Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0110

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0110

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  “П” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Д.Оийн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 215 тоот “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэрийн дүнд хүчингүй болсон МҮ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-ийн нэр дээр буцаан сэргээлгэх, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан бүх эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б  шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь дээр дурьдсан шийдвэрийг дараахь үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-ийн дагуу "илт хууль бус" гэж үзэж байна. Үүнд:

  1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Оийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 215 тоот шийдвэрийн үндэслэл болсон Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46тоот тогтоолыг хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Учир нь шинээр батлагдсан хууль ба Улсын Их Хурлын бусад шийдвэрүүд нь дор дурдсан хуулиудын дагуу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор нийтлэгдсэний үндсэн дээр хүчин төгөлдөр болох журамтай боловч дээрх УИХ-ын тогтоол нь өнөөдрийг хүртэл “Төрийн мэдээлэл” сэтгүүл дээр албан ёсоор нийтлэгдээгүй байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Хууль”, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтална”, Монгол улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Монгол Улсын Их Хурлын Чуулганы дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т “Хууль” УИХ-ын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1- "Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэх” эмхэтгэлд нийтэлнэ” гэж тус тус заасан.

 Гэтэл Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 тоот тогтоол нь өнөөдрийг болтол дээрх хуулиудад заасны дагуу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор нийтлэгдэж хүчин төгөлдөр болоогүй тул энэхүү тогтоолд үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 215 тоот шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-ийн дагуу хууль зүйн үндэслэлгүй буюу “илт хууль бус” гэж үзэж байна.

 2. Нөгөө талаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 215 тоот шийдвэрт манай компанийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж дурджээ. Бид энэхүү мэдэгдлийг дараахь үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компани нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын MV******* тоот тусгай зөвшөөрөл авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл шаардлага”-ыг бүрэн, тасалдалгүй хангаж Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд нь, жил бүр, өнөөдрийг хүртэл төлсөөр байна.

 Бид ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш олборлолтын ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажлыг нийт 4 жилийн турш хангаж улмаар 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй Улсын комиссоос манай уурхайг ажиллуулахад бэлэн болсон гэж үзэж 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 19-46 тоот “Уурхайг хүлээн авсан тухай Улсын комиссын акт”-ыг гаргасан. Тус актын 2.1.1-д“...ордыг ашиглах бэлтгэл ажил холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт зааврын дагуу хангагдсан гэж үзэв" гэж дүгнэсэн, түүнчлэн тус актын 2.1.2-т мөн “...уурхайг ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон гэж дүгнэж Улсын комиссоос уг үйлдвэрийг ашиглахыг зөвшөөрөв” гэж тус тус дүгнэсэн. Ийнхүү 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 19-46 тоот Улсын комиссын акт гарснаас хойш манай компани нь өнөөдрийг болтол олборлолтын ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байгаа буюу өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн үүрэг, нөхцөл шаардлагыг зөрчих аливаа онцгой нөхцөл үүсээгүй байна. Бид олборлолтын ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа шалтгаан нь дээр дурдсан Улсын Их Хурлын 46 тоот тогтоолыг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан зарим төрийн байгууллагын зүгээс бидний зарим зөвшөөрөл, төлөвлөгөөг батлахгүй үйлдэл, эс үйлдэхүй үзүүлсээр байгаатай холбоотой юм. Улсын комиссын актыг хавсаргав.

Өмнө нь бидний тусгай зөвшөөрлийн талаар О ТББ болон Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын хэсэг иргэдийн зүгээс Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл хүргүүлж байсан бөгөөд тус өргөдлийн дагуу Ашигт малтмал газрын тосны газраас манай компанид холбогдох шалгалтыг хийж, улмаар эдгээр иргэдэд (тэдний төлөөлөл болох иргэн Н.Ад ) Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14001 тоот албан тоотоороо "П ХХК-ийн MV******* тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлах хууль зүйн үндэслэл одоогоор байхгүй байна” гэсэн хариу хүргүүлсэн.

Өмнө нь бидний тусгай зөвшөөрлийн талаар О ТББ болон Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын хэсэг иргэдийн зүгээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл хүргүүлж байсан бөгөөд түүнийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо холбогдох хурлаараа авч хэлэлцэж манай компанийг аливаа зөрчилгүй гэж үзсэн. Өргөдлийн байнгын хорооны тус хурлын тэмдэглэлийг Улсын Их Хурлын Тамгын газраас нотлох баримтаар гаргуулах хүсэлтэй байна.

Бид Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг зохих журмын дагуу хийлгүүлж улмаар 2012 он болон 2017 онд (тодотголоор) тус тус Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулсан.

Бидэнд Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн яам болон бусад төрийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тухай аливаа мэдэгдэл, шаардлага өнгөрсөн хугацаанд нэг ч ирээгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж болох нийт 11 үндэслэлийг тодорхой заасан. Гэвч эдгээр үндэслэлүүдийн алинд ч “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэсэн үндэслэл байхгүй, тусгагдаагүй буюу ийм шалтгаанаар тусгай зөвшөөрөл цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Мөн “П” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагад дараахь байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтэй байна:

 “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай" 215 тоот шийдвэрийг“ илт хууль бус" болохыг тогтоолгох” гэснийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын кадастр хэлтсийн Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оийн 2020 оны 6 дугаар сарын 17 -ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 215 тоот шийдвэрийг “илт хууль бус" болохыг тогтоолгож тус шийдвэрийн дүнд хүчингүй болсон MV******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-ийн нэр дээр буцаан сэргээлгэх, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан бүх эрхийг сэргээлгэх” гэж өөрчлөх хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...215 дугаар шийдвэрийг 2 үндэслэлээр илт хууль бус болгуулах байр суурьтай байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-т заасны дагуу тухайн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх ёсгүй байсан гэж үзэж байна.

Энэ шийдвэр нь өөрөө Улсын их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн тогтоол дээр үндэслэсэн. Уг тогтоол Ашигт малтмалын газраас шийдвэр 6 дугаар сарын 17-ны өдөр гарахад хүчин төгөлдөр болоогүй байсан учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт н.О даргын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон шийдвэрт тусгагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг ноцтой удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэл дурдсан байдаг ба уг шийдвэрийг илт хууль бус байна гэж үзэж байгаа.

Нэгдүгээр үндэслэлийн хүрээнд Улсын Их Хурлын тогтоол нь дараах 4 хуулийн үндсэн дээр Төрийн мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог. Тус хуулиуд нь Улсын Их Хурлын тухай хууль, Их Хурлын Чуулганы дэгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтуудаар Их Хурлаас гарсан шийдвэр төрийн мэдээлэлд нийтлэгдээд 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Тус заалтуудын дагуу хүчин төгөлдөр болоогүй байсан учраас энэ шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзсэн.

Хуучин Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Улсын Их  Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “ууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Их Хурлын Чуулганы дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т “Хууль Улсын Их Хурлын бусад шийдвэрийг төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ” гэж заасан байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын тамгын газарт төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ” гэж тус тус заасан байдаг. Иймд тус хуулиудын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кдастрын хэлтсийн даргын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 215 тоот шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй илт хууль бус байна гэж үзэж байна.

Нэгдүгээрт 215 тоот шийдвэрт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан үүргээ ноцтой удаа дараа зөрчсөн гэж бичсэн байдаг. Үүнд 5 үндэслэл дурдана. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан үндэслэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн. Тус хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хадгалах үүргийг, А зөвшөөрлийг 2015 оны 8 дугаар сард авснаас хойш өнөөдрийг хүртэл тогтмол цаг хугацаанд нь төлж ирсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа.

Хоёрдугаарт А зөвшөөрлийг авснаас хойш тухайн ордыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хийсэн ба 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Уул уурхайн хөнгөн үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмалын газар, Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналт гэсэн 4 үндсэн байгууллагын бүрэлдэхүүнтэй Улсын комисс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “П” ХХК-ийн уурхай ашиглалтад оруулах бэлтгэл ажилд Улсын комисс шалгалт ороод тус өдөр 1946 тоот шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т Ордыг ашиглах бэлтгэл ажил холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт зааврын дагуу хангагдсан гэж үзэв гэж заасан байна. Тус актын 2.1.2-т Уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон гэж дүгнэж Улсын комиссоос уг үйлдвэрийг ашиглахыг зөвшөөрөв гэсэн акт гаргасан. Өөрөөр хэлбэл 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр уг уурхайг хууль тогтоомжийн дагуу, зөрчсөн зөрчил байхгүй гэж зөвшөөрсөн шийдвэр гарсан байгаа.

Гуравдугаарт Хэнтий аймгийн Б******* Б******* сумын хэсэг хүмүүсийн зүгээс Улсын Их Хурлын хөгжлийн байнгын хороонд өргөдөл хүргүүлж байсан. Тус өргөдлийн хүрээнд “П” ХХК-д шалгалт явуулсан. Шалгалт явуулсны дараа Хөгжлийн байнгын хорооны холбогдох хурлаар авч хэлэлцээд тус компанийг хууль зөрчсөн асуудал гаргаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан.

Дөрөвдүгээрт энэ шалгалттай холбоотойгоор Ашигт малтмалын газрын тосны газраас мөн шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнд 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 1/1001 тоот албан бичгээр дүгнэлт мэдэгдлийг хүргүүлсэн. Тус дүгнэлтэд “П” ХХК-ийн МБ******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлах хууль зүйн үндэслэл одоогоор байхгүй байна гэсэн хариуг өгсөн байдаг.

Тавдугаарт А лиценз авахдаа мөн Улсын комисст уурхайг хүлээлгэж өгөхдөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Эхнийх нь 2012 онд хийлгэсэн бол 2017 онд тодотгол оруулж мөн хийлгэсэн. Уг үнэлгээг зохих хууль тогтоомжийн дагуу хийлгэж хүлээлгэн өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх тусгай зөвшөөрөл 2013 онд авсан. Тухайн үеэс Ашигт малтмалын газар өдөр болгон дэмжиж ажиллаж байсан. Манай компани нь Уул уурхайг ашиглалтад оруулахад бэлддэг 36 төрлийн зөвшөөрөл байдаг.

Манай компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулсан хүлээсэн үүрэг бас байдаг. Хууль бусаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа шийдвэрт тусгай хамгаалалтад авахаас гадна удаа дараа хууль зөрчсөн гэх асуудал хөндсөн нь давхар хөрөнгө оруулагч талдаа хүндрэлтэй байдал үүсэж байна. Энэ асуудлыг онцгой анхаарч өгнө үү. Хариуцагч талаас газар дээр очиж нотлох баримт цуглуулж хавсаргасан гэж байна. Үүнтэй холбоотой тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн 435 тоот шийдвэрийн хувьд 215 тоот шийдвэрийн тухай гаргуулж аваад дараа нь тусдаа хандах асуудал юм.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Н.Б: Ашигт малтмалын үүрэг гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр нь хүнд цохилт болж байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учир хөрөнгө оруулагчийнхаа өмнө хүлээсэн үүрэгтэй, хамтран ажиллах гэрээтэй байгаа. Гэтэл удаа дараа хууль зөрчсөн гэх асуудал нь гадаадын хөрөнгө оруулагч талд гэрээнийхээ үнэ, хариуцлага хүлээх давхар хүчин зүйлтэй болж байна. Манай компани нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Хууль зөрчсөн гэж шийдвэртээ тусгаж байгаа бол хууль зөрчсөнийг баталгаажуулсан ямар нэгэн Улсын байцаагчийн дүгнэлт, акт, шүүхийн шийдвэр ч юм уу зүйлүүдийг нотлох баримт гэж байгаа. Үүнтэй холбоотой тайлбарыг шүүхэд өмнө нь гаргаж өгсөн байгаа. Гуравдагч этгээдийн хийсэн хэргийг бид илрүүлээд аюулгүй болгоод, аюултай байгааг нь судлаад зохих ёсны байгууллагаар хэмжүүлээд судалгааг нь хийлгүүлээд аюулгүйн байдлыг хангуулаад ашигт малтмалын үйл ажиллагааг явуулах эрхийг нь аваад ажилласан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.  

Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг Шургадагийн гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр “П” ХХК-д олгосон байна.

Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” батлагдан гарсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4 1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 194 дүгээр “хилийн заагийг тогтоох тухай” тогтоолоор батлагдсан хилийн заагтай давхцалтай байсан байна.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.

Гэтэл “П” ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4 2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргана” гэсэн заалтын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөх олговор авах тухай хүсэлтээ хууль, журамд заасан хугацаанд гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй юм. Учир нь Нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “...хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй...” болохыг дурдсан байна.

Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сард Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан бөгөөд улмаар Монгол улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах мөн Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Гол мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл 'Тол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана.” гэж заасан хугацаанд “П" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлөө ирүүлээгүй байна.

Хоёр. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14,1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичгийг тус тус үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 215 дугаар шийдвэрээр “П” ХХК-ийн Хэнтий аймгийн Б******* Б******* сумдын нутаг Шургадагийн гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8/2818 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олон хуулийн заалтыг барьсан. Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 42.2 гэх ийм заалт бол байхгүй. Мөн 43.4 гэх зүйлт заалт бас байхгүй. Дандаа хүчингүй болсон зүйл заалтуудыг барьсан байгаа нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-ийг барьсан байгаа ба үүнд Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал алдаатай нийтлэх бөгөөд гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Монгол Улсын Чуулганы дэгийн тухай хууль гэж байна энэ нь 5 дугаар сарын 13-нд хүчингүй болсон зүйл заалт байгаа. 434 ба 435 дугаар шийдвэртэй маргахгүй гэж байна. Энэ нь 6 дугаар сарын 17–ны өдрийн 215  дугаар шийдвэрийг зөвтгөөд эерэг нөлөөлөл бүхий энэ шийдвэр нь ашигтай гэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу өмнөх 215 дугаар шийдвэр эрх хэмжээнийхээ хүрээнд тус шийдвэр нь буруу байна гэж үзээд хүчингүй болгоод 434 дүгээр шийдвэрээр хүчингүй болгоод дараа нь 435 дугаар шийдвэрээр “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 12 дугаар сарын 9-ны өдөр цуцалж байгаа. Үүнд маргахгүй гэснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлмээр байна. Нэхэмжлэгч нь хүчингүй болсон 215 дугаар шийдвэртэй маргаад байна. Манайх 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр тус компанийн Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын нутагт байрлах 19023 тусгай зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цуцалсан. 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах 46 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Би өөрөө газар дээр нь очиж үзэхэд ямар ч хүн байгаагүй хэдэн хамгаалагч хүүхэд байсан. Эд нар нь хууль бусаар талбай руу хүн оруулаад машинтай чулуу зөөж байгаад баригдсан зүйл болсон. Хууль бусаар газар ухсан байсан.

Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө 215 тоот шийдвэрийг илт хууль болохыг тогтоолгох гэж байгаа. Гэтэл 215 тоот шийдвэр нь хүчингүй болсон байгаа. Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гаргасан тогтоол нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “П” ХХК-ийг төлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал Н.Б шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хандаж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Д.Оийн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 215 тоот “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаа “...илт хууль бус болохыг тогтоолгож, тус шийдвэрийн дүнд хүчингүй болсон МҮ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-ийн нэр дээр буцаан сэргээлгэх, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан бүх эрхийг сэргээлгэх” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан, дээр дурдсан үндсэн болон нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... УИХ-аас шинээр батлагдсан хууль болон бусад шийдвэрүүд нь Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтлэгдсэний үндсэн дээр хүчин төгөлдөр болох журамтай атал 215 тоот шийдвэрийн үндэслэл болсон, УИХ-ын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол...нь өнөөдрийг хүртэл “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор нийтлэгдээгүй...хүчин төгөлдөр болоогүй тул...215 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “илт хууль бус”,...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг...зөрчөөгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч, үндсэн шаардлагын хувьд “...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоол,Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын албан бичгүүдийг үндэслэж Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргасан...уг маргаан үргэлжилж байх явцад Кадастрын хэлтсийн дарга 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 434 болон 435 дугаар шийдвэрүүдийг гаргасан, эдгээр шийдвэрүүдтэй нэхэмжлэгч маргаагүй...” гэж эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутагт орших “Шургадагийн гол” нэртэй талбайд хайгуул хийхийг зөвшөөрч ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компанид олгосноор тус компани нь Ашигт малтмал газрын тосны газартай 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ” байгуулан ажиллаж байсан, гэрээний хугацааг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан,

2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн хайгуулын 779,32 гектар талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч МҮ-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г*******” ХХК-д 2045 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон,

“Г*******” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр оноосон нэрээ өөрчлөн “П” ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн,

“П” ХХК нь уг тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлснөөр тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан,

Тус компанийн, тусгай зөвшөөрлийн талбай дахь алтны үндсэн ордыг далд уурхайн аргаар ашиглах уурхайг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Даар ахлуулсан Улсын комиссоос “...уг уурхай нь ашиглалтын...шаардлага хангасан” гэж үзэж...үйлдвэрийг ашиглахыг зөвшөөрч, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон,

Түүнчлэн нэхэмжлэгч компани нь “Шургадагийн голын алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг тус тус 2012 он болон 2017 онуудад боловсруулан эрх бүхий байгууллагуудад хүргүүлж батлуулсан,

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1\1001 тоот Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хгээс иргэн Н.Ад хүргүүлсэн албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах 11 үндэслэлийг хуульчлан заасан бөгөөд дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хууль зүйн үндэслэл одоогоор байхгүй байгааг тайлбарласан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол гарсан, уг тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн “...байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай..., 4.Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын нутагт орших Г*******-Х******* голын байгалийн цогцолборт газрын ангиллаар..., 3.  Г*******-Х******* голын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 4 дүгээр хавсралтаар баталж, 4....хилийн заагийг тогтоохыг Монгол улсын Засгийн газарт даалгасан,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02\4426 дугаар бүхий “Тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Ст “...улсын тусгай хамгаалалтад шинээр авсан Г*******-Х******* голын эх орчмын нутагт олгогдсон “П” ХХК-ийн МҮ-******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгож, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах”-ыг хүссэн,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Дэд сайдын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02\4204 дүгээр “Тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Ст “...улсын тусгай хамгаалалтад шинээр авсан “Г*******-Х*******” голын эх орчмын нутагт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгож, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах”-ыг хүссэн байна.

 Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Д.Оийн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 215 тоот “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичгийг тус тус үндэслэн “П ХХК нь Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг Шургадагийн гол нэртэй 779.32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэн, энэ тухай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8\2818 дугаар албан бичгээр тус компанид мэдэгдсэн байна.

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “...Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоол нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор нийтлэгдээгүй тул уг тогтоолыг үндэслэж гарсан шийдвэр нь “илт хууль бус” гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж, Улсын Их Хурлын тухай хууль /2006 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны акт болох “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2020 оны 215 дугаар шийдвэрийг гаргахдаа Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолыг үндэслэсэн, энэхүү Улсын Их хурлын 46 дугаар тогтоол нь тухайн маргаан бүхий 215 дугаар шийдвэрийг гарах үед “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор нийтлэгдээгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан ёсоор нийтлэгдэн, 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

Үүнээс үзвэл маргаан бүхий 215 дугаар шийдвэр гарах үед тухайн шийдвэрийн нэг үндэслэл болох Улсын Их хурлын 46 дугаар тогтоол “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээгүй байсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Д.Оийн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 215 тоот “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 215 дугаар шийдвэрийг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дарххь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй дээрхи үндэслэл нь тухайн захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоох үндэслэлд  хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад Улсын Их хурлын 2020 оны 46 дугаар тогтоол нь хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болж эрх зүйн үйлчлэл үзүүлсэн, одоо уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа, нэхэмжлэгч тал уг тогтоолтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх “хүчин төгөлдөр болоогүй Улсын Их Хурлын тогтоолыг үндэслэсэн нь илт хууль бус” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгчийн, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 434 дүгээр шийдвэрээр “Монгол улсын Их хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсгийг тус тус үндэслэн Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байх тул дээрх тогтоолыг үндэслэн гарсан “П” ХХК-ийн Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгчийн, 2020 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож... шийдвэрлэсэн,

Мөн  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгчийн, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” шийдвэрээр “П” ХХК нь Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг Шургадагийн гол нэртэй 779.32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч эдгээр шийдвэрүүдийн талаар мэдсэн боловч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, харин “...434 дүгээр шийдвэр нь хариуцагч захиргааны байгууллага нь манай нэхэмжлэлийн шаардлагын 2 үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч...өмнөх 215 дугаар шийдвэрээ хүчингүй болгосон...” гэсэн үндэслэл дурдан 434 дүгээр шийдвэрийг иш татаж, улмаар өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжсэн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...эдгээр 434 болон 435 дугаар шийдвэрүүд нь хоорондоо холбоотой, 215 дугаар шийдвэрээр зохицуулсан харилцааг захиргааны байгууллага өөрийн эрхийн хүрээнд илүү нарийвчлан зөвтгөж гаргасан шийдвэр...” гэж тодорхойлон маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж зааснаас үзвэл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрхийг хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгосон, хариуцагч захиргааны байгууллага уг эрхийн хүрээнд өөрийнхөө гаргасан 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй, энэ нь нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн хувьд үр дагавар үүсгэсэн хэвээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан 434 дүгээр шийдвэр нь зөвхөн Улсын Их Хурлын 46 дугаар тогтоолтой холбоотойгоор 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон, харин хариуцагчийн шинээр гаргасан 435 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бусад үндэслэлүүдийг хэвээр үлдээсэн байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэгэнт нэхэмжлэгч эдгээр захиргааны акттай маргаагүй тул 434, 435 актуудын талаар шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн, “...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх үндэслэлийн тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Д.Оийн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 215 тоот “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” шийдвэр гарсны дараа тус газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон ажлын хэсгээс Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор нэхэмжлэгч компанийн талбайд газар дээр нь очиж танилцах, холбогдох арга хэмжээг авах чиг үүрэгтэй ажилласан,

Уг ажлын хэсгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудсаар...уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компанид нөхөн олговор олгох, талбай дүйцүүлэн олгох арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэх...санал гаргасан,

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 02\4629 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдаас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хд хандаж “Мэдээлэл хүсэх тухай” албан бичгийг хавсралтын хамт хүргүүлсэн байх ба уг албан бичигт “...П” ХХК-ийн газрыг чөлөөлүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгээс ажиллах явцад...нуун далдалсан, хууль бусаар олборлолт явуулсан байж болох 2 босоо амыг илрүүлж...битүүмжлээд байна, иймд хууль тогтоомжид заасан арга хэмжээ  авах”-ыг хүссэн үйл баримтууд тогтоогдов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нуун далдалсан 2 цооног илэрсэн, хууль бус олборлолт хийсэн нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл” гэж тодорхойлон маргасныг нэхэмжлэгч үгүйсгэж хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайлбал:

Нэхэмжлэгч компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хд хүргүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19\113 дугаар албан бичигт “...далд уурхайн бэлтгэл ажил хийх явцад 2010-2017 онуудад хууль бус алт олборлогчдын үлдээсэн цооног, нүхнүүд илэрсэн...тул түүнийг аюулгүй болгох талаар...чиглэл хүссэн,

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хгаас нэхэмжлэгч компанид хүргүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 5\6098 дугаар албан бичигт “...төлөвлөгөөт албан томилолтоор 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажиллахад...цооног, нүхнүүд үүссэн бөгөөд үйл ажиллагааны явцад цөмрөх нуралт үүсэж Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул...зураг төсөл дахин боловсруулан аюулгүй болгох хүртэл 2019 оны ашиглалтын төлөвлөгөөг түдгэлзүүлж, хүдэр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдсэн,

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хд 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 19\125 дугаар албан бичгээр “...2 сарын хугацаанд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу ажиллаж зөрчлөө зассан болохоо мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлсэн” гэж үндэслэн маргав.

Ашигт малтмалын тухай хуулийн 27.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ” 27.1.3-д “энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх” гэж, мөн хуулийн 6 дугаар бүлгийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах…” гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй”, 10.1.5-д “тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас дээрх захиргааны актыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичгүүд болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд түүний нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

Тухайлбал, нэхэмжлэгч компани нь Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 583 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ006125 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж улмаар 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж ажиллаж байгаад 2015 оноос ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болсноос үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хүлээх үүргийг хэрэгжүүлэх ёстой этгээд мөн.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т  Төрийн захиргааны байгууллага нь “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” эрхтэй гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон хяналт тавих чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд уг шийдвэр нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, тус компанийн уурхайн талбайд нуун далдалсан 2 цооног илэрсэн нь тогтоогдсон, энэ үндэслэлээр тус компанийн уурхайн олборлолтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байсан боловч энэ нөхцөл байдал нь Ажлын хэсгийн шалгалтын явцад дахин тогтоогдсон, ажлын хэсгээс тухайн 2 цооногийг битүүмжилж хаасан талаар илтгэх хуудсанд тэмдэглэснээс үзвэл нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.     

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас “...215 дугаар шийдвэр гарсны дараа хийсэн шалгалт тул шийдвэрийн үндэслэлд хамаарахгүй...” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар…захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж, мөн хуулийн  106.3 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар тогтоосон журамд нийцүүлэн 215 дугаар шийдвэрийг “сөрөг нөлөөлөл бүхий хууль бус акт” гэж үзэж хүчингүй болгосноор уг актын үйлчлэл дууссан, хүчингүй болсон 215 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр байх тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлээгүй, уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “...тус шийдвэрийн дүнд хүчингүй болсон МҮ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-ийн нэр дээр буцаан сэргээлгэх, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан бүх эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан Улсын Их хурлын 2020 оны 46 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа, хариуцагч нь 46 дугаар тогтоолыг нэг үндэслэл болгон тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, тухайн асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж нөхөх олговор, хохирол нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 27 дугаар зүйлийн 27.1.3, 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-иас гаргасан, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оийн, 2020 оны 6 сарын 17-ны өдрийн 215 тоот “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус шийдвэрийн дүнд хүчингүй болсон МҮ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-ийн нэр дээр буцаан сэргээлгэх, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан бүх эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН