| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00451/И |
| Дугаар | 356 |
| Огноо | 2018-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/000451/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******* холбогдох,
Тушаал хүчингүйд тооцуулж, өмөх ажилдаа эргүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Отгонтуяа өөр ажилд буруу шилжүүлсэн, албан тушаал бууруулсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.Отгонтуяа нь 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймаг дахь ******* залгагч техникч үйлчилгээний ажилтнаар 29 жил тасралтгүй ажиллаж байна. Анх холбооны техникч мэргэжлээр сургуулиа төгсөөд тус газарт тогтвор суурьшилтай ажилласан. Энэ хугацаанд ажлын хариуцлага алдагдуулж арга хэмжээ авагдаж байгаагүй. Нөхөр нь нас барсан бөгөөд өрх толгойлсон эмэгтэй юм. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* газрын дарга гэнэт 76 тоот тушаалыг уншиж танилцуулсан. Тус тушаалд үйлчилгээний ажилтан Х.******* 2017 оны ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн тайланг даргын зөвлөлийн 2017 оны 78 тоот хурлын шийдвэрийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дархан салбарын интернетийн операторчноор томилон ажиллуулах гэсэн тушаалтай танилцсан. Х.******* цалин 30-40 мянган төгрөгөөр буурсан. Ямар ч үндэслэлгүй ажил, албан тушаал буурхыг зөвшөөрөхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Ж.******* үндэслэлгүйгээр ажил өөрчилж намын шугамаар орж ирсэн гоо, сайханч мэргэжилтэй хүнийг оронд нь томилсон байна. Үүнд маш их гомдолтой байгаа. Иймд Дархан-Уул аймаг дахь ******* даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76 тушаалыг хүчингүй болгож, Х.******* үйлчилгээний газрын ажилтанд эгүүлэн томилж өгнө үү. Сэлгэн ажиллуулах газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож байна. Ямар шалтгааны улмаас сэлгэн ажиллуулах болсон үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулинд сэлгэн ажиллуулах талаар тусгайлсан заалт байхгүй тул тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул******* газрын дарга Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Отгонтуяа нь 1989 онд техник залгагчаар ажилд томилогдон өнөөг хүртэл 29 жил ажиллаж байна. Газрын даргын тушаалаар борлуулалт үйлчилгээний албанд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан. Үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу авлагатай хэрэглэгчидтэй харилцаж гэрээнд заасан алданги гаргуулах болон холбооны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, идэвхгүй хэрэглэгчдийг идэвхжүүлэх хэрэглэгчийн тоог хянах зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн авлага барагдуулах журмын хоёрдугаар бүлгийн 2.3.6, 2.3.7-7-д тус тус зааснаар 6 сараас 2 жилийн хугацаатай алдангийг 50%, 3-5 жилийн хугацаатай алдангийг 40%, 6-10 жилийн хугацаатай алдангийг 30% тус тус барагдуулна гэж заасан. Үйлчилгээний ажилтан Х.Отгонтуяа нь 2016 онд 6800052 төгрөгийн авлага хариуцаж гүйцэтгэл 10%, 2017 онд 16000980 төгрөгийн авлаг хариуцаж гүйцэтгэл 5%-тай байсан бөгөөд хөдөлмөрийн бүтээмжийг өмнөх онтой харьцуулахад 5% буурсан. Компанийн авлага барагдуулах журмын дээрх заалтуудыг тандаж ажилчдын сар бүрийн ажлыг шалгадаг байсан. Иймд үйлчилгээний ажилтан Х.******* ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үнэлэн Компанийн дотоод журмын 4.1.5 болон ******* 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот хурлын шийдвэрүүдийг тус тус үндэслэн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76 тушаалаар Дархан салбарын интернетийн операторчноор сэлгэн ажиллуулж байна. Х.Отгонтуяа нь ажиллах хугацаандаа нийт 7 удаа ажлын байр сэлгэсэн. Ганцхан энэ онд ажлын байр сэлгээгүй. Үйлчилгээний ажилтан интернетийн оператор хоёр нь ангиллын хувьд ижил тул албан тушаал бууруулаагүй гэж үзэж байна. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд авлага барагдуулах журамд зааснаар 30-40% авлага барагдуулахаар заасан. Миний хувьд тэдэн хувь бууруул гэж хатуу тогтоодоггүй. Доод тал нь 10% бууруулах үүрэг чиглэл өгдөг боловч Х.Отгонтуяа нь хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Мөн 2017 оны 4 дүгээр сард ажилчдын хурал хийгээд ажлын гүйцэтгэлийг судлаад ажилчдад үүрэг чиглэл өгсөн. Мөн оны 9 дүгээр сард хурал хийсэн тэмдэглэл байгаа. Цомхтгол хийгдэх байсан тул шалгалт авсан. Сар болгоны ажлын гүйцэтгэлийн тайланг Х.Отгонтуяа нь гаргаж гарын үсгээ зураад өгдөг. Тэгэхээр огт танилцуулаагүй байж байгаад ажлын байрыг нь сольсон гэдэг дээр санал нийлэхгүй байна. Мөн ажлын байран дээр дарамт үзүүлдэг гэж байна. Хэрэв нотлох баримт байвал намайг яаж дарамталсныг нотлох хэрэгтэй. Х.******* ажлын байрыг өөрчилсөн өдөр манай өрөөнд орж ирж надтай уулзахад борлуулалтын мэргэжилтэн Болормаа манай өрөөнд сууж байсан. Би тэр өдөр Х.******* хэл амаар доромжлоогүй. Би Х.******* хандаж “та ажлаа хийгээд 3-4 сар явж бай. Ямар ч байсан та нарын ажлын бүтээмжийг дээшлүүлэх мөн төлөвлөгөө биелүүлэхийн тулд зөв газраа зөв хүнээ ажлуулах хэрэгтэй. Ганцхан таны ажлын байрыг өөрчлөөгүй. Ажлаад үз. Хийгээд үз. Идэвхи санаачлага гарга” гэх хэлэхэд “би шүүхэд хандана, миний цалин буурч байна” гэсэн. Тэгэхээр нь би “цалинг чинь бол ойлгож байна. 2 өөр албан тушаал дээр ажиллаж байгаа юм чинь зөрүүтэй байх нь аргагүй” гэсэн. Намайг шүүхэд өгнө гэхээр нь би “чи шүүхээр асуудлаа шийдүүлж болно. Нээлттэй эрх” гэж хэлсэн. Бидний дунд ийм яриа өрнөсөн гэдгийг гэрчлэх ажилтан байгаа гэдгийг шүүх хуралдаан дээр хэлмээр байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Отгонтуяа нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* холбогдуулан Дархан-Уул******* газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай Ажилтныг сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч нь үйлчилгээний ажилтан, интернетийн оператор нь ажил мэргэжлийн ангилалын хувьд ижил түвшинд хамрагдах бөгөөд албан тушаал бууруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь ******* даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай Ажилтныг сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
******* даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай Ажилтныг сэлгэн ажиллуулах тухай тушаалд ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 24.1, МЦХ ХК-ийн дотоод журмын 4.1.5 дахь заалт, ******* даргын ажлын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар хурлын шийдвэр, Удирдлага, хүний нөөцийн газрын дотоод албан бичиг, Ажилтны ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үндэслэн тус газрын үйлчилгээний ажилтан ******* ******* ...Дархан салбарын интернетийн оператороор сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. / хх-ийн 12/
Нэхэмжлэгч Х.Отгонтуяа нь ******* залгагч, техникч, үйлчилгээний ажилтнаар 29 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ******* даргын ажилтныг сэлгэн ажиллуулах тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх тохиолдол байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр шилжүүлж байгаа талаар тушаал шийдвэрт тусгаагүй байна.
Нэхэмжлэгч Х.Отгонтуяа нь үйлчилгээний ажилтнаар 530 000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байгаад интернетийн оператороор 495 000 төгрөгийн цалин авч байгаа болох нь хэрэгт авагдсан ******* даргын тушаал, ******* даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь Х.******* хөдөлмөрийн бүтээмж буурсан, мэргэжил ур чадварын хувьд хангалтгүй үнэлгээ авсан гэж тайлбарлаж нотлох баримтаар 2017.11.23-ны Борлуулалт үйлчилгээний ажилтны ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд, Мэдлэг, ур чадварын шалгалтын үнэлгээ, Дархан-Уул******* газрын Удирдах ажлын зөвлөлийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаартай хурлын тэмдэглэл, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай хурлын тэмдэглэл зэргийг ирүүлсэн бөгөөд эдгээр нь ажилтныг шилжүүлэн ажиллуулах үндэслэлд хамаарахгүй байна.
Өөрөөр хэлбэл ажилтан мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах юм.
Хариуцагч нь Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5-д Компанийн стратеги, эрх ашиг, хүний нөөцийн бодлоготой уялдуулан ажилтны мэргэжлийн ур чадварын өсөлт, хөгжлийг хангах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажилтныг сэлгэн ажиллуулах, мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох аттестатчиллын комиссын дүн, ажлын шаардлагаар ажилтныг сонгох, өөр албан тушаалд шилжүүлэх эрхийг ажил олгогч эдэлнэ гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан гэж тайлбарлаж байгаа боловч тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 буюу хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Дархан-Уул******* газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай Ажилтныг сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.******* Дархан-Уул******* газрын үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул******* газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай Ажилтныг сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.******* Дархан-Уул******* газрын үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул******* газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА