Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/534

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          27                      2022/ШЦТ/534

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг 2205012981417 дугаартай 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- 2022 оны 3 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 46 дугаар байрны гадна хохирогч О.Г- эрүү хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр:  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн.” гэсэн мэдүүлэг.

 

 Гурав: Эрүүгийн 2205012981417 дугаартай хэргээс

 

         1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Г- хохирогчоор өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 14-нд би өөрийн хуурай ах хамтран ажил хийж байсан хүн болох Тамирын гэрт уулзахаар ганцаараа очсон юм. Би Тамир ахын гэрт нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46 дугаар байрны 32 тоотод байдаг гэрт нь очиход ах нэг хүүхэдтэй байсан бөгөөд би ороод хэсэг байж байгаад ахтай нэг шил архи уухаар болсон бөгөөд намайг архинд яваад ирэх үед Тамир ах надад “Чуук /*******-/ ирж байгаа” гэхээр нь би өмнө нь хамт юм хийгээд нөхөрлөж байсан ах юм чинь гэж бодоод юм хэлээгүй авч ирсэн нэг шил Ауруг нэртэй 0.75 литрийн архиа задлаад хамт уусан. ...Орой 19 цагийн үед бид нар гадаа гараад юм яриад сууж байтал маргаан гарсан юм. Яг юунаас болж маргаан гарсан талаар сайн санахгүй байна. Тамираа ахын машин дотор байж байгаад гадаа гарсан чинь намайг *******- шууд шанаа эрүү хэсэгт цохисон юм. Би тухайн үед нэг их юм бодоогүй шууд Тамираа ахын гэрт орж амарсан бөгөөд өглөө нь сэрсэн чинь эрүү хөндүүртэй аймар хэцүү санагдаад байхаар нь Тамир ахад хэлсэн чинь “*******-тэй ярьсан, одоо очлоо” гэж хэлээд байхгүй болсон. ...хэд хоногийн дараа би эхнэр хамт гэмтэл ороод үзүүлэх гэтэл оочир их байхаар нь Мөнгөн гүүр гэх эмнэлэг ороод үзүүлсэн бөгөөд КТГ-ийн зураг авхуулахад миний эрүүний баруун яс ramus хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн. ...Миний хохирол одоогоор эмчилгээнд гарсан зардал мөнгө болох КТГ зураг бага сага эм тариа авсан зардал нийлээд 700.000 төгрөгийг надад *******- өгсөн байгаа. Би эрүүл мэндийн даатгал төлдөггүй учир төрөөс ямар нэг хөнгөлөлт эдлээгүй. Цаашид эрүү хадах  эмчилгээ болон ор хоногийн мөнгө нийлээд 5-6 сая төгрөг болох зүйл хэлсэн ч би одоо эдийн засаг санхүү муу байгаа тул эмчилгээ хийлгэж амжихгүй байна. Эрүүний яс байнга хөдөлгөөнтэй байдаг тул нийлж эдгэрэх боломж байхгүй заавал зөрдөг гэх тул эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35, 41-42 дахь тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тамирын гэрчээр өгсөн “2022 оны 03 дугаар сарын 14-нд гэртээ байхад манай хуурай дүү О.Г-манай гэрт ирсэн бөгөөд бид хоёр юм ярьж байгаад бид хоёр нэг шил 0.75 литрийн соёрхол архи аваад хуваагаад ууж байсан чинь ...*******- манай гэрт ирсэн. ...Тэгээд манай найз Уртаа гээд эмэгтэй машинтай байсан тул жолооч дуудаад хүлээж байхад О.Г-Уртаа нар маргаан хийгээд байсан ба би энэ үед О.Г- эмэгтэй хүнтэй маргаан хийлээ гээд жаахан зэмлэж загнах гэтэл бид хоёр маргаан хийсэн. Ингээд бид хоёр харилцан заамдалцаад хэсэг байж байтал *******- бид хоёрыг салгасан юм. *******- салгаад байж байснаа гэнэт Ганааг цохисон бололтой О.Г-өнхрөөд уначихсан...Би Ганаатай заамдалцаад зууралдаж байгаад нэг удаа газар унасан ч бид ямар нэгэн байдлаар зодоон хийсэн зүйл байхгүй...О.Г- өөр гар хүрсэн зодож цохисон хүн байхгүй” гэсэн (хавтаст хэргийн 20-22 дахь тал)

 

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4978 дугаартай “О.Г- биед доод эрүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн: “Миний бие 2022 оны 03 дугаар сарын 14-нд Тамираа О.Г-гээд миний танил залуучууд хамт байна гэхээр нь би ганцаараа Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46 дугаар байрны 22 тоотод Тамир гэх дүүгийн гэрт яваад очсон юм. Намайг очиход Тамир, О.Г-нар жаахан халсан байдалтай дундаа нэг шилтэй 0,75 литрийн соёрхол гэх архи уугаад талдаа орж байсан юм. Би тухайн архинаас нь хувааж уугаад би ахин нэг шил архи авсан бөгөөд түүнийг дууссан дараа нь О.Г-дахин нэг шил архи авсан. Бид нар гурван шил архи уугаад дууссан бөгөөд О.Г-нэлээд согтоод Тамирын гэрт унтаад өгсөн юм. Тамираа бид хоёр гэрт байхад Тамираагийн найз гэх нэг эмэгтэй гадаа нь ирсэн байна гэхээр нь бид хоёр гараад гадаа уулзсан юм. Тухайн үед ирсэн хүмүүс нь нэг нэг лаазтай пиво ууж байсан бөгөөд тэрийгээ дуусгаад явцгаасан бөгөөд Тамираагийн найз эмэгтэй машиндаа сууж байсан чинь О.Г-гэрээс гарч ирээд Уртаа гэх эмэгтэй рүү хэрүүлийн үг хэлээд маргаан болоод байсан чинь Тамираа нөгөө эмэгтэйг өмөөрөөд Ганааг боль гэж хэлсэн чинь О.Г-ойлгохгүй маргаан эхэлсэн бөгөөд тухайн үед Тамираа О.Г-нар заамдалцаад зууралдаад байхаар нь би очиж салгасан юм. Намайг салгах үед О.Г-намайг гараараа эрүү хэсэгт нэг цохихоор нь би зөрүүлээд нэг удаа гараараа баруун хэсэгт нь нэг удаа цохисон юм. Энэ үед О.Г-газар унасан ингээд бид нар Тамираагийн гэрт ороод О.Г-ороод унтахаар болоод хэвтсэн бөгөөд би орой хүнтэй уулзах ажилтай байсан тул гэртээ харихаар гарсан юм...Би болсон явдалд харамсаж байна. Хөнгөн шийтгэл оноож өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2022 оны 3 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 46 дугаар байрны гадна хохирогч О.Г- эрүү хэсэгт гараараа цохисны улмаас хохирогч О.Г- эрүүл мэндэд доод эрүүний хугарал бүхий хүндэвтэр гэмтэл  учирсан болох нь:

О.Г- хохирогчоор өгсөн “...гадаа гарсан чинь намайг *******- шууд шанаа эрүү хэсэгт цохисон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35, 41-42 дахь тал), Б.Тамирын гэрчээр өгсөн “...*******- салгаад байж байснаа гэнэт Ганааг цохисон бололтой О.Г-өнхрөөд уначихсан...” гэсэн (хавтаст хэргийн 20-22 дахь тал), шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4978 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),  *******-гийн яллагдагчаар өгсөн“...салгах үед О.Г-намайг гараараа эрүү хэсэгт нэг цохихоор нь би зөрүүлээд нэг удаа гараараа баруун хэсэгт нь нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Хэргийн хохирогч О.Г- эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч О.Г- бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргаж оролцлоо. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  

 

Шүүхээс шүүгдэгч *******-гийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн байх ба О.Г- эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Тав. Бусад асуудлын талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч О.Г- биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч О.Г-  нь  хохиролтой холбогдох баримт хэрэгт хавсаргаагүй байх боловч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

*******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

             1. *******-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

             4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

            6. Хохирогч О.Г- өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.ДАЙРИЙЖАВ