Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 560

 

185/2019/0036/Э

 

 

 

 

2019           6              6                                             2019/ДШМ/560                                                

                             Ц.О , Д.Ж , О.Т

                                   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                          

прокурор Г.Батбаяр,

яллагдагч Ц.О , түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

яллагдагч Д.Ж , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

яллагдагч О.Т , түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.О , Д.Ж , О.Т  нарт холбогдох 201701000080 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. И Ө овгийн Ц-ийн О, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

2. Д овгийн Д-ийн Ж, .....тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

 

3. Б овгийн О-ын Т, ..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД.............../;

 

Ц.О  нь Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 7-ны өдрийн хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах “Тэмээн поло” тэмцээнийг 27,648,700 төгрөгийн төсөв гарган, тэмцээний үйл ажиллагаа зохион байгуулж дууссан байхад дахин Эрүүл, мэнд спортын сайд С.Ламбаагийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/214 дугаартай “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Ж д даалган 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/325 дугаартай тушаал гаргуулж, тус 150 сая төгрөгийг өөрийн төрсөн хүүхэд О-ын Т-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо гэх төрийн бус байгууллагаар дамжуулан шилжүүлэн авч, Эрүүл мэнд, спортын яаманд 150,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан,

Д.Ж  нь Эрүүл мэнд, спортын яамны Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр А/114 дугаартай 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах “Тэмээн поло” тэмцээнийг 27,648,700 төгрөгийн төсөвтэй зохион байгуулах тушаал гарган уг тэмцээнийг зохион байгуулж дууссан байхад, Монгол улсын шадар сайдаар ажиллаж Ц.О ын шаардсаны дагуу дахин 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/325 дугаартай “тэмцээний зардал гаргах тухай” тушаал гарган Ц.О ын төрсөн хүүхэд О.Т гийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагад 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 5 удаагийн шилжүүлгээр 150 сая шилжүүлэн өгч, Эрүүл мэнд, спортын яаманд 150,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

О.Т  нь Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.О  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүл мэнд, спортын яамны Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ж-ы 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/114 дугаартай тушаалын дагуу 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах “Тэмээн поло” тэмцээнийг 27,648,700 төгрөгийн төсөв гарган тэмцээний үйл ажиллагаа зохион байгуулж дууссан байхад дахин Эрүүл, мэнд спортын сайд С.Ламбаагийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/214 дугаартай “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тухай тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Ж д даалгаж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/325 дугаартай тушаал гаргуулан Эрүүл мэнд, спортын яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо гэх төрийн бус байгууллагаар дамжуулан Эрүүл мэнд, спортын яамнаас 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 5 удаагийн гүйлгээгээр 150 сая төгрөгийг гаргуулан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас:

Ц.О ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Д.Ж ы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

О.Т гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоолгох  үндэслэлээр Ц.О , Д.Ж , О.Т  нарт холбогдох эрүүгийн 201701000080 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ц.О , Д.Ж , О.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэлдээ:

“...Шүүгчийн захирамжид гэрч С.Ламбаа, Т.Баярсайхан, П.Алтанзаяа, А.Эрдэнэбаяр, Х.Отгонбаатар нар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ илтэд зөрүүтэй мэдүүлэг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон” гэж дүгнэсэн боловч дээрх гэрч нар нь мөрдөн байцаалтын шатанд юу гэж мэдүүлсэн, ямар мэдүүлэг нь шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгтэй ямар байдлаар илтэд зөрүүтэй байгаа талаар тодорхой дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн уг заалт нь тодорхой бус болсон байна. Түүнчлэн, шүүхийн шатанд Т.Баярсайхан, П.Алтанзаяа, А.Эрдэнэбаяр, Х.Отгонбаатар нарын гэрчээр өгсөн мэдүүлэг нь тэдний мөрдөн байцаалтын шатанд хэргийн нөхцөл байдлын талаар гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтэй илтэд зөрүүтэй гэх нөхцөл байдал байхгүй, дээрх гэрч нар нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...шадар сайд асан Ц.О  нь 150 сая төгрөгийг гаргуулахаар хууль бусаар гэрч нарт болон бусад этгээдэд нөлөөлсөн эсэх талаар” ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөөгүй. Харин шүүхийн шатанд дээрх гэрч нар мэдүүлэг өгөхдөө нэмж “шадар сайд асан Ц.О ын зүгээс ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй талаар” мэдүүлсэн нь гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд Ц.О ын талаар илтэд зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин гэрч С.Ламбаагийн хувьд ...илтэд зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн. Гэвч С.Ламбаагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэтуяагийн /4 хх 59/, Биеийн тамир хөгжлийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Туяагийн /4 хх 129-139/ гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Ж ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн ...мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон.

Иймд гэрч С.Ламбаагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Ц.О ын талаар илтэд зөрүүтэй өгсөн түүний мэдүүлгүүдийн зөрүүг арилгах нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагагүй болно.

Мөн шүүгчийн захирамжинд “Эрүүл мэнд, спортын сайдын эрх шилжүүлэх тушаалаар Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирал Д.Ж ы “Тэмээн поло” төрийн бус байгууллагад 5 удаагийн гүйлгээгээр 150,000,000 төгрөгийг шилжүүлэн авахад шүүгдэгч О.Т  яаж дэмжлэг үзүүлсэн болох нь тодорхойгүй бөгөөд түүний уг гэмт хэрэгт оролцсон оролцоог шалгах нь зүйтэй гэжээ.

...О.Т гийн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан “Монголын Тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагын хуулийн этгээдийн лавлагаа, Эрүүл мэнд, спортын яамнаас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 150,000,000 төгрөгийн санхүүгийн баримт, уг мөнгөний зарцуулалттай холбогдох иргэн, аж, ахуй нэгжийн банкны дансны хуулга, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал А.Тунгалагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4 хх 155-157/, “Монголын Тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагын менежер гэх А.Эрдэнэбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /5 хх 116-117/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг.

Мөн шүүгдэгч Ц.О , О.Т  нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт 150,000,000 төгрөгийн хохирлыг нарийвчлан тогтоох талаар хүсэлт гаргасан хэдий ч энэ талаар шалгаагүй байна. Өөрөөр хэлбэл, Тэмээн поло улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гарсан гэх зардлыг хувь хүн, хуулийн этгээдээс мөнгө зээлсэн, техник хэрэгслийг БНХАУ-аас худалдан авсан эд зүйлд үнэлгээ хийх, бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах ажиллагааг хийх шаардлагатай гэж дурдсаныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.О , О.Т , тэдний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт заагдсан бүхий л мөрдөн шалгах ажиллагааг боломжит хэмжээнд мөрдөх байгууллагаас хангалттай хийж гүйцэтгэсэн. Тодруулбал:

Сани Мечанизешн Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарзаяа, Тэмээн поло, спорт аяллын холбооны гүйцэтгэх захирал О.Т  нарын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 05/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /1 хх 75- 77/, “2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 9-ний өдрийн хооронд тайз засах, зөөвөрлөх, угсрах 4x3 LЕD дэлгэц хөгжим, техник апартур зөөврийн цахилгаан станцаар хангах ажил гүйцэтгэх тухай гэрээ. Гэрээгээр 33,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэнэ. Гэрээний төлбөрийн 80 хувийг гэрээ хийгдсэн дор 20 хувийг ажил хүлээлгэн өгсний дараа хийх” тухай,

Сани Мечанизешн Монголиа ХХК-ний гүйцэтгэх захирал А.Амарзаяа, Тэмээн поло, спорт аяллын холбоо гүйцэтгэх захирал О.Т  нарын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээ /1 хх 78-79/ 100,000,000 төгрөг 2016 оны 2 дугаар сарын 15-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай Сани Мечанизешн Монголиа ХХК-иас О.Т  100,000,000 төгрөг зээлсэн тухай гэрээ.

МХЭАХНҮ холбооны гүйцэтгэх захирал А.Тунгалаг, иргэн Ц.Чулуунбаатар нарын зээлийн 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн 40,000,000 төгрөг зээлсэн тухай гэрээ /1 хх 81-82, 134-135/

БНХАУ-ын Beihing De Run аж ахуйн хөгжлийн компаний гүйцэтгэх захирал н.Цэнгэл, Тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо гүйцэтгэх захирал О.Т  нарын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /1 хх 83-85/. Гэрээгээр цом 1 ширхэг 22,000 юань, бэлэг дурсгал 6,500 юань, Полоны бөмбөг 30 ширхэг 1,500, Полоны цохиур 8,800 юань, шүгэл 10 ширхэг 160 юань, бүслүүр 480 метр 15,840 юань, тууз 600 метр 12,000 юань, дарцагны материал 28 метр 476 юань, хамгаалалтын малгай 17,400 юань, нийт 84,676 юаниар худалдан авах гэрээ хийсэн байна. Гэрээний үнэ Монгол төгрөгөөр 26,017,547 төгрөг,

Гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын орлогч дарга Л.Очгэрэлийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 01-2/4594 дугаартай албан бичиг /2 хх 52/ Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо төрийн бус байгууллага, Ханамакс групп ХХК, Сани манлай ХХК, Тансаг говь энэржи ХХК нь 2016 оны 1 дүгээр сараас хойш Монгол улсын гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирээгүй гэх.

Тэмээн поло спорт уралдаан аяллын холбооны гүйцэтгэх захирал О.Т , Орон нутгийн Лха телевизийн захирал Ч.Баасанжав /LCN/ нарын суртчилгааны нэвтрүүлэг, баримтад кино, мэдээ хэрэглэгчийн нийгэмлэгтэй хамтран шторк, эргэцүүлэл, нэвтрүүлэг хийж өгөх тухай гэрээг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан /1 хх 114-117/,

2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо гүйцэтгэх захирал О.Т , Говь цамхаг ХХК-ний дэд захирал З.Мөнхбат нарын байгуулсан хамтран ажиллах гэрээ /4 хх 95-96/, Улсын аварга шалгаруулах тэмээн поло тэмцээнийг зохион байгуулахад бэлтгэл ажил хангах, суврагын ажилд хамтран ажиллана. Нийт 60 сая төгрөгийг гэрээ хийсэн. Үүнд, тэмцээний талбайг бэлтгэж индүүдэх 4 сая, тамирчдад хоол хүнс, гэр бусад туслалцаа үзүүлэх 5 сая төгрөг, цогцолбор босгох ажлын зураг төсөв хийлгэх 40 сая, шат талбай хийх 11 сая төгрөг. Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт, нэхэмжлэх 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр /1 хх 112, 113/, Хайтек ХХК-ний Чинбатад 9,817,600 төгрөг, Тэмээн поло 2016 тэмцээний анносны зардал гэж шилжүүлсэн баримт материалууд болон эдгээр баримт материалтай холбогдуулан холбогдох бүхий л иргэн, албан тушаалтан нарыг гэрчээр байцааж мэдүүлэг авсан зэрэг дурдсан бүхий л ажиллагаануудаар шалгаж тогтоосон.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор У.Дэндэвдоржийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Яллагдагч Д.Ж ы өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гаргасан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч О.Т гийн өмгөөлөгч Н.Тэрбиш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар Ц.О  сайдын шаардсанаар Спорт хөгжлийн газрын дарга Д.Ж д даалгаж, яллагдагчаар татсан тогтоол, ял өөрчлөн татсан тогтоол, яллах дүгнэлт зэрэгт О.Т г буруутгасан. О.Т г Эрүүл мэнд, спортын яаманд их хэмжээний хохирол учруулахад дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж байгаа нь огт үндэслэлгүй.

О.Т  төсөв захирагч биш, төрийн болон нийтийн албан тушаалтан биш, төсвийн хөрөнгийг зарцуулах эрх бүхий албан тушаалтан биш. Дээрх сайд, дарга нарт зааж зөвлөх эрхгүй, зэвсэг хэрэгслээр үйлчлээгүй, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах зэрэг ямар ч буруутай ажиллагааг хийгээгүй.

Тийм учраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 “...зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэнэ...” гэж заасан нь миний үйлчлүүлэгчид хамааралгүй байхад хамааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж, хариуцлага хүлээлгэхээр тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 10 гаруй хүсэлт, гомдол гаргасан. Уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Хохирлын тооцоо тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, 150,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж Эрүүл мэнд, спортын яамны төлөөлөгч мэдүүлдэг боловч уг хохирлыг баримтаар тогтоогоогүй. Хохирлыг хэнээс гаргуулах, хэнд ямар хэмжээний хохирол төлөх талаар санал гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирлын талаар тодорхой мэтгэлцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Хохирогч хохирлын тооцоог зааж мэдэхгүй байдал  харагддаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Т г гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн нотлох баримтын талаар тендерийн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар прокурор тайлбарлаж байна. Энэ хуулиар зохицуулагдах ажил үйлчилгээ биш гэж үзэж байна. ...” гэв.

 

Яллагдагч Ц.О ын өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар зөв шийдвэрлэсэн.

Прокурорын эсэргүүцэл нь шүүхийн дотоод итгэлд нөлөөлсөн ямар нотлох баримтыг үнэлэх, ямар нотлох баримтыг үнэлэхгүй байх тухай зааварчилсан зөвлөгөө мэт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Шүүхийн мэтгэлцээний явцад прокурорын тайлбарласнаар хавтас хэрэгт авагдсан бодит байдлаас зөрүүтэй зүйл тогтоогдсон. Миний үйлчлүүлэгчийг буруутгах үндэслэл болсон  гэрч Ламбаа, Алтанзаяа, Баярсайхан, Х.Отгонбаатар, “Бодь Цамхаг” ХХК-ний Ц.Мөнхбат нар тавуулаа шүүх хуралдаан дээр өөр мэдүүлэг өгсөн. Эдгээр гэрчүүдэд хууль сануулж, мэдүүлэг авсан ба тус мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд шүүх үнэлсэн. Гэтэл прокурор хавтас хэрэгт авагдсан анхны мэдүүлгийг үнэлэхийг шаардсан. Анхны мэдүүлгийн талаар “би ингэж бичээгүй, байцаагч намайг уншаад байх шаардлага байхгүй, хурдан гарын үсгээ зураад өгчих” гэж зуруулсан гэдэг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, дүрс бичлэгээр нотлогдож байгаа.

Эсэргүүцэл нь хэргийг тал бүрээс нь эргэлзээгүй байдлаар нотлох, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүхэд урьдаас тогтоох хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримт байж болохгүй гэсэнтэй зөрчилдсөн. Хохирлын мөнгөн дүнд аудитын дүгнэлт гаргаагүй. Хэрэгт байгаа баримтаар 150,000,000 төгрөг, 28,000,000 төгрөг гэх мөнгөн дүнгээс аль мөнгөн дүн нь ямар нотлох баримтаар тогтоогдож байна, хэдэн төгрөг нь юунд зарцуулагдсан, хэд нь зарцуулагдаагүй гэж үзэх боломжгүй. Хохирлын хэмжээ тодорхой болсон үед оногдуулах ялын санкцийн хэмжээ болон хэргийн зүйл өөрчлөгдөх боломжтой.

Иймд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дотоод итгэл үнэмшлээрээ хэргийг буцааж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

 

Яллагдагч Ц.О  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэгт миний бие болон миний хүүхэд, миний хамт ажиллаж байсан хүмүүс холбогдсон. Гол буруутан нь би байна. Би шүүхэд “намайг шийтгэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Монгол улсын түүхэнд гарч байгаагүй хэрэг. 2016 оны 6 дугаар сарын 9-нд Ламбаа сайд тушаалыг гаргасан. Үүнийг хэрэг гарснаас хойш мэдсэн.

Миний бие 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж байсан. Тухайн үе нь сонгуулийн жил байсан учраас 100,000,000 гаруй төгрөгийг Эрүүл мэнд, спортын яам зарцуулсан. Тэр бүх тушаал, шийдвэрүүдэд миний бие гарын үсэг зурсан. Өр төлбөр, хүлээгдэж байгаа асуудлууд олон байснаас нэг нь тэмээн поло улсын аварга шалгаруулах ажил байсан.

Миний бие 40 жил Монгол улсын төрд ажилласан. 20 жил нь хуулийн байгууллагад ажиллаж байсан. Нэг удаа концесс болон тендерийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Ламбаа сайдын тушаалыг анхаарч үзнэ үү. Эрүүл мэнд, спортын сайдын А/23 дугаар тушаалыг хэрэгжүүлэх үүднээс эрсдэлийн сангаас багийн спортыг хөгжүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг, үндэсний их спортын наадам, улсын аварга шалгаруулах Тэмээн поло тэмцээнийг дэмжихэд 150,000,000 төгрөгийг гаргасан. Уг гаргасан зардлаа гаргуулж авахаар Сангийн яам, Эрүүл мэнд, спортын яаманд хандсан. Би энэ асуудалд нэг ч удаа оролцоогүй. Оролцох зав чөлөө байгаагүй. Тэр тусмаа намайг ажлаа өгснөөсөө хойш шадар сайд байхдаа уг асуудлыг хөөцөлдөж байсан юм шиг баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн. Бодит байдлыг хэлсэн боловч хүлээж аваагүй. Уг хэргийн захиалагч нь Монгол Ардын Нам байсан. Улс төрийн тодорхой зорилготой байсан. Уг тушаал гарахад Ц.О ын гарын үсэг, бусад нотлох баримт байгаагүй. Зөвхөн улс төрийн захиалга байсан. Үүнтэй холбогдуулан бодит байдлыг гэрчүүд шүүх хуралдаанд хэлсэн.

Тухайлбал, Ламбаа нь “прокурор чамд эрүүгийн хэрэг үүсгэнэ, чамайг хатаана” гэсэн заналхийллийн дор мэдүүлэг өгсөн. Миний бие Ламбаатай харьцаж байгаагүй.

Уг тэмцээн хойшилсон ажлуудын нэг байсан. Ламбаа Төрийн нарийн бичгийн дарга байхдаа 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт албан бичиг хүргүүлсэн. Миний судалснаар 27,000,000 төгрөг, 150,000,000 төгрөгийн хооронд давхцалгүй. Биеийн тамир, спорт хөгжлийн төв нь өөрийн үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулахтай холбоотой зарим зардлыг гаргасан. Энэ талаарх санхүүгийн баримт гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажигдсан.

Би энэ хэрэгт БНХАУ-ын Монгол улсад суух элчин сайд Си Хайнан, Хүнс хөдөө аж ахуйн сайд н.Бурмаа нарын хамт шагнал гардуулсан, энэ талаар гэрэл зургаар баталгаажсан. Тэмээн пологийн зориулалтын цохиур нь 1,200 юанийн үнэтэй байдаг. Бээжин хотын ямар газраас ямар үнээр авсан болохыг судалж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч шалгаагүй. 2015 онд “Монголын Тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо”-ны Ерөнхийлөгчийн ажлыг Мижиддоржид шилжүүлж өгсөн. Тухайн үед төрийн бус байгууллага хооронд зээл тооцоо байсан. Үүний талаар баримтууд бүгд авагдсан. Зөвхөн Н.Энхбаяр гэх хүнтэй ажилладаг гэдэг утгаар улс төрийн зорилгоор намайг болон олон хүнийг хэлмэгдүүлж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Д.Ж  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Энэ хэрэг 3 жил шалгагдаж байна. Миний бие сайдын тушаалыг биелүүлсэн. Сайд 150,000,000 төгрөгийг шилжүүлэх тушаал гаргасныг нь би биелүүлсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд Ламбаа сайдад “таны тушаалыг биелүүлчихээд хэрэгт орчихоод байна. Би таны тушаалыг биелүүлэх ёстой байсан юм уу, биелүүлэх ёсгүй байсан уу” гэж асуухад “Чи биелүүлэх ёстой байсан, биелүүлсэн” гэж хэлдэг. Ажил үүргийн хуваарийн дагуу сайдын тушаалыг биелүүлэх албан тушаалтан.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч О.Т  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэмээн поло тэмцээн зохион байгуулагдаж эхэлснээс хойш оролцож, зохион байгуулж байсан. 2012 онд Цонжинболдогт болсон тэмээн поло тэмцээнийг би зохион байгуулсан. Тэр үед 187,000,000 төгрөгийн төсөв гарч байсан. Мөн зээлээр хийж байсан. Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга биднийг дэмжиж ажиллаж байсан. Цонжинболдогт болсон тэмцээний хувьд шагналын сан өндөр, тэмээчид тэмээгээ их холоос ачиж ирдэг учраас зардал өндөр, мөн идэш тэжээлийн зардлууд, сүүлд нэмэгдэж тэмээг бэртэж гэмтээхээс хамгаалах осол аваарын хэрэгслүүд авдаг болсон. Тэмээн пологийн мэргэжлийн цохиурыг хэрэглэж, нэг шат ахин хөгжиж ирсэн.

2016 онд Тэмээн поло дүрмийн дагуу шаардлагатай төхөөрөмжүүдээр хангаж байсан. Тухайн үед гол зохион байгуулагчаар Эрдэнэбаяр оролцсон. Эрдэнэбаяр нь төрийн байгууллага болон бусад гэрээ зэргийг хариуцаж байсан. Миний хувьд яамнаас хүн танихгүй. Ж гэх хүнтэй шүүх хуралдаан дээр таарч байсан. Миний хувьд прокурорын хэлсэн шиг хамжиж хийгээд цалин хөлс авсан зүйл байхгүй. Тухайн шагналын сан болох 25,000,000 төгрөгийг данснаас гаргуулж, журамд заасны дагуу дансны хуулгыг баримтаар авсан. Энэ нь нотлогдсон байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг шийдвэрлэх хуульд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоох үүрэгтэй төдийгүй хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Шүүх уг нотлох баримтуудыг үндэслэн явуулсан мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооно.

 

Гэтэл шүүх хуралдааны явцад прокурорын яллах нотлох баримтаар хэлэлцүүлсэн гэрч нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд зөрсөн, зарим нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх, хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай болжээ.

 

Иймд гэрч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, О.Т гийн хэрэгт оролцсон оролцоог тодорхой болгох зэрэг ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Прокурорын шүүгдэгч нарыг тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт  хэргийн “...албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” гэсэн ойлголтод яллагдагч тус бүрийн яг ямар үйлдлийг хамааруулаад байгаа нь тодорхойгүй байх тул яллагдагч нарын ямар үйлдлийг урвуулсан гэж үзэж байгаа байдлаа яллах дүгнэлтэд тодорхой заах шаардлагатай байна.

 

150,000,000 төгрөгийг Эрүүл мэнд, спортын яамны сайдын багцаас гаргасан байх тул уг багцаас ямар үйл ажиллагааг санхүүжүүлдэг, сайдын багцаас ямар журмаар мөнгө гаргадаг, уг 150,000,000 төгрөгийг Эрүүл мэнд, спортын яамны сайдын багцаас гаргасан үйлдэл зохих, хууль журмын дагуу гарсан эсэх, Эрүүл мэнд, спортын яамны сайд С.Ламбаа 150,000,000 төгрөгийг санхүүгийн ямар тооцоо судалгаа, баримтыг үндэслэн Биеийн тамир спортын хөгжлийн төв рүү шилжүүлсэн болох, 2016 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан тэмцээний мөнгийг урьдчилж гаргаад дараа нь гаргах талаар гэрээ, хэлцэл авагдсан эсэхийг тодруулах ажиллагаа явуулах,   

 

Эрүүл мэнд, спортын яамны Биеийн тамир спортын хөгжлийн төв болон Эрүүл мэнд, спортын яам, тус яамны сайдын эрхлэх ажил, хоорондын уялдаа холбоо нь ямар дүрэм журмаар зохицуулагддаг, 150,000,000 төгрөгийн асуудлыг уг дүрэм, журамд нийцүүлэн шийдвэрлэсэн эсэхийг шалгах ажиллагааг тус тус хийж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Ц.О , Д.Ж , О.Т  нарт холбогдох 201701000080 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ