Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00003/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Манхан толгой, Мөнгөн хөөс авто угаалга, 1-р давхар 1 тоот, Э - ХХК-ны нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, 14-р байр 55 тоотод оршин суух, Б-холбогдох, 

 

2 513 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э - ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э - ХХК-ны Ялалт авто ломбард нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Л.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7484 Дах улсын дугаартай, Тоёота кроун маркын автомашиныг фидуцийн гэрээ байгуулан, шилжүүлэн өгөхөөр тохирсон. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед 3 сараар зээлийн гэрээний хугацааг сунгасан. Э - ХХК-ны зүгээс зээлдэгчид удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байна. Барьцааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч Л.Б- нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ мөн гүйцэтгээгүй байдаг. Иймд 2017 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 113 000 төгрөг, алданги 400 000 төгрөг нийт 2 513 000 төгрөгийг хариуцагч Л.Б-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э - ХХК нь хариуцагч Л.Б- холбогдуулан үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 113 000 төгрөг, алданги 400 000 төгрөг нийт 2 513 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Л.Б- нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

Нэхэмжлэгч Э - ХХК-ны гүйцэтгэх захирал М.Мөнхцэцэг нь Л.Б- холбогдох иргэний хэрэгт тус компаныг төлөөлөн нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг О.Дөлгөөнд олгосны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э - ХХК-ны Ялалт барьцаалан зээлдүүлэх газар, хариуцагч Л.Б- нар харилцан тохиролцож 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр №DAU766 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 сая төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй, зээлдэгчийн Хаан банкны 5176008967 дугаар дансанд шилжүүлэхээр, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулан зээлдэгч Л.Б-ийн өмчлөлийн Тоёота кроун маркийн, 7484 Дах улсын дугаартай, автомашиныг үүрэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэхээр талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Л.Б- зээлийн гэрээний дагуу 2 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордероор тогтоогдож байна.

 

Хариуцагч Л.Б- нь зээлийн гэрээний дагуу нийт 904 000 төгрөг төлсөн байна.

 

Зохигчид нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр №DAU766 дугаартай, зээлийн болон фидуцийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны хүртэл хугацаагаар сунгажээ. / хх-ийн 11/

 

Талууд нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эд хөрөнгө шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан боловч автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Хариуцагч Л.Б- шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан, 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Л.Б-ийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэхь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хариуцагч Л.Б-ээс 2 513 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э - ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 55200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 55200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНТУЯА