Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1413

 

МАГАДЛАЛ

 

2017.06.19                                                 Дугаар 1413                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

М.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00987 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Жаргалсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Март,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Хосгариг, Б.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бусдын өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах нэрийдлээр үнэгүйдүүлэн худалдан борлуулах ажиллагаа явуулж байх тул шинжээчийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 3708 дугаар захирамжаар “Эм Жи Эл Акуа” ХХК, М.Гэрэлчулуун, Б.Баярсайхан, М.Жаргалсайхан нараас 83 702 370 төгрөг гаргуулж “Нэткапитал финанс корпораци” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгүүд болох төлбөр төлөгч М.Жаргалсайханы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013095 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 308 тоотод байрлах 48 м.кв талбайтай орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 31/128 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны дотор төлөхийг мэдэгдэж 3/128 дугаартай сайн дураар биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 8/128 дугаартай хураах тогтоолоор хурааж, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч М.Жаргалсайханы эхнэр н.Ундрамд үлдээсэн. Мөн барьцаа хөрөнгө болох Б.Баярсайханы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн                      Ү-2201003829 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 252 тоотод байрлах 56 м.кв талбайтай орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын      6-ны өдрийн 11/128 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 10 дугаар сарын 8-ны дотор төлбөр төлөхийг мэдэгдэж, 31/128 дугаартай сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12/02 дугаар хураах тогтоолоор хурааж хадгалалт хамгаалалтыг н.Наранцэцэгт үлдээсэн. Төлбөр төлөгч М.Гэрэлчулуун, М.Жаргалсайхан, Б.Баярсайхан, “Эм Жи Эл Акуа” ХХК, болон тус компаний үүсгэн байгуулагч “Эс Ти Мач” ХХК нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 28-ны дотор үнийн санал өгөхийг мэдэгдэж 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2/10639 дугаартай мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 8-ны дотор үнийн саналаа өгөхийг мэдэгдэж 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2/2809 дугаартай мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны дотор үнийн санал өгөхийг мэдэгдэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2/13318 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд М.Жаргалсайханы өмчлөлийн орон сууцыг 109 642 900 төгрөг, Б.Баярсайханы өмчлөлийн орон сууцыг 115 431 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр төлөгч төлөгч М.Гэрэлчулуун, М.Жаргалсайхан, Б.Баярсайхан, “Эм Жи Эл Акуа” ХХК, болон тус компаний үүсгэн байгуулагч “Эс Ти Мач” ХХК-ийн хаягаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээний мэдэгдлийг Монгол шуудан компаний баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдНэт капитал финанс корпораци ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг зөрчсөн. Мөн төлбөр төлөгч нар нь үндэслэлгүй гомдол гаргаж мөн гомдол гаргасаны дагуу хэргийн материалтайгаа танилцахгүй, товлосон шүүх хуралдаанд ирж суухгүй, үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байгаа нь төлбөр төлөгч нь санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийж байна гэж үзэж байна. Иймд тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан М.Жаргалсайханы гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг   бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 1080 дугаар захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зах зээлийн үнэлгээ хэт бага тогтоогдсон талаар гарсан гомдлыг шүүх бүрэн дүүрэн үнэлгээгүй энэхүү ажиллагаанд үнэлгээ гаргасан шинжээч болон бусад эрх бүхий этгээдүүдийг оролцуулаагүй атлаа үнэлгээг бодитой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцсэн эсэх талаарх дүгнэлтийг гаргах учиртай шийдвэр гүйцэтгэх албанаас "1 болон 2 дахь албадан дуудлага худалдааны талаар өмчлөгч болон төлбөр төлөгчид мэдэгдээгүй үнийн санал танилцуулаагүй, битүүмжилэх хураах ажиллагааг байранд орж хийгээгүй байгаа процессын маш олон зөрчил байхад шууд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Жаргалсайхан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11/128 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 252 тоот хаягт улсын бүртгэлтэй орон сууц, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31/128 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 9 дүгээр байр, 308 тоот хаягт улсын бүртгэлтэй орон сууцыг тус тус битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчинтэй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээг хийлгэж, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 252 тоот орон сууцыг 115 431 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 9 дүгээр байр, 308 тоот орон сууцыг 109 642 900 төгрөгөөр тус тус үнэлсэн тайлан хэрэгт авагдсан болно.

Шинжээчийн гаргасан үнэлгээний талаар төлбөр төлөгч М.Жаргалсайхан нь гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэх баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг үгүйсгэсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар үйл баримтыг нотлоогүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

             ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ