүй.

 

2.9. Нэгэнт дээрх байдлаар нэхэмжлэгч нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон төдийгүй хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 01/124 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж, улмаар нэхэмжлэгч О.Ц-аас мөн оны 06 дугаар сарын 12-ны өдөр тайлбар авсан зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн бөгөөд шүүх маргаан бүхий актыг хууль зөрчөөгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

2.10. Нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь дээр дурдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүнийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийнхүү хариуцлага тооцохгүй байх нь хууль, журам тэгш хэрэгжих, төрийн албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлах, эрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй хандах, хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлэхээр байна. 

 

Иймд маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА