Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2018/00249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00944/и 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ******* өөрийн байр, *******-д холбогдох

63.752.030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч *******-ийн захирал Т.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь *******-тай 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барилын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж хамтран ажиллахаар болсон билээ. 2014 оны 05 дугаар сард барилгын ажлаа эхлүүлж 2 орцтой 5 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн дуусгаж хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед байгууллага хоорондын тооцоо нийлээгүй бөгөөд *******-иас санал болгосны дагуу манай компанийн барьж байсан барилгаас 2015 оны 01 дүгээр сард 3 өрөө 59.41 мк орон сууцыг барилгын ажлын хөлсөнд тооцож өгч авахаар харилцан тохирсон. Манай компани нь ажлын хөлсөнд нийт 160.452.000 төгрөг авахаас 114.800.000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл болох 45.652.000 төгрөгнөөс 35.000.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд суутгуулан *******-ийн толгой компани болох *******-тай байгуулсан №35/14 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлснөөс хоорондын тооцооны үлдэгдэл болох 71.985.400 төгрөгнөөс өөрсдийн охин компани болох *******-руу 18.100.030 төгрөгийг мөн байрны тооцоонд оруулан шилжүүлснийг бид хүлээн зөвшөөрсөн ба хамтарсан комисс ажиллуулалгүйгээр дур мэдэн дангаар шийдвэр гаргаж гэрээгээр хийгдсэн ажлын хөлснөөс 10.652.000 төгрөгийг суутгаж одоог болтол үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Уг 3 өрөө орон сууц нь нийт 74.262.500 төгрөгний үнэтэй бөгөөд үүнээс бид толгой компани болох *******-ийн ажлын хөлснөөс 18.100.030 төгрөг охин компани болох *******-ийн ажлын хөлснөөс 35.000.000 төгрөг нийт 53.100.030 төгрөг төлсөн бөгөөд 21.162.470 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас ажлын хөлснөөс хасагдсан 10.652.000 төгрөгийг хасхаар нийт 10.510.470 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд *******-аас ажлын хөлснөөс суутгасан 45.652.000 төгрөг *******-аас шилжүүлсэн 18.100.030 төгрөг нийт 63.752.030 төгрөгийг *******-аас гаргуулж эсвэл байрны үлдэгдэл болох төлбөрийг төлөнгүүт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг *******-нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн ******* нь манай компаниас Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг 3 дугаар баг 1 дүгээр орц 4 давхар 59.41 мкв талбай бүхий 3 өрөө байрыг дараа төлбөрийг нь төлөхөөр харилцан тохиролцож авсан болно. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа болно. Бид гэрээтэй холбоотой төлбөрийг төлөөд дууссан. Гэрч ******* тухайн барилгын талбайн инженер байсан. Бетон цутгах болгондоо графикийн дагуу мөнгөө төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 45 652 000 төгрөг, *******-аас өгөх ажлын хөлсийг Сүлд ивээл ХХК-ийн байрны төлбөрт шилжүүлсэн 18 100 030 төгрөг, нийт 63.752.030 төгрөг гаргуулах, эсвэл байрны үлдэгдэл болох төлбөрийг төлөнгүүт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг *******-д даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж 63 752 030 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан болно.

Хариуцагч ******* нь төлбөрийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Дархан сумын 13-р багт орон сууцны 2 орцтой, 5 давхар барилгыг батлагдсан зураг, төсөв, барилгын норм дүрмийн хүрээнд технологийн дагуу чанартай сайн гүйцэтгэж, ашиглалтанд оруулах ажлыг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд дуусгах, ажлын нийт үнэ 160 452 000 төгрөг байхаар, төлбөрийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн, хариуцагч нь дансаар нийт 114 800 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Т.*******ийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 10-28/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 57 242 870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1559 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрхи хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн төлөөлөгч Н.Тэрбиш нь ...******* нь өгөх ёстой 18 100 030 төгрөгийг ******* руу шилжүүлсэн гэж тайлбар гаргасан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, харилцагчийн гүйлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас 18 100 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч *******-ийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансанд 2014.05.26-нд карказны үнэ 10 сая төгрөг, 2014.09.10-нд 2 сая төгрөг, бэлнээр 2 удаагийн үйлдлээр *******-ийн захирал Т.*******ид 2014.05.05-нд 20 сая төгрөг, 2014.06.05-нд 16 500 000 төгрөг өгсөн ингээд нийт 163 300 000 төгрөг төлсөн гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрч Х.*******ыг асууж тайлбар авсан бөгөөд гэрч нь ...2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр *******-ийн захирал Т.******* эхнэрийн хамт барилгын талбай дээр ирж бэлнээр 20 сая төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ирж 16 500 000 төгрөгийг авсан гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******-ийн захирал Т.******* нь бэлнээр мөнгө авч байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй болно.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд *******-ийн захирал Т.*******ид бэлнээр өгсөн 36 500 000 төгрөг нь Д.******* өөрийн банкнаас зээлсэн мөнгө байсан, компани нь нэг гишүүнчлэлтэй тул компанийн мөнгө гэж ойлгож болно гэж тайлбарлаж байгаа тул тухайн хэрэгт хамааралгүй гэж үзэхээр байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч *******-ийн захирал Т.*******ийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгт ...2015 оны 1 сард *******-ийн захирал Гансүхтэй утсаар ярьж төлбөрөө шаардахад төлбөр төлөх боломжгүй тул барьсан орон сууцнаас сонгоод ав гэсний дагуу 3 өрөө орон сууцны түлхүүр авч хадам аав, ээжийгээ нүүлгэж оруулсан гэсэн тайлбар, хариуцагчийн 2015 онд нүүж орсон гэсэн тайлбаруудаар нэхэмжлэгч тал нь төлбөр шаардаж байсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах, буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар төлбөрт орон сууцанд орохыг зөвшөөрснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т Ажлын нийт үнэ 160 452 000 төгрөг байна гэж зааснаар хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр 160 452 000 төгрөгөөс төлбөрт шилжүүлсэн 114 800 000 төгрөгийг хасч үлдэгдэл 45 652 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 63 752 030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,711 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас 476, 711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА