Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/583

 

                             

 

 

 

 

 

 

 

2022            7            06                                        2022/ШЦТ/583

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Дэлгэрмаа

шүүгдэгч *******-

хохирогч Д.Э-

иргэний нэхэмжлэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203002110291 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

                         Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний 11 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалын гудамж, Зурагтын хуучин эцсийн урд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б-д заасан заалтуудыг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэн, “Тоуоtа Рrius” маркийн 00-00 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 1.3-д заасан заалтыг зөрчиж, зорчих хэсгээс гарч, гэрлийн шонг мөргөж онхолдсоны улмаас зорчигч Д.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Шүүгдэгч *******- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

        Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Ачийгаа сургуулиас нь авах гэж явж байгаад гэнэт ухаан алдаад л ийм осол болчихлоо. Жолооныхоо эрхийг л хасуулмааргүй байна.” гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э- мэдүүлэхдээ “ Миний бие гайгүй эмчилгээ хийлгээд сайжирч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл  байхгүй.” гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Н- мэдүүлэхдээ  “Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

      

        Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний 11 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалын гудамжны Зурагтын хуучин эцсийн урд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б-д заасан заалтуудыг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэн, өөрийн бэр охин Д.Н-ийн эзэмшлийн “Тоуоtа Рrius” маркийн 00-00 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 1.3-д заасан заалтыг зөрчиж, зорчих хэсгээс гарч, гэрлийн шонг мөргөж онхолдсоны улмаас тухайн автомашинд сууж явсан эхнэр Д.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл  учирсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэхүү хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

 

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-ын хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн орчим нөхөр *******-ын хамт хими цэвэрлэгээнээс хивс авах гээд приус маркийн 00-00 УБЗ улсын дугаартай машинтай явж байсан. Гэтэл нөхөр *******- гэнэт ухаан алдаад замаас гараад гэрлийн том шон мөргөөд машин хажуу тийшээгээ онхолдсон. Би тухайн үед нөхрийгөө нэрээр нь дуудсан боловч ямар ч хариу өгөөгүй, ухаан алдсан байсан. Тэгээд би онхолдсон машиндаа даруулсан юм. Нэг мэдэхэд олон хүн ирчихсэн машиныг түлхэж өгөөд намайг машин доороос гаргаж авсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд нөхөр бид хоёрыг хоёуланг нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал)

 

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н-ийн иргэний хариуцагчаар өгсөн: “Би өөрөө байгаагүй учир ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед би хотод ирсэн байсан ба хадам аавыг гэмтлийн эмнэлэг дээр очсон байхад нь би очсон. Тухайн үед осол ямар учраас гарсан талаар надад ямар нэгэн юм хэлээгүй. Би *******-ын бэр охин нь. Манай хадам аавын зүрх нь өвдөөд нэлээн хэдэн жил болж байгаа. Хадам аавтай хамт амьдардаггүй. Сүүлийн үед хадам аав үе үе ухаан алдаж унадаг болоод байгаа гэж ярьж байсан. Тэгээд сэрэхээрээ юмаа санадаггүй гэсэн. Уг автомашин миний эзэмшлийн автомашин. Би уг автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Найдантайж финанс” ХХК-ны нэр дээр зээлийн барьцаанд тавьсан байгаа. Энэ машиныг хадам аав хэрэгцээндээ унаж ашиглаад явдаг юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Автомашинд учирсан 7.115.000 төгрөгийн хохирлыг хадам аав *******-аас нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дах тал)

 

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Лхагвадоржийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг 45 минутын орчимд Зурагтын хуучин эцэс гэх газрын автобусны буудал дээр автобусанд суух гээд зогсож байхад тас няс хийсэн чимээ гарахаар нь харахад буудлаас хойшоо ойролцоогоор 25-30 метрийн зайд засмал замын ертөнцийн зүгээр баруун талын гэрлийн шонгийн А нурууны хажуу тал руу машин онхолдож байгаа харагдсан. Би тэр машиныг онхолдонгуут наанаас нь гүйгээд очиход жолоочийн хажуу талд сууж явсан 55-60 орчим насны гэмээр эмэгтэй хүн машиндаа дарагдчихсан байхаар нь тэнд байсан хүмүүстэй нийлээд машиныг өргөж босгоод тухайн хүнийг гаргасан. Мөн машиныг босгонгуут жолооч нь машинаасаа өөрөө гарч ирсэн. Тухайн үед тэр машинд 2 хүн зорчиж явсан. Ингээд би цагдаагийн байгууллагад болон түргэн тусламжид өөрийн эзэмшиж байгаа 88631900 дугаарын утсаар дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй түргэний машин ирж жолооч, зорчигч хоёрыг хоёуланг нь аваад явсан. Араас нь цагдаагийн машин ирж хэмжилт хийсэн. Би өөрөө харшилтай болохоор юм үнэртдэггүй юм. Тухайн үед би жолоочийн хажууд нь сууж явсан эмэгтэйгээс энэ жолооч чинь согтуу юм уу, яагаад ингээд осолдчихвоо гэсэн чинь бие муутай хүн байгаа юм гэж хэлсэн. Би тухайн үед ямар ч түгжрэлгүй тэгш зам дээр тэгээд онхолдсон болохоор нь хажууд нь сууж явсан хүнээс жолоочийг согтуу юм уу гэж асуусан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал)

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оын 5 дугаар сарын 03-ны өдрийн 6289 дугаартай “Д.Э-ын биед эрүү яс, цээжний баруун талын 3,4,5,6,7,8,9-р хавирганы хоёрлосон хугарал, цээж, нүүр, зүүн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал)

 

       Ашид Билгүүн ХХК-ийн “Тоёото приус 20 00-00 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг 7.115.000 төгрөгөөр” үнэлсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 81-84 дэх тал)

 

        Шүүгдэгч *******-ын биеийн эрүүл мэнтэй холбоотой СБД-ийн Эрүүл мэндийн төвийн зүрх судасны эмч Р.Нарантуяагийн гаргасан “... цаашид тээврийн хэрэгсэл жолоодоход тэнцэхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 89-90 дэх тал)

 

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бэр охин Нямгэрэлийн эзэмшлийн автомашиныг жолоодоод 11 цаг 35 минутын орчимд эхнэр Д.Э-ын хамт хими цэвэрлэгээнээс хивс авах гээд Зурагтын замаар явж байгаад зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би юу болсныг мэдээгүй. Би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Ослын улмаас миний биед ноцтой гэмтэл учраагүй. Харин манай эхнэр Д.Э-ын эрүү хугарсан, мөн хавирга хугарсан байсан. 2017 оноос хойш миний бие өвдөөд байхаар нь эмнэлгийн байгууллагаар үзүүлээд явсан. Тэгээд би үзүүлээгүй юм байхгүй хамгийн сүүлд 2019 онд эмч нар миний зүрх гүн дутагдалтай гэсэн онош тогтоосон. Тэгээд би тэрнээс хойш эмчилгээ хийлгэсэн боловч сайн эмчлэгдэхгүй явсаар байгаад сүүлдээ энэ өвчнөөс шалтгаалан үе үе ухаан алдаж унадаг болсон юм. Тэгээд тэр зам тээврийн осол гарсан өдөр өөрөө мэдэлгүй ухаан алдсан байсан юм шиг байна лээ. Тийм учир ослын талаар мэдэхгүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

                                                                                                

        Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд *******-  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б-д заасан заалтуудыг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэн явахдаа зорчих хэсгээс гарч, гэрлийн шонг мөргөж онхолдсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч *******-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

         Шүүхээс шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

*******-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч *******-ын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн шалтгаантай, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, 65 настай насны байдал  зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялгүй ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэнэт ухаан алдаж зам тээврийн осол гаргасан байдал,  түүнийг эрүүл мэндийн хувьд “... цаашид тээврийн хэрэгсэл жолоодоход тэнцэхгүй...” гэсэн эмчийн дүгнэлт, өөрийн болон хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  /гурван / жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг ял оногдуулсан үеэс тоолохоор тогтоов.

 

         Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан хохирогч Д.Э-, шүүгдэгч *******- нар эхнэр нөхрийн харилцаатай гэр бүлийн хүмүүс байх ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй;

         шүүгдэгч *******- хохирогч Д.Э- нарын бэр охин иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Н- нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байна.

 

         Хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд дээрх ослын улмаас хүндэвтэр гэмтэл учирч хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчлүүлсний төлбөрт 3.322.000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шүүгдэгчээс нэхэмжилснийг *******- нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

       Хэрэгт хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хяналтын прокуророос *******-ын жолооны үнэмлэхийг  шүүхэд хэргийн хамт ирүүлээгүйг дурдаж байна.

 

        Шүүгдэгч *******-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассантай холбоотойгоор шийтгэх тогтоолын хувийг гүйцэтгэх хуудасны хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав. 

 

 

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/  жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

        4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        6. Шийтгэх тогтоолын хувийг эрх хасах нэмэгдэл ялын гүйцэтгэх хуудасны хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ