Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/609

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           7          25                                   2022/ШЦТ/609

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000001792 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эфес” худалдааны төвийн урд талд хохирогч Ц.Т- үл ялих зүйлээс болж маргалдаж бессболлын цохиураар нүүрэн тус газарт нь цохиж түүний биед баруун дээд 1-р дүгээр шүдний хугарал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод буйланд цус хуралт, зулай, дагзны хуйх, дээд уруул, хоёр шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдлээ гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролыг өнөөдөр барагдуулна.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Эрүүгийн 2205000001792 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Т-ын хохирогчоор өгсөн: “Хохирогч Ц.Т-ын: “...2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад 10 дугаар хорооллын “Номин” худалдааны төвөөс эхнэрийг аваад харих гээд 10 дугаар хорооллын “Эфес” худалдааны төвийн нарийн замаар явж байхад 2809 УАА улсын дугаартай, хар өнгийн приүс 30 маркийн авто машин, 2701 УАВ улсын дугаартай 2 машин аваараа татаад “Эфес” худалдааны төвийн хажууханд зам дээр зогсож байсан юм. Хажуу талын замын урсгал чөлөөгүй байхаар нь сигналдаж гэрлээрэй дохисон. Миний араас машинууд мөн адил сигналдаад байсан. Тэгээд нөгөө талын урсгал чөлөөтэй болохыг хүлээж байгаад урсгал сөрөөд хажуугаар нь орж 2809 УАА улсын дугаартай жолоочид замаа чөлөөлөөчээ гэхэд “зайл чамд ямар хамаатай юм” гэхээр нь чи өөрөө зайл гэж хэлсэн. Удалгүй жолоочийн суудал дээр сууж байсан саарал өнгийн малгайтай цамцтай, саарал өнгийн женсин өмдтэй залуу чамайг ална гээд машинаасаа буугаад машиныхаа багажаас бессболлын төмөр мөнгөлөг өнгийн цохиур гаргаж ирээд өөдөөс ирэхээр нь би машинаасаа буугаад тэр залуу дээр очиж цамцных нь ханцуйнаас барьж авахад бессболлын цохиуртай залуу машиныхаа ард очсон. Урд талд зогсож байсан 2701 УАА улсын дугаартай машинаас нэг залуу гарч ирээд манай дүүг яагаад байна гэж хэлээд баруун талын гараас барьж авсан. Жолооч залуу буцаж ирээд намайг бессболлын цохиураараа ам хэсэг рүү нэг удаа цохиж цохиж үүдэн шүд хугалж цус гарахаар нь би бессболлын цохиурыг нь барьж аваад хувцаснаас нь нөгөө гараараа барьж авч зууралдаж байхад 2701 УАВ улсын дугаартай машинаас бууж ирсэн хар өмд, хар цамцтай, шар сортой урт үстэй залуу баруун шанаа руу нэг удаа цохисон. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7069 дугаартай “Ц.Т-ын биед баруун дээд 1-р дүгээр шүдний хугарал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод буйланд цус хуралт, зулай, дагзны хуйх, дээд уруул, хоёр шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ий яллагдагчаар өгсөн: “2022 оны 05 сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад орой 20 цагийн үед дэлгүүр орох гээд найз охин Лхагважавтай хамт машинтайгаа явж байсан юм. Тэгээд зам дагуу нэг хүн такси барих гэж зогсож байхаар нь тэр хүнийг аваад Андууд орох гэж байхад 10-р хорооллын Аз фарм эмийн сангаас эм авна гэхээр нь Эфэс худалдааны төвийн хажуу талд машин зам дээр машинаа зогсоогоод аваараа татаад зогсож байхад хажуу талд приус 30 маркийн цагаан саарал өнгийн машинтай эрэгтэй хүн ирж зогссоноо нэг юм яриад байхаар нь би цонхоо буулгаад яасан юм бол гэхэд намайг пизда минь замаас зайлаач гэж хараагаад байсан юм. Би юу гэнээ гэж хэлтэл машинаасаа бууж ирсэн. Би машинаасаа мөн адил буугаад багаажнаасаа модон саваа шиг хэлбэртэй гадуураа мөнгөлөг лакаар будсан бессболлын цохиур шиг хэлбэртэй модыг авсан. Тухайн үед машины жолооч надаас том биетэй байсан болохоор айсандаа тухайн модыг авсан юм. Нөгөө машины жолооч над руу ирээд миний нүүр рүү 2 удаа цохихоор нь хойшоо ухрахдаа гартаа барьж байсан модоор нүүр рүү цохчихсон юм. Удалгүй нэг танихгүй эрэгтэй хүн ирснээ тэр ахад чи яагаад жоохон хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гээд тэр 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж, барьцалдаж авахаар нь би машин руугаа суугаад гэр рүүгээ явчихсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эфес” худалдааны төвийн урд талд хохирогч Ц.Т- үл ялих зүйлээс болж маргалдаж бейсболлын цохиураар нүүрэн тус газарт нь цохиж түүний биед баруун дээд 1-р дүгээр шүдний хугарал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод буйланд цус хуралт, зулай, дагзны хуйх, дээд уруул, хоёр шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******- нь хохирогч Ц.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Ц.Т-ын хохирогчоор өгсөн: “...Жолооч залуу буцаж ирээд намайг бессболлын цохиураараа ам хэсэг рүү нэг удаа цохиж цохиж үүдэн шүд хугалж цус гарахаар нь би бессболлын цохиурыг нь барьж аваад хувцаснаас нь нөгөө гараараа барьж авч зууралдаж байхад 2701 УАВ улсын дугаартай машинаас бууж ирсэн хар өмд, хар цамцтай, шар сортой урт үстэй залуу баруун шанаа руу нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны 7069 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал), *******-ий яллагдагчаар өгсөн: “...бессболлын цохиур шиг хэлбэртэй модыг авсан. Тухайн үед машины жолооч надаас том биетэй байсан болохоор айсандаа тухайн модыг авсан юм. Нөгөө машины жолооч над руу ирээд миний нүүр рүү 2 удаа цохихоор нь хойшоо ухрахдаа гартаа барьж байсан модоор нүүр рүү цохчихсон юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Хэргийн хохирогч Ц.Т-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн нүүрэн тус газар руу бейсболын цохиураар нэг улдаа цохисон нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эфес” худалдааны төвийн урд талд шүүгдэгч *******- нь хохирогч Ц.Т-ын нүүр хэсэгт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргав.  

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон урьд нь ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 715.000 төгрөгийн нэхэмжлэлээс шатахууны нийт 28.000 төгрөгийн тодорхой бус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эмнэлгийн холбогдолтой 687.000 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс гаргуулж хохирогч Ц.Т-д олгохоор шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

          4.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 687.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Т-д олгосугай.

 

          6. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ц.ДАЙРИЙЖАВ