Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 73

 

                                      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,

Хохирогч: Д.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Х.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  97 дугаар зүйлийн  97.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Хөх-Оолын Чинзоригт холбогдох 201620000223 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1989 оны 07 дугаар сарын 02-ний Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баруунтуруун сумын ахлах сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баруунтуруун сумын Туруун багт оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. Булгадар овогт Хөх-Оолын Чинзориг /РД:ОА89070211/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Чинзориг нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн нутаг “Үргээдэг” гэх газарт иргэн Д.Мөнхжаргалын биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

  1. Хохирогч Д.Мөнхжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2016 оны 08 дугаар сарын 14 ний өдөр 18 цагийн үед өөрийн ах Д.Мөнхбатын хамтаар машинтайгаа тэднийх рүү явж байтал Холбоооны гадна найз нөхөд болох Ч.Энхболд, Ө.Давааням нартай таарсан. Тэгээд тэд нартай мэнд ус болоод юм яриад зогсож байтал Ө.Давааням надад өнөөдөр миний төрсөн өдөр гэсэн. Ингээд би машинтай явсан тул машинаа тавихаар тэр хоёроос салаад машинаа том ах Д.Мөнхбатын хашаа руу оруулж тавьчихаад Ө.Даваанямын гар утас руу залгаж хаана байгааг нь асуухад Х.Чинзоригийн гэрт байна гэсэн тул би Х.Чинзоригийн гэрт очсон. Тэнд тэд нар Завхан аймгийн Завхан тэс сумын гэх танихгүй 3 хүний хамтаар Улаанбаатар нэртэй архи ууцгааж байсан ба намайг орсны дараа ууж байсан архи нь дууссан тул Завхан аймгийн хүмүүс гараад явсан. Тэгээд бид нар салхинд гарахаар ярилцаад Шанд багийн нутаг дэвсгэр Туруун багаас өмнө зүгт байх Үргээдэг гэх газрын орой дээр гарахаар болсон. Ингээд би Ч.Энхболдын хамтаар түүний мотоцикльтой Үргээдэг гараад байж байтал Х.Чинзориг Ө.Давааням нар Х.Чинзоригийн машинтай хажуудаа Завхан аймгийн 3 хүнийг Ланд круйзер 80 маркийн машинтай дагуулчихсан ирсэн. Ингээд Ө.Давааням машин дотроосоо хүн нэг бүрт нэг нэг лааз пиво өгсөн тул түүнийг нь уугаад сууж байтал Завхан аймгийн гэх хүмүүс төрсөн өдрийн бэлэг гэж 0.75 литрийн нэг шил орос архи гаргаж задалсан тул түүнийг нь хувааж уугаад дуусах үед Завхан аймгийн хүмүүс ажил амжуулна гээд буцаад явсан. Ингээд Ө.Давааням машинаас нэг шил Болор архи гаргаж задалсан тул түүнийг хувааж ууцгааж байтал Х.Жанарбек, Х.Билэгбаяр нар ирж нэг литрийн хятад архи задалсан. Тэгээд байж байтал Г.Болор-Эрдэнэ таксигаар ирээд нэг шил Улаанбаатар архи мөн задалсан тул түүнийг уучаад байтал Ч.Энхболд, Ө.Давааням нар согтоод байгаа газраа унтчихсан. Тэгтэл Х.Жанарбек, Х.Билэгбаяр нар Г.Болор-Эрдэнийг аваад буцсан. Тэгээд би Х.Чинзоригийн хамтаар үлдсэн ба хамт сууж байгаад мөрий тавьж барилдахад Х.Чинзориг надад зайлах мэх хийхэд би хэргийн газар байсан арзгар гадаргуутай чулуун дээр нүүрнийхээ зүүн хэсгээр унахад зүүн нүдний орчим зүүн хацрын дээр хэсгээс цус гарч эхэлсэн тул Х.Чинзориг гүйж ирээд миний өмсөж байсан пудволкоор нүдний орчмоос гарсан цусыг дарж байгаад Ө.Баяржаргал багшийг утсаар дуудсан. Удалгүй Ө.Баяржаргал багш ирээд бид хоёрыг эмнэлэгт хүргэсэн. Ө.Давааням, Ч.Энхболд нар сэрэхгүй байсан тул тэндээ унтаад үлдсэн. Тэгээд эмч нар миний нүдийг үзээд аймгийн эмнэлэгийн эмч нарт үзүүлэх зөвлөгөөг өгсөний дагуу би тэр шөнө аймгийн эмнэлэгт ирж зүүн нүдэндээ мэс заслын хагалгаа хийлгүүлж Улмаар Улаанбаатар хотын “Солонго” гэх нүдний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...Би тухайн үед согтуу байсан тул Х.Чинзоригийг зодсон гэж бодож мэдүүлсэн ба дараа нь барилдаж байгаад чулуун дээр унаснаа санасан. Би уг газарт байсан шовгор оройтой хөндлөн чулуун дээр унасан ба маш хурдан хугацаанд хажуу тийшээ болсон чулуу цусаар бохирлогдсон эсэхийг мэдэхгүй байна. Надад цаашид нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол байхгүй”  гэх мэдүүлэг / хх-ийн 40-41-р тал /,

2. Гэрч Ө.Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Ингээд манай найз нар зайдуухан гарч миний төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр ярилцаад “Үргээдэг” гэх газар гарахаар болсон. Тэгээд Х.Чинзоригийнхоос гарч би Х.Чинзоригийн хамтаар түүний машинтай Д.Мөнхжаргал, Ч.Энхболд нарыг түрүүлж явуулсан. Тэгээд Х.Чинзориг бид хоёр дэлгүүр орж Нийслэл нэртэй 15 лааз пиво худалдаж аваад бензин авахаар ШТС-аас бензин аваад хөдлөхөд Саруулбуян нар Ланд круйзер 80 маркийн машинтайгаа ирсэн. Тэгээд тэд нартай яриад зогсож байтал тэд нар хааш нь явах  гэж байгаа юм бэ? гэхээр нь би тэд нарт өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа, найз нарынхаа хамтаар уул руу гарах гэж байна гэхэд тэд нар бид хоёрыг дагаж Үргээдэг гарсан. Биднийг очиход Д.Мөнхжаргал Ч.Энхболд нар оччихсон байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүст нэг нэг лааз пиво өгөхөд Завхан аймгийн хүмүүс төрсөн өдрийн бэлэг гэж 1 шил 0.75 литрийн орос архи задалсан тул түүнийг хувааж ууцгаагаад дуусахаар нь би Төрболдын өгсөн Болор архийг тойруулж уусан. Тэгэж байтал надтай хамт ажилладаг Х.Жанарбек, Х.Билэгбаяр нар хар өнгийн машинтай ирээд төрсөн өдрийн бэлэг гэж 1 литрийн 1 сав хятад архи өгсөнийг нь мөн хувааж ууцгааж байгаад сэрэхэд архи ууж байсан газартаа Ч.Энхболдын хамтаар унтчихсан, хамт байсан хүмүүс хаяад явчихсан байсан. Уг газарт Ч.Энхболдын мотоцикль, Х.Чинзоригийн машин байсан. Тэгээд Ч.Энхболдыг сэрээгээд явах гэтэл Ч.Энхболдын мотоциклийн түлхүүр байхгүй байсан тул толгойных нь цахилгааны утсыг салгаж асаах гэтэл мотоцикль асаагүй тул аргаа бараад сууж байтал Ө.Баяржаргал багш микро маркийн машинтайгаа ирээд Д.Мөнхжаргалын нүд гэмтсэн талаар хэлээд Ч.Энхболд бид хоёрыг гэр гэрт хүргэж өгсөн. Тэгээд маргааш нь Д.Мөнхжаргалын зүүн нүд гэмтэж аймаг руу эмчилгээнд явсаныг нь мэдсэн. Намайг согтохоос өмнө буюу архи ууж байх үед Д.Мөнхжаргал, Х.Чинзориг нар болон тэнд байсан тэнд байсан хүмүүсийн дунд маргаан зодоон болоогүй. ... Би тухайн үед архи ууж байгаад гэнэт согтоод унтчихсан байсан. Тэгээд Д.Мөнхжаргалын нүд гэмтсэнийг нь Ө.Баяржаргал багшаас эхэлж мэдсэн. Д.Мөнхжаргал нь нүдээ яаж гэмтсээнийг бол мэдэхгүй. Бидний байсан газар том хэмжээний барзгар гадаргуутай чулуу ихтэй тул согтуурхаж яваад унасан байж болох юм. Би худлаа хэлээгүй. Би Д.Мөнхжаргалыг явсаны дараа Х.Чинзоригоос юу болсон талаар асуухад Д.Мөнхжаргал өөрөө надтай барилдаж байгаад уначихсан гэж хэлсэн. Д.Мөнхжаргал ч өөрөө бас үүнийг хэлсэн. Х.Чинзориг, Д.Мөнхжаргал нарыг хоорондоо зодолдсон юм байх гэж бодоод эхний тайлбар дээрээ тэгэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 43-44-р тал /,

 

3. Гэрч Ө.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн орой намайг гэртээ амарч байтал 21 цагийн орчимд надтай манай сургуулийн дуу хөгжмийн багш Х.Чинзориг утсаар яриад та хурдан хүрээд ирээч гэхээр нь би хаана байгаа юм юу болсон бэ гэхэд Х.Чинзориг багшийн утас тасарчихсан. Тэгээд байж байтал дахин Х.Чинзориг багш утсаар яриад би Үргээдэгийн орой дээр байна хурдан хүрээд ирээч гэхээр нь би өөрийнхөө микро маркийн автомашинаараа Үргээдэгийн орой дээр гарахад Х.Чинзориг, Д.Мөнхжарал нар суусан ба Д.Мөнхжаргалын зүүн нүдний орчмоос гарсан цусыг Чинзориг нь цагаан өнгийн фудволкаар дарчихсан харин тэдний хажуу талд Ч.Энхболд, Ө.Давааням нар архинд согтоод нам унтчихсан байсан. Тэгээд би Д.Мөнхжаргал, Ө.Давааням нарыг сэрээж машинд суулгах гэсэн боловч тэд нар сэрэхгүй байсан тул цаг алдахгүйн үүднээс тэднийг тэнд үлдээгээд Д.Мөнхжаргал, Х.Чинзориг нарыг шууд сумын эмнэлэгт хүргэсэн. Тэгээд эмч эмийн санч хэрэгтэй гэсэн тул би машинаараа явж тэдгээр хүмүүсийг гэрээс нь авах замдаа Д.Мөнхжаргалын ах Д.Мөнхбаяртай уулзаж Д.Мөнхжаргалыг нүдэндээ гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн талаар дуулгаад эмч Эрдэнэгэрэл, эмийн санч Сувдаа нарыг гэрээс нь авч эмнэлэгт очиход Д.Мөнхжаргалын ар гэрийнхэн бүгдээрээ эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тэгээд би эмнэлэгийн гадна хэсэг зогсож байгаад гэрлүүгээ харьсан. ” гэх мэдүүлэг  /хх-ийн 45-46-р тал/,

4. Гэрч Ч.Энхболдын  мөрдөн байцаалтад өгсөн: “ Бид нар Баруунтуруун сумын төвөөс зайдуухан “Үргээдэг” гэх газар луу гарч жоохон пиво уухаар болж Х.Чинзоригинхоос Д.Мөнхжаргал бид хоёр миний мотоциклоор Үргээдэгийн орой луу Ө.Дөвөөням Х.Чинзориг нар Х.Чинзоригийн машинтай уух юм аваад хойноос гарахаар болоод хоёр тийш салж явсан. Тэндээсээ Д.Мөнхжаргал бид хоёр Үргээдэгийн орой дээр гараад байж байтал Х.Чинзоригийн машинтай Ө.Давааням, Х.Чинзориг нар нь хажуудаа ланд круйзер маркийн машинтай Завхан аймгийн хүмүүсийг дагуулчихсан ирсэн. Тэгээд Ө.Давааням авч ирсэн пивийгоо хүн бүрт нэг нэгийг өгсөн. Үүний дараа Завхан аймгийн хүмүүс Ө.Даваанямын төрсөн өдөр тэмдэглэж байна гээд 0.75 литрийн нэг шил орос архи задалсан тул түүнийг хувааж ууцгаагаад архи дуусахад ө.давааням Төрболдын өгсөн Болор архийг тойруулж байтал Завхан аймгийн хүмүүс буцаад явсан. Тэгээд байж байтал Ө.Даваанямын ажлынх нь Жанарбек, Х.Билэгбаяр нар хар өнгийн машинтай ирээд төрсөн өдрийн бэлэг гэж төмөр савтай 1 литрийн нэг сав Хятад архи өгсөнийг нь мөн хувааж ууцгааж байтал Болор-Эрдэнэ таксигаар бид нар дээр ирээд төрсөн өдрийн мэнд гэж нэг шил Улаанбаатар архи задалсаныг тойруулаад ууж байтал Ө.Давааням согтоод унтчихсан. Тэгээд би согтсон ба сэрэхэд архи ууж байсан газраа унтчихсан байсан. Миний хажууд Ө.Давааням болон миний мотоцикль, Х.Чинзоригийн машин нар байсан. Тэгээд Ө.Даваанямын хамтаар явах гэтэл мотоциклийн түлхүүр байхгүй байсан тул толгойных нь цахилгааны утсыг салгаж асаах гэтэл мотоцикль асаагүй. Тэгээд байж байтал Ө.Баяржаргал багш машинтайгаа ирээд Д.Мөнхжаргалын нүд гэмтсэн талаар хэлээд Ө.Давааням бид хоёрыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь Д.Мөнхжаргалын ах Д.Мөнхбаяртай утсаар ярихад би аймгийн эмнэлэгт Д.Мөнхжаргалыг аваад ирчихсэн байна гэсэн. Бид нар архи ууцгааж байхад маргалдаж зодолдсон хүн байхгүй. ... Би сүүлд Х.Чинзориг болон Д.Мөнхжаргал нараас юу болсон яагаад Д.Мөнхжаргалын нүд гэмтсэн талаар асууухад хоёулаа барилдаж байгаад уначихсан гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,

5. Гэрч Д.Оюуны мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 08 сарын 14-ний  өглөө би нөхрийнхөө хамтаар хөдөө яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрт үлдсэн манай хүү Д.Мөнхжаргал нь байхгүй байсан. Тэгээд гэртээ байцгааж байтал орой 22 цагийн орчимд Ө.Баяржаргал багш манай хүү Д.Мөнхбаярыг дуудаж гадна уулзчихаад явсан ба Д.Мөнхбаяр орж ирээд Д.Мөнхжаргалыг нүдэндээ гэмтэл авсан байна гэнэ гэхээр нь эмнэлэг дээр очиход Д.Мөнхжаргалын зүүн нүд гэмтчихсэн хажууд нь Х.Чинзориг багш байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Мөнхжаргал зүгээр зүгээр гээд байсан. Сүүлд Үргээдэгийн орой дээр Чинзоригтой барилдаж байгаад чулуун дээр уначихсан гэж хэлсэн. Миний хувьд хажууд нь байгаагүй тул болсон хэргийн талаар сайн мэдэхгүй юм. Д.Мөнхжаргал нь нарны болон харааны шил зүүж байгаагүй, түүний хараан гэмтэл болон бууралт байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,

            6. Гэрч З.Хөх-Оолын мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 08 дугаар сарын 15 н өглөө шиг санагдаж байна намайг Эрдэнэт хотод байтал Х.Чинзориг надтай утсаар яриад өчигдөр Ө.Даваанямын төрсөн өдөр тэмдэглэж Үргээдэгийн орой дээр гарч бага зэрэг бага зэрэг архи уусан. Тэгтэл Д.Мөнхжаргал өөрөө хүсч надтай барилдаж байгаад хөл алдаж чулуун дээр нүүрнийхээ зүүн хэсгээр уначихлаа. Тэгээд нүд нь гэмтсэн байж магадгүй гээд аймгийн эмнэлэг рүү явсан гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоор дамжиж гэртээ ирсэн юм. Тэгээд юу болсон талаар Д.Мөнхжаргалаас утсаар, Х.Чинзориоос өөрөөс нь асуухад хоёуулаа надад Үргээдэгийн орой дээр архи уучихсан барилдаж байгаад чулуун дээр унаснаа хэлсэн. Миний хувьд хажууд байгаагүй тул сайн мэдэхгүй юм. ” гэх мэдүүлэг / хх-ийн 50-р тал/,

7. Гэрч Д.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  “Манай дүү Д.Мөнхжаргал 2016 оны 08 дугаар сарын 13 ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. 2016 оны 08 дугаар сарын 14-ний өглөө манай гэр бүл аав ээжийг адгуулаад хөдөө явсан. Хөдөө Д.Мөнхжаргалыг авч явах гэхэд унтаж байсан болохоор ядарсан байх гэж бодоод авч яваагүй юм. Тэгээд оройхон 20 цагийн үед хөдөөнөөс ирэхэд Д.Мөнхжаргал гэртээ байхгүй байсан. Бид гэрт хоол унд хйигээд байж байхад аав Д.Мөнхжаргалын гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би гэртээ байж байхад Ө.Баяржаргал багш манайд ирээд надыг дуудаад уулзъя гэхээр нь би гэрээс гарч уулзахад Х.Чинзориг над руу яриад Д.Мөнхжаргал бид хоёр архи ууж байгаад хоорондоо ноцолдож байгаад нүдийг нь гэмтээчих шиг боллоо. Та ирээд Д.Мөнхжаргалыг эмнэлэгт Д.Мөнхжаргалыг эмнэлэгт хүргээд өгөөч гэхээр нь машинтайгаа Үргээдэг гэх газраас очиж Д.Мөнхжаргалыг эмнэлэгт хүргэж өгсөн. Д.Мөнхжаралын нүднээс цус гарсан байсан. Чи ээж аавдаа энэ талаар эвтэйхэн хэлээрэй гэж хэлсэн. Би тухайн үед сүртэй юм болоогүй юм байх гэж бодоод нэг их тоогоогүй юм. Би Ө.Баяржаргалыг эмнэлэг рүү орж бай би араас чинт эмнэлэг рүү орнр гэж хэлчихээд араас нь эмнэлэг ороход Д.Мөнхжаралын нүдний доод талд шалбарсан цус гарсан байсан. Би Д.Мөнхжаргалаас юу болсон талаар асуухад яагаа ч үгүй зүгээр зүгээр гэж хэлж байсан. Х.Чинзориг намайг зодсон гэж юу ч хэлээгүй. Тэгээд би Х.Чинзоригтой уулзаад та нар юу булаалдаж зодолдож байгаа ю бэ? гэж уурлахад Х.чинзориг юу ч хэлэхгүй дуугүй зогсоод байсан. Тэгээд тухайн үед Д.Мөнхжаргалыг Х.Чинзориг зодсон юм байна гэж бодсон . Эмч Д.мөнхжаргалыг яаралтай Улаангом руу явах хэрэгтэй гэж хэлэхээр Д.Мөнхжаргалыг аваад Улаангом руу явсан. Одоо Д.Мөнхжаралаас юу болсон талаар асуухад “Би согтуу байсан, Х.Чинзоиг бид хоёр ноцолдоод тэгэж байсан. Юу болсныг сайн мэдэхгүй байна ” гэж хэлээд байгаа юм. Х.Чинзоригтой уулзаж асуухаар “ бид хоёр хоорондоо барилдаж байсан. Тэгээд Д.Мөнхжаргал унахдаа нүдэндээ гэмтэл авсан “ гэж хэлээд байгаа юм. Тэр хоёрыг урьд нь маргалдаж байхыг харж байгаагүй. Нэг ангийн хүүхдүүд юм.     ” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

8. Гэрч Х.Жанарбекийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Ө.Давааням, Д.Мөнхжаргал, Х.Чинзориг, Ч.Энхболд, Г.Болор-Эрдэнэ,  Х.Билэгбаяр бид нар архиа тойруулж дуусаад Х.Болор-Эрдэнэ, Х.Билэгбаяр бид гурав гэр лүүгээ явсан юм. Тэнд Ө.Давааням, Д.Мөнхжаргал, Х.Чинзориг, Ч.Энхболд дөрөв үлдсэн юм. Ө.Давааням нэлээн согтуу унтаж байсан, Д.Мөнхжаргал, Ч.Энхболд хоёр нэлээн согтуу байсан. Би гэртээ очоод байж байхад орой 23 цагийн үед Д.Мөнхжаргалын ах Д.Мөнхбаяр над руу утсаар  залгаж Х.Чинзориг Д.Мөнхжаргалыг зодсон байна. Нүд нь нээгдэхгүй цус гараад байна. Бид нар эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд Х.Болор-Эрдэний хамтаар эмнэлэг дээр очиход Д.Мөнхжаргал ухаангүй шингэн залгуулчихсан хэвтэж байсан. Би Д.Мөнхжаргалын хоёр ахтай уулзахад Х.Чинзориг юмаар Д.Мөнхжаргалын нүд рүү цохисон юм шиг байна гэж хэлж байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцсан зүйл болоогүй. ...миний хувьд Д.Мөнхжаргалыг хэн юугаар цохьсон эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/,

9. Гэрч Г.Болор-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн:  “ ... Завхан Тэсийн гэх танихгүй 3 хүн түрүүлээд явсан. Дараа нь Х.Билэгбаяр, Х.Жанарбек, бид гурав явсан. Бид нарыг явахад  Ө.Давааням, Д.Мөнхжаргал, Х.Чинзориг, Ч.Энхболд үлдсэн.  Ө.Давааням тасарчихсан ухаангүй байсан. Бусад залуучууд нэлээд согтсон байсан. Тэгээд би гэртээ очоод байж байхад Х.Жанарбек гар утсаар залгаж нөгөө хэд чинь зодолдоод эмнэлэг дээр оччихсон байна гэнэ. Хоёулаа эмнэлэг оръё гэхээр Х.Жанарбектэй хамт эмнэлэг ороход Д.мөнхжаргал гэх залуу нь шингэн залгуулсан нүдээ боочихсон хэвтэж байсан. Эмнэлэг дээр Д.Мөнхжаргалын гэр бүлийн хүмүүс ирсэн байсан. Д.Мөнхбаяр гэх ах нь Х.Жанарбек хошуучид эд нар хоорондоо зодолдоод нэгнийхээ нүдийг цохиод сохолчихсон юм шиг байна. Х.Чинзориг цохисон юм шиг байна гэж хэлж байсан. Үргэдэг гэх газар очиход Д.Мөнхжаргал, Х.Чинзориг хоёр маргалдсан зүйл болоогүй. Сүрхий найзууд юм шиг юм яриад байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/,

10. Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Би эмнэлэг дээр яваад очиход Д.Мөнхжаргалын нэг нүднээс нь цагаан хальс шиг юм гараад тогтчихсон байсан. Мөн цус зөндөө гарч байсан. Би Д.Мөнхжаргалаас юу болсон талаар асуухад Би зүгээр гээд юм хэлэхгүй байсан. Мөн Х.Чинзориг уйлсан сууж байсан. Х.Чинзориг надад юм хэлээгүй. ... Д.Мөнхжаргал, Х.Чинзориг хоёулаа юм хэлэхгүй байгаа юм. Юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. Д.Мөнхжаргал надад би эмнэлэг дээр байна гэж дуудахад х.Чинзориг намайг зодлоо гэж хэлээгүй. Ер нь бол Х.Чинзориг намайг зодож цохисон талаар хэлэхгүй байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 7-9-р тал /,

12. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас / хх-ийн 21-23-р тал /,

13. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / хх-ийн 34,35-р тал /

            14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12021 дугаартай  “Д.Мөнхжаргалын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, зүүн нүдний торлогийн хууралт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн хацарт шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 35 % алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. ” гэх дүгнэлт / хх-ийн 64-р тал /,   

            15. Увс финанс-аудит ХХК ний 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №464 дугаартай “Автомашин үнэлсэн тухай тайлан” / хх-ийн 70-71-р тал /,       

            16. Шүүгдэгч Х.Чинзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 92-р тал /,         

            17 . Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 83-86-р тал/,

            18.  Хохирогч Д.Мөнхжаргалын Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 08 сарын 15-наас 2016 оны 08 дугаар сарын 19-ний хороонд, Улаанбаттар хотод “Солонго” нүдний эмнэлэгт 2016 оны 08 дугаар сарын 23-наас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны хооронд тус тус хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх  / хх-ийн 102-125, 130-138-р тал /,   

            19.  Шүүгдэгч Х.Чинзоригийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “ 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би Улаангомоос Баруунтуруун сум руу явж гэртээ ганцаараа байтал гаднаас найз Ө.Давааням, Ч.Энхболд нар орж ирээд өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа тул чи машинаараа үйлчилээд өгөөч гэж хэлээд байж байтал Завханы хоёр хүн ирж бүгд нийлээд архи уусан. Өнөөдөр найз нь машиныг чинь барьж өгье гэж хэлсэн Тэд нэг шил архиа уугаад бараг дуусаж байхад гаднаас Д.Мөнхжаргал орж ирээд удаагүй нөгөө хүмүүс гарч явсан. Удалгүй би Ө.Даваанямтай дэлгүүр явж, Д.Мөнхжаргал, Ч.Энхболд нар мотоцикльтай шууд Үргээлэг гэдэг орой руу гарсан. Ө.Давааням бид хоёр дэлгүүрээс 15 лааз пиво аваад Үргээлэг явж байх замд Завхан аймгийн хүмүүс дахин тааралдаж Ө.Давааням араас дагаад яв гэж  хэлээд Үргээлэг рүү явж очоод лаазтай пивоноос нэг нэгийг тойруулаад Завхан аймгийн хүмүүс нэг архи гаргаж уугаад дуусаны дараа Завхан аймгийн хүмүүс явсан. Дараа нь Ө.Даваанямд найз өгсөн гэх Болор архи гаргаж уугаад дуусаж явахад Ө.Даваанямын ажлын найз гэсэн 2 найз хятад архи авч ирсэнийг уугаад дууссаны дараа Х.Билэгбаяр нэг шил архи авч ирээд уух үед Ө.Давааням, Ч.Энхболд нар согтоод унасан байсан. Тухайн үед ирээд байсан хүмүүс буцаад явсаны дараа бид хоёр архи ууж байгаад би босоод бие засаад ирэхэд намайг барилдах уу? гэж хөөхөөр би барилдахгүй гэж намайг бариад авахаар зайлаад унагахад Д.Мөнхжаргал юу юугүй миний нүд гэж хэлээд босоод ирэхэд зүүн нүдний доод талаас цус гарсан байхаар би сандарч түүний цагаан фудболкаар боогоод Ө.Баяржаргал гээд манай сургуулийн технологийн багш аа дуудаж Ө.Баяржаргал багш ирэхэд шууд эмнэлэг авч явахад үед би Д.Мөнхжаргалын ах руу залгаж Д.Мөнхжаргалын нүд гэмтсэн талаар хэлээд эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт Ө.Баяржаргал багш байсан, эмч дуудаж байтал цагдаа ирээд намайг аваад явсан.  Тухайн үед бид хоёр хамт байж байгаад Д.Мөнхжаргалыг унагасан болохоор тухайн үед сандарч, согтолтын зэрэгтэй байсан тул зодолдсон гэ тайлбар өгсөн байх. Би найзаа ийм болгосон болохоор хот явахад 2.500.000 төгрөг өгч, хотод Д.Мөнхжаргал эмчилгээтэй байхад манай ээж, эгч нар хот байсан тул түүнд хоол цай зөөж нийт 3.000.000 төгрөгийг Д.Мөнхжаргалын эмчилгээнд зориулж төлсөн.  Би харамсаж байна. Хохирогч бид нар сайн найзууд болохоос хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй, тухайн үед болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

            Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Булгадар овогт Хөх-Оолын Чинзориг нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн нутаг “Үргээдэг” гэх газарт хохирогч Д.Мөнхжаргалын бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт  үйлдсэн болох нь хохирогч Д.Мөнхжаргал, гэрч Ө.Давааням, Ө.Баяржаргал, Ч.Энхболд, Д.Оюун, З.Хөх-Оол, Д.Мөнхбаяр, Х.Жанарбек, Г.Болор-Эрдэнэ, Д.Мөнхбат нарын мэдүүлэг,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12021  дугаартай  шинжээчийн дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн гэм буруугаа болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Чинзориг нь хохирогч Д.Мөнхжаргалтай хад чулуутай газарт барилдахад хэн нэгэнд нь гэмтэл учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч ийм үр дагаварт хүргэхгүй байж чадна гэж барилдасны улмаас хохирогч Д.Мөнхжаргалын бие махбодид хүнд гэмтэл учруулсан тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.

 

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч Д.Мөнхжаргал нь хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн тул  тул хохирол төлөгдсөн, цаашид гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Х.Чинзориг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Х.Чинзоригт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэх нь зүйтэй  гэж үзэв.

 

  Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д  “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан үзээд Х.Чинзоригт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булгадар овогт Хөх-Оолын Чинзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  97 дугаар зүйлийн  97.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Чинзоригт  2 /хоёр/ жил хорих  ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5- д зааснаар шүүгдэгч Х.Чинзоригт оногдуулсан  2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Чинзориг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Х.Чинзоригийн өмчлөлийн HR-V загварын 3684-УВХ улсын дугаартай автомашин  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Чинзоригт  оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Х.Чинзоригт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ