Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-т холбогдох 2216000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Б овогтой Д-н Ц.

Холбогдсон хэргийн талаар: 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багт байрлах өвсний фондын хашаанаас хохирогч С.М-н өмчлөлийн улсын дугааргүй “даюун-200” загварын улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 (нэг сая) төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Д.Ц-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багт байрлах өвсний фондын хашаанаас хохирогч С.М-н өмчлөлийн улсын дугааргүй “даюун-200” загварын улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 (нэг сая) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Д.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “...Би хохирогчийн мотоциклийг авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Дахиж ийм үйлдэл хийхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өглөө эрт Цогт сумын Баянтоорой тосгоны Ээж хайрхан ууланд албаны ажлаар явсан юм. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 25-нд шилжих шөнө 01 цагийн үед сумын төвд гэртээ ирээд унтаж амраад өглөө эрт босож сэрээд гэрийнхээ хажууд байсан улаан өнгийн мотоцикль алга болсныг хараад гайхаад надаас мотоцикль асуугаад аваад явсан хүн байгаагүй болохоор мөрийг нь араас нь хөөж явахад 1 км гаруй яваад мөрийг нь алдсан юм. Тэгээд таньдаг хүмүүсээс асууж тодруулж байгаад авсан хүнийг олж чадахааргүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22 дугаар  тал/, 

гэрч Ч.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сумын хойд талд байдаг Сухайд гэх газраас оройн 17 цагийн үед сумынхаа төвд байдаг гэртээ ирсэн юм. Тэгээд тус өдөр орой нь манай хүргэн болох Ц надад намайг өвсний фонд хүргээд өгчих гэж хэлэхээр нь Ц-н мотоциклийг асаагаад сумынхаа төвд байдаг өвсний фондын гадаа буулгаад буцаад гэр лүүгээ явчихсан юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өглөө Баянтоорой тосгоны Сухайд гэх газар луу ногоо тарих, хадлангийн талбайг манах ажилтай хөдөө явсан юм тэрнээс хойш сумынхаа төвд ирээгүй... Намайг өвсний фонд хүргээд өгчих би хүнээс юм авах гэсэн юм гэж хэлсэн. Чухам ямар ажилтай байсныг би асуугаагүй юм. Тэгээд намайг та гэртээ харьж бай гэж хэлэхээр нь би гэр рүүгээ буцаад явчихсан юм... Би маргааш өглөө нь босоод хөдөө явах гэж байхад гадаа нь нэг улаан мотоцикль байсан. Тухайн үед анзааралгүй явчихсан юм ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 06 сарын 26-нд Сухайнд гэх газраас гэртээ ирэхэд Ц гаднаас нэг мотоцикл авч ирсэн өөрийнхөө мотоциклд сэлбээд байж байсан. Өөр хүн байгаагүй ... Улаан өнгийн мотоцикль байсан бусдыг нь би мэдээгүй. Ц-с хэний мотоцикль манай гэрийн гадаа яах гэж байгаад байгаа талаар асуухад хүнээс авч ирсэн мотоцикль гэж хэлсэн. Тэгээд би буцаад 2022 оны 06 дугаар сарын 28-нд Сухайд баг руу явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/, 

хулгайд алдагдсан гэх мотоциклийн үнэлгээг 1,000,000 (нэг сая) төгрөгөөр тогтоосон Ашид билгүүн ХХК-н 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-921/2845 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дугаар тал/,

хулгайд алдагдсан эд зүйл буюу мотоциклийг хураан авсан тэмдэглэл,  түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч С.М-н гэрийн гадна байсан түүний эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Ц-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 69 дүгээр тал/, хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ц-тай уулзаад хохирол мөнгөө төлүүлж авсан. Надад энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт, гомдол гэх зүйл алга ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49  тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ц-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хоригдох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл  хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд мал маллаж амьдардаг тул түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан *************** арлын дугаартай “даюун-200” загварын мотоциклийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Д-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц-т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ************** арлын дугаартай “даюун-200” загварын мотоциклийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА