Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1414

 

МАГАДЛАЛ

 

2017.06.19                                                  Дугаар 1414                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Термигас Импианти Технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00714 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Термигас Импианти Технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт болон дараа төлөхөөр авсан мөнгө нийт 180 062 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Энхсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Д.Мижидсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Ховд аймгийн Ховд хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хамтран гүйцэтгэхээр 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13/30 дугаартай "Түншлэлийн гэрээ"-г Хот төлөвлөлтийн хүрээлэн компанитай байгуулан, гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн боловч манай компанид төлөх ёстой гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр, барьцаа төлбөрийг "Хот төлөвлөлтийн хүрээлэн"   ХХК нь шилжүүлэхгүй байсан бөгөөд манай компани ч олон удаа шаардахад, тус   компани нь "улсын төсвөөс авах санхүүжилтийг авч чадаагүй байна" гэсэн хариуг удаа дараа өгч, бид ч энэ байдлыг нь ойлгон хүлээж байсан. Гэтэл "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК нь гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл санхүүжилтийг улсын төсвөөс      бүгдийг нь авчихсан болохыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Барилга, Хот байгуулалтын яамнаас манай компанид ирүүлсэн албан тоотоос мэдсэн болно. Гэрээний 1 дүгээр хавсралтаар нийт ажил, зардлын хэмжээг, 2 дугаар хавсралтаар талуудын хийх ажлыг хуваарилсан. Ажлыг 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 3 дугаар cap хүртэл хугацаанд хийх байсан. Нэхэмжлэгч архитектур, орон зайн төлөвлөлтийн зургийн ажлын 50 хувь, нийгэм эдийн засгийн төлөвлөлтийн зургийн 15 хувь, автозамын сүлжээний зургийг 100 хувь, ногоон байгуулалтын төлөвлөлтийн зургийг 100 хувь хийхээр тохиролцсон, үүнд 237 187 000 төгрөг оногдох ёстой. Энэ нь нийт зургийн ажлын 37 хувь болж байгаа. Нэхэмжлэгч талын мэргэжилтнүүд 2014 оны 04 дүгээр сарын 9 гэхэд ажлаа бүрэн хийж хүлээлгэн өгсөн. Хөлснөөс 120 374 100 төгрөгийг өгсөн. 116 813 400 төгрөгийг өгөөгүй. Мөн анх ажлын гүйцэтгэлийн баталгааны төлбөр 63 250 000 төгрөгийг нэхэмжлэгчийг эхлээд төлчих, дараа нь өгнө гэсэн боловч бас өгөөгүй. Мөнгийг төлнө гэдгийг хариуцагч 2014 оны 9 дүгээр сараас 2016 он хүртэл хэлж байсан, ажил дутуу хийсэн, болоогүй гэж ер хэлж байгаагүй, гүйцэтгэлийн ажлын санхүүжилт ирээгүй л гэдэг байсан. Одоо нэхэмжлэгчийн логог ашигласан явж байгаа, ажил муу байгаад өөрсдөө хийсэн бол тэр логог ашиглахгүй байсан. Ажлыг яам хүлээн авсан. Нэхэмжлэгч Барилга хот байгуулалтын яаманд хандсан. Нийт ажлын үнэ 1.2 тэрбум төгрөгийг хариуцагчид өгсөн гэсэн бичиг ирсэн. Иймд "Түншлэлийн гэрээ"-ний дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, мөн гэрээнд заасан барьцаа төлбөр зэрэг нийт 180 062 900 төгрөгийг "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн засгийн газраас тусгайлан хурал зөвлөгөөн зохион байгуулж аймаг орон нутгийг хөгжүүлэхэд дэлхийн тэргүүний хөгжилтэй улс орнуудын хот төлөвлөлт, хот байгуулалтын бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх арга замыг судлаж ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар өгсөн үүргийн дагуу бид "Термигас Импианти Технологи ХХК"-тай түншлэлийн гэрээ байгуулж Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Ажил үйлчилгээ гүйцэтгэх үе шатны дагуу мэргэжлийн байгууллагуудад танилцуулах, батлуулах, засварлах шатандаа ажил явагдаж байна. "Термигас Импианти Технологи" ХХК нь түншлэлийн гэрээний дагуу өөрсдийн гүйцэтгэсэн ажлын чанар стандартыг хариуцна, ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас гаргаж өгсөн техникийн даалгаврын шаардлага хангасан ажлыг хүлээлгэж өгнө, талууд гэрээт ажлыг хуваарилалтын дагуу гүйцэтгэсэн ажлаа холбогдох байгууллагуудад хамгаална зэрэг гэрээний гол заалтуудыг зөрчсөн, гэрээт ажлыг гүйцэтгэх явцад цаг хугацааны алдагдалд орон нэмэлт зардал санхүүжилт гарсан болно. Мөн хамтран ажил үйлчилгээ гүйцэтгэх түншлэлийн гэрээг нэгтгэж дүгнээгүй, 2 мэргэжилтэн нь хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн юм. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадваргүй хүмүүс байсан. Зураг нь монголын стандарт норм дүрмийн шаардлагыг хангаагүй, экспертизээр баталгаажаагүй. Ажлыг засан сайжруулж хийсэн. Ажлаа хянаж хамгаалах, орон нутагт хүлээлгэж өгөх, сургалт зохион байгуулах зэрэг ажил хийгдээгүй. Иймд бид өөрийн баг хамт олноор ажлыг шинэчлэн хийж мэргэжлийн байгууллагуудаар хянуулсан бөгөөд ажил үйлчилгээ өнөөдөр эцсийн төвшиндөө дуусаагүй байна. Хэрэв энэ асуудлыг ингэж шийдвэрлээгүй бол өнөөдөр төр засгийн өмнө хоёр тал хариуцлага хүлээх байсан. Гэрээгээр санхүүжилтийг захирал н.Робертод нь өгөх ёстой, тэр нь ажлаасаа гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК-иас 180 062 900 төгрөгийг гаргуулж "Термигас Импианти Технологи" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 058 264 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 058 264 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг шийдвэр нь ажлын гүйцэтгэлд бодит дүгнэлт гаргаагүй, зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хэт барьж гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд, Түншлэлийн гэрээний биелэлтийг талууд албан ёсоор дүгнээгүй. Хүлээлгэж өгсөн гэх материалууд нь судалгааны материал төдий учир техникийн баримт бичгийн шаардлага, норм, стандартыг хангаагүй. Гүйцэтгэсэн ажлаа экспертизээр оруулж дүгнэлт гаргуулаагүй. Барилга, хот байгуулалтын яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар оруулаагүй. Барилга, хот байгуулалтын яамны сайдын зөвлөлийн хурлын зөвлөмжийн дагуу засварлаагүй. Засгийн газрын хуралдаанаар батлуулахад оролцоогүй. Орон нутагт зохиогдсон уулзалт, санал авах, хэлэлцүүлэг хийх, баримт бичиг хүлээлгэж өгөхөд оролцоогүй болно. Дээрхи үндэслэлүүдээр гэрээний 1.2; 1.4; 6.1; 6.5 дахь гол чухал заалтуудыг биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд “Термигас Импианти Технологи” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд магадлал, аудитын дүгнэлт гаргуулж шийдвэрийг хянан үзэж шударга үнэнд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Термигас Импианти Технологи” ХХК нь хариуцагч “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт болон дараа төлөхөөр авсан мөнгө нийт 180 062 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Түншлэлийн гэрээ”-ний үүрэгт ажлын хөлс болон  барьцаанд төлөгдсөн 63 250 000 төгрөгийн хамт гаргуулах гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...ажлыг хагас дутуу хийсэн, экспертизээр оруулаагүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын зургийн 37 хувийг хийж гүйцэтгэх, үлдэх хэсгийг хариуцагч гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, үр дүнг 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсаныг хариуцагч нь “...гэрээ дүгнэсэн баримт биш...” гэж тайлбарласан байна.

Хэдийгээр талууд гэрээг дүгнээгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авснаа үгүйсгээгүйгээс гадна ажлын хөлсний үлдэгдлийг төлөх талаар 2015 оны 03 дугаар сарын 10, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдэж байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил гэрээнд заасан шаардлага хангаагүй, доголдолтой байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа, Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчээр хариуцагч компани ажиллаж, гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгсөн талаар Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3/1712 тоот албан бичигт тэмдэглэгдсэн байна.

Дээрх баримтуудаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр    сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00714 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан...” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 058 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

                                                                                             М.НАРАНЦЭЦЭГ