Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 195

 

                                  

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Иргэдийн төлөөлөгч Г.Мижигсүрэн,

Улсын яллагч С.Цэрэндорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгончимэг,

Шүүгдэгч Ж.Энхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.9 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Энхбаярт холбогдох 2015 2501 2209 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, “Дельта Констракшн” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 7, хамтран амьдрагч, хүү, хадам эцэг, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэлийн 12 дугаар байрны 96 тоотод оршин суух, урьд нь:

          Нийслэлийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял, 241 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1б дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт биечлэн эдлэх хорих ялыг 12 жил 3 сарын хугацаагаар тогтоон, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 63 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 8 сар хорих ял, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоон, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 223 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 28 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар тогтоон, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

          Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 768 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 451 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 8 сар хорих ялаас Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 223 дугаар захирамжаар хугацаанаас өмнө тэнсэж, эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 28 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр тогтоосон, 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Оргиоч овогт Жаргалсайханы Энхбаяр /РД: УХ77043038/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Ж.Энхбаяр нь ялтай байхдаа 2015 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Ээрмэлийн 12 дугаар байрны 6 дугаар орцны 4 давхарын 96 тоотод хамтран амьдрагч Ц.Эрдэнэсувдын эцэг С.Цогоог гэрээсээ хөөсөн гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр эрх чөлөөнд нь халдан зодож зүүн дагз чамархай, зулай, баруун дагз чамархай, суурийн хатуу хальс доорхи цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух хэсгийн кортикал давхаргын цус хуралт, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, зүүн 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, толгой, нүүр, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зовхи, уруулд шарх зэрэг амь насанд нь аюултай хүнд гэмтлийг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Энхбаярын өгсөн: “Манай хадам эцэг 1998 онд хүнд гэмтэл аваад түүнээсээ болоод улирлын чанартай сэтгэцийн өвчтэй байсан. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өглөө найзынхаа аавынх нь ажил явдалд оролцоод орой 19 цагийн үед байрны гадаа найзтайгаа 330 граммтай архи хувааж уугаад гэртээ ороход хадам аав гэртээ ганцаараа байсан. Тэгээд өрөөндөө орж ирээд хэвтэж байтал хадам аав өрөөнд орж ирээд архичин гэж хэлээд уурлаад байхаар нь эхлээд түлхээд гаргасан. Тэгсэн хаалга савж орж ирээд “муусайн архичин янхнууд юмаа аваад зайл” гээд байсан. Тэгээд тэрнээс болоод жоохон маргаад коридорт гаргаад нүүрэн тус газар нь хоёр цохиход хаалганы булан мөргөөд унасан. Би дээрээс нь унахдаа тохойлдоод унасан. Би тэгээд орон дээр нь хэвтүүлээд гараад явсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгончимэгийн өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 07-ны орой намайг гэртээ байхад Ууганаа залгаад аав чинь ухаангүй хэвтэж байна гэж хэлсэн. Намайг яваад очиход аавыг түргэний тэрэг аваад явж байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаж Ж.Энхбаярыг бариулаад, араас нь Гэмтлийн эмнэлэг дээр очиход Гэмтэл согог судлалын эмч нар хагалгаа хийгээд дэмий байх. Өөрийнх нь биеийн байдлыг харзная гэж хэлсэн. Ж.Энхбаяр эмчилгээний зардлыг өгсөн. Намайг жоохон байхад 1998 онд аав хүнд гэмтэл аваад хагалгаанд орж байсан. Тухайн үед найзтайгаа ууж байгаад найз нь шатнаас түлхээд унагачихсан гэж хэлдэг. Тэгээд тархиндаа гэмтэл аваад сар гаран хэвтсэн гэдэг. Эмнэлгээс гарч ирээд группт орчихоод мэргэжлээрээ Говь ХХК-д ажиллаж байсан. Сая бол энэ гэмтлийг аваад хагалгаанд оруулаагүй. Тархинд нь хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээг Гэмтлийн эмнэлэгт хийсэн. Дараа нь Гэмтлийн эмнэлгээс гараад 3 дугаар эмнэлэгт уламжлалт эмчилгээ хийлгэсэн. Дараа нь дүүргийн эмнэлэгт хоёр удаа хэвтсэн. Одоо бол бүүр танихгүй байсныгаа бодоход нэр ус хольж  солиод хүн таниад байдаг. Орондоо шээдэг байснаа бодоход хана түшиж яваад өөрөө 00 ордог болоод, эсвэл шээлээ баалаа гэж хэлээд байгаа. Хоолоо өөрөө халбагадаж иддэг болсон. Одоо хувийн эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай. Зүү төөнүүрийн эмчилгээ хийлгэвэл гайгүй болно гэж эмч нь хэлсэн. Манай эгч Ж.Энхбаяртай суугаад дундаасаа хүүхэдтэй. Уг нь Ж.Энхбаяр ах гайгүй байдаг. Тэр өдөр л ийм юм болчихлоо. Ж.Энхбаяр хохиролд 2.875.000 төгрөг өгсөн. Цаашдын эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилнэ. Гомдол саналгүй.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Цогоогийн өгсөн: “... би 25 настай, 150 настай, бие ойрд өвдөөд байна, яасныг мэдэхгүй, Энхбаяр гэж юу билээ... би хүнд зодуулсан юм уу? Би хүнд зодуулсан байх, миний бие гайгүй болж байна... би Энхбаярыг танина. Би 55 нас хүрч байгаа байх, би цагаан хаалганы дэргэд зодуулсан байх...” гэх мэдүүлэг /хх.16-18, 105-106/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгончимэгийн өгсөн: “... С.Цогоо бол миний төрсөн эцэг. Би болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа болохоор дахин мэдүүлэг өгмөөргүй байна. Манай аав С.Цогоо нь Ж.Энхбаярт зодуулахаасаа өмнө сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй байсан. Одоо харин Ж.Энхбаярт зодуулснаасаа болж, сэтгэцийн өөрчлөлттэй болсон, асуусан асуултанд ямар ч хамааралгүй зүйлийг яриад байгаа. Ж.Энхбаяр шаардагдах эмчилгээний зардлыг тухай бүрт нь өгч байсан. Би тооцож үзэхэд 2.875.000 төгрөг өгсөн байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.108-110/,

 

Мөрдөн байцаалтанд Ц.Отгончимэгийн гэрчээр өгсөн: “... Миний төрсөн эгч Эрдэнэсувд нь Ж.Энхбаярыг бүр багаас нь таньдаг байсан юм. Тэгээд Ж.Энхбаяртай 2014 оны 01 сараас дотно танилцаад цугтаа амьдрах болоод дундаасаа хүү Э.Энх-Эрдэнийг гаргасан ба одоо хүүхэд 1 нас 10 сартай. Ц.Эрдэнэсувд манайд нөхөр, хүүхдийнхээ хамтаар цугтаа амьдардаг юм. Би 2015 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн эгчтэйгээ утсаар ярьтал эгч нь 1 өдрийн өмнө архи уусан, тэгтэл нөхөр алах гээд байна, би танайд яваад очьё гэхээр нь би эгчдээ санаа зовоод гэртээ иртэл эгч, аав, хүүгийнхээ хамтаар байсан. Тэгээд би эгч, дүүг аваад манай гэрлүү явъя гэхэд аав цуг явахгүй гээд байсан. Тэгээд би аавыг үлдээгээд эгч, дүүгийн хамтаар явсан. Тэгээд би аавд санаа зовоод, гэрийн 1 давхарт байдаг Ууганаа гэх найз руугаа яриад гэрт ороод үзээдэхээч гэж гуйсан. Тэгтэл Ууганаа удахгүй холбоо бариад аав чинь ухаангүй том өрөөний зурагтны урд талд хэвтэж байна гэхээр нь би яаралтай түргэн дуудаад гэртээ иртэл түргэний эмч нар аавыг аваад явж байсан. Тэгээд шууд аавыг Гэмтлийн эмнэлгийн гавал, тархины тасагт хэвтүүлээд одоог хүртэл эмчилж байгаа. Аавд одоогоор дусал хийж байгаа ба эмчилж байгаа эмч хагалгаанд оруулахгүй, биеийг харж байгаа. Одоо аав мэдүүлэг өгөх чадваргүй, ухаан орохоор бид нарыг танихгүй, “миний хүү битгий, аав гуйж байна” гэж хэлээд байгаа... Аав мэдүүлэг өгөх чадвар байхгүй... Аав тэр өдөр ямарч байсан эрүүл байсан... би тэр 2-ыг маргалдаж байгааг хараагүй, мөн тэр 2-ыг маргалдаж байсныг бусдаас сонсож байгаагүй... манай аав одоо өөрөө босож сууж, хоолоо иддэг болсон. Өнгөрсөн 7 хоногт дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Толгойны зураг үзсэн эмч тархинд нь хурсан цус шимэгдэж арилсан. Одоо биеийн байдал нь сайжирч байгаа гэсэн... ухаан санааны хувьд бид нарын нэрийг сольж хэлээд хэвийн байдалдаа орохгүй, болж байгаа үйл явдалтай тохирохгүй яриа ярьсаар байгаа... Аавын эмчилгээний зардлыг Энхбаяр төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.19-20, 23-25/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Будын өгсөн: “... Би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын офицерын ажилтай. Би 2015 оны 10 сарын 07-ны өдөр цагдаа Есөнтөмөрийн хамтаар үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 54 минутад Сүлд 10-аас БЗД-ийн 4-р хороо Ээрмэлийн 12 дугаар байрны 96 тоотод настай хүн зодуулсан байна гэх дуудлагыг аваад очтол зодуулсан гэх хүнийг эмнэлэг аваад явсан байсан. Зодсон гэх Энхбаярыг тухайн байрны хойд талын орцны подвалаас авч эрүүлжүүлсэн. Ж.Энхбаяр нилээн согтуурхаад байхаар гавалж авч явж эрүүлжүүлсэн. Ж.Энхбаяр тухайн үед хүн зодож байсан талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Ууганбаатарын өгсөн: “... Би С.Цогоо, Ж.Энхбаяр нартай нэг байранд амьдардаг болохоор танина. Би тэр хоёртой төрөл садангийн холбоо байхгүй. Цогоо ахын зээ хүү болох Улка буюу Төгөлдөр надад гэрийнхээ хаалгыг онгойлгож чадахгүй байна гэхээр нь би хаалганд түлхүүрийг нь хийгээд хөшиж байгаад онгойлгож ортол С.Цогоо зочны өрөөнийхөө зурагтны урд талд газраар ухаангүй хэвтэж байхаар нь эмнэлэг дуудсан. Тэгээд би Цогоогийн охинд утсаар ярьж хэлсэн. Тухайн үед Цогоогийн амнаас цус гарч, хэвтэж байсан газар нь бохирлогдсон байсан. Тэгээд би эмнэлгийн машин ирэхээр Цогоог Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Цогоо ухаангүй байсан. Би тэр өдөр Энхбаярыг хараагүй... Миний мэдэж байгаагаар тэр хоёр хоорондоо юм ярьдаггүй, их хөндий харилцаатай байдаг...” гэх мэдүүлэг /хх.114-115/,

 

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн өгсөн: “... Би 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ өвөө Цогоогийн хамтаар байж байгаад ганцаараа 18 цагт гадагшаа гарсан. Намайг гарахад өвөө ганцаараа үлдсэн. 20 цаг 30 минутын орчимд гэртээ орох гээд хаалгаа түлхүүрээр онгойлгох гэхэд онгойхгүй байхаар нь буцаж гараад орцны үүдэнд зогсож байхад манай орцны 1 давхарт байдаг Ууганбаяр ах гэрээсээ гарахаар нь түүнтэй уулзаад хаалга онгойлгоод өг гэхэд Ууганбаяр ах түлхүүрийг хаалганд хийж байгаад хаалгыг хөшиж онгойлгосон. Тэгээд Ууганбаяр ах бид 2 гэр лүү цуг ортол өвөө зочны өрөөний зурагтын урд талд хэвтэж байхаар нь хажууд очтол ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй, ухаангүй байхаар нь эмнэлэг дуудсан. Эмнэлгийг Ууганбаяр ах дуудсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх.111-112/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Эрдэнэсувдын өгсөн: “... Би Ж.Энхбаяртай хамтран амьдардаг. Бид 2 хамтран амьдраад 3 жил болж байна. Бид 2-ын дундаас 1 нас 10 сартай хүү Э.Энх-Эрдэнэ гарсан. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй, гэрлэлтээ удахгүй батлуулна. Харин С.Цогоо бол миний төрсөн эцэг байгаа юм... Би мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйгээ мэдлээ. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. Би Ж.Энхбаярыг аавыг зодож байхыг нь хараагүй юм... Би Ж.Энхбаярыг багаас нь таних ба бид хоёр 1994 оноос хойш 1 байранд амьдардаг байсан. Тэгээд 2013 оны 01 сард дотно танилцаад түүнээс хойш хамтран амьдраад 2013 оны 12 сарын 12-ны өдөр хүүгээ гаргасан юм. Ж.Энхбаяр нь зан байдлын хувьд төлөв даруухан, одоо хийж байгаа барилгын ажилдаа сайн, ажилдаа нэр хүндтэй, архи хааяа уудаг, архи уухаараа янз бүрийн ааш араншин гаргадагтүй юм... Одоо биеийн байдал сайжирч байгаа. Амь наснаас нь холуур гэсэн. Ухаан орсон боловч мэдүүлэг өгөх боломжгүй байгаа... С.Цогоо Ж.Энхбаяр нар хоорондоо маргалдаж байгаагүй. Бараг С.Цогоо, Ж.Энхбаяр нар хоорондоо дуугардаггүй юм... Ж.Энхбаяр нь аавыг элдвийн хараалын үг хэлж доромжилдог зүйл байхгүй... аавд хийж байгаа эмчилгээний зардлыг манай гэр бүл М.Энхбаярын гэр бүлээс гаргаж байгаа... Надад өөр ярих зүйл гэвэл Ж.Энхбаяр миний хүүгийн эцэг, миний аавын бие сайжирч байгаа. Надад гомдол санал алга байна. Ж.Энхбаяр ажил хийж аавын эмчилгээний мөнгийг гаргаж байгаа тул түүнийг батлан даалтанд байлгаж байгаад хэргийг нь шийдүүлмээр байна. Надад өөр ярих зүйл алга.... биеийн байдал нь сайжирч байгаа. Харин ухаан санаа нь сэргэхгүй байгаа... манай аав одоо мэдүүлэг өгөх чадваргүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

 

Мөрдөн байцаалтанд яллагдагч Ж.Энхбаярын өгсөн: “... Би 2015 оны 10 дугаар

сарын 07-ны өдөр өөрийн найзын аавын буяны ажилд өглөө 05 цагт явчихаад орой 19 цагийн орчимд гэрлүүгээ ганцаараа орохын өмнө нь 0,33 литрийн Ерөөл архи уучихаад гэртээ орсон. Гэрт ортол миний хамтран амьдрагч Ц.Эрдэнэсувдын эцэг С.Цогоо ганцаараа гэртээ байсан. Би өөрийн өрөөндөө ороод буяны ажилд өгсөн сүүг хөргөгчинд хийчихээд, 1 зулыг асаачихаад, нөгөө зулыг дэргэд нь тавьчихаад унтахаар гэрлээ унтраагаад хэвтэж байтал хадам аав орж ирээд чи архичин янхануудаа аваад зайл гэхээр нь би хэвтэж байгаад босоод гараараа түлхэж өрөөнөөс гаргасан. Тэгтэл шууд Цогоо хаалга өшиглөж өрөөнд орж ирээд шүүгээн дээр байсан миний 1 нас 10 сартай хүү Энх-Эрдэнийн соруултай ундаа, мөн түүний хэрэглэдэг зүйлийг унагаагаад, миний савхин куртикаар цохихдоо янхан хүүхнүүдээ аваад зайл гээд байхаар нь уур хүрээд дахин түлхэж гаргатал хадам аав зайл гээд байхаар нь уур хүрээд баруун гараа атгаж байгаад нүүрнийх нь баруун нүд, дух хэсэгт 2 удаа дараалуулан цохиход газар унасан.” гэх мэдүүлэг /хх.59-63/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14496 тоот:

“1. Цогоогийн биед зүүн дагз чамархай, зулай, баруун дагз чамархай, суурийн хатуу хальс доорхи цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух хэсгийн кортикал давхаргийн цус хуралт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, толгой, нүүр, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зовхи, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт төгсгөлөөс хамаарна.” гэх дүгнэлт /хх.30/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1096 тоот:

“1. С.Цогоо нь хэрэг үйлдэгдэх үед Тархины гэмтлийн шалтгаант сэтгэц органик хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. С.Цогоо нь тухайн үед өөрийн үйлдлийг удирдан хянах чадвартай байсан байна.

2. С.Цогоо нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хяналтанд байдаггүй байна.

3. С.Цогоо нь одоо Судасны /гэмтлийн шалтгаант/ тэнэгрэл эмгэгтэй байна.

4. С.Цогоо нь мэдүүлэг өгөх чадваргүй байна.

5. С.Цогоо нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Тархины гэмтлийн шалтгаант сэтгэц органик хам шинж” эмгэгтэй байсан байна.

6. С.Цогоо нь толгойдоо 2015-10-07-ны өдөр хүнд гэмтэл авснаас шалтгаалан ухаан тэнэгрэлтэй болж мэдүүлэг өгөх чадваргүй болсон байна” гэх дүгнэлт /хх.31/,

Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн: “...Тархины хатуу хальс доорхи болон тенториум завсар, аалзан бүрхүүл доорхи цус хуралт зэрэг гавал тархины гэмтэл учрах үедээ амь насанд аюултай, эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд аминд халтай, салбар шинжээрээ хүнд зэрэгт хамаардаг... үзүүлэгчийн нүүрийг харахад мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой их хэмжээний хаван хавдар цус хуралттай байсан. Дээрх Цогоод учирсан гэмтэл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл гараар цохиход үүсгэгдэх боломжтой....Толгойн хэсэг нь нилэнхүүдээ хаван хавдартай байсан, унахад үүсэх үүсгэгдэх боломжтой... Тархины гэмтлийн улмаас дээрхи байдал үүсч болно. Энэ эдгэрэлт эмчилгээнээс шалтгаална... Хамааралгүй, бүгд шинэ гэмтлүүд үүссэн байна.” гэх мэдүүлэг /хх.33-34/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1027 тоот:

“1. Хохирогч С.Цогоо нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө 1998 онд тархины гэмтэл авсаны улмаас гэмтлийн дараах тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, гэмтлийн гаралтай тархины эмгэгшил /Пост травматический церебральный арахнойдит, Травматическая энцефалопатия/ өвчтэй байжээ.

2. Хохирогч нь хэрэг гарсан цаг хугацаанд өөрийнхөө хийж буй үйлдлийг өөрийн сэтгэхүйн төвшинд зөв ойлгож мэдэж удирдаж чадаж байсан.

3. 4. 5. Хохирогч нь 2015 оны 10-р сарын 07-ны өдөр тархиндаа гэмтэл авсны улмаас, мөн урьд нь авсан тархи толгойны гэмтлээс үүдсэн “Сэтгэц органик хам шинж” нь хүндэрч судасны гаралтай тэнэгрэлд ортлоо даамжирчээ.

6. Хохирогчийн “Судасны шалтгаант тэнэгрэл өвчин” нь олон улсын 10-р ангилалын F01 өвчний төрөлд хамаарагдана.

7. Хохирогчид учирсан “Судасны шалтгаант ухаан тэнэгрэл” өвчин урьд өмнө буюу 1998, 2015 онуудад авч байсан гэмтлүүдээс шалтгаалж үүсчээ.

8. Судасны шалтгаант ухаан тэнэгрэл өвчний хөдөлмөр чадвар алдалтыг Эрүүл Мэндийн Сайд, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгаалалын Сайдын А/252, А/74 тоот хамтарсан тушаалын 1-р хавсралтын 2.1-б-д зааснаар 90%-р хугацаагүй тогтоодог.

9. Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

10. “Судасны шалтгаант ухаан тэнэгрэл" хэмээх сэтгэцийн өвчин нь эдгэрдэггүй өвчин юм” гэх дүгнэлт /хх.231-234/,

 

- Шүүгдэгч Ж.Энхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.67/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.69/,

- Цагдан хорьж мөрдөх хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх.231-232/,

- Ял өөрчилж сонсгох тухай прокурорын тогтоол /хх.233-234/,

- Нийслэлийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хх.70/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоол /хх.76/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоол /хх.84/ зэрэг болно.

 

          Шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжлэн  судлагдсан  эдгээр  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Шүүгдэгч Ж.Энхбаяр нь ялтай байхдаа 2015 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчимд Баянзүрх дүургийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Ээрмэлийн 12 дугаар байрны 6 дугаар орцны 4 давхарын 96 тоотод хамтран амьдрагч Ц.Эрдэнэсувдын эцэг С.Цогоог өөрийн гэрээсээ хөөсөн гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдан зодож зүүн дагз чамархай, зулай, баруун дагз чамархай, суурийн хатуу хальс доорхи цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух хэсгийн кортикал давхаргын цус хуралт, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, түүнчлэн урьд нь авсан гэмтлийн дараах тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, гэмтлийн гаралтай сэтгэц органик хам шинж эмгэг нь хүндэрч судасны шалтгаант ухаан тэнэгрэл өвчин болж даамжирсан, зүүн 5, 6, 7-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, толгой, нүүр, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зовхи, уруулд шарх зэрэг амь насанд нь аюултай хүнд гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтанд /хх.108-110/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгончимэгийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Д.Ууганбаатар /хх.114-115/, насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөр /хх.111-112/, гэрч Ц.Эрдэнэсувд /хх.26-28/, шинжээч Б.Ганзориг /хх.33-34/ нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд /хх.59-63/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Энхбаярын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 14496 тоот дүгнэлт /хх.30/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1096 тоот дүгнэлт /хх.31/, шинжээчийн 1027 тоот дүгнэлт /хх.231-234/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Прокуророос Ж.Энхбаярыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Тухайн хэрэг гардаг орой гэртээ хохирогч С.Цогоо, шүүгдэгч Ж.Энхбаяр нар хоёулхнаа байсан, Ж.Энхбаярыг өрөөндөө хэвтэж байхад хохирогч өрөөнд нь орж ирээд чи архичин янхануудаа аваад зайл гэж хэлэхэд уурлан түүний нүүрэнд цохиж газар унаган дээр нь тохойлдсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгдөг.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “би тэр 2-ыг маргалдаж байхыг хараагүй, мөн тэр 2-ыг маргалдаж байсныг бусдаас сонсож байгаагүй... Намайг жоохон байхад 1998 онд аав хүнд гэмтэл аваад хагалгаанд орж байсан. Уг нь Энхбаяр ах гайгүй байдаг, тэр өдөр л ийм юм болчихлоо” гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэж түүнийг цохисон нь тогтоогдож байгаа учраас хоорондын таарамжгүй харьцаа гэж үзээд танхайн сэдэлтээр гэж зүйлчилсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Мөн хохирогч С.Цогоо нь 1998 онд авсан гэмтлийн дараах тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, гэмтлийн гаралтай сэтгэц органик хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдан хянах чадвартай байсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж шүүгдэгчийг үзэх үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “гагцхүү шүүгдэгч Ж.Энхбаярын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр түүнийг яллаж байгаа, мөн шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдээгүй” гэж тайлбарлан мэтгэлзэж байх боловч шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдсан, дээр дурдсан олон тооны шарх, гэмтлийг хохирогчийн биед шүүгдэгч учруулсан болох нь тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Энхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дах хэсэгт заасны дагуу түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ж.Энхбаярын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ж.Энхбаярын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс цагдан хоригдсон 187 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцон, шүүгдэгч урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж уг ялаа эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн тул түүнийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.Энхбаяр нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 2.875.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгончимэг нь цаашид хохирогч С.Цогоогийн эмчилгээний зардалд гарах нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дах хэсэг, 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх  дүүргийн  Прокурорын  газраас  Ж.Энхбаярт  Эрүүгийн  хуулийн

тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.9 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Оргиоч овогт Жаргалсайханы Энхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дах хэсэгт зааснаар Ж.Энхбаярт 7 /долоон/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Энхбаярыг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дах хэсэгт зааснаар, Ж.Энхбаярт оногдуулсан 7 /долоон/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Энхбаярын цагдан хоригдсон 187 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.

7. Ж.Энхбаяр нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 2.875.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгончимэг нь цаашид хохирогч С.Цогоогийн эмчилгээний зардалд гарах нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                С.ӨСӨХБАЯР

 

                                                                                            С.ПҮРЭВСҮРЭН