Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 136 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох эрүүгийн 2207001060128 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* *******-ний өдөр ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *************** 2009 оноос жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

*******ийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.гийн хүүхэд дагуулж архи уулаа” гэж хэлсэн үгээр шалтаглан маргалдаж улмаар түүний үснээс нь зулгаах, хоолны халбага болон гараараа толгой болон баруун гарын хэсэгт нь хэд хэдэн удаа цохих үйлдлээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр биед нь халдан духанд шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Х.гийн мэдүүлэг /хх 25/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-18/, Х., Б.******* нарын гэрлэлтийн баталгааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 64-71/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх 35-36/, Шинжээч эмч С.ы мэдүүлэг /хх 38/, яллагдагч  Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, яллагдагч Б.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 68-69/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, мөн гэмт хэргийн улмаас хохирогч Х.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд цементийн үйлдвэрт жолооч ажилтай, хохирогчтой эвлэрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд мөн прокурорын хяналтын шатанд тохиролцсоны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбогдуулж хэрэгт хор уршиг болон нөхөн төлбөртэй холбоотой баримтууд авагдаагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг өнгийн хоолны халбагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч Б.*******т мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.г хүүхэд дагуулж архи уулаа гэж хэллээ, хоолны халбага шидлээ гэх шалтгаанаар түүний үснээс нь зулгааж, хоолны халбага болон гараараа толгой болон баруун гарын хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.*******ын өгсөн: “...хүүгийнхээ хичээлийг тарахаар нь хүүгээ автал манай хүүгийн ангийн хүүхдийн аав гээд манай үеийн дажгүй яриа хөөрөөтэй залуу байхаар нь танилцаж, хүүхдүүдтэйгээ хамт гэрт нь очиж нэг шил архи хувааж уучхаад орой 20 цагийн орчимд гэртээ ортол манай эхнэр Х. над руу “хүүхэд дагуулж архи уулаа” гээд уурлаад надтай хэрэлдээд байсан юм. Гэнэт манай эхнэр хоол хийж байсан хоолны халбагаа над руу шидэхээр нь би уурлаад босож ирээд ширээгээ өшиглөтөл ширээ хагарчихсан. Дараа нь над руу шидсэн хоолны том халбагыг нь аваад эхнэрийнхээ толгой, гар луу нь нэг нэг удаа цохичихсон юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 51 дүгээр тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Х.гийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр хүүгийнхээ сургууль дээр ажилтай байж байгаад хүүгээ аваад орой гэртээ ирэх байсан юм. Гэтэл манай нөхөр хүүгээ дагуулаад орой 20 цагийн орчимд гэртээ орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи үнэртүүлчихсэн орж ирэхээр нь би хүүхэд аваад архи дарс уугаад гээд уурлатал өөдөөс хэрэлдээд хараагаад байхаар нь би гартаа барьж байсан халбагаа нөхөр лүүгээ шидчихсэн юм. Тэгтэл уурлаж босож ирээд миний үснээс зулгаагаад миний шидсэн халбагаар болон гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохиод, ширээгээ өшиглөөд голоор нь хагалчихаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр С.ы өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үзүүлэгч Х.г өөрийн биеэр нь үзэж дүгнэлт гаргасан ба духанд үүссэн шарх гэмтэл дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан ба дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун гуянд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх өдрөөс 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл ба дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38 дугаар тал/

 

4. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.ы №08 шэ/132 дугаар: “Х.гийн биед духанд шарх, баруун гуянд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 36 дугаар тал/

5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 11-18 дугаар тал/

 

6. Хоолны халбаганд үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 21 дүгээр тал/

 

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 52 дугаар тал/

 

 8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 53-55 дугаар тал/

 9. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 56-60 дугаар тал/

 

 10. Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 63-76 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Х.гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.ын толгой, нуруу хэсэгт нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/132 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.гийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон бөгөөд шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял хөнгөрүүлж шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн энэхүү хэрэг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр прокурор хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэн “хөнгөн” хэргийг 4 сар шалган шүүхэд шилжүүлэн ирүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.” гэж заасан нь Хууль тогтоогчийн зүгээс хэргийг  “түргэн шуурхай шийдвэрлэх” гэдэгт нийцэхгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдан ирсэн ажлын хэсэг нь мөнгөлөг өнгийн хоолны халбага 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөр хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Б.******* нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг өнгийн хоолны халбага 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ