Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0071

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү 

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: О Т Ж.Э, Ж.Э

Гомдлын шаардлага: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг  дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0036 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т*******  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 119/2023/0033/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акк”-ыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0036 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 14 дүгээр зүйлийнх 14.4, 14.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт тус  тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-иас, О Т Ж.Э, Ж.Э нарт холбогдуулан “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх”   

3.1. “...Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №НА-2023000032 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ дараах асуудлыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Шийдвэрийн 9,10,12,13 дахь заалтаар албан тушаалтны томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг явуулжээ гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн 6 дугаар хуудаст авагдсан 27230 тоот зөвлөмжөөр хяналт шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03 -ны өдрийн хооронд хяналт шалгалт явуулсан талаар бичигдсэн. Энэхүү баримтаар хяналт шалгалт явуулсан хугацаа нэг өдөр байсан нь харагддаг. Хавтаст хэргийн 27 дугаар хуудаст хяналт шалгалтын хугацааг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байсан мэт байх ба энэ хугацаанд нэхэмжлэгчийг дуудаагүй нь баримтуудаас харагдана. Хэдий хугацаанаас хэдий хүртэл хяналт шалгалтыг явуулсан нь баримтуудад авагдсан байдлаар зөрүүтэй байхад хяналт шалгалт хийжээ гэх ерөнхий дүгнэлт хийсэн.

Ярилцлагын тэмдэглэлээр 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б******* захиралтай уулзсан уулзалтыг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй, учир нь хий падааны талаар нэг ч асуулт хариулт байхгүй, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд 3 компанийн талаар тодруулсан зэрэг нь сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй, М.Ж******* гэх хүнтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэлээс харахад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2023 оны тайланг асуусан, мөн хэзээ ямар актаар гарсан зөрчлийг асуугаад байгаа нь тодорхойгүй зэрэг нь сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй,

М.Ж*******тай ярилцсан гэх 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэлд “Э*******” ХХК-иас бараа материалууд авсан, Булган аймгийн Баян агт сумын ариутгах татуургын ажил, 2022 онд Цагаанчулуут багийн цэвэр усан шугамыг угсрах ажил, сум багийн орчныг тохижуулах ажил. Их залуу болон Наран багийн төвийн дулаан цэвэр усны шугамыг угсрах ажилд зарцуулсан гэдгээ тайлбарласан байх ба үүнээс хойш 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт гарсан. Энэхүү баримтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэлгүй буюу дээрх бодит ажил хийсэн, бодит гүйлгээ хийгдсэн эсэх талаар огт шалгаагүй. “Эх Ган” ХХК-тай холбоотой асуудлаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр М.Ж*******ыг оролцуулан ярилцсан гэх ба М.Ж******* төлөөлөх эрх байсан эсэхийг хариуцагч нараас тодруулахад шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбар гаргасны дараах шатанд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 23/12 тоот албан бичгийг нэхэмжлэгч талаас гаргасныг шүүх хүлээн авч нотлох баримт гэж үзсэн. Гэтэл уг баримтыг /164 xx / анхаарч үзвэл баримт бичигтэй танилцах гарын үсэг зурах, тайлбар өгөх болон бусад холбогдолтой бүхий л үйл ажиллагаанд төлөөлөх гэх итгэмжлэл байх ба энэхүү итгэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх хангаж байгаа эсэх тодорхойгүй, өөрөөр хэлбэл нотлох баримт гаргаж өгөх, мэдээлэл авах хууль зүйн туслалцаа авах зэрэг эрх түүнчлэн Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлөх буюу Захиргааны Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл байгааг шүүх анхаарч үзээгүй.

“Э*******” ХХК-ийн шивэлт хийсэн 2021, 2022 оны падаанууд хий падаан биш бодит ажил хийгдэж бодит худалдан авалт хийсэн талаар нэхэмжлэгч маргаж Суг асуудлыг нотлуулахаар “Эх Ган” ХХК-ийн татварын хяналт шалгалтаар орж зөрчил илэрсэн эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагаас баримт ирүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авсан. Өөрөөр хэлбэл “Эх Ган” ХХК-ийн талаар Эрүүгийн цагдаагийн газарт танилцуулга бичигдсэн эсэх, хий падаан бичсэн эсэх ялангуяа нэхэмжлэгч байгууллагатай холбоотой хий падаан бичигдсэн эсэх талаар татварын хяналт шалгалт, акт гарсан эсэх талаарх лавлагаа хүссэний дагуу дутуу баримт ирсэн. Зөвхөн 2022 оны 04, 05, 07 дугаар саруудын Е-баримтуудын талаар баримт ирсэн ба "шалгуур хангасан гэх мэдээллийн шивэлттэй баримт Хан-Уул дүүргийн татварын албанаас ирсэн 2021 оны баримт ирээгүй. Ирсэн баримтаар 2022 оны Е-баримтууд шалгуур хангасан" гэх мэдээллийн баримт ирсэн ба уг ирүүлсэн баримтаас хий падаан гэх агуулгатай нэг ч баримт ирээгүй байхад шүүх нотлох баримтаар огт үнэлээгүй атлаа худалдан авалт хийсэн мэт нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хий падаан гэж дүгнэсэн үндэслэлдээ татварын ерөнхий газрын программ Таблью системийн бусад цэс, и баримт цэс НӨАТ ийн хий бичилт цэснээс гарган авсан баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Энэхүү цахим программын цэс гэх баримт "цахим баримт" мөн эсэх, хуулийн шаардлага хангасан эсэх, ялангуяа хий падаан гэдгийг нотлох баримт мөн эсэхэд анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Энэхүү хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 15, 16, 17 дугаар зүйл, 26, 27 дугаар зүйл заалтуудыг анхаараагүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 38 дугаар зүйлийн 38.4, 38.7 дахь заалт 96 дугаар зүйлийн 96.1 заалтуудыг зөрчсөн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 119/2023/0036 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх гомдлыг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлтэй, зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй, утга найруулгын алдаатай байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

2. О Т нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тус аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023301223 дугаартай томилолтын дагуу “Н” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20230000032 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар нийт 2.797.243.636,4 төгрөгийн зөрчилд 249.376.140,69 төгрөгийн нөхөн татвар, 74.812.842,28 төгрөгийн торгууль, 36.756.886,88 төгрөгийн алданги нийт 360.945.870,12 төгрөгийн төлбөр тогтоожээ.

3. Нэхэмжлэгч уг НА-20230000032 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... хариуцагч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан “оролцогчийн эрх”, 26 дугаар зүйлд заасан “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа явуулах”, 28 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг хийхгүй байх” гэж тус тус заасныг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

4. Анхан шатны шүүх “... татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу... гүйцэтгэсэн байна. ...шийдвэр гаргах хэлбэр болон шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй. ...нэхэмжлэгч байгууллага татан буугдах хүсэлтээ гаргасан, хуулийн дагуу хяналт шалгалт явагдахыг мэдсэн, байгууллагыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон, захирал Г.Б******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татварын улсын байцаагч нартай биечлэн уулзаж ярилцсан ба шаардах эрхийг нь хуулиар зохицуулсан байхад нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэлээр хариуцагч нарыг буруутгаж, нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэлгүй. ...худалдан авалт хийж зардал гаргаагүй байхад гаргасан гэж орлогоо бууруулж татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна...” гэх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5. Учир нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч байгууллага нь татан буугдах хүсэлтээ татварын албанд гаргасан бөгөөд түүний эрсдэлийн үнэлгээ 68 оноотой байсан тул Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Татан буугдаж байгаа хуулийн этгээдийг энэ хуулийн дагуу эрсдэлтэй гэж тооцсон тохиолдолд татварын хяналт шалгалтад хамруулна” гэж зааснаар эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулсан.

6. “Н” ХХК-ийн захирал Г.Баттулгын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 23/12 дугаар итгэмжлэлээр уг хяналт шалгалтад нэхэмжлэгч компанийг төлөөлж оролцох төлөөлөгчөөр М.Ж*******ыг томилсон бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон захирал Г.Б******* нарыг оролцуулж, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл, ярилцлагын тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

7. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, ...шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

8. Түүнчлэн нэхэмжлэгч “Н” ХХК нь “А*******” ХХК, “Б*******” ХХК, “До*******” ХХК, “Б*******” ХХК, “Эх Ган” ХХК-иудаас худалдан авалт хийсэн гэж нийт 526.818.181,82 төгрөгийн хий падаан бичүүлсэн нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О нь нөхөн ногдуулалтын актын “А*******” ХХК, “Б*******” ХХК, “До*******” ХХК, “Б*******” ХХК-иудын хий бичилттэй НӨАТ-ын падаантай холбоотой маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

9. Харин “Эх Ган” ХХК-тай холбоотой падаанууд нь хий падан биш бодит ажил хийгдэж, бодит худалдан авалт хийсэн, нотлох баримтыг бүрдүүлэхгүйгээр хяналт шалгалт хийсэн, “...бэлэн мөнгөөр тооцоо хийхийг хуулиар хориглоогүй. ...НӨАТ-ын падаан дээр ч авсан, өгсөн гэдэг гарын үсэг байдаг... “...бэлэн мөнгөөр тооцоо хийсэн гэдэгтэй маргахгүй, ...дутуу хөтөлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь мөнгө авсан хүний гарын үсэг байдаггүй. ...Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйлийн 36.2.2-т зааснаар жишиг үнийн аргыг хэрэглэх боломжтой байсан гэж тус тус маргаж байна.

10. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж тус тус заажээ.

11. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Эх Ган” ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4103053017 дугаартай падаанаар 27.303.636,36 төгрөгийн, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4119618753 падааны дугаартай 25.772.727,27 төгрөгийн, 4119618754 падааны дугаартай 31.818.181,82 төгрөгийн, 4119618752 падааны дугаартай 33.318.181,82 төгрөгийн, 4119901601 падааны дугаартай 25.090.909,09 төгрөгийн, 4119901570 падааны дугаартай 28.636.363,64 төгрөгийн, 4119901369 падааны дугаартай 37.136.363,64 төгрөгийн

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4129872955 падааны дугаартай 19.545.454,55 төгрөгийн, 4129871711 падааны дугаартай 25.454.545,45 төгрөгийн, 05 дугаар сарын 31-ний өдрийн 4132219856 падааны дугаартай 33.818.181,82 төгрөгийн, 4132219858 падааны дугаартай 38.181.818,18 төгрөгийн, 4132232430 падааны дугаартай 44.318.181,82 төгрөгийн, 4132219855 падааны дугаартай төгрөгийн, 4132219857 падааны дугаартай 45.818.181,82 төгрөгийн, 4132232431 падааны дугаартай 46.590.909,09 төгрөгийн, 07 дугаар сарын 31-ний өдрийн 4136510658 падааны дугаартай 44.045.454,55 төгрөгийн, 4136510661 падааны дугаартай 46.863.636,36 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд оруулан тайлагнаж татвар төлөх дүнг бууруулсан болох нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Татварын ерөнхий газрын программаас гарган авсан баримтаар тогтоогджээ.

12. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь “Э*******” ХХК-иас бодитоор худалдан авалт хийсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй, энэ талаарх баримтаа хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй талаар хариуцагч тайлбарлаж байх тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.2.2-т заасан жишиг үнийн аргаар тооцох үндэслэлгүй.

13. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан тэрчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт утга найруулгын хувьд алдаатай байх тул залруулсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 36 дугаар зүйлийн 36.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн О Т Ж.Э, Ж.Э нарт холбогдуулан гаргасан “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-2023000032 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ                            

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН