Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

 

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Б.Батцоож

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2236000000154 дугаартай, 178/2022/0139/Э/ индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн Баянгол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, эгч, хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн Баянгол багийн Хаяа багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа өөрийн түрээсээр ашиглаж байсан Д.*******гийн эзэмшлийн байрыг хохирогч М.*******д түрээслүүлнэ гэж хуурч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байрны түрээсийн төлбөр нэрийдлээр М.*******гаас Төрийн банкин дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар 2300000 төгрөгийг дамжуулан авч бусдыг залилах  гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 8-р хуудас/

Хохирогч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байр түрээслэхээр болоод фейсбүүк рүү ороход “Баялаг Баялаг” гэх хаягнаас “ байр түрээслэнэ” гэх зар оруулсан байсныг олж хараад эзэнтэй нь холбогдох гэсэн боловч чадаагүй. Дараа нь манай бэр эгч Отгонбаяр надтай холбогдож “ би лангуун дээрээ сууж байтал ******* гэх эмэгтэй орж ирээд би байраа түрээслэх гэж байгаа, байр түрээслэх хүн байвал надад хэлээрэй гэж хэлсэн” гэхээр нь эгч бид хоёр ******* гэх эмэгтэйгийн түрээслэх байр болох Домботын урд талд байрлах Шүүхийн шийдвэрийн байрны 4 давхарын 15 тоотод очиж ******* гэдэг эмэгтэйтэй уулзсан.Бид хоёр сарын 400000 төгрөгөөр түрээслэхээр тохироод гар утасны дугаарыг нь аваад явсан. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* гэх эмэгтэй над руу яриад “ одоо эгч нь Улаанбаатар хот руу гарах гэж байна.Зээл авах гэсэн чинь мөнгө дутчихлаа байрны түрээсийн мөнгийг шилжүүлэх боломжтой юу” гэхээр нь 6 сарын түрээсийн мөнгө гэж тооцоод 2300000 төгрөгийг ээж Уранчимэгийн эзэмшлийн Хаан банкны ******* данснаас ******* гэх хүний Төрийн банкны тоот данс руу шилжүүлж 14 хоногийн хугацаанд байранд орохоор тохирсон. Тэгтэл байраа суллаж өгөхгүй 06 сарын 05-ны өдөр хүртэл явсан.2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нөгөө байранд очоод хаалгыг нь тогшиход байрны эзэн нь гэх эрэгтэй хүн хаалга онгойлгосон ба байранд ороход 3 хүүхэдтэй ах эгч хоёр байсан. Тэгээд би энэ байрыг түрээсэлж орохоор болсон гэж хэлэхэд “ бид байрны эзэн нь байна.******* гэх эмэгтэй манай байрыг түрээсэлж амьдарч байгаад гараад явсан” гэхээр нь хүнд залилуулснаа мэдсэн. Би 5 сарын сүүлээр хөдөө явахаар болчихоод мөнгөний хэрэг гараад Л.*******гаас   200000 төгрөг өгч байгаач гээд авсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би нөхөр Э.ы хамт Ховд аймагт байр түрээсэлж амьдарч байгаад 2021 оны 11 сар манай нөхөр салаад явчихаар нь би уг байрандаа ганцаараа 2022 оны 05 сар хүртэл амьдарсан.Тэгээд байрны эзэн *******д “би 4 сар хүртэл ганцаараа амьдарлаа.Одоо ганцаараа амьдарч байгаад яах вэ, 5,6 сар гээд Улаанбаатар луу буцдаг юм билүү, танай байрыг суллаад өгье, надад түрээсийн зөрүүг өгөх боломж байна уу” гэхэд ******* “ надад одоохондоо боломж алга байна, чи байр суллаж өгөөд явбал намар араас чинь зөрүүг нь хийчихье” гэсэн. Би 2022 оны 5 дугаар сард Улаанбаатар явах ажил гараад уг байраа түрээслээд зөрүү мөнгөө олж авахаар М.******* гэх хүнд сарын 400000 төгрөгөөр түрээслэхээр болж  2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр М.*******гаас 2300000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлж авсан. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******д байрыг хүлээлгэж өгөөд түрээсийн үлдэгдэл зөрүү 2800000 төгрөгөө *******гаас аваад 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод очоод байж байтал М.******* залгаад “ надад түрээсэлсэн байр чинь өөр хүнийх байна, мөнгө өг, өгөхгүй бол цагдаад гомдол гаргана “ гэхээр нь “ түр хүлээж бай, манай хадмууд мөнгө өгнө гэсэн, эгч нь өнөө маргаашгүй мөнгө өгье “ гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/

Д.*******, Л.******* нарын хооронд хийгдсэн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ / хэргийн 42-43-р хуудас/

Хүлээлгэж өгсөн эд хогшлын жагсаалт / хэргийн 44-р хуудас/

Л.*******гийн Хаан банкны дансны хуулга / хэргийн 47-49-р хуудас/

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 64-р хуудас/

Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би уг байранд 2015 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа. 2020 оны 1 сард Л.******* гэх эмэгтэйд 1 жилийн хугацаагаар түрээслээд, дахин 1 жилээр сунгаж 2022 оны 10 дугаар сард түрээсийн хугацаа дуусах байсан боловч 2022 оны 5 сард Л.******* манай байрыг бусдад түрээслэх гэж байгааг сонсоод түрээсийн зөрүүг өгөөд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байрнаасаа гаргасан. 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай байранд би нөхөр хүүхдүүдийнхээ хамт байж байтал  хоёр эмэгтэй хүн ирээд “ манай байрыг түрээсэлсэн, түлхүүр авахаар ирлээ” гэхээр нь гайхаад уг байр манай байр болохыг хэлсэн. Тэгээд байрныхаа хаалганы цоожийг сольж шинээр цоож авч хийсэн... гэх мэдүүлэг / хэргийн 78-79-р хуудас/  зэрэг баримтууд болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Л.******* нь Л.******* гэх нэртэй байсан ба нэрээ солиулсан болох нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 24 айлын байрны 15 тоот Д.*******гийн эзэмшлийн байрыг түрээсийн гэрээ байгуулж түрээсээр амьдарч байхдаа тухайн байрыг М.*******д түрээслүүлнэ хэмээн хуурч түүнээс 6 сарын түрээсийн мөнгө болох 23000000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.******* Улаанбаатар хот руу явах ажил гарч мөнгөний хэрэг болсны улмаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон  гэж үзлээ.

 Мөн Л.******* нь өөрөө бусдын эзэмшлийн байрыг түрээсэлж амьдарч байсан атлаа байрны эзэнд мэдэгдэхгүйгээр бусдад уг байраа түрээслэхээр ярьж, тохирон түрээсийн мөнгийг хуурч мэхлэх аргаар авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Л.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба түүний залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.*******гийн мэдүүлэг, гэрч Д.*******гийн мэдүүлэг,  Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, банкны дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч,залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь хохирогч М.*******гаас 2300000 төгрөг залилж авсан нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, банкны дансны хуулга баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Л.******* дээрхи хохирлын мөнгөнөөс 200000 төгрөг, 1100000 төгрөгийг хохирогч М.*******д төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Хохирогч М.******* ... Л.******* над руу 1100000 төгрөг шилжүүлсэн, одоо үлдсэн 1000000 төгрөгийг гаргуулж авна ... гэх хүсэлт  гаргасан  тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.*******гээс 1000000 төгрөг гаргуулж хохирогч М.*******д олгохоор шийдвэрлэв.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 29 дугаар хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.*******гийн хувийн байдлын талаар гэрч Э.ы өгсөн... Л.******* нь эцэг эхээс 8–уулаа,айлын бага хүүхэд.Даруу төлөв зантай, ажилч хичээнгүй, зөв боловсон харьцаатай хүн. Улаанбаатар хотод хувиараа ажил хийж байгаад 2015 онд надтай суугаад Ховдод ирсэн. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа .... гэх мэдүүлэг /хэргийн 75-р хуудас/,шүүгдэгч Л.*******гийн  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Л.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид 1100000 төгрөгийг төлсөн үлдсэн 1000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.  гэх тайлбар,

Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийг 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн 2236000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.6- 36.8,36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******д  оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.*******гээс 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч М.*******д олгосугай.

6.Эрүүгийн 2236000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС