Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

Шинжээч эмч С.Төгсбуян,

Хохирогч З.*******,

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 139 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д холбогдох эрүүгийн 2207000000134 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, *******, *******, *******, *******, *******, , , тоотод оршин суудаг,урьд ял шийтгэлгүй,

*******ын ******* /РД:/,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.******* нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр , тоотод урьд гэр бүлийн харилцаатай байсан З.*******тай хүүхдийн тэтгэлгийн асуудлаас үүдэн маргалдан зууралдах явцдаа түүний хөлийг өөрийн хоёр хөлөөрөө хавчин түлхэн унагасны улмаас хохирогч З.*******ы баруун өвдөгний урд чагтан холбоос тасарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би 20 жил хувиараа гагнуур хийсэн. 2016 онд тархины хавдар тусч хагалгаанд орсон. Хүнд ажил хийж болохгүй гэхээр нь цэцэрлэгт манаачаар орсон. Цэцэрлэгт манаачаар ажилд ороход цалингийн карт захиал гэсэн. Би эхнэрт цалингийн картаа өгсөн. Эхнэр хэдэн төгрөг картанд, хэдэн төгрөг банкны дансанд ордгийг бүгдийг мэддэг. Эхнэртээ хэрэглэ гэж өгсөн. Тэр өдөр эхнэр хүүхдийн мөнгө аваад ир гэхээр нь гар дээр буусан цалин болох 250.000 төгрөгийг өгсөн. Эхнэрт цалин ингэж орсон гэдгээ хэлсэн. Гүйцэд төлөөд өг гэхээр нь надад байгаа нь энэ, мөнгө орж ирэхээр би дараа нь гүйцээгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр маргалдаад хөл нь тийм болсон. 100 хувь миний буруу, би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр том охины шүд өвдөөд янзлуулахад ломбо нь уначихсан юм. Надад мөнгө х******* байна, хүүхдүүдэд мөнгө х******* байна, өмнө өгсөн мөнгө чинь хүрээгүй гэж би маргасан. Би хүүхдийн шүд өвдсөн гэж хэлээгүй. Хоорондоо маргалдаж байхад би дахиж чамд мөнгө өгч чадахгүй гэхээр нь ямар ч байсан чи олж өг, хүүхдүүдээ аваад эмнэлгээр явмаар байна гэж фудволкных нь ханцуйнаас л татсан юм. Түүнээс биш би зодож нүдсэн зүйл байхгүй, надад зодуулах ч хүн биш.   хэрэг болсон. Өмнөх мөнгө чинь хүрэхгүй байна гээд хоорондоо маргалдсан. Хоорондоо маргаж байгаад дахин чамд мөнгө өгч чадахгүй. Татсан надад зодуулах хүн ч биш. Намайг хажууд нь зогсож байхад хөлөө ачаад сууж байгаад гэнэт хөлөө буулгаад чи ер нь яах гээд байгаа юм гээд бариад унагаачихсан. Өмнө нь ч гэсэн хэрүүл маргаан болоход намайг багалзуурдаж байсан. Тэр зураг нь байна. Хороон дээр гэр бүл хүчирхийллийн төв дээр энэ зургуудаа аваачаад очвол хамгаалалтын байранд авдаг гэж байсан. Тийшээ орвол ажлаа хийж чадахгүй, хүүхдүүдийг харах хүнгүй болно гээд би аваачиж өгөөгүй. Ер нь бол их худлаа хэлдэг. Гэр бүл салах шалтгаан нь тогтмол архи ууна, архи уулаа гэж хэлэхээр чи намайг хоригдол шиг байлгах гээд байдаг. Мөн гэр бүлээс гадуур явдалтай. Чи энэ явдлаа болихгүй бол чамтай хамт амьдарч чадахгүй гэж өчнөөн удаа хэлж байсан. Тухайн өдөр тэгж намайг унагаад миний хөлийг гэмтээсэн. Эмнэлэг дуудаарай гэхэд харж сууж байгаад хаяад гараад явсан. Намайг өвдөхөд хүн байна гэж хардаг ч үгүй. Өөрийгөө өвдөх өчнөөн шалтгаан тоочно. Намайг төмрөөс бүрдсэн юм шиг харьцдаг.” гэв.

Шинжээч эмч С.Төгсбуян шүүхийн хэлэлцүүлэгт: “...Чагтан холбоосны гэмтлийн хувьд өвдөг гэдэг нь дунд чөмөг, шилбэний яс, тойг гэсэн гурван ясны уулзвараас өвдөг бүрдэж байгаа. Дунд чөмөг ясны доод талын толгой, шилбэний ясны дээд талын толгойг хооронд нь ташуу, чагталсан маягаар холбож байдаг 1 сантиметр урттай сунаж агшдаг шөрмөсийг чагтан холбоос гэж байгаа. Зүйрлэж яривал малын шил, шар. Энэ чагтан холбоос нь өөрөө өвдөгний хоёр ясыг холбохоос гадна, өвдөгний хөдөлгөөнийг хязгаарлах бат бөх байлгах үүрэгтэй. Ийм үүрэгтэй байдаг бөгөөд өвдөг нь арагшаа нугарах, урагшаа тэнийх гэсэн хоёр л хөдөлгөөн хийдэг. Баруун зүүн тийш эргээд байдаггүй. Энэ чагтан холбоосны гэмтэл, урагдтал тасрал ямар тохиолдолд үүсдэг вэ гэхээр энэ хөдөлгөөний эсрэг чиглэсэн хөдөлгөөн, шилжилт хийсэн үед гэмтдэг. Өвдөг урагш, хойш болсон бол асуудалгүй байх байсан гэтэл ямар нэгэн зүйлд тээгэлдсэн. Энэ гэмтэл үүсэхэд баруун зүүн талд нь ямар нэгэн тээглэх зүйл байсан гэсэн үг. Тэр зүйлд тээглэж, өвдөг хөшигдөж, биеийн дээд хэсэг унаж энэ холбоос  бүрэн юм уу бүрэн бусаар гэмтэнэ. Ихэвчлэн спортын гэмтэл гэж ярьдаг. Газрын теннис, хөл бөмбөг, бөхөөр барилдах гэдэг голцуу спортоор хичээллэдэг, шилжилт байнга хийдэг тамирчид энэ гэмтлийг авдаг.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/, хохирогч З.*******ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/, хохирогч З.*******ы мэдүүлэг /хх 15-17/, шинжээчийн 244 дугаартай дүгнэлт /хх 29-30/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч З.******* нь баримтаар 271.600 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Ж.******* нь үүнээс 450.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Хохирогч З.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр , тоотод урьд гэр бүлийн харилцаатай байсан З.*******тай “мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар түүний хөлийг өөрийн хоёр хөлөөрөө хавчин түлхэн унагасны улмаас эрүүл мэндэд нь баруун өвдөгний урд чагтан холбоосын тасрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.*******ы өгсөн: “...Эхнэр бид 2 иргэний шүүхээр ороод албан ёсоор салаад би ээжийнхээ гэрт амьдардаг юм. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед манай эхнэр надаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө нэхээд байхаар нь 250.000 төгрөг данс руу нь шилжүүлээд 19 цагийн үед байхаа би зарим хувцаснууд маань гэрт байдаг болохоор шаардлагатай хувцаснуудаа аваад бас нэг усанд орчих санаатай очсон. Гэрт ороход эхнэр 2 хүүхдийнхээ хамт байсан ба би том хүүтэйгээ гаднаас ороод хүүд хоол хийж өгөөд надад угаасаа хоол хийж өгдөггүй би ч иддэггүй ба тэр өдөр ээжийнхээ гэрт хоол ундаа идчихээд очдог болохоор ороод хэсэг буйдан дээр очоод суухад эхнэр хүүхдийн мөнгө болон иргэний шүүхийн шийдвэрээр гарсан 30.000.000 төгрөгөө надаас нэхэхээр нь би боломж бололцоогүй байгаагаа хэлээд надаа цалин ердөөсөө 250.000 төгрөг орсон тэрийгээ өглөө гэхэд шүүхээр тогтсон 500.000 төгрөгөө өг гээд эхнэр миний урд ирээд хөл рүү өшиглөөд толгой руу цохих гэхээр нь гараараа хаагаад цохиулахгүй байсан чинь миний энгэрээс заамдаж аваад хоёулаа нэгийгээ үзнэ гээд улам лавшруулаад 2 гараараа зэрэг заамдаад авахаар нь би гарнаас нь барьж аваад тавиач гээд 2 тийш нь хөдөлгөхөд миний хөлөн дээр тээгэлдээд хөл эвгүй болчихлоо гээд доошоо суугаад дээд давхарт байсан охиныг дуудаад утас аваад ир гэхэд удалгүй авч ирээд яаралтай тусламж руу залгаад дуудлага өгөх хоорондоо намайг зайл яв гээд орилж хашхираад байхаар нь би гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 47 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.*******ы өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед ******* ганцаараа гэрт ирэхээр нь бага хүүхэд гутлаа алга болгоод хүнээс мөнгө зээлээд гутал, хувцас аваад өгсөн. Чи энэ сарын тэтгэмжийн мөнгөө өг гэхэд “өглөө нэг хүүхдийн мөнгийг өгсөн одоо болоо юм биш үү” гэхээр нь бас нэг хүүхдийн чинь шүд нь өвдөөд байна үзүүлж харуулахаас эхлээд зардал мөнгө х******* байна миний цалин хоол унднаасаа давахгүй байна гэхэд ******* уурлаад бид 2 маргалдсан. Манай нөхөр гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд салсан болохоор чи архи дарс, хүүхний хормой хот сөхөөд явахдаа мөнгө төгрөг үрээд явдаг юм байна лээ гэсэн чинь уурлаад байхаар нь би “чи ямар ч байсан мөнгө олж өг” гээд фудволкных нь ханцуйнаас татсан чинь буйдан дээр сууж байснаа намайг урд нь зогсож байсан чинь  2 хөлийнхөө гуяны завсраар миний баруун хөлийг хийгээд 2 гараас бариад өөрийнхөө зүүн гар тал руу татаад унагасан чинь баруун хөл маш хүчтэй өвдөлт өгөөд би газар унасан. Тэгээд босож чадахгүй болохоор нь эмнэлэг дууд гэж хэлээд хэвтэж байтал ******* намайг тоолгүй гараад явсан. Тэгээд би эмнэлэг дуудаад үзүүлтэл шөрмөс нь тасарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.ы өгсөн: “...Би өглөөд ээжийнхээ гэрт очиж цай унд уунгаа биеийг нь асуугаад гардаг юм. Тэгтэл тэр өдрийн өглөө ортол ээжийн бие нь муудаад ухаан алдаж унасан байхаар нь юу болсон яасан талаар нь асуухад ******* ах эхнэртэйгээ маргалдаад тэгсэн чинь гэрээс нь хөөж гаргасан байна гээд сэтгэл санаа нь хямраад даралт нь ихсээд ухаан алдаж унасан байсан. ******* ах эхнэртэйгээ маргалдаад ээжтэй гэрт хамт байгаа юм. Тэгээд *******ы гэрт очоод хэрэлдэж маргалдаад хүн амьтан зовоогоод яах вэ байшингаа зараад шүүхийн шийдвэрийнхээ дагуу 30 сая төгрөгөө аваад 2 тийшээ болчихоо гэж хэлэхээр очтол ******* ганцаараа байхаар нь би яг л дээрх зүйлээ буюу одоо битгий хоорондоо хэрэлдэж маргалдаад бай нэгэнт шүүхийн шийдвэр гарсанаас хойш наад байшингаа зараад та 30.000.000 төгрөгөө авчих ******* ах зээл хөөцөлдөөд юу ч бүтэхгүй байна гэдгийг хэлэхэд ******* би дотор нь байж байгаад гарна та нар хүмүүсээ авчираад үзүүлээд зарчих гэхээр нь би “чи дотор нь байхаар ямар хүмүүс үздэг юм наад байшингаа чөлөөлчих тэгвэл хүмүүс ирээд үздэг юм байгаа биздээ” гэдгийг нь хэлээд гараад явсан...Би *******ы биед огт хүрээгүй гараад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

      4. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Төгсбуяны өгсөн: “...Өвдөгний үений урд чагтан холбоос нь өвдөгний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй холбоосны нэг юм. Урд чагтан холбоосны гэмтэл нь тамирчдын дунд элбэг тохиолддог. Сагсан бөмбөг болон бөхийн төрлийн спортод илүү тохиолддог. Өвдөгний үеэр дотогш хөших болон гадагш мушгих байрлалд шөрмөс гэмтэх нь элбэг байдаг. Шинэ гэмтлийн үед өвдөг хавдана. Өвдөгний байрлалд шууд цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсэхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32 дугаар тал/

5. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/244 дугаар: “З.ы биед баруун өвдөгний урд чагтан холбоосын тасрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 30 дугаар тал/

6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/306 дугаар: “Ж.*******ы биед нүүрэнд сорви гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 37 дугаар тал/

7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 08-12 дугаар тал/

8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 48-50 дугаар тал/

9. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 51-55 дугаар тал/

10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 74 дүгээр тал/

11. Шүүгдэгч Ж.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 70-78 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч З.*******ы эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь хохирогч З.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/244 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ж.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.*******ы бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч эмчилгээний зардалд баримтаар 271.600 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч 450.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Иймд Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, шүүгдэгч Ж.******* нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

     6. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ