Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 122

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 17-р баг, 21-р хороолол, 17-р байрны 42 тоотод оршин суух Тариачин овогт Тоохуурын Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 17-р баг, 21-р хороолол, 16-р байрны 107 тоотод оршин суух Хотгойд овогт Лувсандоржийн Сэлэнгэд холбогдох, 

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Нарантуяа, хариуцагч Л.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2007 онд анх танилцсан. Танилцахаас өмнө 2005  оны 12 дугаар сарын 06 ны өдөр төрсөн охин Мичидмарал байсан. Хамт амьдарч байгаад 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр  хүү С.Баярням төрсөн. Хүү хоёр нас хүртэл хамт амьдарсан. Хүү хоёр нас хүрэхэд би ажилд орж 2011 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Таарч тохирохгүйн улмаас 2 жил тусдаа амьдарсан. Тэгээд Тэгээд буцаж нийлсэн боловч буцаад 2013 оны намраас тусдаа амьдраад 2016 он хүртэл. Буцад нийлээд 2017 оны 11 сарын 15-ны өдрөөс дахин тусдаа амьдарч эхэлсэн. Бид хоёр хамт байхаар байнгын хэрүүлтэй байдаг. Бүх л зүйл таарч тохирохгүй байдаг. Гэрлэлтээ 2009 онд батлуулсан. 8 настай хүүтэй 12 настай охинтой. Хүүхдүүд миний асрамжид байгаа. Цаашид хамтран амьдрах болосжгүй. Манай нөхөр олон удаа наркозны хагалгаанд орсон. Архи уухаар маш муухай ааштай болдог. Найз нөхөд ихтэй болохоор архи уух болдог. Айхтар их уудаггүй. Надад гар хүрдэг. Архи уухад миний хажууд хүн л байхгүй бол надад гар хүрдэг. Энэ хүн хүүхэдтэйгээ бараг уулздаггүй. Тусалж дэмжих тал дээр гайгүй. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Тэтгэлгийг хүү дээрээ л тогтоолгоно. Манай нөхөр охиноосоо татгалзсан гэв.

 

Хариуцагч Л.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2007 онд танилцаж хамтран амьдарч байгаад хүүтэй болсон. Дагавар охинтой байсан. Би охиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад хамт амьдарсан. 2011 онд салсан гэж байна. Би тэр үед 2012 хагалгаанд ороод өвчтэй байсан. Өвчний улмаас жаахан зан ааш эвдэрсэн байж магадгүй. Цаанаасаа л хэрүүл маргааны асуудал гарч таарч тохирохгүй байсан. Таарч тохирохгүй учраас салсан нь дээр байх гэж бодох болсон. Адилхан л таарч тохирдоггүй. Өнгөрсөн зун архи уугаад хоёр удаа ороход нэг удаа гэртээ оруулсан. Би тэр үед ганц пиво уугаад орж ирж байсан. Заримдаа эрүүл ч байсан заримдаа гэртээ оруулдаггүй. Жил, орд хүртэл таардаггүй. Байнгын хэрүүлтэй байхад хүүхдүүдэд ч гэсэн хэцүү байдаг. Тэгээд ярилцаад салъя гэсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Нарантуяа, хариуцагч Л.Сэлэнгэ нар нь 2007 онд гэр бүл болж гэр бүлээ албан ёсоор батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүү С.Баярнямыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүл болох үед нэхэмжлэгч Т.Нарантуяагийн дагавар охин 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Мичидмаралыг эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандан эцэг Л.Сэлэнгэээр овоглосон байна.

 

Зохигчид нь хамтран амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2-3 удаа тусдаа амьдарч байгаад эргэн нийлж хамтын амьдралаа үргэлжлүүлсэн боловч таарч тохирохгүй байгаа тул хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005  оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.Мичидмарал, 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү С.Баярням нарыг эх Т.Нарантуяагийн асрамжинд үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.Нарантуяа нь дагавар охин С.Мичидмаралд тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Дагавар хүүхэд, хойт эцэг, хойт эхийн хооронд эрх, үүрэг үүснэ, 25 дугаар зүйлийн 25.2-т ...гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.2-т “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно” гэж заасан боловч зохигчид нь гэрээ байгуулсан талаарх баримт шүүхэд ирүүлээгүй байх тул С.Мичидмарал, С.Баярням нарт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Л.Сэлэнгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хотгойд овогт Лувсандоржийн Сэлэнгэ, Тариачин овогт Тоохуурын Нарантуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005  оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.Мичидмарал, 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү С.Баярням нарыг эх Т.Нарантуяагийн асрамжинд үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү С.Баярнямыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2005  оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.Мичидмаралыг 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Сэлэнгээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Л.Сэлэнгэ, эх Т.Нарантуяа нарт даалгасугай.

 

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 169,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА