Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/592

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           7          18                                   2022/ШЦТ/592

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч *******-

хохирогч Р.И- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205009801277 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны дугаар сарын -нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, автозамын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, одоогоор Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Их Монгол хорооллын  дугаар байрны  дүгээр орцны тоотод эцэг, эхийн хамт оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:РЭ000000/ *******-. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй зочид буудлын орчимд хохирогч Р.И-г “хамт буудал руу явсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглаж, улмаар гэдэс рүү нь гараараа нэг удаа, толгойн хэсгийн зүүн талын хацар хэсэгт нэг удаа гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, баруун гуянд цус хуралт, зүүн доод араа шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

         мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле” нэртэй баарны бүжгийн талбайд хохирогч И.А- шүргэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, доош тонгойход нь дагз хэсэгт нь пивоны шилээр цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, дагзны хэсгийн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Р.И-д 1.000.000 төгрөг, хохирогч И.А-ад 500.000 төгрөг нөхөн төлсөн.” гэсэн мэдүүлэг,

 

          Хохирогч Р.И- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Хавтаст хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.А- өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Кастле” /Castle/ нэртэй бааранд найзуудын хамт орж, хэдэн пиво уугаад, талбайд бүжиглэж байгаад үл таних залуутай шүргэлцэн, тэгээд эргээд хараад зүгээр үү, яасан гэх мэндийн зөрүүгүй шууд миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгтэл миний хамраас цус ихээр гоожиж, бүжгийн талбай дээр доошоогоо хамраа дараад суусан чинь араас толгойны ар хэсэгт пивоны шилээр нэг удаа цохисон. ...Тухайн бааранд байсан залуу миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөж, хамрын яс хугалсан, толгойны ар дагз хэсэг рүү нэг удаа пивоны шилээр цохиж, хуйханд цус хуралт гэмтлүүдийг учруулсан...Бааранд зодоон болсны дараа намайг зодсон залууг Баянголын цагдаа дээр авчраад эрүүлжүүлсэн. Тэгээд эрүүлжүүлэхээс гараад над руу залгаад “*******- байна, чамайг Кастле бааранд зодсон залуу байна” гэж утсаар ярьсан. Мөн мессеж бичсэн болохоор би намайг зодсон залуу байна гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.А- дахин өгсөн “...Одоо надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт, материал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн“...2022 оны 3 дугаар сарын 11-ний орой И.А- бид нар уулзалдаад караокед ороод, дуулж байгаад тэндээсээ Баянгол дүүрэгт байх хороог нь мэдэхгүй байна, “Кастле” нэртэй бааранд ороод, захиалгаа өгөөд архи ууж байгаад, бүжгийн талбай дээр бүжиглэж байгаа Анхбат нь танихгүй залуутай шүргэлцээд, тэгсэн нөгөө залуу нь яаж байна аа гээд Анхбатын хамар хэсэг рүү мөргөсөн. Тонгойх үед танихгүй залуу пивоны шилээр толгойны дагз, нуруу хэсэг рүү цохисон. Тэгээд би болон тэнд байсан хүмүүс салгаад, удалгүй цагдаа нар ирээд, бид нар тараад явчихсан... И.А- нь өөрийг нь мөргөсөн залууд гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4282 дугаартай “И.А- биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, дагзны хэсгийн хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******- өгсөн “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найзын хамт явж байгаад Баянгол дүүрэгт байх хороог нь тодорхой хэлж мэдэхгүй байна, Кастле нэртэй бааранд ороод тэндээ пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад шахалдаад үл ойлголцох асуудал үүссэн. Улмаар би И.А- нүүр хэсэг рүү мөргөж хамрыг нь хугалсан. Энэ асуудал миний буруу. Тухайн үед Анхбат гэх хүн миний биед халдаагүй. Тухайн үед надтай хамт явж байсан найз бол Долгион биш Дөлгөөн нэртэй найз байгаа юм. Нэрийг нь андуурч бичсэн байна. Тухайн хэрэг гарах үед Дөлгөөн байгаагүй ээ, Дөлгөөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, нэлээд муудсан байсан болохоор нь би таксинд суулгаж өгчхөөд, буцаад эд зүйлсээ авахаар ороод дээрх асуудал үүссэн. Хохирогчийн биед гэмтэл учруулах үед Дөлгөөн байгаагүй, уг асуудлын талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.И-гийн өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед ажлын газрын найз Ариунжаргалтай хүүхдийн 100-ийн “Tipsy” нэртэй паб руу ороод “Крин” нэртэй шилтэй пиво хүний 4-5-ыг уугаад шөнийн 01 цагийн үед гарсан. Тэгээд бид үргэлжлүүлж суух онгорхой газар хайж явж байгаад 19 дүгээр хорооллын Цагаан хаалганы тэнд нэрийг нь мэдэхгүй паб руу орсон юм. Тэр үед уг пабад Ариунжаргалын өмнө нь танил гэх *******- нэртэй залуу, бас нэг үл таних эрэгтэй хүнтэй танилцаад бид 4 “Хайник” нэртэй пиво 1-2 шилийг л ууцгааж 13 модны покер тоглоом тоглосон. Тэгэхэд би тоглоомд хожиход *******- нэртэй залуу нь хожлын мөнгө гээд надад 100 доллар өгсөн. Ингээд шөнийн 06 цагийн үед тэр газраасаа гараад такси бариад Баянгол дүүргийн 3 дугаар хороо 41 дүгээр байрны хажууд Ариунжаргалын машин дээр ирэхэд *******- гэх залуу нь надад хандаж “хамт явъя, буудал оръё, би чамд мөнгө өгчихсөн байгаа” гэх хэлэхээр нь  би үгүй гэж хэлээд хэрүүл үүссэн. Тэгэхэд *******- гэх залуу нь баруун гараараа миний гэдэс рүү нэг удаа цохиход би машин налсан, улмаар орилоод дөнгөж босож ирэхэд миний зүүн талын хацар руу гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарахад *******- гэх залуу нь “ахиад чанга орилооч ” гэж хэлээд цаашаа яваад өгөхөөр нь би Ариунжаргал эгчтэй хамт гэр рүүгээ явсан. Тухайн *******- гэх залуу нь хамт буудал руу яваагүй гэсэн шалтгаанаар намайг зодсон гэж байна. Эсхүл мөнгөө алдсандаа шархалсан байх...Тухайн *******- гэх залууд гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-72 дахь тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.И-гийн дахин өгсөн “...Би тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө *******- гэх залууд зодуулаад, ямар нэгэн эмнэлэгт очиж үзүүлээгүй. Тухайн үед хамраас цус гараад намдсан. Бие зовуурь багатай байсан. Тэгээд дараа нь шүүх эмнэлэгт үзүүлээд хамраа хугарсан гэдгээ мэдсэн. Эмчилгээ хийлгэх гэсэн боловч мөнгөгүй, боломжгүй байсан. Одоо надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт, материал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 127-129 дэх тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ариунжаргалын өгсөн“...Миний бие нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн таньдаг дүү Р.И-гийн хамт хүүхдийн 100-д байрлах нэрийг нь мэдэхгүй лаунжид сууж байгаад шөнө ажилладаг гэх Снукер биллиардтай, паб, караокетой газар нэрийг нь санахгүй байна сууж байхад *******- гэх өмнө нь бааранд танилцаж байсан залуутай тааралдаад би нар хамт сууцгаасан. Ингээд  бооцоотой 13 модны покер тоглоом тоглоод Р.И- бид хоёр нэлээдгүй хожсон. ...*******- нь найзтайгаа хамт бид хоёрыг гэрт хүргэж өгөх гээд гарцгаасан. Улмаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн хойд талд өөрийн машин дээрээ хүргүүлсэн... Энэ үед *******- болон Р.И- нь “Та хоёр яахаараа өчнөөн мөнгө хожчихоод явдаг юм, хамт яв” гэж муудалцаад байж байснаа гэнэт түс тас гэсэн чимээ гараад Р.И- нь нэг орц руу гүйгээд орохоор нь араас нь би яваад орсон. Р.И- юу болов гэж асуухад “намайг цохичихлоо” гээд уйлж байсан бөгөөд хамраас нь цус гараад, нүд, хамрын хэсэг нь улайсан, миний тал шүд уначихлаа гэсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3496 дугаартай “ Р.И-гийн биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, баруун гуянд цус хуралт, зүүн доод араа шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 80-81 дэх тал)

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******- өгсөн “Би уг тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй зочид буудлын орчимд хохирогч Р.И-г “хамт буудал явсангүй” гэж шалтагласны улмаас түүний гэдэс рүү нэг удаа, толгойн хэсгийн зүүн талын хацар хэсэгт тус тус гараараа нэг удаа гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, баруун гуянд цус хуралт, зүүн доод араа шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн гэмтлийг, 

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле” нэртэй баарны бүжгийн талбайд хохирогч И.А- “шүргэлээ” гэж шалтагласны улмаас түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, доош тонгойход нь дагз хэсэгт нь пивоны шилээр цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, дагзны хэсгийн хуйханд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Р.И-, И.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч И.А- өгсөн “...үл таних залуутай шүргэлцэн, тэгээд эргээд хараад зүгээр үү, яасан гэх мэндийн зөрүүгүй шууд миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгтэл миний хамраас цус ихээр гоожиж, бүжгийн талбай дээр доошоогоо хамраа дараад суусан чинь араас толгойны ар хэсэгт пивоны шилээр нэг удаа цохисон. ...Тухайн бааранд байсан залуу миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөж, хамрын яс хугалсан, толгойны ар дагз хэсэг рүү нэг удаа пивоны шилээр цохиж, хуйханд цус хуралт гэмтлүүдийг учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-35 дахь тал), гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн“...бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Анхбат нь танихгүй залуутай шүргэлцээд, тэгсэн нөгөө залуу нь яаж байна аа гээд Анхбатын хамар хэсэг рүү мөргөсөн. Тонгойх үед танихгүй залуу пивоны шилээр толгойны дагз, нуруу хэсэг рүү цохисон. Тэгээд би болон тэнд байсан хүмүүс салгаад, удалгүй цагдаа нар ирээд, бид нар тараад явчихсан... И.А- нь өөрийг нь мөргөсөн залууд гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-58 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4282 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн19-20 дахь тал), яллагдагч *******- өгсөн “...бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад шахалдаад үл ойлголцох асуудал үүссэн. Улмаар би И.А- нүүр хэсэг рүү мөргөж хамрыг нь хугалсан. Энэ асуудал миний буруу...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал)

хохирогч Р.И-гийн өгсөн “...*******- гэх залуу нь надад хандаж “хамт явъя, буудал оръё, би чамд мөнгө өгчихсөн байгаа” гэх хэлэхээр нь  би үгүй гэж хэлээд хэрүүл үүссэн. Тэгэхэд *******- гэх залуу нь баруун гараараа миний гэдэс рүү нэг удаа цохиход би машин налсан, улмаар орилоод дөнгөж босож ирэхэд миний зүүн талын хацар руу гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарахад *******- гэх залуу нь “ахиад чанга орилооч ” гэж хэлээд цаашаа яваад өгөхөөр нь би Ариунжаргал эгчтэй хамт гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-72 дахь тал), гэрч Э.Ариунжаргалын өгсөн“...Энэ үед *******- болон Р.И- нь “Та хоёр яахаараа өчнөөн мөнгө хожчихоод явдаг юм, хамт яв” гэж муудалцаад байж байснаа гэнэт түс тас гэсэн чимээ гараад Р.И- нь нэг орц руу гүйгээд орохоор нь араас нь би яваад орсон. Р.И- юу болов гэж асуухад “намайг цохичихлоо” гээд уйлж байсан бөгөөд хамраас нь цус гараад, нүд, хамрын хэсэг нь улайсан, миний тал шүд уначихлаа гэсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3496 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 80-81 дэх тал)

 яллагдагч *******- өгсөн “Би уг тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч И.А- болон Р.И- нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогч И.А-  нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, доош тонгойход нь дагз хэсэгт нь пивоны шилээр цохисон, Р.И-гийн гэдэс рүү нэг удаа, толгойн хэсгийн зүүн талын хацар хэсэгт тус тус гараараа нэг удаа гараараа цохисон нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй зочид буудлын орчимд шүүгдэгч *******- нь хохирогч Р.И-г толгой, нүүр хэсэгт гэмтэл учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле” нэртэй баарны бүжгийн талбайд шүүгдэгч *******- нь хохирогч И.А- нүүр хэсэгт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

        Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ болон урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр торгох ял шийтгэгдсэн атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй хувийн байдлыг нь  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

            Хэргийн хохирогч Р.И-, И.А- нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******- бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. *******- “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ц.ДАЙРИЙЖАВ