Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00377

 

“... капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02470 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1873 дугаар магадлалтай,

        Нэхэмжлэгч: “... капитал ББСБ” ХХК

        Хариуцагч: Д.Б-

        Хариуцагч: “.. цахилгаан” ХХК

         304,985,169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн 2019.12.12-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, “.. цахилгаан” ХХК-ийн өмгөөлөгч А.Ариунаа, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Д.Б- нь “... капитал ББСБ” ХХК-иас 2017.06.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 160,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 1 жилийн 48 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн гэрээний 2.8 болон гэрээний хавсралтад зааснаар зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 21-ний өдөр төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байна. “... капитал ББСБ” ХХК нь зээлдэгчтэй удаа дараа уулзалт хийсэн бөгөөд 2018.11.03, 2019.01.30-ны өдрүүдэд мэдэгдэл гардуулсан. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 141,594,378 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 138,942,014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,448,776 төгрөг, нийт 304,985,169 төгрөгийг Д.Б-оос гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БЗД-н 11-р хороо, 10/15-7 тоотод байршилтай, 196 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Д.Б- тайлбартаа: Д.Б- нь “... капитал ББСБ” ХХК-тай 2017.06.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад 160,000,000 төгрөгийг авсан. Зээл авснаас хойш нийт 30,605,500 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг хүүний тооцоололтой тулгаж харахаар үндсэн зээл болон хүүнээс ялгамжтай байдлаар хассан тооцоолол хийсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх төлбөр бол үндсэн зээлээс хасагдах боломжтой, төлбөрүүд бол шилжүүлсэн баримтыг төлбөрийн зориулалт дээр хүү, төлбөр гэдэг нь тодорхой харагддаггүй.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд төлбөр төлөх дарааллыг тогтоогоогүй тул үндсэн төлбөрөөс хасч тооцох боломжтой. Ингэснээр хүү болон нэмэгдүүлсэн хүүнд өөрчлөлт орно, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

        Хариуцагч “.. цахилгаан” ХХК тайлбартаа: “... капитал ББСБ” ХХК нь Д.Б-ын зээлсэн 160,000,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд 304,000,000 төгрөгийг “.. цахилгаан” ХХК-ийн өмчийн хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй. Д.Б- нь Ч.Батбаярын багын найз бөгөөд Д.Б- ирээд “...барилга зогсчихлоо, үл хөдлөхөө барьцаалаад өг...” гэсэн байдаг. Энэ үүднээс итгэмжлэл хийж өгсөн бөгөөд итгэмжлэл нь ИХ-н 64-д заасан шаардлага хангахгүй байна. ИХ-н 64.2.2-т нягтлан бодогч нь гарын үсэг зурсан байна гэж заасан байгаа. Энэ аж ахуйн нэгж нь нягтлан бодогчтой байгаа Ч.Батбаяр нь компанийнхаа эзэмшлийн хөрөнгийг нягтландаа мэдэгдэлгүй итгэмжлэл өгсөн. Д.Б- 1 сарын дараа зээлийг төлж барьцааг чөлөөлнө гэсэн амлалт өгсөн боловч чөлөөлөөгүй тул хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Итгэмжлэл нь өөрөө эхнээсээ хуулийн шаардлага хангаагүй тул барьцааны гэрээ ч бас хүчин төгөлдөр бус болно. “.. цахилгаан” ХХК-с Д.Б-од өгсөн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болгоод барьцааны гэрээг бас хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 102/ШШ2019/02470 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан  Б.Б-оос 304,985,169 төгрөгийг гаргуулан “... капитал ББСБ” ХХК-д олгож, барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай “... капитал ББСБ” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,911,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Б-оос 1,682,875 төгрөгийг гаргуулан “... капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1873 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “... капитал ББСБ” ХХК-с төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 1,035,903 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч хэрэгт авагдсан нотлон баримтыг үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл шүүгч хариуцагчийн тайлбарыг нягтлан шалгаагүй. Учир нь “Үндэслэх хэсэгт... энэхүү итгэмжлэл нь ИХ-н 64.2.2-т заасан хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурна гэсэн шаардлагыг хангаагүй байна гэх хариуцагчийн тайлбар үндэстэй байна гэжээ”. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулахад шаардагдсан Итгэмжлэлийг хариуцагчид өөрсдийн биеэр бүрдүүлж, нотариатаар баталгаажуулан авч ирсэн бичиг баримт юм. Уг итгэмжлэлийн агуулгыг шүүх ИХ-н 64.2.2-т заасан заалтыг ерөнхийд нь авч үзсэн байна. Учир нь тус итгэмжлэлд: - Худалдах –Бэлэглэх -Зээлийн барьцаанд барьцаалах эрхийг хамт өгсөн байдал бөгөөд бид зөвхөн зээлийн барьцаанд барьцаалах эрхийг нь үндэслэн барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Хуульд ...хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулахад нягтлан бодогч гарын үсэг зурна гэжээ. Бид тус хөрөнгийг хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй билээ. Байгууллагын нягтлан бодогч нь хөрөнгийн хөдөлгөөн бүрийг мэдэж бүртгэх үүрэгтэй хүн болохоос захиран зарцуулах эрх хэзээд байхгүй билээ. Иймээс ИХ-н 64.2.2-г “... капитал ББСБ” ХХК-ийн энэ тохиолдолд ашиглах, хэрэглэх боломжгүй нь харагдаж байна. Мөн тус “.. цахилгаан” ХХК-ийг нягтлан бодогчтой гэдгийг нотлоогүй, нягтлан бодогчтой гэж гаргаж өгсөн тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамчаар үйлдсэн нь илт хардаж байна. Хуурамчаар үйлдсэнийг х.х 28 хуудасны “.. цахилгаан” ХХК-ийн улсын бүртгэлийн газраас олгосон гэрчилгээ нотолно. Гэрчилгээний арын хэсэгт “.. цахилгаан” ХХК-ийн захирал Ч.Батбаярыг 2016.01.08-ны өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэснийг улсын бүртгэлийн 069 дугаартай улсын бүртгэгч Монголжингоо бүртгэж баталгаажуулсан байна. Д.Ариунбулгыг 2016.01.02-ны өдөр нягтлан бодогчоор томилсон тушаал нь амралтын өдөр буюу бямба гаригт гаргасан, Гүйцэтгэх захирал Ч.Батбаяр нь гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан биш байтал тушаал гаргаж, гарын үсэг зурсан байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй тушаалыг 2 ширхэгийг өгсний нэг нь тушаалын 08 тоот дугаартай, нэг тушаал нь дугааргүй байгаа зэрэг нь хуурамчаар үйлдсэнийг илтгэж байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй, нягтлан бодогчтой эсэхийг үл тодруулан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн “.. цахилгаан” ХХК нь нягтлан бодогчтой байж таараа гэдгийгээ компани дүрэмтэй холбон тайлбарладаг. Гэтэл тус дүрмийн 3.2 т “Компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль болон Компанийн тухай хуулийн 96-д заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн, санхүүгийн тайлан гаргана” гэж заасан нь нягтлан бодогчтой гэдгийг нотлох боломжгүй юм. Харин эсрэгээрээ тус дүрмийн 4.3-т “Компани нь улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно. Энэхүү заалтыг зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол буруутай этгээд гэм хорыг арилгана” гэжээ. Гэтэл “.. цахилгаан” ХХК-ийн захирал Ч.Батбаяр нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болоогүй байж тушаал гаргасан нь энэ заалтыг зөрчиж бусдад гэм хор учруулсан байна. Хоёр: “.. цахилгаан” ХХК нь 2019.09.20-ны өдөр БГД-н ИХАШШ-д сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Тус сөрөг нэхэмжлэлд “...2017.06.21-нд “.. цахилгаан” ХХК-ийг төлөөлж Ч.Батбаяр , иргэн Д.Б- нарын хооронд байгуулсан “.. цахилгаан” ХХК-ийн өмчлөлийн ..10/15-07тоот хаягт байршилтай 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахаар олгосон итгэмжлэл, “... капитал ББСБ”, иргэн Д.Б- нарын хооронд байгуулсан 2017.06.21-нд байгуулсан БГ17/0015 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг ИХ-н 64.2.2, 64.3, 59-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож “ өгнө үү гэснийг 2019.09.20-ны өдрийн дугаар 102/Ш32019/11679 тоот шүүгчийн захирамжаар Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захирамж гаргасан атлаа сөрөг нэхэмжлэлд дурдсан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Мөн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтыг үндэслэсэн байдаг. Тус нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамч байсан учраас шийдвэрт хариуцагчийн тайлбар үндэстэй гэсэн ганцхан өгүүлбэрээр тайлбарласан байна. Гурав: “.. цахилгаан” ХХК-ийн захирал Ч.Батбаяр нь 2017.06.21-ний өдөр гаргаж өгсөн Итгэмжлэлд “...Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно” гэдгийг зөвшөөрч өөрийн биеэр ирж, гарын үсэг зурж итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл “.. цахилгаан” ХХК-ийн захирал Ч.Батбаяр нь шүүхэд манай байгууллага нь нягтлан бодогчтой байсан энэ итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус итгэмжлэл гээд хэлээд зогсож байгаа нь санаатай хууран мэхлэх үйлдэл юм. Шүүх хариуцагчийн гаргасан тайлбарыг нотлох баримтанд тулгуурлан, хянаж шалгаагүйгээр үндэслэлтэй гэж үзсэн. Ер нь 2017.06.21-ний өдрийн “.. цахилгаан” ХХК-иас иргэн Д.Б-од олгосон итгэмжлэл нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байсаар байгаа. Нэхэмжлэгч хариуцагчийн хоорондох гэрээ нь хуулийн дагуу харилцан тохиролцон хэн нэгний дарамт шахалтгүйгээр хийгдсэн гэрээ учраас заавал үүргээ биелүүлэх ёстой. Энэ нь нийгмийн хариуцлага, шүүх байгууллагын шударга байдал, хуулийн эрх тэгш байдал, шүүгчийн мэргэн ухааныг үзүүлэн, уг хэргийг үнэн зөвийг тогтоож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгө болох БЗД-н 11-р хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “... капитал ББСБ” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг БЗД-н 11-р хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        1. “... капитал ББСБ” ХХК нь 2019.03.29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Д.Б-оос нийт 304,985,169 төгрөг гаргуулах, “.. цахилгаан” ХХК-ийн хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, 10/15-7 тоотод байршилтай, 196 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө \цаашид 196 кв.м үл хөдлөх эд хөрөнгө гэх\ -с үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан байна. Нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа “... Д.Б- 2017.06.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 160,000,000 төгрөг зээлсэн ч зээлээ буцааж төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 141,594,378 төгрөг, үндсэн хүү 138,942,014 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,448,776 төгрөг шаардаж байна...хариуцагч–хуулийн этгээд өөрийн эд хөрөнгийг Д.Б-ын зээлд барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг уг эд хөрөнгөөс хангуулна...” гэжээ. \хх 1, 64,79\

        2. Шүүх нэхэмжлэлийн хувийг Д.Б-од 2019.05.16-ны өдөр \хх43\, “.. цахилгаан ХХК-д 2019.05.27-ны өдөр \хх 50\ тус тус гардуулан өгсөн боловч анхан шатны шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг хариуцагч нар гаргаагүй байв.

    Шүүх хуралдаан дээр Д.Б-ын төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... нэхэмжлэгч зээл олгохдоо зориулалтыг нь анхаарсан эсэхийг шүүх анзаарах хэрэгтэй...нийт 30,605,500 төгрөгийг төлсөн байхад үндсэн төлбөрөөс хасаагүй...гэрээнд төлбөр төлөх дарааллыг тогтоогоогүй байгаа...” гэж маргажээ. \хх126\

      “.. цахилгаан” ХХК шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа “.... захирал нь нягтлан бодогчдоо мэдэгдэлгүй Д.Б-од итгэмжлэл хийж өгсөн.... хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна... итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм...итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болгоод барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү...” гэсэн байна.\хх126\

     Шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан өгсөн байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

        3. Анхан шатны шүүх хариуцагч-иргэнд  холбогдох нэхэмжлэлийг хангаж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож “.... “.. цахилгаан” ХХК-ийн захирал Ч.Батбаяраас 2017.06.21-ний өдөр Д.Б-од олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2.2-н шаардлагыг хангаагүй байна..” гэсэн дүгнэлт хийснийг давж  заалдах шатны шүүх  хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй..” гэжээ.   

       Хариуцагч нар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд буюу “..үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн..” хэмжээнд шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

       4. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       а/. Хариуцагч-хуулийн этгээд нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... 2017.06.21-ний өдөр  Д.Б-од олгосон итгэмжлэл  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй, итгэмжлэлд нягтлан бодогч гарын үсэг зураагүй тул мөн зүйлийн 64.3-т зааснаар хүчин төгөлдөр бус ...” гэжээ.

       Маргааны зүйл болсон итгэмжлэлд “..... цахилгаан ХХК-г төлөөлж Ч.Батбаяр би Баянзүрх дүүргийн 11-р хороо,13221 Дүнжингаравын гудамж 10\15-7 тоот хаягт байрлах 196 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ...худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд барьцаалах, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, лавлагаа авах, УБЕГ болон нотариатад төлөөлөх, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, худалдсан тохиолдолд төлбөрийг хүлээн авах, баримт бичиг бүрдүүлэн өгөх, холбогдох баримтанд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг...Д.Б-од ...2 жилийн хугацаатай...олгож байна..” гэжээ.\хх27\   

       б/. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т “...хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх...” гэж, 64.3-т “.... 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна...” гэж тус тус заасан байна.

      Д.Б- “.. цахилгаан” ХХК-иас 2017.06.21-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн “... капитал ББСБ” ХХК-тай 2017.06.21-ний өдөр БГ17/0015 дугаар бүхий  “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, 196 кв.м үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан \хх 22\ нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

      Шүүх хуралдаан дээр гаргасан, хариуцагч-хуулийн этгээдийн тайлбар \хх125-128\ -аас үзвэл, төлөөлүүлэгч нь 196 кв.м үл хөдлөх эд хөрөнгийг төлөөлөгчийн зээлд барьцаалах хүсэл зоригтой байсан, энэ талаар зохигч нар маргаагүй тул “.. цахилгаан” ХХК нь 2017.06.21-ний өдрийн итгэмжлэлээр Д.Б-од “эд хөрөнгө барьцаалахтай холбоотой  эрх олгосон” гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ

     Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл, барьцааны гэрээг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож байгуулдаг бөгөөд үүрэг биелэгдээгүй буюу зохих ёсоор биелэгдээгүй тохиолдолд л шаардах эрх үүснэ.

       Үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах гэрээ байгуулах “эрх олгосон” итгэмжлэлийг шүүх “...эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл” гэж  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.       

       в/. Төлөөлүүлэгч нь 2017.06.21-ний өдрийн итгэмжлэлд “..худалдах...бэлэглэх...” талаар заасныг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-г зөрчинө.

       Төлөөлүүлэгч нь төлөөлөгчид эд хөрөнгийг “..худалдах...бэлэглэх...” эрхийг итгэмжлэлээр олгосон гэх үндэслэл тогтоогдоогүй тул “.. цахилгаан” ХХК нь Д.Б-од эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулахыг зөвшөөрсөн гэж үзэхгүй. 

        г/. Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй нь дутагдалтай болжээ. 

        д/. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2017.06.21-ний өдрийн БГ17/0015 дугаартай  барьцааны гэрээг Д.Б-, “... капитал ББСБ” ХХК нар зохих журмын дагуу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.\хх22-27\

        2017.06.21-ний өдрийн БГ17/0015 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй, Д.Б- нь 2017.06.21-ний өдрийн ЗГ17/0015 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т   нийцсэн байна.   

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Д.Б-оос нийт 304,985,169 төгрөг  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг “.. цахилгаан” ХХК-ийн хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, 10/15-7 тоотод байршилтай, 196 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс хангуулах тухай “... капитал ББСБ“ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1873 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-оос 304,985,169 төгрөг гаргуулан “... капитал ББСБ” ХХК-д олгож, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байрлах 196 кв.м талбайтай “.. цахилгаан” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж, 2 дахь заалтын “...Д.Б-оос 1 682 875 /нэг сая зургаан зуун наян хоёр мянга найман зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... Капитал ББСБ,ХХКомпанид олгосугай...” гэснийг “...Д.Б-оос 1,753,075 төгрөг гаргуулан “... капитал ББСБ” ХХК-д олгосугай..” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг захирамжаар нэхэмжлэгчид буцааж олгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Д.ЦОЛМОН

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД                              Х.СОНИНБАЯР

                                                                                             Б.УНДРАХ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД