Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 178/2022/0141/Э |
Дугаар | 2022/ШЦТ/145 |
Огноо | 2022-08-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Б.Батцоож
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2236001360159 дугаартай, 178/2021/0141/Э индекстэй хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-58 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ж.******* “...хэмжээ алдаж өрлөгөө хазгай муруй өрлөө...” гэх шалтгаанаар түүнийг зодож биед хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 6 сарын 03-ны орой Ховд аймгийн Ховд сумын төвд ажилчдын байранд Ч.******* 1 шил архи авч ирж уусан. Тэгээд надтай өрлөгөө хазгай муруй өрсөн чамд цалин өгөхгүй гэж хэлсэн.Тэгэхээр нь би ажил хийсэн хүн цалин авдаггүй юм уу гэж маргасан.Тэгсэн миний мөр лүү 2-3 удаа цохисон мөн босох хооронд нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Зүүн урд хөдөлж байсан шүд унасан бас нэг шүд хөдөлсөн.Миний цалин бүрэн өгөөд шүд хийлгэчихвэл ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг/хх-8х/
Гэрч Ч.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 6 сарын 03-ны орой Ховд аймгийн Ховд сумын төвд ажилчдын гэрт амарч байхад Ч.*******, Ж.******* нар маргалдсан нэг нэгтэйгээ барьцалдсан байсныг би салгасан.Дараа нь Ж.******* шүдээ хайгаад байсан. Ч.******* намайг зодлоо гэж хэлж байсан тухайн үед би унтаж байсан болохоор хараагүй болно... гэх мэдүүлэг/хх-12х/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 501 дугаартай шинжээчийн...Ж.*******ын биед доод эрүүний баруун талын 2-р шүдний уналт, 3-р шүдний хөдлөл, эгэм, зүүн суга, зүүн бугалганы зулгаралтууд, баруун шуун доторх, баруун мөр хэсэг, зүүн тохой хэсгүүдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Ж.*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-18х/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн тухай /хх-24-30х/
Шүүгдэгч Ч.*******гийн Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлавгаа, ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны орой Ховд аймгийн Ховд сумын төвд байрлах ажилчдын гэрт Ж.******* маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын шаардлагаар шалтаглан уурлаж бусдын биед халдаж зүй бус авирласан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч хохирогчийн толгой тус газар нь гараараа цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.
Иймд шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Ж.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Ж.******* хэрэгт ...Ч.*******гээс 9 хоногийн ажлын хөлс 1686000 төгрөг авч, болон хиймэл шүд хийлгэсэн тул дахин нэхэмжлэх зүйлгүй... гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ч.*******г хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Ч.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 56-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.*******гийн хувийн байдлын талаар гэрч Х.Султаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ч.******* нь хүнд тусархуу, даруу төлөв зантай, удирдан зохион байгуулах чадвартай хүн.Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг/хх-41х/ Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлавгаа, ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх тайлбар,
Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдоын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Ч.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2236001360159 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******д мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 2236001360159 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС