Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/604

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           7          21                                   2022/ШЦТ/604

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Отгонбаатар

шүүгдэгч *******- түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001368 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 07 цагийн үед 7,797,800 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy А23 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy А52 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy А53 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy S22 ultra маркийн 1 ширхэг буюу нийт 4 ширхэг шинэ гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би байр ганцаараа түрээсэлж байсан юм. Түрээсийн төлбөрөө төлөхийн тулд хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Миний буруу. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

           

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

           Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Samsung Store” электрон барааны дэлгүүрт цонхны шилийг хагалан орж Samsung Galaxy А23 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy А52 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy А53 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy S22 ultra маркийн 1 ширхэг  буюу нийт 4 ширхэг гар утас хулгайлан авсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

           

Шүүгдэгч *******- Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Samsung Store” электрон барааны дэлгүүрт цонхны шилийг хагалан орж Samsung Galaxy А23 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy А52 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy А53 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy S22 ultra маркийн 1 ширхэг  буюу нийт 4 ширхэг гар утас хулгайлан авч нийт 7.797.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ч- хохирогчоор өгсөн: “ Миний бие Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Samsung Store” дэлгүүрт худалдааны зөвлөхийн ажил 2020 оны 08 сараас эхлэн ажиллаж байна. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээр ирэхэд цагдаа ирчихсэн ба дэлгүүрийн баруун талын цонх хагарсан байсан. Тэгээд би дэлгүүрт орж эд зүйлсээ бүртгэхэд кассын компьютерын хажууд байсан цагаан өнгийн принтерийн дээр байсан Samsung А23, А52, А53, S22 ultra зэрэг 4 ширхэг гар утас байхгүй болсон байсан...Samsung А23 799,900, А52 1,049,000 төгрөг, А53 1,499,900 төгрөг, S22 ultra 4,449,900 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байсан. Уг гар утаснуудыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн барагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь)

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн хас захын хажууд нийтийн байранд сарын 210,000 төгрөгөөр түрээсэлж амьдардаг байсан. Манай аав ээж хоёр Завхан аймгийн Баянтэс суманд мал маллаж амьдардаг би хотод ажил хийнэ гээд коллежэд сурч төгсөөд ажил хийхээр үлдсэн байсан. Би байрны 210,000 төгрөгөө 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан ч төлж чадаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байрандаа ирэхэд тус байрны миний байсан хаалгыг гадна нь өөр цоож хийж орох боломжгүй болгосон байсан учир 22 цагийн үед тэндээс гараад Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт очсон. Тэгээд байрны голд сандал дээр сууж хэсэг зуур яаж амьдрах талаар бодож аав ээжээсээ мөнгө гуйх гэхээр санаа минь маш их зовж байсан. Тэгээд гадуур арга зам хайгаад хулгай хийе гэж бодож явсаар өглөө болсон. Тэгтэл Самсунг стори гэдэг нэртэй дэлгүүрийн гаднах  шил нь ороход амархан ч юм шиг харагдсан тухайн дэлгүүр нь гар утасны дэлгүүр байсан. Тэгээд би газраас чулуу аваад баруун талын цонхыг нь хагалж ороход дотор нь ямар нэгэн хүн байгаагүй иймд ширээн дээр нь байсан маркийн мэдэхгүй байна 4 ширхэг гар утсыг аваад гарч явах замдаа цагдаагийн алба хаагчид баригдсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал)

 

Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-06 дахь тал), Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 54-55 дахь тал)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

            Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдэгт “...шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтын бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүний хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон сувъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

          Дээрх хэргийн хувьд шүүгдэгч *******- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулах буюу Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Samsung Store” электрон барааны дэлгүүрт цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтрэн орж Samsung Galaxy А23 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy А52 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy А53 маркийн 1 ширхэг, Samsung Galaxy S22 ultra маркийн 1 ширхэг  буюу нийт 4 ширхэг гар утас хулгайлан авч нийт 7.797.800 төгрөгийн хохирол учруулсан нь  гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна. 

 

          Иймд шүүгдэгч *******-ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэнгэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

            Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

          Улсын яллагчаас шүүгдэгч *******-ид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг,

          -шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-ид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд ял шийтгэгдэж байгаагүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******- нь Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо биет байдлаар буцаан өгсөн байх тул Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******-ид  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт  нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,   эдлэх ялыг түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

*******- нь 2022 оны  7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүгчийн 1229 дугаартай захирамжаар шүүх хуралдаан хойшлогдож түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж олдсон өдрөөс цагдан хорихоор шийдвэрлэсэн.   

 

*******-ийн цагдан хоригдсон /01/ нэг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдав .

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. *******-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. *******-ид  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон 01 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ийн   цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ц.ДАЙРИЙЖАВ