Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/619

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

улсын яллагч Т.Хонгорзул /томилолтоор/

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205005431750 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Б.Г- өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картыг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлснийг Ө.Т- нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олж, бэлэн мөнгөний машинаас 4.150.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гарган авч завшсаныг гэмт хэргийн замаар олсон мөнгө болохыг мэдсээр байж зээ хүү Ө.Т- авч, ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

           

             Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний зээ хүү Ө.Т- нь карт олсон гэж хэлсэн. Олон нийтийн байцаагчаар ажиллаж байгаа  сарын 460.000 төгрөгийн цалин авдаг.  Хохирлоо 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн төлж барагдуулна. Би тэтгэвэрт 400.000 төгрөг авдаг. Ө.Т-ийн эх нь тухайн хэрэг гарах үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Эх нь уушгины сүрьеэ өвчтэй, уушги нь цоорхой гэсэн өвчтэй. Эцэг нь бага байхад нь хаяад явсан. Энэ хэрэгт хамааралгүй хүмүүс. Би үлдсэн хохиролоо нөхөн төлнө.”гэв.

           

            Хохирогч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Зээлийн аппликейшнаас мөнгө зээлж аваад удалгүй алдсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд гарсан нийт хүүг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Нийт зээлийн хүү 1.950.000 төгрөг, сар бүр 324.885 төгрөгийн хүү төлөх ёстой. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хүүг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Нэг ч төлөлт хийгдээгүй тул Монгол банкны зээлийн хар дансанд орсон. 7.200.000 төгрөгийн нийт хүүг төлүүлэх хүсэлтэй байна. Хэрэв би мөнгөө алдаагүй байсан бол надад санхүүгийн хүндрэл үүсэхгүй, мөнгөө бүрэн төлж дуусгах боломжтой байсан. Мөнгөө алдсанаас болж бусад зээлийн төлөлтүүдийг хийж чадаагүй. Цагдаад мэдэгдсэн тул үүндээ найдаад өнөөдрийг хүртэл харсан. Хэрвээ мөнгөө алдаагүй байсан бол ийм асуудал үүсэхгүй зээлээ хугацаанд нь төлж явах байсан. Иймд хүүгээ бүрэн төлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

            Хоёр: Эрүүгийн 2205005431750 дугаартай хэргээс:

            1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Хаан банкнаас гаргаж өгсөн 1 ширхэг 988 гэсэн бичиглэлтэй СД рүү ороход ...СН5_2022-01-23_17-23-00_2022-01-23_17-28-15 гэсэн нэртэй хяналтын камерын бичлэг рүү ороход нийт 05 минут 15 секундийн АТМ-ний дээрээс харсан хяналтын камерын бичлэг байх ба бичлэгт 00 минут 05 секундэд Найкийн логотой саарал өнгийн саравчтай малгай, эрээн өнгийн куртиктэй үл таних эрэгтэй хүүхэд виза карт АТМ-руу хийж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 00 минут 51 секундэд Найкийн логотой саарал өнгийн саравчтай малгай, эрээн хөх өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай үл таних эрэгтэй хүүхэд АТМ-ээс карт авч байгааг харуулав.  Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 02 минут 53 секундэд Найкийн логотой саарал өнгийн саравчтай малгай, бор өнгийн ороолт, эрээн хөх өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай үл таних эрэгтэй хүүхэд баруун талын АТМ-аас мөнгө авалгүй картаа авч голд байрлах АТМ-ээс бэлэн мөнгө авч байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 02 минут 57 секундэд Найкийн логотой саарал өнгийн саравчтай малгай, бор өнгийн ороолт, эрээн хөх өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай үл таних эрэгтэй хүүхэд голд байрлах АТМ-ээс бэлэн мөнгө аваад дахин виза картаа хийж байгааг харуулав. БИЧЛЭГИЙГ үргэлжлүүлэн үзэхэд 03 минут 41 секундэд Найкийн логотой саарал өнгийн саравчтай малгай, бор өнгийн ороолт, эрээн хөх өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай үл таних эрэгтэй хүүхэд голд байрлах АТМ-нээс бэлэн дахин бэлэн мөнгө авч байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 03 минут 44 секундэд Найкийн логотой саарал өнгийн саравчтай малгай, бор өнгийн ороолт, эрээн хөх өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай үл таних эрэгтэй хүүхэд голд байрлах АТМ-ээс бэлэн мөнгө аваад баруун талын АТМ-рүү картаа хийж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 05 минут 05 секундэд Найкийн логотой саарал өнгийн саравчтай малгай, бор өнгийн ороолт, эрээн хөх өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай үл таних эрэгтэй хүүхэд баруун талд байрлах АТМ-ээс бэлэн мөнгө авч байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-13 дахь тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ын хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найз Эрдэнэболд, Мөнххүслэн нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Twin Horse нэртэй зочид буудлын өрөөнд /Өрөөнийхөө тоотыг санахгүй байна/ пиво уугаад сууж байтал миний 00000000 дугаарын утсанд Хаан банкнаас 4 удаагийн үйлдлээр 4.110.000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний картаас 4.110.000 төгрөгийн зарлага гардаг өдрөөс өмнө би 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу ирж байхдаа өөрийн найз Майнбаяртай ярихад Майнбаяр надад “найз нь найз бүсгүйтэйгээ Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin Horse нэртэй зочид буудалд байна гэхээр нь би за найз нь хөдөөнөөс хотод ирж явна. Одоо удахгүй хот руу орлоо, шууд яваад очъё, надад мөнгө байхгүй байна чи нэг өрөө дуусахаас өмнө надад нэг өрөө зохицуулчих гэхэд Майнбаяр зөвшөөрөхөөр нь би хот руу явж байх замдаа фейсбүүкээр танилцсан Мөнгөнцэцэг гэх эмэгтэйтэй чатлаад Мөнгөнцэцэг болон түүний найз Отгоо гэх эмэгтэйтэй орой хотод очоод уулзахаар тохирсон. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотод орж ирээд Майнбаяртай холбогдож байгаад шууд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Twin Horse нэртэй зочид буудалд ирэхэд Майнбаяр надад тухайн буудалд 60.000 төгрөгийн үнэтэй өрөө авч өгөөд би тухайн буудлын өрөөнд ороод Фейсбүүкээр танилцсан Мөнгөнцэцэг гэх эмэгтэйтэй холбогдоод Мөнгөнцэцэг найз Отгоо /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх эмэгтэйтэй хамт миний байсан Twin Horse зочид буудалд ирээд Майнбаяр, түүний найз бүсгүй, Мөнгөнцэцэг, Отгоо бид 5 Майнбаярын надад авч өгсөн гэх өрөөнд хамтдаа орж согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал Майнбаяр гэнэт найз бүсгүйтэйгээ маргалдаад Майнбаярын найз бүсгүй нь уурлаад яваад өгсөн. Майнбаярын найз бүсгүй явсны дараа Майнбаяр Отгоо гэх бүсгүйтэй өөрийнхөө байсан өрөөнд ороод би Мөнгөнцэцэгтэй хамт нэг өрөөнд ороод амраад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө Майнбаяр бид 2 Мөнгөнцэцэг болон түүний найз Отгоо нарыг явуулчхаад Twin Horse зочид буудлаас гараад Модны 2-н автобусны буудлын хойно нэг цайны газарт орж хоол идээд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ланд нэртэй зочид буудал руу ороод Майнбаяр бид хоёр 2 ортой нэг өрөө аваад тухайн буудалд Майнбаяр нэг үл таних эмэгтэй, би өөрийн найз бүсгүй Мөнххүслэнг дуудаад бид 4 тухайн буудалд архи уугаад сууж байтал Майнбаярын дуудсан гэх үл таних эмэгтэй гэнэт агсраад буудлын хаалга, ус буцалгагч гэх мэт эд зүйлсийг эвдээд байхаар нь би өөрийн найз бүсгүй Мөнххүслэнтэй хамт Ланд зочид буудлаас гараад Фанат нэртэй зочид буудалд орж хоносон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө би Мөнххүслэнг Фанат нэртэй зочид буудалд үлдээгээд Модны 2-н байран дунд байрлах нэг хүнсний дэлгүүр ороод хэдэн пиво, идэж уух зүйл аваад картаар гүйлгээгээ хийх гэхэд миний Хаан банкны виза карт алга болсон байсан юм. Би хэзээ хамгийн сүүлд виза картаа ашиглаж байснаа санахгүй байна. Би тухайн орой Twin Horse нэртэй зочид буудалд өөрийн данснаасаа зөвхөн интернэт банкаар гүйлгээ хийж байсан. Тухайн өдөр огт виза картаа ашиглаагүй. Надад хэтэвч байдаггүй болохоор би өөрийн виза картаа өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийсэн байсан. Яг ямар хувцасныхаа халаасанд хийсэн байсан гэдгээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-21 дэх тал)

 

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Т-ийн насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “ Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ах Бүрэнжаргалын эхнэр Золжаргал эгчид 1 лавлагааг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд Плаза худалдааны төвд хүргэж өгчихөөд буцаж гэр рүүгээ харихаар дээшээ өгсөөд Модны 2-ын автобусны буудал өнгөрөөд алхаад явж байтал Модны 2-ын автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд тал 2 байрны завсар руу эргэж ордог хэсгийн наад талд байдаг цагаан өнгөтэй Түц-ийн цонхон дээр гадна талд 1 ширхэг ногоон өнгөтэй Хаан банкны виза карт байхаар нь тухайн картыг аваад Модны 2-ын урагшаа явдаг автобусны буудлын хойд талд байдаг Боса нэртэй дэлгүүр рүү ороод тухайн виза картыг АТМ-рүү хийгээд эхлээд 2580 гэх кодыг хийхэд буруу байхаар нь виза картаа хийгээд 0000 гэж кодыг хийхэд зөв байж таараад тухайн АТМ-ээс шууд 50.000 төгрөг, авахад болж байхаар нь дахиж виза картыг нь хийгээд дансны үлдэгдлийг нь шалгахад 4.000.000 орчим төгрөг байхаар нь дахин 3.500.000 төгрөгийг аваад тухай АТМ-ээс гарч дээшээгээ хороолол руу  байран АТМ-ээс гарч дээшээгээ хороолол руу байран дундуур алхаж байгаад Сетозагийн автобусны буудал байдаг Хаан банкны АТМ орж нэг АТМ-рүү нь виз картыг хийж  300.000 төгрөг, 200.000 төгрөг аваад виза картыг авч хажууд байрлах АТМ-рүү хийж 100.000 төгрөгийг бэлнээр аваад шууд өөрийн эмээгийн гэр болох Элбэг их дэлгүүрийн урд байрлах 42-р байрны 54 тоотод орчиход эмээ гэрт байхаар нь эмээ Сэлэнгэд тухайн картыг олоод пин кодыг нь таасан чинь дотор нь 4.000.000 гаруй төгрөг байхаар нь авчихлаа гэж хэлээд АТМ-ээс авсан 4.150.000 төгрөгийг өгөхөд эмээ тухайн мөнгийг надаас аваад өөртөө 2.000.000 төгрөгийг үлдээгээд миний бага ах эмээгийн төрсөн хүү Билгүүнд 1.150.000 төгрөг, хүү Бүрэнжаргалд 1.000.000 төгрөгийг миний нүдэн дээр хувааж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-32 дахь тал)

 

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Билгүүний гэрчээр өгсөн: “Би хэрэг явдлын талаар саяхан мэдсэн. Тэр өдөр чинь хэзээ билээ дээ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ачилтын компани дээр ажилтай байж байгаад орой 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тухайн үед манай төрсөн ээжийн хүүхдүүд буюу эцэг ондоо Мөнхжин Ө.Т- нар манайд амьдарч байсан. Намайг бага байхад манай төрсөн ээж Өнөрсайхан нь намайг төрүүлээд өөрийн ээж буюу *******-д өргүүлсэн. Би эмээгээ ээж гэж дуудаж эмээгээрээ овоглож явдаг. Би гэртээ орж ирээд хоолоо идээд сууж байхад гаднаас Бүрэнжаргал ах орж ирсэн. Би хоолоо идэж дуусаад гар утсаараа оролдож байхад ээж Бүрэнжаргал ахын зээл мөнгө хэрэг болж байгаа эсэх талаар тодруулж байгаад Бүрэнжаргал ахад 1.000.000 төгрөг өгсөн. Би ажил дээрээ машины моторны өртэй байгаа гэдгийг ээж мэдэж байгаа учраас надад 1.150.000 төгрөг өгөөд машиныхаа өрийг дараад хэл ам татлалгүй аятайхан ажлаа хий гэж хэлсэн. Мөн тэтгэврийн зээл авсан талаараа ярьсан. Харин сүүлд 5 дугаар сарын дундуур ээж цагдаа дээр очсон талаар яригдаж юу болсон талаар ярьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал)

 

            5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Бүрэнжаргалын гэрчээр өгсөн: “Би хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Харин манай ээж тэтгэврийн зээл авсан гээд нэг өдр мөнгө өгсөн, хэзээ гэдгийг санахгүй байна. Би ажилгүй гэртээ нэлээн удаан байсан. Тэгээд нэг хүнтэй хамтарч ажил аваад барилга дээр ажиллаж байгаад гэгээ тасарч ажлаа дуусгаад 20 цагийн үед байх орж ирсэн. Манайхан бүгдээрээ байсан, би хоолоо идээд сууж байхад ээж надтай өр зээлийн талаар ярилцаж байгаад тэтгэврийн зээл авсан гээд надад 1.000.000 төгрөг өгсөн. Би түүнийг ажилгүй байх хугацаандаа хүмүүст өр тавьсан байсан болохоор түүнийгээ өгсөн. Цар тахал, хил гааль хаагдсантай холбоотой барилга дээр ажиллахаар ажилсан боловч бид нарын ажлын хөлсийг өгөхгүй үед барилгыг бид нар энэ тэнд өр зээл тавиад явдаг. Өвөлдөө ажил олдохгүй байдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал)

 

            6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Өнөрсайханы гэрчээр өгсөн: “Би хэрэг явдлын талаар мэдэхгүй. Би тухайн үед вакцин хийлгээд вакцины гаж нөлөөгөөр миний бөгсөн бие мэдээгүй болоод эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхад энэ үйл явдал болсон байна лээ. Сүүлд эмнэлгээс гарсан хойно 7 хоногийн дараа манай хүү Ө.Т- надад болсон үйл явдлын талаар хэлсэн. Би тухайн мөнгөнөөс нь аваагүй, ээж надад мөнгө өгөөгүй. Харин сүүлд нь сонсоход Бүрэнжаргал, Билгүүн нарт мөнгө өгсөн гэдгийг сонссон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал)

 

            7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******- яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байхад манай зээ хүү Ө.Т- хичээлээсээ өдөр орж ирсэн. Тухайн үед 18 цаг өнгөрч байсан. Орж ирээд гадна куртикнийхээ халааснаас 4 хэсэг болгосон их хэмжээний мөнгө гаргаж ирсэн. Би зээ хүү Ө.Т-гээс чи арай хулгай хийгээгүй биз дээ, юу болоод халааснаасаа ийм их мөнгө бариад ирэв гэхэд Ө.Т- би карт олоод АТМ-д хийгээд кодыг таагаад хийсэн болж байсан. Би картад байгаа мөнгийг нь авсан гэж хэлсэн. Би Ө.Т-гийн авчирсан мөнгөнөөс задгай байгаа мөнгийг төөлөхөд 150.000 төгрөг байсан. Бусад мөнгийг нь үргэлжлүүлэн тоолоход 4.000.000 төгрөг нийт 4.150.000 төгрөг болж байсан. Тухайн үед манай охин Өнөрсайханы бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан ба Ө.Т- манайд амьдарч байсан. Тэгээд тэр өдрийн 20 цагийн орчим манай хүү Бүрэнжаргал, зээ хүү Билгүүн нар гаднаас ар араасаа орж ирсэн. Би тэр хэдэд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр Бүрэнжаргалд 1.000.000 төгрөг өгөөд өр зээлээ дараарай гэж хэлсэн. Дараа нь Билгүүнд 1.150.000 төгрөг өгөөд сургууль төгсөх гэж байгаа юм байна өөрийн хэрэгцээтэй зүйлд ашиглаарай гэж хэлж өгөөд эмээ нь тэтгэврийн зээл авсан гэж тайлбарласан. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг хоол унд авахад зориулсан. Яг юу юунд зарцуулсан гэдгээ мэдэхгүй байна. Би хууль бус мөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглах уу яах уу гэж бодож бас байсан. Тэгээд мөнгө хэрэгтэй гэж бодоод гэр бүлдээ зарцуулъя гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)

 

            8. Хаан банкны 5076793618 тоот дансны гүйлгээ хийсэн тухай албан бичиг (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав.Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан болох нь:

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-13 дахь тал), Б.Г-ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө би Мөнххүслэнг Фанат нэртэй зочид буудалд үлдээгээд Модны 2-н байран дунд байрлах нэг хүнсний дэлгүүр ороод хэдэн пиво, идэж уух зүйл аваад картаар гүйлгээгээ хийх гэхэд миний Хаан банкны виза карт алга болсон байсан юм. Би хэзээ хамгийн сүүлд виза картаа ашиглаж байснаа санахгүй байна. Би тухайн орой Twin Horse нэртэй зочид буудалд өөрийн данснаасаа зөвхөн интернэт банкаар гүйлгээ хийж байсан...Надад хэтэвч байдаггүй болохоор би өөрийн виза картаа өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийсэн байсан. Яг ямар хувцасныхаа халаасанд хийсэн байсан гэдгээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-21 дэх тал), О.Ө.Т-гийн насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “...Модны 2-ын автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд тал 2 байрны завсар руу эргэж ордог хэсгийн наад талд байдаг цагаан өнгөтэй Түц-ийн цонхон дээр гадна талд 1 ширхэг ногоон өнгөтэй Хаан банкны виза карт байхаар нь тухайн картыг аваад Модны 2-ын урагшаа явдаг автобусны буудлын хойд талд байдаг Боса нэртэй дэлгүүр рүү ороод тухайн виза картыг АТМ-рүү хийгээд эхлээд 2580 гэх кодыг хийхэд буруу байхаар нь виза картаа хийгээд 0000 гэж кодыг хийхэд зөв байж таараад тухайн АТМ-ээс шууд 50.000 төгрөг, авахад болж байхаар нь дахиж виза картыг нь хийгээд дансны үлдэгдлийг нь шалгахад 4.000.000 орчим төгрөг байхаар нь дахин 3.500.000 төгрөгийг аваад тухай АТМ-ээс гарч дээшээгээ хороолол руу  байран АТМ-ээс гарч дээшээгээ хороолол руу байран дундуур алхаж байгаад Сетозагийн автобусны буудал байдаг Хаан банкны АТМ орж нэг АТМ-рүү нь виз картыг хийж  300.000 төгрөг, 200.000 төгрөг аваад виза картыг авч хажууд байрлах АТМ-рүү хийж 100.000 төгрөгийг бэлнээр аваад...эмээ Сэлэнгэд тухайн картыг олоод пин кодыг нь таасан чинь дотор нь 4.000.000 гаруй төгрөг байхаар нь авчихлаа гэж хэлээд АТМ-ээс авсан 4.150.000 төгрөгийг өгөхөд эмээ тухайн мөнгийг надаас авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-32 дахь тал), С.Билгүүний гэрчээр өгсөн: “...ээж Бүрэнжаргал ахын зээл мөнгө хэрэг болж байгаа эсэх талаар тодруулж байгаад Бүрэнжаргал ахад 1.000.000 төгрөг өгсөн. Би ажил дээрээ машины моторны өртэй байгаа гэдгийг ээж мэдэж байгаа учраас надад 1.150.000 төгрөг өгөөд машиныхаа өрийг дараад хэл ам татлалгүй аятайхан ажлаа хий гэж хэлсэн. Мөн тэтгэврийн зээл авсан талаараа ярьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), Г.Бүрэнжаргалын гэрчээр өгсөн: “...ээж надтай өр зээлийн талаар ярилцаж байгаад тэтгэврийн зээл авсан гээд надад 1.000.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), С.Өнөрсайханы гэрчээр өгсөн: “...Сүүлд эмнэлгээс гарсан хойно 7 хоногийн дараа манай хүү Ө.Т- надад болсон үйл явдлын талаар хэлсэн. Би тухайн мөнгөнөөс нь аваагүй, ээж надад мөнгө өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), *******- яллагдагчаар өгсөн: “..манай зээ хүү Ө.Т- хичээлээсээ өдөр орж ирсэн...гадна куртикнийхээ халааснаас 4 хэсэг болгосон их хэмжээний мөнгө гаргаж ирсэн...Ө.Т-гийн авчирсан мөнгөнөөс задгай байгаа мөнгийг төөлөхөд 150.000 төгрөг байсан. Бусад мөнгийг нь үргэлжлүүлэн тоолоход 4.000.000 төгрөг нийт 4.150.000 төгрөг болж байсан...Би тэр хэдэд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр Бүрэнжаргалд 1.000.000 төгрөг өгөөд өр зээлээ дараарай гэж хэлсэн. Дараа нь Билгүүнд 1.150.000 төгрөг өгөөд сургууль төгсөх гэж байгаа юм байна өөрийн хэрэгцээтэй зүйлд ашиглаарай гэж хэлж өгөөд эмээ нь тэтгэврийн зээл авсан гэж тайлбарласан. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг хоол унд авахад зориулсан. Яг юу юунд зарцуулсан гэдгээ мэдэхгүй байна. Би хууль бус мөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглах уу яах уу гэж бодож бас байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал), Хаан банкны 5076793618 тоот дансны гүйлгээ хийсэн тухай албан бичиг (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******- Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг,

хохирогчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй. Бусдын өмч болох дансанд байгаа мөнгийг цахим халдлага үйлдэж мөнгийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-т заасан кибер орчинд хууль бусаар цахимаар халдсан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоох шаардлагатай. 11 настай Ө.Т- нь гэмт хэргийн субъект биш боловч энэ гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөгч тогтоогоогүй. Мөн хэрэгт зохих ёстой хүмүүсийг иргэний хариуцагчаар татаж оролцуулах шаардлагатай. Ө.Т-ийн эх нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогүй, түүнийг багшийг тогтоосон нь хууль зөрчсөн. Иргэний хариуцагч тогтоогоогүй учраас энэ гэмт хэргийн гэм хорыг шүүгдэгч арилгах болсон. Хохирогч картаа хаясан эсхүл хулгайд алдсан зэргийг мэдэхгүй байна. Дээрх ажиллагааг хийлгэж гэмт хэргийг зүйлчлэлийг өөрчлөх шаардлагатай. Билгүүн, Бүрэнжаргал нарыг дахин шалгуулах шаардлагатай.” гэсэн,

            шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрөө нөхөн төлж байгаа. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн тухайд хохирогч өөрийн эд зүйлээ хадгалж хамгаалах ёстой боловч хэзээ хаана хаясан талаараа мэдэхгүйгээс бага насны хүүхэд болох Ө.Т- хохирогчийн өмгөөлөгчөөс хулгайн гэмт хэргийн шинжийг агуулсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Ө.Т- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн эмээ болох *******-д мөнгө өгсөн тухай, *******- нь тухайн мөнгийг тэтгэврийн зээл авсан гэж хүүхдүүддээ өгсөн тухайгаа дэлгэрэнгүй мэдүүлсэн. Энэ гэмт хэрэгт өөр хүн оролцоогүй тухай гэрч, шүүгдэгч, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн тухайн гэмт хэрэгт хяналтын прокурор яллагдагчаар татсан. Мөн Ө.Т-ийн эх нь тухайн гэмт хэрэг гарах үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь нотлогдон тогтоогдсон. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

            Хохирогчийн өмгөөлөгчөөс *******- холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Ө.Т-ийн холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан” гэх тайлбарыг гаргасан санал хүсэлтийн тухайд;

            Кибер гэмт хэрэг нь банк дахь мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж хохирогчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилсөн, хохирогч нь өөрийн эзэмшлийн данс руу нэвтрэх боломжгүй болж улмаар дансанд байрших мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх учиртай.

 

            Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгох бөгөөд Ө.Т-ийн тухайд хохирогчийн эзэмшлийн Хаан банкны виза картыг түц-ийн цонхон дээр гадна талд 1 ширхэг ногоон өнгөтэй Хаан банкны виза карт байхаар нь авсан гэж мэдүүлсэн, хохирогч Б.Г- нь өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картыг хэзээ, хаана, хаяж гээгдүүлсэн, эсхүл хулгайд алдсан эсэх талаараа санахгүй байна...би өөрийн виза картаа өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийсэн байсан. Яг ямар хувцасныхаа халаасанд хийсэн байсан гэдгээ санахгүй байна.” гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээс үндэслэн хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх, хэргийн зүйлчлэл тохирохгүй байна” гэсэн агуулга бүхий саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

 

 

           2022 оны 01 дүгээр сарын 18-нд хохирогч Б.Г- нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картыг гээгдүүлснийг гэмт хэргийн субьект болох насанд хүрээгүй 11 нас 12 сар 24 хоногтой Ө.Т- 2022 оны 01 дүгээр сарын 23-нд олж Баянгол дүүргийн 15 дугаар хороо Амарсанаагийн гудамж 66 тоот Боса дэлгүүрт байрлах АТМ-д 0000 гэсэн нууц кодыг хийж 17 цаг 10 минутад 50.000 төгрөг, 17 цаг 11 минутад 3.500.000 төгрөг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хорооллын Энэбишийн өргөн чөлөө 87-д байрлах АТМ-ээс 17 цаг 25 минутад 300.000 төгрөг, 17 цаг 26 минутад 200.000 төгрөг,  17 цаг 27 минутад 100.000 төгрөг нийт 4.150.000 төгрөгийг авч  өөрийн эмээ  *******-д аваачиж өгснийг *******- нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө авч гэр бүлийн хамаарал бүхий Г.Бүрэнжаргал, С.Билгүүн нарт “би тэтгэврийн зээл авсан, зээлээ төлцгөө” гэж худал хэлж захиран зарцуулсан байна.

 

            Мөнгө угаах гэдэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.

 

            Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн ашигласан үйлдэл эс үйлдэхүй юм.  

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

            Иймд шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

           Хяналтын прокурор 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай тогтоолдоо Ө.Т-д холбогдох хэргийг түүний 11 нас 12 сар 24 хоногтой нь ял оногдуулах насанд хүрээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.( хавтаст хэргийн 88-89 дэх тал)

 

           Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

            Шүүх хуралдаан дээр хохирогч талаас гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-т 4.150.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Г- нь “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Таван Богд Финанс ББСБ-тай цахим зээлийн гэрээ байгуулж, 4.150.000 төгрөгийн хохирол учирсны улмаас ББСБ-д зээлийн хүүгээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлхи хүү болох 1.950.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүллээ.

 

            Хохирогчид учирсан бодит 4.150.000 төгрөгийн хохиролоос шүүгдэгч *******- 3.550.000 төгрөг нөхөн төлсөн байх ба үлдэх 600.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

          Хохирогч Б.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотойгоор зээлийн хүүд 1.950.000 төгрөг нэхэмжилснийг  энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Г- өөрт учирсан хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

            Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

            Хохирогчийн өмгөөлөгчөөс “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдсэн хохирлыг нөхөн төлнө.”  гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүгдэгч *******- нь дээрхи гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохиролоос 3.550.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 600.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.

 

            Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч *******-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч *******- тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэв.

 

         

 

           Зургаа: Бусад асуудлын талаар.

            Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ********************** “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.            

3. *******- тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******-д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******-эс нийт 600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-т олгосугай.

8. Хохирогч Б.Г- гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэсэн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ДАЙРИЙЖАВ