Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Батсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,   

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн  Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаар *******ийн *******д холбогдох эрүүгийн 2207000000107 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

*******ийн ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед *******, ******* тоотод өөрийн төрсөн дүү болох Б.*******ыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь эргэлтээр ирээгүй гэх шалтгааны улмаас хутгыг зэвсгийн чанартай ашиглаж цээжин тус газарт нь 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Б.*******ын мэдүүлэг /хх 13-14/, гэрч Д.*******ийн мэдүүлэг /хх 17-18/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх 20-21/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, шинжээчийн 201 дугаартай дүгнэлт /хх 23-24/, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн албан бичиг, өвчний түүх /хх 65-74/, шүүхийн сэтгэц эмгэг судлалын 512 дугаартай дүгнэлт /хх 37-42/, эд мөрийн баримт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: шүүхийн сэтгэц эмгэг судлалын 512 дугаартай дүгнэлт /хх 37-42/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Б.******* нь Баянзүрх дүүргийн Сэтгэцийн эмчийн хяналтад үлдэц шезофрин оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоолгосон. Мөн энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.******* нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан гэдэг нь нотлогдсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйл буюу тусгай журамд зааснаар прокурорын санал гарган шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн. Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна гэж үзээд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сарын хугацаанд хэрэглэх саналыг гаргаж байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний хувьд шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж оролцож байгаа тул сэтгэцийн эмчийн дүгнэлтийн хүрээнд 3 сарын хугацаагаар албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна. Эдгээгүй бол цаашид прокурор хугацааг сунгах эрхтэй. Өөр саналгүй.” гэх,

Иргэдийн төлөөлөгч “...гэм буруутай учир холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед *******, ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн дүү Б.*******ыг “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь эргэлтээр ирээгүй” гэх шалтгааны улмаас хутгыг зэвсгийн чанартай ашиглаж цээжин тус газарт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.*******гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-аас 31-ний шөнө би ******* ******* тоотод гэртээ ээжтэй хоёулаа байсан. Тэгсэн манай дүү ******* ирчихсэн. Тэгтэл надад хий юм сонсогдоод ээж, дүү хоёрыг бие биеэ алах гээд байна гээд хий юм сонсогдохоор нь би өрөөндөө байж байгаад цонхоороо үсрээд гарчихсан. Тэгээд гадуур хэсэг явж байгаад гэртээ орж ирэхэд *******ыг зурагт үзээд хэвтэж байхаар нь мөн намайг тэр өдөр ус авсангүй гээд байхаар нь би биедээ авч явдаг хутгаар *******ыг “чи намайг эмнэлэгт байхад эргээгүй биз дээ” гэж хэлээд нэг удаа хутгалчихсан юм. Тэгээд би ээжид хэлж түргэн дуудуулсан...Надад тухайн үед хий юм сонсогдоод байсан юм. Тэрнээс гадна *******ад уур хүрээд байсан. ******* намайг галзуу гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Тэгээд би өс санасан байх. Би биедээ сүүлийн үед байнга хутгатай явах болсон. Хүмүүс над руу дайрч магадгүй гэж бодоод хутга авч явах болсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 52 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.*******ын өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед би ******* тоотод байрлах гэрээсээ гарч найзтайгаа уулзаад 16 цагийн үед найзындаа кино үзэнгээ 2 шил 0.75 литрийн Хараа архи хувааж уугаад найзынхаа гэрээс 23 цагийн орчимд болов уу гэртээ очсон. Гэртээ очоод хоол унд идээд ээжийн хажууханд сууж байтал манай ах *******гийн сэтгэцийн өвчин нь хөдлөөд өөртэйгөө юм яриад байхаар нь би “кино үзэж байна шдээ, чимээгүй байчхаач” гэсэн чинь “чи намайг эмнэлэгт байхад эргэдэггүй байсан” гэхээр нь би уурандаа “очих ёстой юм уу” гэсэн чинь хувцасныхаа нэг халааснаас жижиг хутга гаргаж ирээд миний цээжний зүүн хэсэгт нэг удаа үгийн зөрүүгүй хатгачихсан. Тэгээд би унаад хэвтчихсэн. Ээж сандраад тэр хооронд гарч яваад цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн байсан. Намайг яагаад хутгалсан болохыг мэдэхгүй байна. Сэтгэцийн өвчин нь хөдлөөд л ингэсэн байх гэж бодож байна. Өөрөөр намайг ингэж гэмтээх ямар ч шалтгаан байхгүй. Ер нь бид хоёрт муудалцаад байдаг зүйл ч байхгүй. Манай ах ******* нь 10 дугаар ангиа төгсөх жилээс хойш сэтгэцийн өвчтэй нь мэдэгдэж эхлээд тэрнээс хойш л байнга ээж бид хоёрын асаргаанд байдаг. Шар хадны эмнэлэгт үе үе хэвтдэг. Сүүлийн үед бие нь улам дордоод байх болсон юм. Урьд нь хүн гэмтээх үйлдэл огт гаргаж байгаагүй. Тухайн үед би бол жаахан халамцуу байдалтай хэдий ч бүх үйл явдлыг сайн санаж байгаа. Харин ******* ах архи дарс огт хэрэглээгүй байсан. Ер нь архи дарс огт хэргэлдэггүй. Хутгалж намайг гэмтээгээд эмнэлэгт хэвтэж шархандаа гуурс тавиулаад одоо эдгээд авчихсан. Оёдлоо хүртэл авхуулчихсан байгаа. Одоо бол биеийн байдал зүв зүгээр байна. Би тухайн үед *******г огт цохиж зодоогүй. ******* ч намайг нэг удаа хутгалснаас өөрөөр дайраагүй...Бид хоёрт таарамжгүй зүйл ямар нэгэн өр авлага, өш хонзон гэх зүйл юу ч байхгүй. Надад гомдол санал бол огт байхгүй....” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.*******ийн өгсөн: “...Өнөөдөр буюу 03 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ өөрийн хүү Баттогтохтой хамт байсан. Тэгээд гаднаас манай бага хүү ******* гэрт орж ирээд бид хоёр юм яриад сууж байсан чинь Баттогтох гэрийн хоёр давхраас бууж ирээд хутга бариад ******* руу дайраад гартаа барьж байсан хутгаараа хутгалаад би яг хаана нь хутгалсныг хараагүй. /Баттогтох сэтгэцийн өвчтэй юм. Эмнэлэгт хэвтээд саяхан гарсан/ Тэгээд би хүүдээ боль гэсэн чинь над руу дайраад намайг нэг удаа цохиж би орон дээр унаад босож ирээд Баттогтохыг аргадаад дээшээ 2 давхрын өрөөнд нь оруулсан юм. Тэгээд би цагдаад дуудлага өгч дуудсан юм. Баттогтох 10 дугаар ангиасаа хойш өвдөн жил болгон Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж хэвтдэг. Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын сүүлээр хэвтэн 03 дугаар сарын 28-ны өдөр гарч ирсэн байсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед би Налайх дүүрэг тоотод байрлах гэртээ унтаж амарч байтал манай ээж Д.******* над руу утсаар залгаад нэлээд түгшсэн “*******, *******ыг хутгалчихлаа, *******ыг эмнэлэг рүү авч явах хэрэгтэй байна, хурдан хүрээд ир” гэж байсан. Тэгээд би очилгүй нөхрөө явуулсан чинь *******ыг эмнэлэг аваад явчихсан. *******г шар хадны эмнэлэг рүү аваад явчихсан байна гэсээр хүрч  ирсэн юм. Миний хувьд яг нүдээр харж мэдсэн зүйл байхгүй. ******* ******* тоотод манай ээж Д.*******, төрсөн ах Б.*******, төрсөн дүү Б.******* нар хамт амьдарцгаадаг. Манай ах *******, дүү ******* нар хоорондоо ямар нэгэн таарамжгүй зүйл байдаггүй. Хоорондоо хэвийн харилцаатай. Манай ах ******* нь тухайн үед сэтгэцийн өвчин нь хөдлөөд Б.*******ыг хутгалж гэмтээсэн асуудал гаргасан юм шиг байна.  Манай ах ******* нь 1998 онд 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар анги буюу төгсөх ангидаа байхдаа гэнэт л элдэв янзын хий хоосон дэмийрсэн зүйлс ярих болсон. Тэгээд манай аав, ээж хоёр сэтгэцийн эмнэлэгт үзүүлж эхэлсэн. Тухайн цаг хугацаанаас хойш шизофрен өвчнөөр одоог хүртэл өвдөж байнга сэтгэцийн эмнэлгийн хяналтад байх болсон юм. Манай ах ******* нь 1998 оноос хойш жилдээ 2-8 удаа шар хадны эмнэлэгт хэвтдэг. Нэг удаа хэвтэхдээ 1 сараас 3 сарын хугацаатай хэвтдэг юм. Сүүлийн жилүүдэд бол эмчилгээ нь муудсан юм уу, таарахгүй байгаа юм уу дэмийрэх нь ихсээд байсан юм. Шизофрен өвчин нь хөдөлсөн үедээ хий юм сонсох, ганцаараа ярих, огцом ууртай зэргээр илэрдэг юм. Заримдаа болохоор зүгээр энгийн хүн шиг болчихдог юм. Уг нь эмээ уугаад байвал гайгүй л байдаг байсан. Одоо нөлөөлөх нь больчихсон юм уу гэж харж байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

5.  Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/201 дугаартай: “Б.*******ын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цусан хурааг соруулж авсан мэс ажилбарын дараах байдал /ЦТЭ 2022.04.01/ гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний лабротарийн шинжээч Б.Бадамсайханы 1454 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футболканд 28мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлт, уг футболканд 8мм хэмжээтэй гэмтэл нь гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт, цагаан өнгийн бүтээлэгний 44х88мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хутга гэмтэлгүй байна. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 30-33 дугаар тал/

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 512 дугаартай: “1. Б.******* нь сэтгэцийн онош: Ds:F20.5 Үлдэц шизофрени эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ эмгэг нь 17 настайгаас эхэлсэн байх боломжтой байна.

2. Б.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникт 3 сарын хугацаатайгаар авах шаардлагатай байна.

3. Б.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна.

4. Б.******* нь хэрэг хариуцах чадваргүй байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 42 дугаар тал/

8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 4-7 дугаар тал/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 114 дүгээр тал/

10. Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-77 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.*******ын цээжин тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хутгыг зэвсгийн хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын цээжин тус газар нь хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгалуулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/201 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

  Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүхээс тогтоосон үйл баримттай зөрүүгүй болохыг дурдлаа.

Иймд Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон цаашид нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын 512 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1-2/151 дугаартай албан тоот /хх 65/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн мэдээлэл /хх 66-68/, өвчний түүх /хх 69-74/ зэрэг нотлох баримтуудаар Ds:F20.5 Үлдэц шизофрени эмгэг сэтгэцийн эмгэгтэй байдал нь тогтоогдож байх ба  гэмт хэргийн улмаас учрах хохирол, нийгмийн аюулыг бодитоор төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах чадваргүй байжээ.

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан талуудын дүгнэлт, хэргийн оролцогчийн тайлбарыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 /гурав/ сарын хугацаагаар авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Бусад асуудлаар:

            Энэ хэрэгт болон эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, улаан өнгийн пудволк 1 ширхэг, бор өнгийн модон иштэй дундуураа нугардаг 20.5 см урттай, ажлын хэсэг нь 10 см урттай хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Б.******* нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 3 /гурав/ сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, улаан өнгийн пудволк 1 ширхэг, бор өнгийн модон иштэй дундуураа нугардаг 20.5 см урттай, ажлын хэсэг нь 10 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Д.ЧИНЗОРИГ  

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД

                                                                                       

 

                                            ШҮҮГЧ                               Э.ЭНХЖАРГАЛ