Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

                       

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа

         Улсын яллагч З.Алтансолонго

          Хохирогч Ц.Амгаланзаяа, түүний өмгөөлөгч Б.Ганзориг

         Шүүгдэгч Ж.Түвшинсанаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Халзад овогт Жаргалсайханы Түвшинсанаад холбогдох эрүүгийн 2136000000129 дугаартай,178/2022/0135/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Баялаг Буянт ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, өвөө, эхнэр 2 хүүхдийн  хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 1-6 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ПЮ96032515 регистрийн дугаартай, Халзад овогт Жаргалсайханы Түвшинсанаа

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ж.Түвшинсанаа нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж буй “Дөрвөн улирал” амралтын газарт 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ц.Амгаланзаяагийн толгойд вискины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 9-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт “ Дөрвөн улирал” амралтын газарт болсон байв.Хашаан дотор цувуулж барьсан саарал өнгийн нэг давхар 4 ширхэг байшин, хоёр ширхэг монгол гэр байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-16-р хуудас/

Эд зүйл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн  18-25-р хуудас/

Гэрч Э.Батнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Энхтүвшин, Амгаланзаяа, Очироо бид дөрөв Дөрвөн улирал амралтын газар ирээд авчирсан виски шар айргаа уугаад байж байтал Түвшинсанаа, Одонбаяр хоёр ирсэн.Бид нар тэнд 22 цаг хүртэл байж байгаад аймгийн төв орж ирээд Х бааранд ороод нэг шил виски аваад хувааж уусан. Би нэлээн согтсон байсан учраас уугаагүй.Орой 23:40 цагийн үед баар хаах үеэр Түвшинсанаагийн таньдаг хүү нь гэх залуу ирээд “ амралтын газар хүргээд өг” гэсэн.Бид нар согтууруулах ундаа уучихсан байсан болохоор Түвшинсанаагийн таньдаг  дүүгийн 2 найзаар Одонбаярын машиныг бариулаад амралтын газар луу явсан. Одонбаяр Очироо хоёр үлдсэн. Бид Амгаланзаяа, Энхтүвшин, Сээгий, Дүүгий бид 5 амралтын газар ирээд үлдсэн шар айргаа уугаад сууж байтал Түвшинсанаа нэг таньдаг дүүтэйгээ машинаар ирсэн.Би нэлээд согтоод орон дээр хэвтэж байтал Түвшинсанаа хамт ирсэн найзтайгаа гарсан. Өрөөнд Амгаланзаяа, Сээгий, Дүүгий бид дөрөв үлдээд байж байтал гадаа маргалдах чимээ гарсан. Амгаланзаяа “ юу болж байнаа” гээд гараад “ та нар больцгоо” гэж байсан. Удалгүй Ж.Түвшинсанаа ууртай орж ирээд орон дээр сууж байтал түүнтэй хамт ирсэн залуу Амгаланзаяа хоёр орж ирэх үед Ж.Түвшинсанаа ширээн дээр байсан вискины шилийг аваад Амгаланзаяагийн өмнө орж ирсэн залуу руу шидсэн чинь онолгүй Амгаланзаяагийн толгой хэсэгт оносон. Амгаланзаяа толгойгоо бариад доошоо суухад толгойноос нь цус гарч байсан. Би очоод Ж.Түвшинсанаа руу уурлахад Ж.Түвшинсанаа босч ирээд Амгаланзаяаг “ эмнэлэг явъя “ гээд нөгөө хамт ирсэн залуугийн машинд суугаад найзаар нь машинаа бариулаад аймгийн төв рүү явсан... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/

Гэрч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж.Түвшинсанаа ах Жаргалбаяр бид гурав гараад тамхилж байтал Ж.Түвшинсанаа ах над руу үг хаяад “чи олигтойхон үнэтэй цамц өмсөж чадах уу, чамд 160000 төгрөгний үнэтэй цамц байна уу”  гэхээр нь би “ сургуулиа төгсөөд ажилтай болчихвол өмсөж болох байлгүй” гэсэн чинь уурлаад миний толгойн зүүн тал руу гараа атгаж байгаад 3 удаа цохихоор нь би  холдоод зогссон чинь Ж.Түвшинсанаа ах миний машины хаалга руу өшиглөөд хаалганы нугасыг нь салгах гээд байхаар нь би очоод “ та яагаад байгаа юм бэ” гээд тэврээд авсан чинь гайгүй болсон. Тэгтэл байшингаас Амгаланзаяа ах гарч ирээд “ Түвшинсанаа чи болиоч “ гээд байшин луу оруулаад над дээр ирээд “ ахын дүү зүгээр үү” гэхээр нь би “ зүгээр “ гэхэд намайг дагуулаад байшин луу орсон.Намайг Амгаланзаяа ахтай хамт өрөөнд оронгуут Түвшинсанаа ах над руу ширээн дээр байсан вискины шилийг шидсэн.Уг шил нь намайг биш миний араас орж ирсэн Амгаланзаяа ахыг оносон. Батням ах босч ирээд Түвшинсанаа ахыг “ чи яаж байгаа юм бэ” гээд уурлахад Түвшинсанаа ах босч ирээд эмнэлэг явъя гээд бид нар явсан... гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/

Гэрч Б.Жаргалбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...гадаа тамхилж байтал тэр ах манай найз Билгүүнийг “ хөдөөний мал, бацаан” энэ тэр гээд Билгүүний толгойны зүүн тал руу 3 удаа цохисон.Тэгснээ Билгүүний машины цонх руу өшиглөөд хаалгыг нь онгойлгоод нугасыг нь эсрэг дараад байсан. Тэгтэл байшингаас нэг ах гарч ирээд найзыгаа “ болиоч” гээд оруулсан.Тэр ах Билгүүн бид хоёрыг байшин луу дагуулаад эхлээд Билгүүн тэр ах хоёр орсон. Би байшин руу орох гээд явж байтал урдаас Билгүүний араас байшин руу орсон ах толгойгоо дарчихсан толгойноос нь цус гарчихсан гарч ирсэн. Билгүүнтэй маргаад байсан ах “найзыгаа уучлаарай, Билгүүнийг онох гээд чамайг оночихлоо” гээд машинд суугаад бид нар эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/

 

Гэрч С.Сэнгүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... намайг өрөөнд ороход Амгаланзаяа толгойгоо дараад сууж байсан, баруун чихний дээд чамархай хавиас цус гарч байсан.Тухайн вискины шил Амгаланзаяаг оноод хаалганы гадаа үүдэн хэсэгт унаад хагарсан... гэх мэдүүлэг / хэргийн 45-46-р хуудас/

Гэрч О.Дүүрэндалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж.Түвшинсанаа хоймор байх ширээний араас босоогоороо вискины шил далайж байгаад Б.Билгүүн лүү шидтэл тэр шил нь Б.Билгүүнийг онолгүй,хамт байсан Ц.Амгаланзаяагийн баруун чихний дээд хэсэгт оноод хаалганы гадна унаж хагарсан. Тэгээд Ц.Амгаланзаяагийн толгойноос цус гарахад  Түвшинсанаа, Б.Билгүүн, Б.Жаргалбаяр  нар эмнэлэг рүү аваад явсан. Билгүүний машины жолооч талын хаалга хаагдахгүй байхаар “ яасан юм” гэхэд Билгүүн “ Түвшинсанаа ингээд хаячихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 47-48-р хуудас/

Гэрч Т.Энх-Амарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.Амгаланзаяа шөнийн 03 цагийн үед чихнээс нь цус гарсан, баруун талын чамархай хэсгээс цус гарсан байдалтай ирсэн.Томографийн зураг авахад чамархай хэсгийн цус хуралт, суурь ясны хугарал гэсэн оноштой байсан... гэх мэдүүлэг / хэргийн 50-р хуудас/

Хохирогч Ц.Амгаланзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би амрах гээд амралтын өрөөний орон дээр хэвтэж байтал гадаа Билгүүн, Түвшинсанаа хоёр маргалдах чимээ гарсан.Тэгэхээр нь би гараад тэр хоёрын маргааныг болиулаад буцаад амралтын өрөөнд орж ирсэн тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна.Ж.Түвшинсанаа миний толгойн хэсэгт цохисноос болж миний чихэнд бас гэмтэл учирсан байна гэсэн.Гэхдээ энэ гэмтлийг Ховд аймагт оношлохгүй гэсэн учраас Улаанбаатар хотод очиж оношлуулна, одоо Ховд аймагт хийлгэж байгаа чихний эмчилгээ бол хэнгэрэг, урагдалт, цооролтонд эмчилгээ хийлгэж байгаа.Би 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Жаргалант сумын Бичигт багийн 2-62 тоотод байрлах хашаандаа Түшиг гэх нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байсан ба  биедээ гэмтэл авснаас хойш 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дэлгүүрээ ажиллуулж чадаагүй,манай дэлгүүр өдрийн 500000 төгрөгний орлоготой.Дэлгүүрийн орлоготой холбоотой зардал 16 сая төгрөг нэхэмжилнэ.Намайг өвчтэй байхад миний төрсөн эгч Ц.Амарзаяа хотоос ирж намайг асарсан.Эгч Ц.Амарзаяагийн Ховд аймагт ирэх зардал,чөлөө авсан хугацааны цалинг мөн нэхэмжилнэ ...гэх мэдүүлэг / хэргийн 66-68-р хуудас/

Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 427 дугаартай ...Ц.Амгаланзаяагийн биед баруун талын чамархай яс болон суурь ясны хугарал,тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун талын чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт, баруун чамархай хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.Ц.Амгаланзаяагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...  гэх дүгнэлт / хэргийн 71-р хуудас/

 

Шүүгдэгч Ж.Түвшинсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Отгонбаярын хамт 21 цагийн үед “Дөрвөн улирал” амралтын газар очиход Амгаланзаяа, Энхтүвшин, Очироо, Батням дөрөв хөзөр тоглоод сууж байсан.Бид нар тэнд архи ууж байж байгаад буцаад аймагт орж ирээд Х бааранд ороод 1 шил виски аваад уугаад бүжиглэж байтал баар хаах болоод бид нар гарсан. Амралтын газар луу буцаад явах гэж байтал миний таньдаг Билгүүн гэх залуу баарны гадна таарахаар нь “ намайг амралтын газар хүргээд өг “ гээд дэлгүүрээс нэг шил виски аваад бид нар амралтын газарт ирсэн.Амралтын газар ирээд вискигээ уугаад юм ярьж байгаад би Билгүүнтэй маргалдахад Билгүүн “ ах гадаа гараад учраа ольё” гэхээр нь гадаа гарахад Билгүүн над руу “ чи яагаад баярхаад байгаа юм, чиний баян тэндээ л байгаа биз” гэсэн.Би согтуу учраас Билгүүнтэй маргаад зууралдаж байтал Амгаланзаяа гарч ирээд “ больцгоо” гээд бид хоёрыг салгаад би өрөө рүү түрүүлээд орсон.Миний араас Билгүүн Амгаланзаяа хоёр орж ирэхээр нь би Билгүүнийг айлгах санаатай вискиний хоосон шил аваад Билгүүний зогсож байсан хаалганы эсрэг талын хогийн савны зүг шидтэл Амгаланзаяа бүжиглэж байгаад миний шидсэн шилэнд оногдчихсон.Тэгээд Амгаланзаяагийн толгойноос нь цус гарахаар би сандраад Билгүүний машинаар аймаг руу орж эмнэлэгт очсон... гэх мэдүүлэг / хэргийн 101-102-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Түвшинсанаа нь найзуудын хамт “Дөрвөн улирал” гэх амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Б.Билгүүнтэй маргалдаж улмаар түүнийг өрөөнд орж ирэх үед ширээн дээр байсан вискиний хоосон шил авч шидсэнээс түүнтэй хамт өрөөнд орж ирсэн Ц.Амгаланзаяагийн толгойн тус газарт онож түүний биед хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Түвшинсанаа нь хохирогч Ц.Амгаланзаяатай найз нөхдийн холбоотой,түүнийг цохих, зодох маргалдах шалтгаан нөхцөл үүсээгүй харин согтуурсны улмаас Б.Билгүүнтэй маргалдаж түүнийг өрөөнд орж ирэх үед вискиний шил шидсэнээс тухайн үед Ц.Амгаланзаяаг онож гэмтэл учруулсан байх ба Б.Билгүүнд гэмтэл учруулах боломж байсан нь хэргийн үйл баримтаас харагдаж байна.

Иймд шүүгдэгч Ж.Түвшинсанаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

Шүүгдэгч Ж.Түвшинсанаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.Амгаланзаяагийн мэдүүлэг, тухайн хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч нар болох Э.Батням, Б.Билгүүн, С.Сэнгүн, О.Дүүрэндалай, Б.Жаргалбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ц.Амгаланзаяаг эмнэлэгт хүлээн авч үзлэг хийсэн эмч Т.Энх-Амарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хэрэг учрал болсон газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Түвшинсанаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз нөхөдтэйгээ зүй бус харьцаж, уур бухимдлаа барьж дийлээгүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Түвшинсанаа ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа хүлээж байна.Бодит хохирол болох 15 сая төгрөгийг төлсөн. Шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй... гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Амгаланзаяа шүүхийн хэлэлцүүлэгт “...миний бие нь хүнд гэмтэл авсан болохоор цаашид эмчилгээ шаардлагатай байгаа.Миний хараа сонсгол муудсан. Үүнийг Ховд аймагт бүрэн оношлох боломжгүй байгаа.Тухайн өдөр би найздаа тусалж гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх гэж байгаад өөрөө гэмтэл авсан. Би зээл аваад дөнгөж бизнесээ эхлүүлээд явж байгаа. 3 жоохон хүүхэдтэй, хүүхдээ ч тэвэрч чадахгүй байна. Нэхэмжилсэн 24 сая төгрөгний хохирлоос үлдсэнийг нь гаргуулахыг хүсч байна.Ж.Түвшинсанааг манай эхнэр хүүхэд,болон ээж ааваас албан ёсоор уучлалт гуйхыг хүсч байна... гэх мэдүүлэг тус тус өгсөн.

Шүүхээс шүүгдэгч Ж.Түвшинсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Амгаланзаяагийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Ц.Амгаланзаяа түүний өмгөөлөгч нараас 24391346 төгрөгний хохирол, хор уршгийг нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч Ж.Түвшинсанаа  хохирогч Ц.Амгаланзаяад үл маргах журмаар 15000000 төгрөг төлсөн байх бөгөөд хэрэгт  эмчилгээний зардалд зарцуулсан 1766334 төгрөгийн баримт авагдсан, зөрүү 9391346 төгрөгийн баримт үгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Амгаланзаяа нь цаашид гарах эмчилгээний талаар нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ж.Түвшинсанаа нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Түвшинсанаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 107-р тал/  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Түвшинсанаагийн хувийн байдлын талаар гэрч У.Чулуунчимэгийн өгсөн...манай хүү Ж.Түвшинсанаа нь 5 нас хүртлээ өвөө эмээгийнхээ гар дээр өссөн.2001 онд Улаанбаатар хотод очоод Олонлог сургуульд суралцаж байгаад 2010 онд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд ирж суралцаад 2013 онд сургуулиа төгсөөд Шинжлэх ухаан техниологийн их сургуульд элсэн суралцаж байгаад 2-р курсээс ЗХ-ний 032-р ангид алба хаасан.2015 оны өвөл Австрали улс руу явж суралцаад бизнесийн удирдлага маркетингийн мэргэжлээр төгсөөд 2017 онд Улаанбаатар хотод ирээд ажиллаж байгаад 2018 онд Ховд аймагт шилжин ирж амьдарч байгаа. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.Тамхи татахаас өөр муу зуршил байхгүй, архи уусан байхыг нь харж байгаагүй, хүнд тусархуу, цайлган зантай хүүхэд байгаа юм ... гэх мэдүүлэг /хэргийн 113-114-р тал/

Гэрч Д.Махаббатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ж.Түвшинсанаа хааяа баяр ёслолын үеэр тааруулж уудаг, сүүлийн үед фитнесээр хичээллээд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан.Айлын том хүүхэд, дороо 3 дүүтэй.Тайван дөлгөөн зантай,аливаа юманд буурь суурьтай ханддаг.Ц.Амгаланзаяа, Түвшинсанаа бид гурав 10 жилийн сургуульд байхдаа л найзалж байсан ... гэх мэдүүлэг /хэргийн 116-р тал/, Ж.Түвшинсанаагийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ж.Түвшинсанаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Ж.Түвшинсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 11 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Түвшинсанаад оногдуулсан 11000000 төгрөгний торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Түвшинсанаад тайлбарлах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, шүүгдэгчийн эзэмшлийн Chrysler 300-LE маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилснийг торгууль төлөгдөх хүртэл хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины хагарсан шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, тус хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзоригоос шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Ж.Түвшинсанааг хохирол хор уршгийг бүрэн төлсөн гэж үзэхгүй байгаа тул хорих ял оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт:Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд бодит хохирлыг нөхөн төлсөн. Шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн хувьд бизнес эрхэлдэг,орлоготой байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй. Мөн 45 сая төгрөгний үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна гэх санал, тайлбар,

Шүүхээс: Шүүгдэгч Ж.Түвшинсанаад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн сэдэл зорилго, хохирогчид учруулсан гэмтэл, хор уршиг, хохирол төлбөр төлсөн байдал болон улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хувийн байдлуудыг харгалзан үзлээ.

 Шүүгдэгч Ж.Түвшинсанаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 11 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 11000000 төгрөгийг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Түвшинсанаад тайлбарлаж  шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Түвшинсанаа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогчид 15 сая төгрөгний хохирол төлсөн,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн вискиний шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгчийн эзэмшлийн “Chrysler 300-LE маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хохирогч Ц.Амгаланзаяа цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Халзад овогт Жаргалсайханы Түвшинсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халзад овогт Жаргалсайханы Түвшинсанааг арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 11 000 000 / арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 11000000 төгрөгийг шүүгдэгч Ж.Түвшинсанаагаар 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Түвшинсанаад  тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ж.Түвшинсанаа нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 15 000 000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Ц.Амгаланзаяа нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 6-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн вискиний шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн эзэмшлийн Chrysler 300-LE маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Түвшинсанаад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Түвшинсанаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС