Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/573

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           7           04                                   2022/ШЦТ/573

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000001785 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Д- “...мөнгөтэй хүнтэй уулзах гоё байна уу, явах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “  Би буруу зүйл хийсэндээ гэмшиж харамсаж байна. Миний буруу. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Хавтаст хэргээс

Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ийн хохирогчоор өгсөн“...Нөхөр *******- бид хоёр хамт амьдардаггүй, дундаасаа нэг хүүхэдтэй. 2022 оны 05 дугаар сарын 06-нд ажлын газрын хүний төрсөн өдөр болж байгаа, эхнэр хүүхдээ аваад ирээч гэсэн гэхээр нь би хүүхэдтэйгээ хамт *******-той нисэхийн урд байрлах амралтанд байж байгаад хотод ирээд *******-гийн ажлын газрын хүний гэрт очоод пиво уусан, тухайн айлын нөхөр нь эхнэртээ бэлэг авч өгсөн гэсэн. Тэгээд ярилцаж байхад *******- мөнгөтэй хүн гоё байна уу гээд байсан. Тэгээд маргалдаад би явлаа гээд гарахад явуулахгүй байсан. ...*******-г түлхэхэд намайг гараараа нүд рүү, толгой хэсэгт цохисон...Тухайн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг *******- намайг цохиж учруулсан. Намайг мөнгөтэй хүнтэй уулзах гоё байна уу гээд маргасан, тэгээд явлаа гэхэд явуулахгүй намайг цохисон... Манай хүүхэд бид хоёрын хажууд байсан. Өмнө нь зодож байсан асуудал байхгүй, бид хоёр бараг хоёр тусдаа амьдардаг. *******-, хүүхэд бид гурав л байсан, манай хүүхэд 4 настай... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие зүгээр байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 22 дахь тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6774 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “ Б.Д-ийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт үүсжээ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

Яллагдагч *******-гийн “...Гандангийн орчим найзынхаа гэрт эхнэр хүүхэдтэй хамт очоод нэг пиво уугаад сууж байхад Б.Д- хүүхэд аваад шөнө болсон байхад явлаа гээд маргаан болсон. Тэгээд хүүхэд аваад явлаа гээд байхаар нь маргаж байгаад уурандаа Б.Д-гийн зүүн нүдний хэсэгт нь цохисон.  Тэгээд Б.Д- явсан. Нөгөөдөр нь би уучлалт гуйгаад 300.000 төгрөг эм тариа аваарай гээд өгсөн. Одоогоор харилцахгүй байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

 

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Д- “...мөнгөтэй хүнтэй уулзах гоё байна уу, явах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Б.Д-ийн хохирогчоор өгсөн“...*******- мөнгөтэй хүн гоё байна уу гээд байсан. Тэгээд маргалдаад би явлаа гээд гарахад явуулахгүй байсан. ...*******-г түлхэхэд намайг гараараа нүд рүү, толгой хэсэгт цохисон...Тухайн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг *******- намайг цохиж учруулсан...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие зүгээр байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 22 дахь тал)шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6774 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14 дэх тал )яллагдагч *******-гийн “...маргаж байгаад уурандаа Б.Д-гийн зүүн нүдний хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-гийн      гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Б.Д-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч  *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Д- нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргагдаагүй байх ба гомдолгүй гэж мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч *******-г  бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

 

                                                         ТОГТООХ нь:

 

          1. *******-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ДАЙРИЙЖАВ