Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч А.Оюунгэрэл,           

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,  

шүүгдэгч _____, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____________гт холбогдох эрүүгийн 2103000000379 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

 

Монгол улсын иргэн, ________ оны 01 дүгээр сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн __________н задгайд оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, ___________

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч _________иг нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 17 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хасбаатарын гудамжны замд “Kia Bongo-3” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган зорчигч ________________г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ: 

 

“...Би маш их гэмшиж байна, надад хэлэх ч үг олдохгүй байна. Үнэхээр гэмшээд барахгүй байна..” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________ мэдүүлэхдээ:  

 

“...Бид 3-ыг харсан, 2 бродюрыг харсан гэж байна. Нэг бродюрыг мөргөсөн, гэхдээ машин мөргөх боломж байсан байна. Би өдөр болгон тэр замаар явдаг. Угаасаа тэр замаар өгсөж гэртээ харьдаг. Би өдөр болгон тэр замыг хардаг. Машин мөргөх боломж танд зөндөө байсан. Та машин засдаг, олон жил машин барьсан гэж байж яагаад сигнал өгч болоогүй юм бэ. Тоормос ажиллахгүй болсон юм бол дуут дохио өгсөн бол би ядаж хүүхдээ холдуулна шүү дээ. Дохио, аваараа дарж болно шүү дээ. Таныг хурд багатай явсан гэхэд итгэхгүй байна. Асар хурдтай явж ирсэн, хэрвээ удаан явсан бол машин чинь тийм болохгүй байсан. Би гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

 

2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 1-13 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П___________ын өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “2021 оны 11 сарын 29-ний өдөр ажил тараад би өөрийн хүү ___________ цэцэрлэгийн ангиас нь аваад 17 цаг 40 минутын үед ээж ****** таараад бид 3 **** зам руу салдаг уулзварын зүүн талд явган хүний гарцан дээр такси барих гээд зогсож байсан. Тэгсэн чинь ертөнцийн зүгээр баруун талаас цэнхэр өнгийн машин явган хүний зам дээр гарч ирээд буцаад зам руу орох үед миний хүү _________ дайраад хамаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,         

 

Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...ертөнцийн зүгээр баруун хойд талаас цэнхэр өнгөтэй Портер маркийн машин замын боржур даваад явган хүний зам руу гараад ирсэн тэгээд охин ****** хүүе гэж дуугараад хүүгээ татах гэтэл нөгөө машин хүү ________г хамаад доогуураа хийгээд буцаж зам руу ороод хүүгийн дээгүүр гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн /хяналтын камерын бичлэгийн тэмдэглэл /сд-2 ширхэг, хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2629-ний өдрийн дугаартай “Талийгаач _______ зүүн чамархайн цөмөрсөн хугарал, суурийн хөндлөн хугарлаас зүүн чулуулаг, турк эмээл, баруун чулуулаг, зулай яс руу үргэлжилсэн салсан хугарал, их тархины зүүн чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархины хөл, багана тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн чамархайн хуйхан доорхи болон булчингийн эдийн цус хуралт, зүүн чамархайн хуйханд урагдсан шарх, эрүү ясны хугарал, уруулд язарсан шарх, баруун зүүн шанаа, хацар, эрүү, зүүн чих, чихний ар хөхлөгийн хуйх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрхи гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 98-101 дэх тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 121 дугаартай “_______ биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дахь тал/

 

Амь хохирогч _______н 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан тухай бүртгэлийн баримт /хавтаст хэргийн 33 дахь тал/

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б______ын өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 16-ний өдөр өгсөн “Bongo-3” маркийн тээврийн хэрэгслийг Солонгос улсад ажиллаж амьдардаг ______э гэх хүний данс руу Монгол мөнгөөр 8.750.000 төгрөг шилжүүлж тухайн машиныг авхуулсан юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Enter Decision” гэх нэртэй гаалийн газар дээр буусан юм. _________ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэхээр нь гааль дээр буусан машинаа авхуулахаар хамт гааль руу очиж тэндээсээ машин жолоодуулаад ганцааранг нь Шар хад руу явуулсан юм. “Да хүрээ” худалдааны төвийн зогсоол дээр хүний машины сэлбэг янзалдаг байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

Э.Автотээврийн Үндэсний төв”ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 134-138 дахь тал/

 

Ю.”Кости-Эстимэйт” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Kia Bongo-З” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд “260.000 төгрөгийн шууд зардал, 70.000 төгрөгийн шууд бус зардал" гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 145 дахь тал/

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 196 дахь тал/

 

2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 327 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 147-148 дахь тал/,

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 191 дэх тал/, 

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 172 дахь тал/

/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________иг нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 17 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хасбаатарын гудамжны замд “Kia Bongo-3” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс явган зорчигч 5 настай __________ мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч _____г, түүний өмгөөлөгч М.Цэлмүүн нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 1-13 дахь тал/, мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _____н өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “2021 оны 11 сарын 29-ний өдөр ажил тараад би өөрийн хүү ______г цэцэрлэгийн ангиас нь аваад 17 цаг 40 минутын үед ээж _____эй таараад бид 3 ______ зам руу салдаг уулзварын зүүн талд явган хүний гарцан дээр такси барих гээд зогсож байсан.Тэгсэн чинь ертөнцийн зүгээр баруун талаас цэнхэр өнгийн машин явган хүний зам дээр гарч ирээд буцаад зам руу орох үед миний хүү Х_______йг дайраад хамаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, мөрдөн байцаалтад гэрч С_______ өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...ертөнцийн зүгээр баруун хойд талаас цэнхэр өнгөтэй Портер маркийн машин замын боржур даваад явган хүний зам руу гараад ирсэн. Тэгээд охин ______ал хүүе гэж дуугараад хүүгээ татах гэтэл нөгөө машин хүү _____г хамаад доогуураа хийгээд буцаж зам руу ороод хүүгийн дээгүүр гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн /хяналтын камерын бичлэгийн тэмдэглэл /сд-2 ширхэг, хавтаст хэргийн 20-23 дахь тал/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2629-ний өдрийн дугаартай “Талийгаач _____ зүүн чамархайн цөмөрсөн хугарал, суурийн хөндлөн хугарлаас зүүн чулуулаг, турк эмээл, баруун чулуулаг, зулай яс руу үргэлжилсэн салсан хугарал, их тархины зүүн чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархины хөл, багана тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн чамархайн хуйхан доорхи болон булчингийн эдийн цус хуралт, зүүн чамархайн хуйханд урагдсан шарх, эрүү ясны хугарал, уруулд язарсан шарх, баруун зүүн шанаа, хацар, эрүү, зүүн чих, чихний ар хөхлөгийн хуйх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрхи гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 98-101 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 121 дугаартай “______ын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дахь тал/, амь хохирогч ______йн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан тухай бүртгэлийн баримт /хавтаст хэргийн 33 дахь тал/, өрдөн байцаалтад иргэний хариуцагч _____ын өгсөн: “..._____г тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэхээр нь гааль дээр буусан машинаа авхуулахаар хамт гааль руу очиж тэндээсээ машин жолоодуулаад ганцааранг нь Шар хад руу явуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 134-138 дахь тал/, ”Кости-Эстимэйт” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Kia Bongo-З” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд “260.000 төгрөгийн шууд зардал, 70.000 төгрөгийн шууд бус зардал" гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 145 дахь тал/, _______йн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 172 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 196 дахь тал/, 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 327 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 147-148 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч _______г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.       

2. Шүүгдэгч ______г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар:     

  

  Шүүгдэгч _______иргэний хариуцагч _______ар нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П______ 10.700.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тэмдэглэе.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________л нь 21 хоног, 49 хоног хураасан төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.435.875 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ______, иргэний хариуцагч _______р нараас хувь тэнцүүлэн 1.435.875 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П_____лд олгохоор шийдвэрлэсэн болно.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________ал нь сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д______г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,     

Шүүгдэгч ________йн өмгөөлөгч _______үн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү..” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

  

       Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ________йг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ______ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______н цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдъя.           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар _______н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.  

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

 

            1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч _______г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.      

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ________ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.   

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.     

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ______г, иргэний хариуцагч _____р нараас хувь тэнцүүлэн 1.435.875 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч __________д олгосугай.   

 

 7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай. 

    

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ________йн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.  

 

9. Шүүгдэгч ________т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ____________т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ