Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/574

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           7           04                                   2022/ШЦТ/574

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Ууганбаяр /томилолтоор/

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205010391382 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Овоотел" зочид буудлын 305 тоот өрөөнд хохирогч Н.А- зодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Эхнэр бид хоёр хоорондоо ярилцаж ойлголцсон.” гэсэн мэдүүлэг.

 

           Гурав: Хавтаст хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А-ийн хохирогчоор өгсөн “2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр *******- гэрээсээ гарч яваад гэртээ ирээгүй юм. Тэгээд би 03 сарын 19-ний өглөө нөхрөө хайж нөхрийн ажил хийж байгаа ажил хийхээ больсон Рояалти караокед багийн найз Сарангунгалагтай явж орсон. Тэгээд тэнд манай нөхрийн хаана байгаа талаар мэдэх хүнээр өөрийн нөхөр болох *******-той хамт байгаа Сэвжидмаа гэх хүний утсыг олж өөр хүнээр яриулахад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Овоотел зочид буудлын 305 тоот өрөөнд байгаа талаар тэр хэлсэн. Би найз Сарантунгалагтай хамт Овоотел зочид буудлын 305 тоот өрөөнд ороход манай нөхөр *******- Сэвжидмаа гэх эмэгтэйн хамт хэвтэж байсан. Би нөхрийгөө тэр эмэгтэйтэй хардахад манай найз тэр эмэгтэйг надаас түрүүлж үсдэх гэсэн тэр үед манай нөхөр манай найз Сарантунгалагыг болиулсан тэр үед би Сэвжидмаа гэх хүүхнийг үсдэх гэхэд манай нөхөр нөгөө хүүхнийг өмөөрч намайг салгах гэж намайг газар татаж унагааж миний зүүн талын хамар нүд орчимд цохиж гэмтээсэн...Тухайн үед Сэвжидмаа манай нөхөр бид гурав байсан. Манай найз буудлын өрөөнөөс гарч явсан хойгуур манай нөхөр *******- намайг цохисон...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 38-39 дэх тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 4630 дугаартай “Н.А-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн “2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Овоотел зочид буудлын 305 тоот өрөөнд эмэгтэй Сэвжидмаагийн хамт байж байхад 5 цагийн орчимд манай эхнэр Ариунмөрөн болон найз Сарантунгалаг хамт орж ирсэн. Тэгээд хамт байсан эмэгтэй Сэвжидмаатай хардаж зодох гэх нүүр хэсэгт нэг удаа алгадсан ийм болсон. Би гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

 

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *******- нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Овоотел" зочид буудлын 305 тоот өрөөнд өөрийн эхнэр Н.А-  “намайг Сэвжидмаатай хардлаа” гэх шалтгаанаар зодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Н.А-ийн хохирогчоор өгсөн “...Овоотел зочид буудлын 305 тоот өрөөнд ороход манай нөхөр *******- Сэвжидмаа гэх эмэгтэйн хамт хэвтэж байсан... манай нөхөр нөгөө хүүхнийг өмөөрч намайг салгах гэж намайг газар татаж унагааж миний зүүн талын хамар нүд орчимд цохиж гэмтээсэн...Тухайн үед Сэвжидмаа манай нөхөр бид гурав байсан. Манай найз буудлын өрөөнөөс гарч явсан хойгуур манай нөхөр *******- намайг цохисон...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 38-39 дэх тал )шинжээчийн 4630 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал) *******-ийн яллагдагчаар өгсөн “...хамт байсан эмэгтэй Сэвжидмаатай хардаж зодох гэхээр нь нүүр хэсэгт нэг удаа алгадсан ийм болсон. Би гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал )зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-ийн      гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч *******- нь хохирогч Н.А-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******-ид Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

 

*******-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

             Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч  *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ариунмөрөн нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргагдаагүй байх ба гомдолгүй гэж мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч *******-ийг  бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ц.ДАЙРИЙЖАВ