| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2022/0142/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/151 |
| Огноо | 2022-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 145 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Банзрагчийн Батбаяр, Боржигон овогт Оюунцэцэгийн Энхтуул нарт холбогдох эрүүгийн 2207000000135 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шижир дөл” ХХК-д дампын операторч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 10-21 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Боржигон овогт Банзрагчийн Батбаяр /РД:УД87081611/,
Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрэн” хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх 56-19 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Боржигон овогт Оюунцэцэгийн Энхтуул /РД:УД88022400/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Батбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 10-21 тоотод байрлах хашааны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.Энхтуулын нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан,
Яллагдагч О.Энхтуул нь 2022 оны 05 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 10-21 тоотод байрлах хашаан дотор өөрийг нь цохисон гэх шалтгаанаар хохирогч Б.Батбаярын толгой хэсэгт архины шилээр нэг удаа цохиж түүний биед духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би айлын хундам цутгаад орой ажлаасаа бууж ирээд найзуудтайгаа ганц нэг юм уусан. Тэгээд Лхагваа ахыг хүргээд өг гээд орсон. Тэгээд дэлгүүр ороод дэлгүүрээс юм аваад гэрийнхээ гадаа очоод Цагаанаатай машин дотор нь бага зэрэг маргалдсан. Машинаас хоёулаа буусан. Тэгээд эхнэрийн дүү нь гарч ирээд бид хоёрыг салгасан. Энхтуулыг би санаандгүй нүүр лүү нь цохичихсон юм. Тэгээд яг гэр лүүгээ орох гээд хашаа руу эхнэрийн дүүгээр бариулаад явж байхад Энхтуул архины шилээр цохисон. Тийм зүйл болсон.” гэв.
Шүүгдэгч О.Энхтуул нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 05 дугаар сарын 17-ны орой Батбаяр гэх энэ хүн манай нөхөр лүү залгасан. Хэн бэ гэж асуухад Баяраа залгаж байна, өдөр Пүүжээгийнд энэ хэд уусан юм шиг байна хүргээд өг гэнээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цуг гэрээсээ гарах гэтэл манай хоёр хүүхэд бас цуг явна гэхээр нь суулгаад машинаа асаагаад хашаанаас гартал Батбаяр хашааны үүдэн дээр ирчихсэн байсан. Батбаяр манай нохойноос зугтаад хашаан дээр авирчихсан байхаар нь буулгаад машинд суулгаад хүргэж өгөх гэтэл гэр лүүгээ биш өөр тийшээ хазайхаар нь яах гэж байгааг нь асуутал урд хороо орж архи, пиво авмаар байна, хоёр пивоны нэгийг нь айлд оруулж өгөөд нөгөөхийг нь Лхагваа ахдаа өгнө гэж хэлсэн. Гэтэл манай хүн уухгүй, ах нь дараа ууя маргааш өглөө ажилтай гэж хэлсэн. Батбаяр уурлаад байхаар нь замд нь дэлгүүр бас тэр айл руу нь оруулаад гэрийнх нь хажууд ирээд буулгах гэтэл буухгүй байсан. Тэгэхээр нь яасан бэ гэтэл би ганц пивоо аваад гараад ирсэн архиа бас хуваагаад уучихъя гэж хэлэхээр нь манай хүн уухгүй гэж хэлсэн. Гэтэл уумаар байна гээд байхаар нь архиа уучхаад л буугаарай гээд машиндаа уулгасан. Тэгээд архиа ууж дуусчхаад дахиад пивоо задална гээд байхаар нь дээрээс нь нэг хоёр балгачих үлдэгдлийг нь таглаад тавьчих гээд манай хүн загнасан. “Ууна би, та нар яагаад байгаа юм та нар” гэж байснаа гэнэт Цагаанбаярыг нүдэж эхэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр машинаас буугаад хаалгыг нь таттал дотроос нь түгжсэн байсан. Түгжээг тайлаад Батбаярын хөлөөс нь татсаар байгаад машинаас чирч гаргаад хаалгаа хаагаад эргээд хартал нүүр лүү манартал цохисон. Машин давхар мөргөж уначхаад босоод ирэхэд хамраас цус гарсан. Тэгээд нөхөр лүүгээ орилтол манай нөхөр “эхнэр яагаад цохиж байгаа юм бэ гээд” уурлаад хашхирсан. Тэгээд Цагаанаа машинаас үсэрч буугаад машиныг тойртол Батбаяр Цагаанбаярыг барьж аваад газар унагааж зодож эхэлсэн. Манай хүн над дээр ирээд хамраас цус гарсныг хараад дээшээ хар гэхэд нь дээшээ харж болохгүй байсан. Тэр хоёр зодолдоод байна гэж хэлэхэд манай нөхөр “би цохиж болохгүй, би цохивол хэрэгт орно, чи наанаа байж бай” гэж надад хэлсэн. Энэ хүн цаана зодоон хийгээд хүүхдүүд орилж чарлуулаад байхаар нь уур хүрээд хажууд байсан шилийг барьж аваад толгой руу нь цохисон. Гэтэл зөрүүлээд нүүрэн дундуур цохисон. Манараад байж байтал нэг нь үснээс зулгаах шиг болсон, нэг залуу бас үс гэзгийг нь тавиач гэж байх шиг байсан. Манай хүн цаанаас алчуур барьж гүйж ирээд “та нар яасан муухай улсууд вэ, машинд зодоон хийгээд татаж гаргасны төлөө эхнэрийг цохидог, хоёулаа цагдаа дээр уулзъя” гэж хэлсэн. Тэгээд хоёр хүүхэд орилоод байхаар нь хүүхдүүдээ буулгаад цустай хувцсаа тайлаад зогсож байтал Батбаяр араас цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд цагдаа дээр нэг нэгээрээ асуугдсан. Намайг цагдаа хамрынхаа зургийг эмнэлэг рүү яваад авхуулаад ир гэж хэлсэн. Тэгээд энэ хүн намайг хаашаа ч явсан араас зүхэж хараагаад цагдаа дээр хүртэл алнаа би чамайг гэж занаж орилоод байсан. Цагдаа Батбаярт “чи яагаад энэ эмэгтэй хүн рүү дайраад байгаа юм бэ” гэтэл “танд хамаагүй, чи том дарга юм уу” гэж хэлж байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч О.Энхтуулын мэдүүлэг /хх 8/, хохирогч Б.Батбаярын мэдүүлэг /хх 15/, гэрч Т.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх 23-24/, гэрч Б.Цагаанбаярын мэдүүлэг /хх 26/, гэрч Л.Ариунтунгалагийн мэдүүлэг /хх 32/, гэрч Л.Сосорбарамын мэдүүлэг /хх 33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/, шинжээчийн 249 дугаартай дүгнэлт /хх 42-43/, шинжээчийн 248 дугаартай дүгнэлт /хх 35-38/, шинжээч эмч С.Төгсбуянгийн мэдүүлэг /хх 45/, яллагдагч нарын ялыг шалгах хуудас /хх 68-69/, яллагдагч Б.Батбаярын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт /хх 79-80/, шүүгдэгч О.Энхтуулын дансны дэлгэрэнгүй хуулга /хх 104-106/, яллагдагч нарын хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 102-103/, эд мөрийн баримтаар хураан авсан архины шил зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч О.Энхтуул, Б.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас О.Энхтуул, Б.Батбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, учирсан хохирол, хор уршигт харилцан мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд О.Энхтуул, Б.Батбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Батбаяр нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Шижир дөл ХХК-д ламбын оператор ажилтай, тогтсон орлоготой, Банк, санхүүгийн байгууллагад төлөх өр, төлбөргүй, урьд ял шийтгэлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч О.Энхтуул нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, Шүрэн хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, тогтсон орлоготой болох нь түүний дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа, банк санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөртэй, урьд ял шийтгэлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч О.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн гэмт хэргийн улмаас О.Энхтуул, Б.Батбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Учирсан хор уршигт харилцан мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 0.75 литрийн Архи гэсэн бичиглэлтэй 1 ширхэг архины шилийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээлгэх дүгнэлтийг тус тус гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Батбаяр, О.Энхтуул нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нар нь 2022 оны 05 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 10-21 тоотод байрлах хашааны гадна “машинаас буулгалаа” гэх шалтгаанаар маргалдаж харилцан зодоон хийж О.Энхтуулын нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Б.Батбаярыг “нүүр лүү цохилоо” гэх шалтгаанаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Батбаярын өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найз Пүрэвсүрэнгийн гэрт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 56-р гудамжинд Цагаанбаяр бид хоёр портер машинаар хайрга татаж өгчхөөд Пүрэвсүрэнгийн гэрт Цагаанбаяр бид хоёр шил архи ууж дуусгачхаад 22 цагийн орчимд Лхагвасүрэн ахыг дуудаж гэр лүү хүргүүлэхээр болтол Лхагвасүрэн ах эхнэр Энхтуулынхаа хамтаар ирэхээр нь машин дотор Цагаанбаяр бид хоёр суугаад замаараа дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа, 2,5 литрийн Боргио аваад Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 10-22 тоотод байх манай гэрийн гадна очиж зогсоод дэлгүүрээс авсан архиа хувааж уух гэтэл Лхагвасүрэн ах, эхнэр Энхтуулын хамтаар архи уухгүй гээд суугаад байсан. Тэгтэл Цагаанбаяр Хараа нэртэй архиныхаа ихэнхийг нь ганцаараа ууж дуусгаад, дараа нь пивоо задалсан. Би Цагаанбаярт пиво аягалаад өгтөл машин дотор асгачихсан. Үүнээс болоод Цагаанбаяр бид хоёр маргалдаад, бие биеийнхээ цамцны энгэрээс барьцалдаад автал Лхагвасүрэн ах машины урд суудлаас эргэж хараад миний ам руу толгойгоороо нэг удаа мөргөчихөөр нь Лхагвасүрэн ахтай маргалдаад байж байтал О.Энхтуул машинаас бууж хүрч ирээд миний хөлөөс татаад машинаас буулгасан. Энэ үед гэрээс манай эхнэрийн төрсөн дүү Сосорбарам гарч ирээд бид нарыг салгахаар нь би гэр лүү орох гэтэл О.Энхтуул архины шил барьж хүрч ирээд миний толгой руу нэг удаа цохиод, миний духнаас цус гаргачихсан. Тэгэхээр нь би уурандаа О.Энхтуулын хамар луу нь нэг удаа гараараа цохичихсон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 59 дүгээр тал/
- Мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Цагаанбаяр бид хоёр маргалдаад, бие биенийхээ цамцны энгэрээс барьцалдаад автал Лхагвасүрэн ах машины урд суудлаас эргэж хараад миний ам руу толгойгоороо нэг удаа мөргөчихөөр нь Лхагвасүрэн ахтай маргалдаад байж байтал О.Энхтуул машинаас бууж хүрч ирээд миний хөлнөөс татаад машинаас буулгасан. Энэ үед гэрээс манай эхнэрийн төрсөн Сосорбарам гарч ирээд бид нарыг салгахаар нь би гэр лүү орох гэтэл О.Энхтуул архины шил барьж хүрч ирээд миний толгой руу нэг удаа цохиод, миний духнаас цус гаргачихсан. Тэгэхээр нь би уурандаа О.Энхтуулын хамар луу нь нэг удаа гараараа цохичихсон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад яллагдагчаар О.Энхтуулын өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 17-ны орой Налайх дүүргийн 4-р хороо Нисэх 56-19 тоотод байх гэртээ байж байтал 23 цагийн орчимд манай нөхөр Лхагвасүрэнгийн гар утас луу Батбаяр гэх хүн залгаад таны машин явж байгаа юу таниар урд хороо хүргүүлэх гэсэн юм гэхээр нь манай нөхөр үүдэнд ирээд залгаарай гэж хэлээд утсаа салгасан... гэрээс гарахад үүдэнд Батбаяр, Цагаанбаяр хоёр хамт зогсож байхаар нь машиндаа тэр хоёрыг суулгаад Налайх дүүргийн 4-р хороонд байрлах нэрийг мэдэхгүй хүнсний дэлгүүрийн гадна зогсоод 2.5 литрийн пиво 2 ширхэг, нэг 0.5 литрийн Хараа архи аваад архиа манай нөхөрт өгөхөөр нь би маргааш ажилтай дараа нь ууя гээд буцаагаад өгсөн. Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 10-22 тоотын гадна очиж зогсоход Батбаяр машинаас буугаад гэр лүүгээ ороод хувцсаа сольчхоод буцаж гарч ирээд 0.5 литрийн архиа задлахаар нь манай нөхөр бид хоёр уухгүй гэтэл намайг хүндлэхгүй байна гээд уурлаад байсан... Тэр архины ихэнхийг нь Цагаанбаяр уучихсан байх, энэ үед Батбаяр залуу та нар дорд үзлээ гээд машин дотор пиво асгачихсан. Төд удалгүй Цагаанбаяр, Батбаяр хоёр хоорондоо маргалдаад, машины арын суудал дээр ноцолдоод эхлэхээр нь би буугаад Батбаярын хөлөөс татаад машинаас буулгатал миний хамар луу гараараа цохичихсон. Тэгэхээр нь би Батбаяр хашааны гадна талд байсан шилийг аваад Батбаярын толгой руу нэг удаа цохичихсон. Тэгэхээр нь би Батбаярын хашааны гадна талд байсан шилийг аваад Батбаярын толгой руу нэг удаа цохичихсон. Тэгтэл хашааны дотроос хүн гарч ирээд орилоод байсан ба тухайн үед миний хамраас цус гоожоод байхаар нь манай нөхөр эмнэлэг явъя гээд хөдлөөд явахаар нь эмнэлэг ороод яах юм бэ гээд замаараа Налайх дүүргийн 1-р хороо Баянзүрхийн 14 дүгээр гудамжинд Цагаанбаярыг буулгачхаад гэр лүүгээ харьсан.” гэх мэдүүлэг,
- Мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...хашааны гадна талд байсан шилийг аваад Батбаярын толгой руу нэг удаа цохичихсон. Тэгтэл хашааны дотроос нь хүн гарч ирээд орилоод байсан ба тухайн үед миний хамраас цус гоожоод байхаар нь манай нөхөр эмнэлэг явъя гээд хөтлөөд явахаар нь эмнэлэг ороод яах юм бэ гээд замаараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 14 дүгээр гудамжинд Цагаанбаярыг буулгачхаад гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Лхагсүрэнгийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 17-ны орой гэртээ байж байтал 23 цаг өнгөрч байхад манай хуурай дүү Баяраа гэх хүн залгаад таны машин явж байгаа юу таниар урд хороо хүргүүлэх гэсэн юм гэхээр нь үүдэнд ирээд залгаарай гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа Баяраа гэх залуу залгаад үүдэнд чинь ирчихлээ гараад ир гэхээр нь би эхнэр, хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ гэрээс гараад хашааны үүднээс Баяраа, Цагаанбаяр хоёрыг аваад хөдөлсөн. Тэгээд Баяраа гэх залууг гэрийн үүднээс суулгаад Налайх дүүргийн 3-р хороо Наран гэх газарт хоёр хүүхэд тортой юм оруулж өгчихөөд тэндээсээ Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 10 дугаар гудамжинд Баяраагийн гэрийн гадна очиж зогсоход Баяраа машинаас буугаад гэрлүүгээ ороод хувцсаа тайлаад буцаж гарч ирээд замдаа дэлгүүрээс авсан 0.5 литрийн архиа задлахаар нь би уухгүй гэтэл Баяраа, Цагаанбаяр хоёр хоёулаа уухаар тулаад байна гэхээр нь тэгвэл би нэг татчихая гээд нэг татаад удалгүй архи нь дууссан. Тэгтэл Баяраа пивоо задалчих гэхээр нь Цагаанбаяр Баяраад пиво аягалаад өгтөл Баяраа машин дотор пиво цацчихсан. Тэгтэл машины хойд суудал дээр Баяраа, Цагаанбаяр хоёр зодолдоод явчихаар нь манай эхнэр Энхтуул гудамжинд орилоод явчихаар нь очтол хамраас нь цус нь гоожчихсон байсан. Тэгэхээр нь би машинаас алчуур авч өгөөд байж байтал архины шилээр цохичихлоо гээд манай эхнэр гартаа шил барьчихсан хамраа дараад нэл цус болчихсон газар сууж байсан. Тэгээд тухайн газраас хөдлөөд Налайх дүүргийн 1-р хороо Баянзүрхийн 14 дүгээр гудамжинд Цагаанбаярыг буулгачихаад шууд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23 дугаар тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Цагаанбаярын өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр найз Батбаярын хамтаар Пүрэвсүрэн гэх найздаа гурван портер хайрга татаж өгчихөөд Пүрэвсүрэнгийн гэрт бид гурав нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Батбаяр бид хоёр харихаар болоод Лхагвасүрэнг гэрлүү хүргээд өгөөч гэж гуйтал гэрийн үүдэнд хүрээд ир гэсэн. Тэгээд Батбаяр бид хоёр Лхагвасүрэн ахын гэрийн гадаа буюу Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн 56-19 тоотод очтол Лхагвасүрэн ах эхнэр хоёр хүүхдийн хамт гарч ирээд бид хоёрыг хүргэж өгөхөөр болсон. Замдаа Батбаяр бид хоёр дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа, 2.5 литрийн Боргио пиво аваад Батбаярын Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 10-22 тоотод байх гэрийнх нь гадаа очоод машин дотор архи, пиво хоёроо ууж байгаад би Батбаярт пиво аягалаад өгтөл гэнэт уурлаад пивоо машин дотор шидчихсэн. Тэгээд бид хоёр маргалдаад бие биенийхээ цамцны энгэрээс заамдалцаад байж байтал Лхагвасүрэн ах, эхнэр Энхтуултайгаа машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би машины нөгөө тал руу буугаад хэсэг байж байгаад Лхагвасүрэн ах, Энхтуул, Батбаяр нар дээр очтол Энхтуулын хамарнаас цус гарчихсан, Батбаярын толгой хагарчихсан байж байсан. Би тэр хэдийн хооронд яг юу болсоныг нь анзаараагүй. Үүний дараа нэг их удаагүй байж байтал цагдаа хүрч ирээд бид нарыг аваад явчихсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26 дугаар тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр Л.Ариунтунгалагийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 10-22 тоот хашааны гадаа хүмүүс хэрэлдэж муудалцаад байгаа бололтой чимээ гараад байхаар нь гайхаад төрсөн дүү Сосорбарамд “чи юу болоод байгааг гараад хараадхаач” гэж хэлээд гаргасан. Ингээд удаагүй миний санаа зовоод дүүгийнхээ хамт хашааныхаа гадаа гартал манай нөхөр Б.Батбаяр танилууд болох Лхагвасүрэн, Цагаанбаяр, Энхтуул нарын хамт машин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээгээд хоорондоо хэрэлдэж муудалцсан байдалтай байсан. Тухайн үед Сосорбарам манай нөхрийг тэвэрч аваад бусад хүмүүсээс нь холдуулаад салгаж байтал Энхтуул гэх эмэгтэй Б.Батбаяр руу дайраад байхаар нь дүүдээ хэлж нөхрөө хашааруугаа оруулаад Лхагвасүрэн, Цагаанбаяр нартай "та нар яагаад хэрэлдэж муудалцаад байгаа юм бэ?" гээд хэрэлдээд байж байтал Энхтуул гэх эмэгтэй гартаа нэг архины шил барьчихаад хашаан дотор зогсож байсан Б.Батбаяр руу дайраад архиныхаа шилээр толгой руу нь 1 удаа цохьчихсон юм. Үүний дараа манай нөхөр Б.Батбаяр толгой руугаа архины шилээр цохиулсандаа уурлаад Энхтуулын нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон үйл явдал болсон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 31 дүгээр тал/
6. Мөрдөн байцаалтад гэрчээр Л.Сосорбарамын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 10-21 тоот төрсөн эгч Л.Ариунтунгалагын гэрт ирчихсэн байж байсан юм. Тэгтэл хашааны гадаа хүмүүс хоорондоо зодолдоод байгаа ч юм шиг, хэрэлдээд байгаа юм шиг чимээ гарахаар нь гайхаад юу болоод байгааг мэдэхээр хашаанаасаа гараад хартал хүргэн ах Б.Батбаяр Цагаанбаяр гэх залуудаа муудалцсан бололтой хоорондоо барьцалдаж аваад байж байхад нь Б.Батбаярыг тэвэрч аваад тэр хэрүүл маргаанаас холдуулаад хашааруугаа аваад явж байтал Б.Батбаярын ах руу Энхтуул гэх эмэгтэй дайраад гартаа архины шил барьчихаад тэр шилээрээ Б.Батбаярын ахын толгой руу нь 1 удаа цохьчихсон. Тэгсэн чинь Б.Батбаяр уурлаад Энхтуулыг нүүрлүү нь гараараа 1 удаа цохьчихсон. Ингээд байж байтал тухайн үед хажууд хараад зогсож байсан Ариунтунгалаг эгч цагдаад дуудсан юм. Өөр ямар нэгэн асуудал болоогүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 33 дугаар тал/
7. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/248 дугаар: “Б.Батбаярын биед духанд шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 38 дугаар тал/
8. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/249 дугаар: “О.Энхтуулын биед хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 43 дугаар тал/
9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 07- 09 дүгээр тал/
10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,
/хх-ийн 10 дугаар тал/
11. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
/хх-ийн 11 дүгээр тал/
12. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 35-36, 40-41 дүгээр тал/
13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 68, 69 дүгээр тал/
14. шүүгдэгч Б.Батбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд
/хх-ийн 76-89 дүгээр тал/
15. шүүгдэгч О.Энхтуулын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 92-97 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр бие биеийнхээ эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нар нь харилцан зодолдсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба харилцан зодолдсоны улмаас Б.Батбаяр, О.Энхтуул нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан нь шинжээч эмчийн 248,249 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Батбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Энхтуулын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...294.900 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”,
Шүүгдэгч О.Энхтуулын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батбаярын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн “ARKHI” гэсэн бичиглэлтэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нар нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ирүүлсэн Боржигон овогт Банзрагчийн Батбаяр, Боржигон овогт Оюунцэцэгийн Энхтуул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч О.Энхтуулыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн “ARKHI” гэсэн бичиглэлтэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нар нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбаяр, О.Энхтуул нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ