Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/535

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          27                                   2022/ШЦТ/535

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Ууганбаяр /томилолтоор/

шүүгдэгч *******-

хохирогч В.Л-, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205009321299 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчимд хохирогч В.Л-ийг зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөг нөхөн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг би төлнө.” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч В.Л-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өмнө нь зүүн нүдэндээ имплант хийлгэсэн. Энэ нь насан туршдаа байна. Тухайн үед би өөрийнхөө зардлаар нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Нэгдүгээр эмнэлгийн болон Орбита эмнэлгийн үнийг судалсан. Орбита эмнэлгийн зардал нь 3.500.000 төгрөг болох юм байна лээ. Эхний удаа өгсөн 1.000.000 төгрөг нь шинжилгээ оношилгооны зардалд орсон. Би энэ хүнээс дааж давшгүй их мөнгө нэхээгүй. Эмнэлгээр хамт явъя гэж хэлж байсан. Гэтэл намайг өөрөө яваад судлаад үзчих гэсэн. Хэд хэдэн эмнэлгийг судалж үзсэн. Хэрэг болсон өдрөөс хойш надад 1.000.000 төгрөг өгье гэсэн. 1.000.000 төгрөгөөс зураг авхуулаад ямар нэгэн асуудал байхгүй бол тэгээд орхиё гэж ярьсан. Гэтэл тэрнээс хойш хагалгаанд орох шаардлагатай гээд улсын эмнэлэг болон хувийн эмнэлгээр явсан.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 2205009321299 дугаартай хэргээс

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Л-ийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Хондо инсайт загварын 5446 УНИ улсын дугаартай автомашинтайгаа Шангиралагийн орчим явж байсан чинь зам дээр нэгэн эмэгтэй гар өргөхөөр нь би авсан чинь эхлээд Дөгөөннуур руу яваад нэг эмэгтэйг аваад баруун салаанд хүргэж өгсөн чинь нөгөө эмэгтэй би хэд хоногийн өмнө машинаа мөргөлдүүлээд дугуйгаа хагалчихсан солиод өгөх хүн байхгүй гэсэн. Тэгэхлээр нь хаана байгаа юм гэсэн чинь Гандангийн орчим байгаа гэхээр нь дугуйг нь солиод өгье гэж бодоод хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандандэгчилэн хийдийн зүүн хаалганаас зүүн урагшаа байрлах гудамжинд очсон ба приус-20 маркийн автомашин байсан ба урд талаараа юм мөргөчихсөн, урд дугуй нь хагарчихсан байхаар нь би хоёр дугуй нөхөх юм байна шүү дээ гэсэн чинь надаас чамд илүү дугуй байвал туслаач гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нөгөө эмэгтэйн гар утас руу залгаад дугуйгаа сольсон юм уу гэсэн чинь солиогүй гэхээр нь би очоод дугуйг нь солиод өгье гээд машин байсан газар нь очоод уулзаад хоёр дугуйг нь авч яваад янзлуулаад машинд нь буцааж угсарч байсан чинь нэг согтуу хүн /*******- сүүлд нэрийг нь мэдсэн/ гудамжинд явж байсан чинь нөгөө эмэгтэй очоод нөгөө хүнийг сугадаад цааш нь аваад явсан. Тэр хооронд би дугуйг нь сольчихоод бид хоёр миний машинд суугаад тамхи татаж байсан ба миний баруун талын цонх онгорхой байсан чинь гэнэт *******- гарч ирснээ чи миний машины дугуйг сольдог хэн бэ гэснээ толгой нүүр рүү гараараа цохиод зодсон. Тэр үед нөгөө эмэгтэй болиоч гээд *******-ыг цааш нь салгаж байсан. Би тэр үед жаахан холдохлоор нь би машинтайгаа хол очиж зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гандолгорын гэрчээр өгсөн: “Би *******- гэх залуутай 2021 оны 08 дугаар сард анх танилцсан бөгөөд бид хоёр найз нөхдийн харилцаатай байдаг байсан. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр *******-ын приус автомашиныг барьж явж байгаад мөргөлдүүлчихээд Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 6 дугаар гудамжинд байрлуулсан байсан ба 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би *******-ын машины дугуйг янзлуулах гээд такси бариад таксины жолоочоор хүргүүлээд жолоочийг нь гуйгаад дугуйг нь дугуй засвар дээр янзлуулаад буцааж авчраад угсарч байсан чинь *******- ажилдаа яваад гэртээ ирсэн ба согтуу байсан болохоор нь би гадаа хүнээр дугуй янзлуулж байгаа гэж хэлчихээд үүдэн дээр нь жолоочтой хамт зогсож байсан чинь *******- араас гарч ирснээ нөгөө жолоочтой маргалдаад жолооч нь машиндаа суусан чинь араас нь очоод хоёр гурван удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэр үед би *******-ыг салгасан. Тухайн үед *******- машиных нь жолооч талаас гараа оруулаад жолоочийг нүүр рүү нь цохисон. Би *******-ыг сайн тодорхой мэдэхгүй, миний мэдэхээр төлөв даруу зантай. Хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг тэр болгон хэрэглээд байдаггүй. Тамхи татдаггүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би ажлаа тараад ажлынхаа гадаа найзуудтайгаа 4-5 шил Сэнгүр нэртэй пиво уучхаад найз нараасаа салаад такси бариад Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн зүүн харалдаа таксинаас буугаад Туулын 6 дугаар гудамж руу ороод гэр рүүгээ алхаж байсан чинь манай хашааны ойролцоо байсан миний өөрийн эзэмшлийн 94-76 УНА улсын дугаартай тоёота приүс 20 загварын автомашины урд талын дугуйг нэг танихгүй залуу тайлаад сольж байсан ба юун хүн бэ гэсэн чинь цаанаас манай найз эмэгтэй Гандолгор энэ хүн чиний машины хагарсан дугуйг сольж өгч байгаа юм гэхээр нь би яагаад танихгүй хүн миний машины дугуйг сольдог юм гэж уурласан. Тэр үед нөгөө дугуй сольж байсан залуу Лхагвадорж өөрийнхөө инсайт загварын машины жолоочийн хүрдний ард очоод суусан ба би очоод чи яагаад миний машины дугуйг сольдог юм гээд уурлаад толгой нүүр рүү нь хоёр удаа гараараа цохисон. Тэр үед Гандолгор ирээд болиулаад намайг гэр рүү оруулсан удалгүй цагдаа нар ирсэн. Би 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Лхагвадоржид хохиролын мөнгө эмчилгээндээ хэрэглээрэй гээд 1.000.000 төгрөг өөрийн данснаас шилжүүлж өгсөн. Түүнээс хойш дахиж ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө өгөөгүй. Миний хувьд баримтаар тогтоогдсон хохиролыг төлж барагдуулахад бэлэн байгаа. Би хохирогч Лхагвадоржийн биед санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын16-ны өдрийн 4281 дугаартай “В.Л-ийн биед баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун шүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

 

         Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 65-68 дахь тал)

        

         Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 6 дугаар гудамжинд 94-76 УНА улсын дугаартай өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын “автомашины дугуйг солилоо” гэсэн шалтгаанаар автомашинд сууж байсан хохирогч В.Л-ийн нүүр, толгой руу гараараа цохисон үйл баримт авагдсан байна.

 

В.Л-ийн нүүр, толгой хэсэгт *******- нь гараараа цохисны улмаас хохирогч В.Л-ийн эрүүл мэндэд баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол гэмтэл  учруулсан болох нь:

В.Л-ийн хохирогчоор өгсөн: “...миний баруун талын цонх онгорхой байсан чинь гэнэт *******- гарч ирснээ чи миний машины дугуйг сольдог хэн бэ гэснээ толгой нүүр рүү гараараа цохиод зодсон. Тэр үед нөгөө эмэгтэй болиоч гээд *******-ыг цааш нь салгаж байсан. Би тэр үед жаахан холдохлоор нь би машинтайгаа хол очиж зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Г.Гандолгорын гэрчээр өгсөн: “...*******- араас гарч ирснээ нөгөө жолоочтой маргалдаад жолооч нь машиндаа суусан чинь араас нь очоод хоёр гурван удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэр үед би *******-ыг салгасан. Тухайн үед *******- машиных нь жолооч талаас гараа оруулаад жолоочийг нүүр рүү нь цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал), *******-ын яллагдагчаар өгсөн: “Лхагвадорж өөрийнхөө инсайт загварын машины жолоочийн хүрдний ард очоод суусан ба би очоод чи яагаад миний машины дугуйг сольдог юм гээд уурлаад толгой нүүр рүү нь хоёр удаа гараараа цохисон. Тэр үед Гандолгор ирээд болиулаад намайг гэр рүү оруулсан удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын16-ны өдрийн 4281 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал), хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 65-68 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Хэргийн хохирогч В.Л-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******- нь “миний машины дугуйг солилоо” гэсэн шалтгааны улмаас хохирогч В.Л-ийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

          Тав: Эрүүгийн хариуцлагын талаар

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмонгоос “дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс торгох ялын дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн байх ба В.Л-ийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч В.Л-ийн биед учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаан дээр хохирогч талаас гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

хохирогч В.Л- нь “шүүгдэгч *******-аас нийт 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь Орбита эмнэлэгт хагалгаанд орох болсонтой холбоотойгоор нэхэмжилж байгаа зардал юм. ” гэж мэдүүллээ. 

 

Хавтаст хэргийн 69 дэх талд “Томограф шинжилгээнд 130.000 төгрөг”,  77 дахь талд “эмчийн үзлэг 10000 төгрөг, эм эмчилгээнд 73.020 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоотой 8.000 төгрөг”, 78 дахь талд эмчийн үзлэг 10.000 төгрөг, оношлогооны 45.000 төгрөг,  нүдний дусаагуур 15.000 төгрөг, эмчийн үзлэг 95.600 төгрөг буюу нийт 386.620 төгрөгийн баримтууд авагджээ.

 

Хэргийн хохирогч В.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролын төлбөрт эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардалд нийт 386.620 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаснаас шүүгдэгч *******- нь 1.000.000 төгрөг төлсөн байна.

 

          Харин хохирогч цаашид Орбита эмнэлэгт  хагалгаанд ороход 3.500.000 төгрөг нэхэмжилсэн нь ирээдүйд гарах зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч В.Л- өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

*******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4-1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5.  Хохирогч В.Л- өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

 

         6. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.ДАЙРИЙЖАВ