Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2018/00078/и |
Дугаар | 218 |
Огноо | 2018-02-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00078/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ******* холбогдох,
Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоот, 3 өрөө орон сууцыг Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын бланс бүртгэлээс хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2013 оны 8 дугаар сард гэрийнхээ ойролцоо орон сууц худалдан авахаар хайж байгаад Дархан-Уул аймаг ******* тоот орон сууцыг худалдан авсан. Миний худалдан авсан орон сууц нь тухайн үед цагдаагийн даргаар ажилладаг хүний орон сууц байсан. Уг орон сууцыг улсад ажил хөдөлмөр эрхэлдэг байсан хүний эзэмшлийн орон сууц учраас эрхийн доголдолгүй гэж бодсон. Тухайн үед орон сууц худалдан авахдаа Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газрын нэг цонхны үйлчилгээн дээр очиж байрны ордероо өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Анх 2016 онд байрны тооллого болох үед худалдан авсан орон сууцаа Улсын бүртгэлд давхар эзэмшигчийн бүртгэлтэй гэдгийг мэдсэн. Гэхдээ нялх хүүхэдтэй байсан учраас орон сууцтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Миний зүгээс Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд байрны асуудлаа шийдвэрлүүлэхээр хандаж байсан. Гэтэл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай гэж хэлсний үндсэн дээр 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Шинэхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, орон сууцны дансанд 4 496 440 төгрөгийн блансын үнэ бүхий 1626 дугаарт бүртгэлтэй нийтийн эзэмшлийн 5 давхар ******* тоот 3 өрөө байр нь Шарын гол сумын иргэн ******* овогтой ******* өмчлөлд улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй давхар эзэмшилтэй байна. Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 3 дугаар сарын 31-ний №14 дүгээр тогтоолын хавсралтын 308 дугаар мөрөнд уг байрыг иргэн ******* овогтой ******* хувьчилж, эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэр гарсан байдаг. Сумын архиваас материал шүүж үзэхэд 2008 онд Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийн тооллогоор барилга орон сууцны дансанд ******* тоот байрыг 2 248 220 төгрөгөөр орлого авсан байна. 2008 оны Төрийн сангийн орлого, зарлагын баримтыг шүүж үзэхэд төсвөөс хөрөнгө гараагүй байсан. Уг байрыг ямар шийдвэрээр орлогод авсныг нотлох тодорхой баримт олдсонгүй. ******* тоотод сумын Цагдаагийн тасагт томилогдож ирсэн иргэн И. 2013 оны 6 сар хүртэл амьдарч байсан бөгөөд иргэн С.*******т худалдаж шилжин явсан. И. энэ байрыг Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэлтэй байдаг гэдгийг мэддэг байсан. Дээрх байрны хууль ёсны эзэмшигчийг хуулийн хүрээнд шийдвэрлэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ******* холбогдуулан Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоот, 3 өрөө орон сууцыг Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын бланс бүртгэлээс хасуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргааны зүйл болох Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоот, 3 өрөө орон сууцыг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай Орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай тогтоолоор *******гийн , Т., Б. нарт хувьчлагдан, 2010 оны 7 дугаар сарын 23-нд Орон сууц бэлэглэх гэрээгээр ******* регистрийн дугаартай И.ын өмчлөлд, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр С.******* өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны хурлын тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.******* нь 2013 оноос тус орон сууцанд оршин сууж, дулаан, ус, цахилгааны төлбөр төлж байгаа болох нь Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, Дулаан шарын гол ТӨХК-ийн Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийн тооллогоор барилга орон сууцны дансанд ******* тоот байрыг 2 248 220 төгрөгөөр орлогод авсан давхар бүртгэлтэй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын бланс бүртгэлээс Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоот, 3 өрөө орон сууц бүртгэснийг хасах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын бланс бүртгэлээс Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоот, 3 өрөө орон сууц бүртгэснийг хассугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА