Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2022/0115/Э |
Дугаар | 2022/ШЦТ/147 |
Огноо | 2022-07-04 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 113 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******н *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, аймаг Отгон суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 424 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар 53 хоногийн хорих ялаар солиулж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 278 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 30 хоног баривчлах шийтгэлээр,
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 415 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 30 хоног баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлж байсан,
*******н ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.******* нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* амралт сувиллын газраас иргэн Б.ийн цохилттой дрилл 1 ширхэг, плита зүсэгт 1 ширхэг, модны хөрөө 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж хулгайлан авч иргэн Б.эд 411.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 08 дугаар сард цалин мөнгө төгрөг дээрээсээ болоод хоёулаа бага зэрэг маргалдсан. Цалин мөнгө төгрөг авдаг өдрөө хот руу орж архидсан. Тэгээд буудалд хонох гэж байгаад хохирогч нэлээд согтуу байхаар нь таксинд суулгаж өгөөд явуулсан. Цалин дээрээсээ болоод нэлээд маргалдсан. Тэгээд ажил руу очиж хувцсаа авахдаа багаж байхаар нь авч явсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч Б.ийн мэдүүлэг /хх 42-43/, яллагдагчаар А.*******ийн өгсөн мэдүүлэг /хх 75-76/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 58-59/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 29/, гэрчээр өгсөн А.*******ийн мэдүүлэг /хх 46-47, 49/, яллагдагчаар өгсөн А.*******ийн мэдүүлэг /хх 51-52/, /хх 63-64/, /хх 74-75/, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай тогтоол /хх 75-76/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/, хувийн байдлуудыг тогтоосон баримтууд, хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүнсний дэмжлэг шаардлагагүй өрхийн тодорхойлолт /хх 118-124/, цагдаагийн хэлтэст гаргасан хохирогчийн өргөдөл /хх 30/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 32/, шинээр гаргаж өгсөн баримт болох хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “Шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч А.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч А.*******өөс хохирогч нь 411.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн. Хохирол төлбөр төлөгдөөгүй. Иймд шүүгдэгч А.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх баривчлагдсан хоёр хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байх бөгөөд шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зорилготой орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол 2-8 жилийн хорих ялтай байдаг. Доод ялын хувьд 2 жилийн хугацаа байгаад байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг шүүгч харгалзан үзнэ үү. Хохирлоо нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байгаа. Хохирогч шүүхээс залгахад ирэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн гэдгийг харгалзах хэрэгтэй. Өнөөдрийн хувьд 411.000 төгрөг буюу маш бага хэмжээний хохирол байгаа. 2 жилийн хорих ялын саналыг өмгөөлөгчийн зүгээс санал болгож байна. Уг 2 жилийн хорих ялыг 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалт байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд тухайн гэмт хэрэгт зүйлчлэгдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор байгаа. Улсын яллагчийн зүгээс 2 жил 6 сар, өмгөөлөгчийн зүгээс 2 жилийн санал оруулж байгаа. Энэ саналын хүрээнд шүүхээс 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага хугацаатай бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зохицуулалттай байгаад байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаа. Иймд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Мөн 411.000 төгрөгийг өмгөөлөгчийн зүгээс харгалзахад тэмдэглэлд гомдол саналгүй байна гэсэн агуулгатай байна гэж харж байгаа. 411.000 төгрөгийг гаргах нөхөн төлүүлэх асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Эцэст нь хэлэхэд миний үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дуудсан цагт хүрч ирж байсан. Өнөөдөр хэрэгт авагдсан цугларсан баримтуудаас харахад мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан байгаа. Хохирогч нь гэрч нь камерын бичлэгтэй гэж тайлбарлаад байхад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийхдээ огт камергүй гэж дүгнэсэн. Үүнээс харах юм бол мөрдөн шалгах ажиллагаа учир дутагдалтай явсан байна. Энэ бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа өнцөг болохоос биш миний үйлчлүүлэгчийн байр суурь биш үү. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Өнөөдөр 8 настай хүүхэдтэй, хоёулхнаа амьдардаг байсан. Гэр бүл зохиогоод 2, 3 жил амьдарч 4 хүүхдийг тэжээгээд явж байна. Энэ хүнийг 2 жилээр хорих нь өрөөсгөл байна. Энэ хүнд боломж олгох хэрэгтэй. Тэр дундаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.******* нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* амралт сувиллын газраас иргэн Б.ийн цохилттой дрилл 1 ширхэг, плита зүсэгт 1 ширхэг, модны хөрөө 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж хулгайлан авч иргэн Б.эд 411.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.*******ийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* амралтын газар Б.тэй хамт дотор засал чимэглэл ажил хийж эхэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлын цалин буугаад Б.ийн хамт Улаанбаатар хот орсон. Тэгээд тухайн өдрөө хаана гэдгээ бол санахгүй байна. Ямар ч байсан 1000 оюутны байрны тэнд нэг буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд бид хоёр цалин дээрээ маргалдаад Б. уурлаад гараад явчихсан. Тэгэхээр нь би тухайн буудалдаа хоноод маргааш өглөө нь Б.ийн гэрт очсон. Тэгэх үед Б. согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би Б.ийг гэрт нь үлдээгээд Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* амралтын газар луу такси бариад хувцсаа авахаар очсон. Тэгэх үедээ би амралтын газрын багаж нууцаар хэлэлгүйгээр аваад буцаж нөгөө такситайгаа хот ороод багажуудаа 120.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд би шууд Хэнтий аймгийн жижиг тэргэнд суугаад Хэнтий явчихсан...Би тухайн үед очоод шууд ороод нууцаар авчихсан юм. Хэлэлгүйгээр орсон болон хулгай хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 69 дүгээр тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.ийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын эхээр Налайх дүүрэг туулын гүүрний хажууд байрлах ******* амралт сувиллын газарт барилгын ажил хийж эхэлсэн бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 18,19-ний хавьцаа Улаанбаатар хотод гэртээ очсон чинь танил ******* гэх залуу гэрт ирчихсэн хамаг юмаа алдчихлаа ажил байна уу цуг ажиллая мөнгөний хэрэг байна гэхээр нь би ******* руу дагуулж яваад 2 хоног ажиллаад байж байтал Хэнтийгээс *******ийн эхнэр нь залгаад хүүхэд мориноос уначихлаа гээд Хэнтий рүү яваад 2018 оны 08 дугаар сарын 23-ны хавьцаа буцаж ирээд дахин 2 хоног ажиллаад цалингаа аваад манай эхнэр ******* бид гурав Улаанбаатар хот руу орж ******* бид хоёр архи уугаад тэр орой доо ******* буудалд хоноод, би гэртээ хоносон юм. Тэгсэн өглөө ******* гэрт ирээд надтай нэг шил 0.5 литрийн архи уугаад би тухайн үедээ согтоод унтаад өгсөн чинь ******* гараад явсан байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр *******д байрлах ажил дээрээ очтол цохилттой дрилл нэг ширхэг, шрүпний дрилл нэг ширхэг, плита зүсэгч нэг ширхэг, модны түрдэг хөрөө нэг ширхэг зэрэг зүйлс алга болчихсон байсан. Тэгэхээр нь камерын бичлэг шүүгээд үзтэл ******* марк улсын дугаарыг нь мэдэхгүй жижиг автомашинтай ирээд миний багажнуудыг аваад явчихсан байсан...Цохилттой дриллийг 2017 онд 150.000 төгрөг, шрүпний дриллийг 2017 онд 100.000 төгрөг, плита зүсэгчийг 2017 онд 115.000 төгрөг, түрдэг хөрөөг 2017 онд 200.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд бүгд Кен маркийнх байгаа юм...Тухайн өдрийн бичлэгийг үзэхэд ******* ирээд өөрийнхөө хувцсаа хийдэг цагаан хар өнгөтэй цүнхэндээ хийгээд түрдэг хөрөөг гартаа бариад явсан байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 43 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр З.ийн өгсөн: “...Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* амралтын газрын хийж байсан... тухайн үед надад багаж хэрэгсэл нь алга болсон талаараа хэлээд би камер шүүсэн. Камер шүүхэд барилгын багаж хэрэгсэл авч яваа хүн харагдаж байхаар нь эд бичлэгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 56 дугаар тал/
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 31-33 дугаар тал/
5. “Дамно” ХХК-ийн алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнэлгээний НА-22-57 дугаартай тайлан,
/хх-ийн 58-59 дүгээр тал/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 114 дүгээр тал/
7. Шүүгдэгч А.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 119-131 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч А.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.эд 411.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч “...шүүх хуралд оролцох боломжгүй...” гэх тул нотлох баримтаар тогтоогдсон 411.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэв.
Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ.
Мөн шүүгдэгч А.******* нь мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.эд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлага тавьсныг хангаж байна.
Шүүгдэгч А.******* нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Иймд шүүгдэгч А.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасныг журамлан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах”,
Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйл “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт” мөн зүйлийн 14.1.4 дахь хэсэгт “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх;”
Мөн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 7.2 дугаар зүйлийн 1-т “Прокурор нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд дотоод итгэл нь хийсвэр байх ёсгүй, тухайн хэрэгт тогтоогдсон бүх байдлыг хянаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрын удирдлага болгосон итгэл үнэмшил байна” гэж тус тус заажээ.
Гэтэл дээрх хэрэг 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу хэрэг гарснаас хойш 4 жил 3 сар 16 хоногийн дараа яллах дүгнэлт үйлдэн оруулж ирсэн нь улсын яллагч хянах үүргээ биелүүлээгүйгээс мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчсөн, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах болсон шалтгаан, нөхцөл болон тус хугацаанд хийгдсэн ажиллагаанд хяналт тавих үүрэгээ биелүүлээгүй, мөн аль хугацаанд хэн хяналт тавьсан тодорхойгүй, хүний эрх, эрх чөлөөг хангаагүй түүнд хяналт тавиагүй зэрэг зөрчлүүдийг цаашид анхаарах нь зүйтэй.
Бусад асуудлаар
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоолоор хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******н *******ийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.*******өд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш гарахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,******* тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.*******өөс 411.000 төгрөгийг хохирогч Б.эд гаргуулан олгуулсугай.
8. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 2 хоногтой болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ