| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0140/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/146 |
| Огноо | 2022-08-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Б.Батцоож
Шүүгдэгч Л.Ариунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хөх овогт Лувсандүрэвийн Ариунтуяад холбогдох эрүүгийн 2236000000158 дугаартай, 178/2022/0141/Э/ индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 11-р гудамж 34 тоотод оршин суух ПИ 99080100 регистрийн дугаартай, Хөх овогт Лувсанпүрэвийн Ариунтуяа
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ариунтуяа нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Оюунзаяагийн гээгдүүлсэн “Самсунг”-12 загварын гар утсыг олж авч, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж бусдад 220.000 төгрөгөөр зарж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Оюунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2022 оны 5 дугаар сарын 14, 15-ны үеэр Бямбаа гэдэг айлд очсон. Замдаа гар утсаа гээсэн боловч хаана гээснээ мэдэхгүй байна. Мобикомоос 499.990 төгрөгөөр авч байсан.Таксины жолоочоос асуусан боловч олоогүй.Одоо гээсэн утсаа олсон тул ямар нэгэн гомдол саналгүй болно... гэх мэдүүлэг /хх-5,9х/
“Вендо” хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “гар утас үнэлсэн-399.920 төгрөгийн үнэтэй гэх” дүгнэлт/хх-12х/
Гэрч Ч.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би Л.Ариунтуяагаас улаан өнгийн Самсунг-А12 маркын гар утсыг авч өөрийн утсаа Л.Ариунтуяад өгч сольж барьж байгаад тухайн гар утсыг фейсбүүк хаягаар холбогдож байгаад Тайванбаатар гэх хүнд 220.000 төгрөгөөр зарж зөрүү мөнгө 70.000 төгрөгийг Л.Ариунтуяад өгсөн. А12 загварын утас Л.Ариунтуяа эгчийн утас байсан эгч хаанаас, хэнээс авсан нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-39х/
Гэрч Б.Тайванбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн зарын группд “Самсунг”-А12 гар утас зарна гэсэн зарын дагуу 20 орчим настай Гантуяа гэх эмэгтэйгээс 220.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг/хх-41х/
Иргэн Б.Тайванбаатараас хурааж авсан гар утсанд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, Прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-43-64х/
Шүүгдэгч Л.Ариунтуяагийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-66-70х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Л.Ариунтуяа нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын “ХАН” Жаргалант-ХХК-ны ар талд явж байгаад шороон зам дээрээс “Самсунг”-А12 маркын гар утас олж уг гар утасны түгжээг засварчнаар тайлуулж улмаар дүү Ч.Гантуяад өгч түүнээс 220.000 төгрөгийг авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Ариунтуяа гар утас олсноо хэнд ч мэдэгдэхгүйгээр өөртөө авч бусдад зарж мөнгийг нь авсан үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд олсон эд зүйлийг мэдээлэх үүрэгтэйг мэдэхгүй, эрх зүйн мэдлэг дутмаг, хувь хүний харилцаа хандлагын байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Ариунтуяа нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын “ХАН” Жаргалант-ХХК-ны ар талд явж байгаад шороон зам дээрээс “Самсунг”-А12 маркын гар утас олж уг гар утасны түгжээг засварчнаар тайлуулж, улмаар гээгдэл хөрөнгө болох гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж кодыг тайлуулан дүү Ч.Гантуяад 220.000 төгрөгөөр зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Оюунзаяагийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Ариунтуяа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Л.Ариунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Ариунтуяаг бусдад 399920 төгрөгний хохирол учруулсан болох нь эд зүйл үнэлсэн тухай үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Г.Оюунзаяагийн...Цагдаагийн газраас “Самсунг“-А12 маркийн улаан өнгийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авлаа.Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 9-р хуудас/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 64-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Л.Ариунтуяаг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Ариунтуяа нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Ариунтуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Л.Ариунтуяа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 66 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Ариунтуяагийн хувийн байдлын талаар гэрч Э.Хишигдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Л.Ариунтуяа нь эцэг эхээс дөрвүүлээ, эелдэг даруу зантай,бусдад тусархуу, ажилсаг хүн. Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, одоо гоо сайханчаар ажиллаж байгаа. Сарын орлого 2 сая төгрөг орчим байдаг.... гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/,шүүгдэгч Л.Ариунтуяагийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Л.Ариунтуяаг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ариунтуяа өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэх тайлбар,
Шүүгдэгч Л.Ариунтуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Л.Ариунтуяаг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ариунтуяад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ариунтуяад тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2236000000158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.6-36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хөх овогт Лувсанпүрэвийн Ариунтуяаг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөх овогт Лувсанпүрэвийн Ариунтуяаг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Ариунтуяад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ариунтуяад мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 2236000000158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Ариунтуяад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.Ариунтуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС